| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0298/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/314 |
| Огноо | 2025-12-01 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/314
2025 12 01 2025/ШЦТ/314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч Ж.У ,
Шүүгдэгч Ш.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М ургийн овогт Ш-ийн О /РД:..../ холбогдох эрүүгийн 2512004890290 тоот хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт А аймгийн Ц сумын Ц багийн Х гэх газар оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй улсаас авсан гавьяа шагналгүй, М ургийн овогт Ш-ийн О /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.О-ыг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Ж.У яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч Ш.О Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.О нь хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн болох нь
- Хэргийн газартүзлэгхийсэн тэмдэглэлд “...А аймгийн Ц сумын Ц багийн Ханын зураа гэх газарт ...3 ширхэг хожуулд үзлэг хийхээр тогтов...” гэсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Н.И-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...иргэн Ш.О нь хууль бусаар мод бэлтгэж ойн санд хэдэн төгрөгийн хохирол учруулсан байна тэр төлбөрийг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (мод, хөрөө, машин), гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10, 91-92 дугаар хуудас/,
- Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...Би 2025 оны 09 дүгээр 23-ны өдрийн 20 цагаас 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 09 цаг хүртэл ...А аймгийн Ц сумын Т багийн 2 гүүр гэх газар эргүүл шалгалт хийх явцад 2025 оны 09 дүгээр сарын 24-ний 00 цаг 10 минутын үед 000 улсын дугаартай Вопдо-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэн Ш.О-ыг зогсоож шалгасан. ...мод бэлтгэх эрхийн бичиггүй байсан. Мөн тухайн модыг хаанаас бэлтгэсэн талаар асуухад А аймгийн Ц сумын Ц багийн Х гэх газар босоо мод бэлтгэсэн гэж хэлж байсан. Иргэн Ш.О-ын бэлтгэж, тээвэрлэсэн мод нь гэмт хэргийн шинжтэй байсан тул тээврийн хэрэгслийг А аймгийн Ц сумын Цагдаагийн хэсгийн хашаанд модыг буулгуулж, тээврийн хэрэгслийг түр саатуулж холбогдох албан тушаалтад хүлээлгэн өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36, 96 дугаар хуудас/,
- Гэрч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...А аймгийн Ц сумын Ц багийн х гэх газарт Ц сумын Ц хангайн төгөл ХХК нь талбайн тусгаарлалт хийгдсэн байгаа. ...Бяцхан бэлчир гэх газарт хийгдсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр хуудас/,
- Сэжигтэн Ш.О-ын мөрдөн шалгах “...би 2025 оны 07 дугаар сарын сүүлээр А аймгийн Ц сумын Ц багийн Х гэх газраас ...галын түлээний модыг бэлтгэсэн байж байгаад 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ц сумын төвд гэртээ буулгах гэж өөрийн эзэмшлийн .... улсын дугаартай автомашинаар тээвэрлэж яваад цагдаа зогсоож шалгаад ...саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29- 31 дүгээр хуудас/,
- Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бямбасүрэнгийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн АРХ0325/314 дугаартай “1. Монгол орны мод сөөг гарын авлагатай харьцуулахад Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг нь ...11.4%, 3 дугаартай дээжний чийг 18% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. ...3. Хэргийн газрын үзлэг хийхэд уг хэсэгчилж тайрсан моднууд нь босоо модноос бэлдсэн байна. 4. Шинжлэгдэж буй 1-34 гэж дугаарласан 34 ширхэг мод нь 2,2236 м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 244.062 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх- ийн 21-24 дүгээр хуудас/,
- Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128 дугаартай “...А аймгийн Ц сумын Ц багийн N 47° 17' 20”, Е 101° 38' 1” солбицлын цэгтэй Ханын зураа гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт орохгүй болно...” гэсэн албан бичиг /хх-ийн 40 дугаар хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн шинжээч Э.Даваасүрэнгийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 35 дугаартай “автомашин-9.000.000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 74-76 дугаар хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн шинжээч Э.Д-ийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2888 дугаартай “...хөрөө-80.000, мод- 240.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 77-83 дугаар хуудас/,
- Яллагдагч Ш.Оын “...гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Ш.О нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Ойн тухай хуулийн
35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн,
35.4.2 зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн,
35.4.3 засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн буюу “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчлан заасан байна.
Хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэдэгт гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мод бэлтгэх зөвшөөрлийг аваагүй, олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж, хүрээлэн буй орчноос салган авч мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл, хөсөг ашиглан зөөж ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхад хохирол учруулсан төлөв байдлыг доройтуулсан хувь хүний хийсэн аливаа сөрөг үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ш.О нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй, хууль бусаар ойгоос хуурай босоо мод тайрч бэлтгэж, тээвэрлэсэн нь тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Оын үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байх тул шүүгдэгч Ш.О-ыг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй.
Шүүгдэгч Ш.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ...” Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлнө “ гэж хуульчлан заасан байна.
Иймд шүүгдэгч Ш.О нь байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүгдэгч Ш.Оын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 244,062 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор /244,062*3=732,186 /долоон зуун гучин хоёр мянга нэг зуун наян гургаа/ төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 732,186 /долоон зуун гучин хоёр мянга нэг зуун наян гургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирол төлөхөөр шүүх хуралдаанаас завсарлага аваагүй тул шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ш.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал дүгнэлтийг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжээр буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж шүүхээс үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ш.О-ыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...”-ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна.
Шүүгдэгч Ш.О-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 9,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Киа бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл, 240,000 төгрөгийн үнэлгээ бүхий мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус хураан, Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд учруулсан 732,186 /долоон зуун гучин хоёр мянга нэг зуун наян гургаа/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, үлдэгдэл 8,587,814 /найман сая таван зуун наян долоон мянга найман зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М ургийн овогт Ш-ийн О /РД:..../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Оаас 732,186 /долоон зуун гучин хоёр мянга нэг зуун наян зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Оын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 9,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Киа бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл, 240,000 төгрөгийн үнэлгээ бүхий мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар хөрөө зэргийг тус тус хураан, Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд учруулсан 732,186 /долоон зуун гучин хоёр мянга нэг зуун наян зургаа/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, үлдэгдэл 8,587,814 /найман сая таван зуун наян долоон мянга найман зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод оруулсугай.
6. Шүүгдэгч Ш.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ш.О-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР