Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2023/04060

 

 

 

 

 

 

 

2023 09 19

101/ШШ2023/04060

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух Б-т холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зууннасан, хариуцагч В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зууннасангийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн зүгээс ажлын хөлс болон өөрийн тээврийн хэрэгслийг ашиглуулсныхаа төлбөрийг нэхэмжилж байна. Нэхэмжлэл дээрээ тодорхой бичиж илэрхийлсэн байгаа. Н.Н, н.Б бид хоёр иргэн А.Бтэй тохиролцож Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн төв дэх байшинг 10,500,000 төгрөгөөр барьж дуусгахаар аман тохиролцоо хийсэн. Бид хоёр Сыг туслах ажилчнаар авч ажилласан. Бид гурав харилцан тохиролцож ажлаа 2022 оны 6 сарын сүүлээр бүрэн гүйцэтгэж өгсөн. Миний бие ажлын хөлсөнд 5,250,000 төгрөг авах ёстойгоос 3,700,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 1,550,000 төгрөгийг аваагүй. Удаа дараа нэхсэн боловч өгөөгүй хэл амаар доромжилсон.

Үүнээс гадна Хотонт сумын Хөөвөр багийн төвийн ажлыг гүйцэтгэхэд миний бие өөрийнхөө Портер машинаар барилгын ажил эхэлснээс дуусах хүртэл ус зөөж, 5-6 удаа чулуу, 2 удаа банз зөөсөн. Мөн хашаат сумын захиргааны урд талын талбайг цутгахад 2 хово шороо зөөсөн. 15 өдөр бетон зөөсөн. Тухайн үед ажлаа дуусгахаар зохих мөнгө өгнө гэсэн боловч хэл ам хийж байж 1,000,000 төгрөг өгсөн. Тэгснээ энэ 1 сая төгрөгөөс 300,000 төгрөгийг нь ажлын хөлсөнд суутгана гэсэн.

Иймд ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 1,550,000 төгрөг, 30 өдрийн ус зөөсний хөлс 1,500,000 төгрөг, 2 удаа тоосго зөөсний хөлс 200,000 төгрөг, үнс зөөсний хөлс 100,000 төгрөг, банз зөөсний хөлс 200,000, үнс зөөсний хөлс 50,000 төгрөг, 12 удаа шороо зөөсний хөлс 600,000 төгрөг, , 14 өдөр бетон зөөсний хөлс 1,400,000 төгрөг нийт 5,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч В.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн төвийг барьж дуусгахаар 2022 оны 4 сарын 22-ны өдрөөс 7 сарын 01-ний хооронд барилгын ажлаа эхэлсэн ба уг ажилд Б, Н, С У нарыг авч ажиллуулсан. Б, Н хоёрт 10,500,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Энэ мөнгөнөөсөө С гэх хүнээ өөрсдөө цалинжуулна гэж байсан. Ингээд бэлнээс 3,700,000 төгрөг хоёуланд нь өгсөн. Бусад мөнгийг дансаар шилжүүлж, нийт 10 гаран сая төгрөгийн ажлын хөлсийг бүрэн төлсөн. Өөсрдөө сүүлдээ ажлаа хаяад явсан.

Портер машины хувьд 1,000,000 төгрөгөөр тохиролцсон. Энэ мөнгийг 700,000 төгрөгийг бэлнээр, 300,000 төгрөгийг дансаар тус тус шилжүүлж бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс гэрэл зураг, хариуцагчаас гэрэл зураг Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанд зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч В.Бт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч гэрээгээр хүлээлсэн үүргээ биелүүлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн, харин хариуцагч ажлын хөлс 1,550,000 төгрөг, Портер машинаар ажил хийлгүүлсний хөлс 4,050,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.

2.Талуудын хэл алиных нь гаргасан тайлбар, тэдгээрийн илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын чанар үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд 5,250,000 төгрөг авах ёстойгоос 1,550,000 төгрөгийг дутуу авсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагчаас Н.Н болон н.Б гэх хүмүүстэй нийт 10,500,000 төгрөгийн ажлын хөлс төлөхөөр тохиролцсон ба үүний 50 хувь болох 5,250,000 төгрөгийг Н.Нт төлөхөөр тохиролцсон гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд ажлын хөлсийг бүрэн төлсөн гэж маргаж байна.

Хариуцагчийн бэлнээр 3,700,000 төгрөг өгсөн гэх тайлбарт нэхэмжлэгч тал маргаагүй.

Хэрэгт авагдсан В.Бийн эзэмшлийн 5031311651 тоот Хаан банкны дансны хуулга, 464010739 тоот Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар 2022 оны 5 сарын 04-ний өдөр 900,000 төгрөг, 5 сарын 13-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 6 сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 7,100,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 41-75 дугаар тал/

Иймд дээрх бичгийн баримтаар хариуцагч нь ажлын хөлс болох 5,250,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.

3.Нэхэмжлэгчээс өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр 30 өдрийн ус зөөсний хөлс 1,500,000 төгрөг, 2 удаа тоосго зөөсний хөлс 200,000 төгрөг, үнс зөөсний хөлс 100,000 төгрөг, банз зөөсний хөлс 200,000, үнс зөөсний хөлс 50,000 төгрөг, 12 удаа шороо зөөсний хөлс 600,000 төгрөг, нийт 4,050,000 төгрөгийн ажлын хөлс нэхэмжилсэн боловч нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Тодруулбал, дээрх ажлын хөлсийг хэрхэн яаж тохиролцсон нь тодорхойгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн өмчлөлийн Портер машинаар ажил хийлгэсний хөлсийг 1,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд ажлын хөлс болох 1,000,000 төгрөгийг төлсөн гэх тайлбар нь хариуцагчийн дансны хуулга дахь мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна гэж үзэхээр байна.

4.Хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн дансны хуулга, 2022 оны 7 сарын 01-ний өдрийн АРАОНӨГ/202212012/27+1 тоот гэрээ, барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гэх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно. /хх-ийн 21-30 дугаар тал/

5.Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч В.Бээс 5,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Нын хариуцагч В.Бээс гэрээний үүрэгт 5,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА