Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1335

 

                             “Н Ү Э Х”--ны

                                   нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/01601 дугаар шийдвэртэй, “Н Ү Э Х”--ны нэхэмжлэлтэй, “М” ХХК, Б.Б нарт холбогдох, гэрээний үүрэгт 5 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөрсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Нэхэмжлэгч нь “М” ХХК-ийн дарга Б.Б гэгчтэй 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус байрны 4 давхрын 408 тоот өрөөг сарын 800 000 төгрөгөөр, нэг жилийн хугацаатай, төлбөрийг улирлаар төлөхөөр тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан.

Тэрээр 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2 400 000 төгрөг, барьцаа нэг сарын төлбөр нийт 3 400 000 төгрөг төлсөн, үүнээс хойш төлбөр төлөөгүй. 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр түрээслүүлж байсан өрөөг хүлээлцэж, үлдэгдэл 5 600 000 төгрөг байгаа талаар тооцоо нийлж акт үйлдсэн боловч төлбөрийг төлөөгүй, удаа дараа шаардан холбогдсон боловч шүүхдээ өг гэсэн.

Хариуцагч хаягаа хэлэхгүй зугтаад байхаар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд эрэн сурвалжлах хүсэлт гаргаснаар тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс түүнийг Баянзүрх дүүрэг нэгдүгээр хороо 85-207 тоотод оршин сууж байгаа болохыг мэдэгдсэн. Уг хаягаар нь нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2018/20043 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагыг МҮЭХ эсхүл НҮЭХ аль нь гаргаж байгаа нь тодорхой бус гэсэн тул зөрчлийг арилгаж холбогдох баримтыг нэхэмжлэлд хавсаргаснаар шаардлагаа гаргасан гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч “М” ХХК нь тус гэрээний төлбөрийг хариуцах үүрэгтэй гэж үзэж байгаа тул хариуцагч Б.Бд холбогдох шаардлагаасаа татгалзана, иймд “М” ХХК-иас 5 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                                                              

Хариуцагч тал тайлбартаа: Нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбоо нь иргэн Б.Бд холбогдуулан 5 600 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар “М” ХХК-ийг татах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ. “М” ХХК нь Нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбоотой харилцан тохиролцож 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Улмаар 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр талууд харилцан тохиролцож дээрх гэрээг цуцалж, өрөөг хүлээлцэж акт үйлдсэн байна.

Нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь дээрх гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй, захирлыг нь хайсан байна. Компанид холбогдуулж шүүхэд хандаагүй тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-иас 4 200 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н Ү Э Х”--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь хариуцагч Б.Бд холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 104 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 82 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргасан. Тодруулбал “М” ХХК болон “Н Ү Э Х”- нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Байрны түрээсийн гэрээг” бичгээр байгуулсан. Улмаар 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр харилцан тохиролцож гэрээг цуцалсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсанаас хойш “М” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл огт гаргаагүй. Хэрэгт энэ талаарх баримт огт байхгүй.

Анхан шатны шүүх нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 30т-5/5965 дугаартай албан бичгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь тус бичгийн агуулга нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 00368 дугаартай шийдвэрээр “М” ХХК-ийн захирал Баярсайханы Билгүүний оршин суух хаягийг олж тогтоохыг тус хэлтэст даалгасны дагуу тогтоогдсон болохыг мэдэгдье гэжээ. Энэ нь “М” ХХК-д бус Б.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргасан буюу Б.Бий хаягийг тодруулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Мөн хэрэгт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 00368 дугаартай шийдвэр авагдаагүй.

Иймд нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Н Ү Э Х”- нь хариуцагч “М” ХХК, Б.Б нарт холбогдуулан гэрээний үүрэгт 5 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь “М” ХХК-д холбогдуулан тус компанитай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байрны түрээсийн гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөр цуцалсан бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулна гэж тайлбарласан, хариуцагч тал дээрх шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусаад 3 жил өнгөрсний дараа шаардаж байгаа нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэхээс татгалзана гэж маргажээ. /хх45/  

 

Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Байрны түрээсийн гэрээ” байгуулагдаж, 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэрээг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээх түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Хариуцагч тал дээрх гэрээг байгуулсан болон түүний нөхцөл, төлсөн төлбөрийн хэмжээ, үлдэгдэл төлбөрийн хэмжээнд маргаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан өрөөг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл, сарын 800 000 төгрөгийн үнээр түрээслэсэн үйл баримтыг үгүйсгээгүй бөгөөд түрээсийн төлбөрт 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 3 200 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1 600 000 төгрөг, нийт 4 800 000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан кассын орлогын ордероор тогтоогдож байна. /хх12/

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөрийн үлдэгдэлд нийт 4 200 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  

 

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх хэргийн 5 дах талд авагдсан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 30т-5/5965 дугаар албан бичгийг үнэлсэн нь буруу, энэ нь “М” ХХК-д бус Б.Бд холбогдуулан түүний хаягийг тодруулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх баримт бөгөөд дээрх албан бичигт дурдагдсан шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй гэжээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, “М” ХХК-ийн захирал Б.Бий оршин суух хаягийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2018/00368 дугаар шийдвэрийн дагуу тогтоосон болохыг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгч талд мэдэгдсэн байна. /хх5/ Талуудын хооронд байгуулсан гэрээнд, хариуцагч “М” ХХК-ийг төлөөлж захирал Б.Б гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч нь тус компанид холбогдох шаардлагаа дэмжин, иргэн Б.Бд холбогдох шаардлагаас татгалзсан нь хуулиар өөрт олгогдсон эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж үзнэ. Түүнчлэн тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суух хаягийг тогтоох талаар шүүхэд хандсан, шүүх шийдвэр гаргасан, түүнд нь үндэслэн цагдаагийн байгууллага тодорхой ажиллагаа явуулсан болох нь дээрх албан бичгээр нотлогдон тогтоогджээ. /хх10, 11, 36/

 

Иймд нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 3 жилийн дотор буюу 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс өмнө хариуцагчийн хаягийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг Иргэний хуулийн 79 дугаар зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Тодруулбал, нэхэмжлэгчийн гэрээний үүрэгт холбогдуулан шаардлага гаргах хугацааг хариуцагчийн хаягийг тогтоосон 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дах хэсэгт зааснаар шинээр тоолох бөгөөд энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагчийг эрэн сурвалжилсан талаарх шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй боловч уг шийдвэрийг биелүүлсэн эрх бүхий байгууллагаас ирүүлсэн нотлох баримтыг үгүйсгэх, татгалзах үндэслэл хариуцагчийн тайлбараар тогтоогдохгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх татгалзлаа нотлох үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/01601 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  82 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах,                 энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНХАНД

                                                           

                                         ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                            Т.ТУЯА