Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 126

 

“ҮХОБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын

Улсын төсвийн орлого, хяналтын газрын

татварын улсын байцаагч М.А, Ш.Э нарт

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:      Х.Батсүрэн

Шүүгчид:                   Л.Атарцэцэг

                                   Д.Мөнхтуяа

                                   П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:          Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын улсын байцаагчийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 210022... тоот актаар “ҮХОБ” ХХК-ийн 359.664.680.00 төгрөгийн зөрчилд ногдох 35.966.468.0 төгрөгийн нөхөн татвар, 10.789.940.4 төгрөгийн торгууль, 17.770.359.5 төгрөгийн алданги, нийт 64.526.767.89 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0848 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2018/0044 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ц.Ц, хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч М.А, Ш.Э, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нар,

Нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т-гын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0848 дугаар шийдвэрээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4, 12.1.9, 12.1.17, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.11, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 210022.... тоот актаар “ҮХОБ” ХХК-д ногдуулсан нийт 75.976.086.80 төгрөгийн төлбөрөөс 359.664.680.00 төгрөгийн зөрчилд ногдох 35.966.468.0 төгрөгийн нөхөн татвар, 10.789.940.4 төгрөгийн торгууль, 17.770.359.5 төгрөгийн алданги нийт 64.526.767.89 төгрөгийн төлбөрийг хасч багасгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0044 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0848 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна.

4. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэх үүрэгтэй байтал хэрэгт ямар ч ач холбогдолгүй, гомдолд дурдаагүй үйл явдал, түүнтэй холбоотой бичмэл нотлох баримтыг хуулийн шаардлагад нийцээгүй гэж магадлалынхаа үндэслэл болох “хянавал” хэсэгт “хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй, хэрэгт ач холбогдол бүхий зарим нотлох баримтууд хуулийн шаардлага хангаагүй, давж заалдах шатны шүүх үүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав” гэж дүгнэсэн нь нь буруу.

5. Хэргийн 37, 88, 89, 94, 95, 112, 126, 135, 140, 141, 143 дугаар хуудаснуудад байгаа бичмэл нотлох баримтууд нь хуульд заасан шаардлага хангахгүй байна. Эдгээр баримтууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлагуудыг хангаагүй /орчуулаагүй, эх хувь нь байхгүй/ гэж үзжээ. Эдгээр баримтууд нь хариуцагчийн гомдолд дурдагдаагүй, хэрэгт огт хамааралгүй, ач холбогдолгүй, маргалдаагүй, зарим баримтууд нь нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн төлбөрийн баримтууд болно. Тодруулбал, хэргийн 37 дугаар хуудаст байгаа баримт нь “Iphone” утасны баталгаат засварын хуудас юм. Талууд баталгаат засварын хуудасны талаар маргаагүй тул энэ нь хэрэгт ач холбогдол өгөхгүй. Банкны зүгээс шинэ жилээр ажилчиддаа бэлгэнд өгсөн гар утсанд дагалдаж ирсэн утас эзэмшигчийн утасны ирээдүйн гэмтэл засварт зориулагдсан баталгаат засварын бичиг юм. Хэргийн 88, 89, 94, 95, 140, 141 дүгээр хуудаснуудад байгаа баримтууд нь Япон улсад банкны төлөөлөгчийн газрыг байгуулахад зарлагдсан мөнгөний баримтууд бөгөөд татварын улсын байцаагчдын эдгээр баримттай холбоотойгоор тавьсан татварын нөхөн төлбөрийг банк хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл эдгээр баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 11 зүйлд бичигдээгүй, хариуцагчийн гомдолд дурдагдаагүй, зохигчдын маргаанд хамааралгүй нотлох баримтууд юм. Хэргийн 143 дугаар хуудаст байгаа баримт нь “ITB-Berlin” 2015 үзэсгэлэнд банк сурталчлахаар гаргасан баримтын хуулбар юм. Хэрэгт үүнтэй холбоотой зарлагдсан мөнгөн дүнг талууд 2 талаасаа баталгаажуулсан татварын улсын байцаагчийн актын эх хувь болон бусад хангалттай нотлох баримт байгааг анхаарна уу. Талуудын маргааны зүйл нь банкыг сурталчилсан уу, үгүй юу гэдэг асуудал болохоос биш мөнгөн дүн түүний баримтууд зэрэгт маргаагүй. Хэргийн 112, 135 дугаар хуудсанд байгаа баримт нь харилцагчдад баяр ёслолоор өгсөн зардалтай холбоотой баримт бөгөөд мөн эх хувь улсын байцаагчийн актад авагдсан. Талууд мөнгөн дүн, баримт дээр маргаагүй гэдгийг шүүх анхаарах нь зүйтэй.

6. Банкны зүгээс Санхүү удирдлагын газрын захирал Ц.Ц 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр татварын улсын байцаагчийн 210022... тоот актыг хүлээн авч хуулийн хугацаанд буюу 3 дугаар сарын 22-ны өдөр 01/01-454 тоот гомдлыг татварын маргаан таслах зөвлөлд гаргасан. Татварын маргаан таслах зөвлөл нь бидний гаргасан гомдлыг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж шийдвэрлэсэн бөгөөд уг гомдлын хариуг бичгэн хэлбэрээр 2017 оны 6 дугаар сарын 02 өдрийн 66 тоот албан бичгээр манай банкинд хүргүүлсэн. Банкны зүгээс уг гомдлыг хүлээн аваад хуулийн хугацаанд буюу 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Гомдол гаргах болон шүүхэд хандах процесс нь хуулийн хугацаандаа явагдаж бүртгэлээр баримтжсан байгаа ба хэргийн оролцогчдын зүгээс хугацааны тал дээр ямар нэгэн санал хүсэлт, маргаан байдаггүй. Талуудын хоорондох маргааны гол зүйл нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 11 утга бүхий үйл явдал, түүнтэй холбоотой гүйлгээнүүдийг зар сурталчилгаа “мөн, биш, ивээн тэтгэсэн, хандив өгсөн, татвар ногдох орлогод хамаарна, хамаарахгүй” гэж маргаснаас биш бидний хүлээн зөвшөөрсөн дээрх утга бүхий үйл явдал, түүнтэй холбоотой гүйлгээнүүд дээр гомдол гаргаагүй гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК нь “...татварын улсын байцаагчийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 210022... дүгээр актын 359,664,680.0 төгрөгийн зөрчилд холбогдох нөхөн татвар, торгууль, алданги нийт 64,526,767.89 төгрөгийн төлбөр”-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж “зар сурталчилгааны зардал нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдоно, үйл ажиллагааны зардал, бусдад олгосон шагнал, буцалтгүй тусламж, хандив бэлэг дурсгалын зүйлд зарцуулсан зардлыг хасагдахгүй зардалд тайлагнасан нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

9. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...баримтаар нотлогдоогүй зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсон нь буруу, бусдад олгосон шагнал, бэлэг, буцалтгүй тусламж, бэлэг дурсгалын зүйл зэрэг хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж төсөвт төлөлгүй хууль зөрчсөн” гэж маргасан байна.

10. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч М.А, Ш.Э нарын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 210022... дугаар актаар “баримтаар нотлогдоогүй зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсон, бусдад олгосон орлогод хувь хүний орлогын албан татвар суутган тооцож төсөвт төлөөгүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй, суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдээгүй этгээдийн суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй” гэх 773,124,352.92 төгрөгийн зөрчилд 77,752,938.82 төгрөгийн төлбөр ногдуулж, нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэснээс нэхэмжлэгч нь зарим зөрчлийг хүлээн зөвшөөрсөн, заримыг Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор хүчингүй болгож төлбөрийн дүнг багасгасан, нэхэмжлэгчийн маргаж буй зөрчлийн хувьд “зар сурталчилгааны зардал, үйл ажиллагааны зардал, бусдад олгосон шагнал, буцалтгүй тэтгэмж, хандив, бэлэг, дурсгалын зүйлийн орлого”-д хамааралтай байна.

11. Гэтэл анхан шатны шүүх “...гэрээ, гэрээний гүйцэтгэл дүгнэсэн актаар ...зар сурталчилгааны ажил явуулсан, уг зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардал гэж үзлээ, ...холбооны кабель ашиглах зайлшгүй шаардлагатай болох нь тогтоогдож байгаа тул үйл ажиллагаатай холбоотой зардал байна, бусдад шилжүүлсэн орлого, сургалтын зардал, харилцагчдын бэлгэнд зориулан гаргасан зардлууд, ажилчдын шагнал, урамшуулал, буцалтгүй тусламж, хандив, бэлэг зэргийн зардлууд нь баримтаар нотлогдсон тул Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 /шийдвэрт 3.11 гэж бичсэн/-д заасан бусад хэлбэрээр түгээсэн зар сурталчилгаа гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

12. Дээрх байдлаас үзэхэд, анхан шатны шүүх татварын улсын байцаагчийн 210022... дугаар актаар тогтоосон зөрчил тус бүрт дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэж, хэргийн оролцогчдын маргааны үйл баримтын талаар маргаж буй үндэслэлүүдтэй холбогдуулан нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх зэрэг хуулиар олгосон эрх, үүргээ хэрэгжүүлээгүй нь буруу байна.

13. Иймд, хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр хяналтын журмаар гаргасан “... маргааны зүйл нь банкыг сурталчилсан уу, үгүй юу гэдэг дээрээ байгаа болохоос биш мөнгөн дүн түүний үйл баримтууд дээр маргаагүй,... татвар ногдох орлогод хамаарна, хамаарахгүй гэж маргасан, бидний хүлээн зөвшөөрсөн дээрх утга бүхий үйл явдал түүнтэй холбоотой гүйлгээнүүд дээр гомдол гаргаагүй гэдгийг шүүхээс анхаарч үзнэ үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2018/0044 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т-гын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ