| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/04383/И |
| Дугаар | 101/ШШ2023/04059 |
| Огноо | 2023-09-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2023/04059
| 2023 09 19 | 101/ШШ2023/04059
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, өөрийн байранд байрлах Голомт банк ХК /регистрийн дугаар:2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, М-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,065,940.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
С.М нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Голомт банктай цалин болон барьцааны гэрээ байгуулан 3Г/2405173069 дугаарт зээлийн гэрээ байгуулан 16,800,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл авсан болно.
Зээлдэгч С.М нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа бөгөөд зээл төлөх хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болох бөгөөд банк өөрийн санаачлагчаар гэрээг дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үндсэн өр 14,607,085.22 төгрөг, үндсэн хүү 1,405,844,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,009.87 төгрөг, нийт 16,065,940.08 төгрөг, бүгд 16,065,940.08 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,279.70 төгрөгийн хамт нэхэмжилж байна.
Нэхэмжлэлтэй холбоотойгоор нотлох баримт болон зээлийн гэрээ нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт хавсаргаж хэрэгт өгсөн байгаа гэв.
2.Нэхэмжлэгчээс: 2022 оны 3 сарын 25-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч С.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,065,940.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдох хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 14,607,085.22 төгрөг, хүүгийн төлбөрт 1,405,844.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,009.87 төгрөг, нийт 16,065,940.08 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.
4.Зохигчдын хооронд 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ2405173069 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу Голомт банк ХК нь 16,800,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хугацаанд, графикийн дагуу төлөх үүрэг хүлээн харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээл төлөлтийн график зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 5-7 дугаар тал/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байна.
5.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч С.М нь зээлийн үндсэн төлбөрт 2,192,914.78 төгрөг, хүүгийн төлбөрт 758,726.67 төгрөгийг тус тус төлсөн байх бөгөөд гэрээгээр хүлээсэн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлээр үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй бол зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч буюу Банк бус санхүүгийн байгууллагад үүссэх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 16,065,940 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
6.Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Мэс 16,065,940.08 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,2795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч С.Мэс 238,279 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА