| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2023/00418/И |
| Дугаар | 130/ШШ2023/00589 |
| Огноо | 2023-06-27 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2023/00589
| 2023 06 28 | 130/ШШ2023/00589 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: К.Т Хаяг: Б аймаг, Ц сум 6 дугаар багт оршин суух,
Хариуцагч: Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургууль /захирал Ж.А /, Хаяг:Б аймаг, Ц сумын төвд үйл ажиллагаа явуулах,
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 00 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч К.Т ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Е ,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.А ,
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Д.Э ,
Гэрч Р.Ж , Х.Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч К.Т нь хариуцагч Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулийн захирал Ж.А д холбогдуулан тус сургуулийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 00 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 К.Т би 2007 онд тус аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрны багшийн ажилд томилогдон одоо хүртэл буюу 16 жилийн турш ажилласаар ирсэн. Би энэхүү 16 жил ажиллахдаа хэд хэдэн удаа сургуулийн захирал солигдож 3-4 захиралтай хамтран ажиллаж байсан бөгөөд хамтран ажилласан захирлуудын нэг нь ч надад ажлын алдаа гаргалаа гэж сахилгын шийтгэл хүлээлгэж байгаагүй.
1.2 Гэтэл Ж.А захирал болж томилогдсоноос энэхүү байдал өөрчлөгдөж хувийн харилцааны улмаас өөртэй таалагдаагүй хүнийг хавчин ялимгүй зүйлийг шалтаглан ажлаас халах, үндэслэлгүй сахилгын арга хэмжээ авдаг бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 000 дугаартай тушаалаар намайг дотуур байрны багшийн үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн билээ. Би тухайн үед ахмад ажилтны хувьд хүлээцтэй хандаж шүүхээр явахаас өмнө асуудлыг эвлэрлийн журмаар шийдвэрлэхийг хичээж өөрт нь өргөдөл гомдол гаргаснаар тэрээр тушаалаа хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авахаа амлан би түүнд итгэн хүлээцтэй хандсан хэдий ч элдвээр шалтаглан явсаар 4-5 сар өнгөрсний дараа Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 000 дугаартай тушаалаар тус сургуулийн дотуур байрны багшаар бус жижүүрийн ажилд томилсон ба намайг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дуудаж ажилд томилсон тушаалыг гардуулж өгсөн.
1.3 Намайг ажил олгогчоос ажилд томилсон өдөр ажлын байр болох дотуур байранд очсон хэдий ч хүүхдүүд амарсан дотуур байр хаалттай байсан ч өдөр болгон ажилдаа очоод дотуур байрын хавиар явдаг байсан бөгөөд ажил тасалсан асуудал байхгүй.
1.4 Гэтэл миний бие ажилд томилогдсоноос хойш ажил үүргээ ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргахгүйгээр гүйцэтгэж байсан боловч тус сургуулийн захирал Ж.А нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 00 дугаартай тушаал гаргаж намайг ажлаас маань халсан. Ажил олгогчийн зүгээс намайг ажлаас халсан шалтгаанаа 2023 оны 3 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд ажил тасалж, ажил үүрэгтээ хайнга хандсан гэж тайлбарлаж байгаа боловч ажил тасалсан удаа байхгүй.
1.5 Мөн ажил олгогчийн зүгээс намайг энэхүү хугацаанд огт ажиллаагүй гэсэн тайлбарыг бас гаргадаг боловч тухайн сард 8 хоног ажилласны цалин олгосон байгаа. Ажил олгогчоос миний хөдөлмөрлөх эрхийг маань зөрчиж намайг ажлаас чөлөөлсөн тул уг зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан болно.
1.6 Иймд Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 00 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсэж байна гэв.
2.Хариуцагч Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулийн захирал Ж.А хариу тайлбар,татгалзал:
2.1 Нэхэмжлэгч К.Т 16 жил ажиллахдаа сүүлийн 5-8 жилийн хугацаанд архинд хамааралтай болж, сургуулийн удирдлагаас тавьсан шаардлага, ажлын хариуцлагыг удаа дараа зөрчиж, ажлын байрыг эзэнгүй орхиж явдаг явдал их гарч байсан нь тухайн үеийн ерөнхий эргүүлийн дэвтэрт тодорхой байгаа боловч олон жил ажилласан ганц бие хүн байна гэж харж үзээд нэг ч удаа арга хэмжээ аваагүй зөвхөн сануулж хэлээд хамтран ажиллаж байсан юм.
2.2 Нэхэмжлэгч К.Т ийг архины хамаарлаас гаргахын тулд нэг сарын цалингүй чөлөө өгч байсан. Мөн хотод эмчилгээнд явахад цалинтай чөлөө өгч, дэмжиж тусалж байсан боловч энэхүү дотуур байранд ажиллах ёс зүйгүй, хүүхдүүдэд үзүүлэх үлгэр дурайлгүй, хариуцлагагүй ажиллаж ирсэн, мөн өөрийнхөө гаргасан алдаа дутагдлыг арилгахад санаачилга гаргаж ажиллаагүй. Улам архины хамааралд орж ажлын цагаар ээлжийн үед ажлын байрыг эзэнгүй орхиж явдаг болсон учир 2022 оны 9-р сарын 30-ны өдөр дотуур байрны багшийн ажлаас чөлөөлсөн болно. Тухайн үед олон удаа амлалт өгч /амаар болон бичгээр/ байсан тул шүүхэд гомдол гаргаж чадаагүй.
2.3 Гэвч сумын Засаг дарга А “манай намын хүнийг ажилд томилохгүй бол аудитын дүгнэлтийг үндэслэн чамайг ажлаас чөлөөлнө” гэж намайг дарамталж байгаад ямар ч орон тоо байхгүй дотуур байрны жижүүрийн ажилд хүчээр 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр К.Т ийг дотуур байрны жижүүрээр томилуулсан.
2.4 Гэтэл К.Т нь 2023 оны 3-р сарын 22-24 өдөр огт ажилд ирээгүй. К.Т ажилд томилогдсоноос хойш миний зүгээс болон сургалтын менежер, нийгмийн ажилтны зүгээс түүнд ажилд томилогдсон талаар мэдэгдэх гээд утсаар залгасан боловч утсаа аваагүй. Тийм учраас түүнд ажилд томилогдсоныг мэдэгдэж гар утас руу нь зурвас илгээсэн байсан. Тэрээр хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давтан гаргасан учраас ажил олгогч миний зүгээс түүнд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. К.Т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног дараалан ажил тасалсан учраас түүнийг урьд гаргасан сахилгын зөрчлөө давтан гаргасан гэж үзэж байна. Түүний ажиллаж байсан орон тоо хариуцлага алдаж болохгүй, сурагчдын хүмүүжил, аюул байдалтай шууд холбоотой.
2.5 Ажилд томилох, ажил хүлээлгэж өгөх комиссоос хуулийн дагуу ажил үүргээ хүлээлцэж хийгээгүй, 8 хоногийн цалинг аваад архи ууж 8 хоног ажилд ирээгүй ажил тасалсан учраас ажлаас чөлөөлсөн болно.
2.6 Иймээс миний оногдуулсан сахилгын шийтгэл үндэслэлтэй гэж үзэж байгаа ба шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 00 дугаар тушаалыг хүчинтэй хэвээр үлдээж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “К.Т ий дотуур байрны багшийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 000 дугаартай, мөн захирлын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “К.Т ийг ажилд томилох тухай” 000 дугаартай, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “К.Т ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” 00 дугаар тушаалууд, нэхэмжлэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өмгөөлөгч К.Е тай байгуулсан өмгөөллийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Хариуцагчаас 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 000 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, Захирлын дэргэдэх зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн тус тус хурлын тэмдэглэл, Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “цалинтай чөлөө олгох тухай” 00 дугаар, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “К.Т д цалингүй чөлөө олгох тухай” 000 дугаар, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “сахилгын шийтгэл ногдуулах тухай” 000 дугаар, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “К.Т ийг ажилд томилох тухай” 000 дугаартай тушаалууд, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Д.Э тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх 13 дугаартай гэрээ, хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлт, 2023 оны 3 дугаар сар болон 04 дүгээр сарын нийгмийн ажилтан Р.Ж ы гаргасан ажлын цагийн тодорхойлолт, тус сургуулийн 2023 оны 3 дугаар сарын 2-р хагас болон 2023 оны 4 дүгээр сарын 2-р хагасын тус тус цалин олгох хүснэгт, 2023 оны 3 дугаар сар болон 04 дүгээр сарын сургалтын менежер Х.Б ийн гаргасан ажлын цагийн тодорхойлолт, 2023 оны 4 дүгээр сарын сургуулийн эмч А.Б гийн гаргасан ажлын цагийн тодорхойлолт, 2023 оны 4 дүгээр сарын сургалтын менежер Б.М , Ж нарын гаргасан ажлын цагийн тодорхойлолт, Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш нарын 2023 оны 4-р сарын ажлын гүйцэтгэл, анги даасны нэмэгдэл зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022.4.16-ны өдөр К.Т ий бичсэн гэх баримт зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
5.Шүүхээс хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдаанд Х.Б , Р.Ж нарыг гэрчээр оролцуулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Намайг ажил олгогчоос ажилд томилсон өдөр ажлын байр болох дотуур байранд очсон хэдий ч хүүхдүүд амарсан дотуур байр хаалттай байсан ч өдөр болгон ажилдаа очоод дотуур байр хавиар явдаг байсан бөгөөд ажил тасалсан асуудал байхгүй. Гэтэл ажил олгогчоос намаг 2023 оны 3 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд ажил тасалж, ажил үүрэгтээ хайнга хандсан 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 00 дугаар тушаал гаргаж намайг ажлаас маань халсан. Миний бие ажил тасалсан удаа байхгүй, би ажиллаж надад тухайн сард 8 хоног ажилласны цалин олгосон. Ажил олгогчоос миний хөдөлмөрлөх эрхийг маань зөрчиж намайг ажлаас чөлөөлсөн тул уг зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан гэжээ.
8.Хариуцагч Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулийн захирал Ж.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Сумын Засаг дарга А “манай намын хүнийг ажилд томилохгүй бол аудитын дүгнэлтийг үндэслэн чамайг ажлаас чөлөөлнө” гэж намайг дарамталж байгаад ямар ч орон тоо байхгүй дотуур байрны жижүүрийн ажилд хүчээр 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр томилуулсан. Гэтэл К.Т нь 2023 оны 3 дугаар сарын 22-24 өдөр огт ажилд ирээгүй, түүнд ажил олгогчийн зүгээс болон сургалтын менежер, нийгмийн ажилтны зүгээс ажилд томилогдсон талаар мэдэгдэх гээд утсаар залгасан боловч утсаа аваагүй. Тийм учраас түүнд ажилд томилогдсоныг мэдэгдэж гар утас руу нь зурвас илгээсэн байсан. Тэрээр хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давтан гаргасан учраас ажил олгогч миний зүгээс түүнд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. К.Т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног дараалан ажил тасалсан учраас түүнийг урьд гаргасан сахилгын зөрчлөө давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.
9.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:
9.1 Б аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 00 дугаартай тушаалаар нэр бүхий хоёр ажилтны хүсэлтийн дагуу цалинтай чөлөө олгосны дотуур байрны багш К.Т д 2022 оны 4 дүгээр сарын 01-ээс эхлэн нэг сарын цалинтай чөлөө олгосон байна. /хэргийн 20 дугаар тал/
9.2 Б аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 000 дугаартай тушаалаар дотуур байрны багш К.Т нь удаа дараа архи ууж ажлын байраа дур мэдэн орхиж явсан гэсэн үндэслэлээр 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нэг сарын цалингүй чөлөө олгосон ба мөн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 000 дугаартай тушаалаар К.Т ийг дотуур байрны багшийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалцсан байна. /хэргийн 3, 21 дүгээр талд/
9.3 Б аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 000 дугаартай тушаалаар К.Т ийг дотуур байрны жижүүрээр 2023 оны 3 дугаар сарын 22-оос эхлэн томилсон байна.
9.4 Улмаар ажил олгогчоос 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 00 дугаар тушаалаар 2023 оны 22, 23, 24-ний өдрүүдэд дараалан 3 өдөр ажилд ирээгүй мөн 2 дугаар улирлын амралтаар бүх багш, ажилчдыг хамруулсан аймгаас ирсэн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн” хуралд ирээгүй ямар ч шалтгаангүй 3 өдөр ажил тасалж, нийт 8 өдөр ажилд ирээгүй ноцтой зөрчил гаргасан гэж Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1, 20.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, сургуулийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2, 11.2.1 дэх хэсэг, сургуулийн удирдлагын 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн К.Т ийг дотуур байрны жижүүрийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
10.Хариуцагч буюу ажил олгогчоос нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Захирлын дэргэдэх зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн, 2022 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн хурлын тэмдэглэлүүдийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн боловч нэхэмжлэгч К.Т ээс дотуур байрны багшийн ажлаас чөлөөлсний хувьд маргаагүй, харин ажил олгогчийн өөр ажлын байр болох дотуур байрны жижүүрийн ажилд томилсны дараа ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргажээ.
11.Иймээс хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Захирлын дэргэдэх зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл, нэхэмжлэгч К.Т ий үйлдсэн гэх 2022.04.16-ны өдрийн баримт зэрэг бичгийн нотлох баримтад шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
12.Харин хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс Захирлын дэргэдэх зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл, тус сургуулийн Нийгмийн ажилтан Ж ы гаргасан 2023 оны 3 дугаар сарын ажлын цагийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгч, шүүх хуралдаанд тус сургуулийн нийгмийн ажилтан Р.Ж , сургалтын менежер Х.Б нарыг гэрчээр оролцуулсан боловч 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч К.Т ажлын байранд байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, тухайн өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн хуралд ажилтан К.Т ийг оролцуулаагүй, түүний ажил тасалсан гэх сахилгын зөрчлийн талаар түүнээс тайлбар аваагүй байна.
13.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар тус тус заажээ. Сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, ажлын байрны тодорхойлолт зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна гэж хуульчилжээ.
14.Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж зааснаар нэхэмжлэгч К.Т д сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нь түүнд гаргасан зөрчлийн талаар мэдэгдэж, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Захирлын дэргэдэх зөвлөлийн хуралд оролцуулж түүнээс тайлбар аваагүй буюу сонсгох ажиллагаа хийгээгүй атлаа түүнийг шууд ажлаас чөлөөлсөн сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг ажил олгогч зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.
15.Мөн гэрч Р.Ж нь нэхэмжлэгч К.Т ажил тасалсан нь үнэн гэж мэдүүлдэг боловч ажил олгогчоос 2023 оны 3 сард 8 хоногийн цалин олгосон болох нь талуудын тайлбар, 2023 оны 3 дугаар сарын 2-р хагасын цалин олгох хүснэгтээр тогтоогдсон, мөн ажил олгогчоос нэхэмжлэгчийг ажилд томилсон үед 2 дугаар улирлын хүүхдүүдийн амралтын үе байсан ба дотуур байранд хэн ч байхгүй байсан бөгөөд эрэгтэй дотуур байранд хэдэн жижүүр ажилладгаас К.Т 2023 оны 3 дугаар сарын 22, 23, 24 өдрийн аль өдөр нь ээлжид гарах эсэх, нэхэмжлэгчийн ажилд томилогдсон 2023 оны 3 дугаар сарын 22-оос 3 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд хэдэн удаа ээлжид гарах байсны хэдний өдрийн ажлыг нэхэмжлэгч тасалсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
16.Ажил олгогч буюу хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалдаа “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн” хуралд ирээгүй гэсэн үндэслэлийг заасан боловч энэхүү үндэслэлийн талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй болно.
17.Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнд гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, цалин хөлсний талаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээс өмнө танилцуулах үүрэгтэй” гэж, 41.2-т “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” гэж тус тус заасан ба хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөс ажил олгогч болон ажилтан нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй мөн ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж маргажээ.
18.Гэтэл ажил олгогчоос 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 000 дугаартай тушаалаар ажилтан К.Т ийг 2023 оны 3 дугаар сарын 22-оос эхлэн дотуур байрны жижүүрээр томилж, улмаар ажилд томилсноос хойших хугацааны буюу 2023 оны 3 дугаар сарын 22-оос эхлэн ажлын 8 хоногийн цалин олгосон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа тул талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэж, улмаар ажил олгогчоос ажилтныг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна гэж шүүх дүгнэлээ.
19.Түүнчлэн ажил олгогчоос ажилтан К.Т ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 00 дугаартай тушаалдаа Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2,11.2.1 дэх хэсгийг мөн 2023 оны 3 дугаар сарын 22, 23, 24-ний өдөр дараалан 3 өдөр ажил тасалж, нийт 8 өдөр ажилд ирээгүй ноцтой зөрчил гаргасан гэж үндэслэл болгож тайлбарладаг боловч Хөдөлмөрийн дотоод журам болон ажилтантай сахилгын ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохоор харилцан тохиролцсон Хөдөлмөрийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэлээ шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй, үндэслэл тус бүр нь нотолж чадаагүй тул нэхэмжлэгч К.Т нь Хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан байна гэж дүгнэх үндэслэлгүй болно.
20.Хариуцагч буюу ажил олгогчоос 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 000 дугаартай тушаалаар К.Т ийг дотуур байрны жижүүрээр 2023 оны 3 дугаар сарын 22-оос эхлэн томилж, улмаар 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 00 дугаар тушаалаар 2023 оны 22, 23, 24-ний дараалан 3 өдөр ажилд ирээгүй мөн 2 дугаар улирлын амралтаар бүх багш, ажилчдыг хамруулсан аймгаас ирсэн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн” хуралд ирээгүй, ямар ч шалтгаангүй 3 өдөр ажил тасалж, нийт 8 өдөр ажилд ирээгүй ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байх ба уг тушаалын үндэслэлийн талаар шүүхээс тус бүр хууль зүйн дүгнэлт хийсэн бөгөөд нэхэмжлэгч К.Т нь дотуур байрны жижүүрээр томилогдоод ажлын 8 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн байх тул уг хугацаандаа сахилгын зөрчлийг давтан гаргасан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй.
21.Харин нэхэмжлэгч К.Т ий тус сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байх хугацаандаа гаргасан сахилгын зөрчил нь түүний өөр албан тушаал болох дотуур байрны жижүүрээр томилсны дараа гаргасан сахилгын зөрчил нэг албан тушаалдаа гаргасан давтан зөрчил байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
22.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс “сумын Засаг дарга А “манай намын хүнийг ажилд томилохгүй бол аудитын дүгнэлтийг үндэслэн чамайг ажлаас чөлөөлнө” гэж намайг дарамталж байгаад ямар ч орон тоо байхгүй дотуур байрны жижүүрийн ажилд хүчээр 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр К.Т ийг дотуур байрны жижүүрээр томилуулсан” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж Ц сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг нотлох баримтаар гаргаж өгчээ.
23.Гэвч хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.А гаас нэхэмжлэгч К.Т ийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрны жижүүрийн орон тоо байхгүй гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлуулаагүй, мөн Б аймгийн Ц сумын Засаг даргаас хууль бус шийдвэр гаргахыг үүрэг болгосон бол энэхүү асуудлын талаар эрх бүхий байгууллагад өргөдөл гаргаж шалгуулах, мөн тус сумын Засаг даргаас авсан сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргах эрх нь тус тус нээлттэй тул түүнд шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
24.Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасан урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй тул ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч К.Т ийг түүний урьд эрхэлж байсан Б аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
25.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хариуцагч Б аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлээ.
26.Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2023 оны 4 дүгээр сарын 2-р хагасын цалин олгох хүснэгт, нийгмийн ажилтан Р.Ж ы гаргасан 2023 оны 4 дүгээр сарын ажлын цагийн тодорхойлолт, сургалтын менежер Х.Б ийн гаргасан 2023 оны 3 дугаар сар болон 4 дүгээр сарын ажлын цагийн тодорхойлолт, сургуулийн эмч А.Б гийн гаргасан 2023 оны 4 дүгээр сарын ажлын цагийн тодорхойлолт, сургалтын менежер Б.М , Ж нарын гаргасан 2023 оны 4 дүгээр сарын ажлын цагийн тодорхойлолт, Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш нарын 2023 оны 4 дүгээр сарын ажлын гүйцэтгэл, анги даасны нэмэгдэл зэрэг бичгийн нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй нотлох баримт тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 00 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч К.Т ийг тус аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Б аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Ж