| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0290/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/316 |
| Огноо | 2025-12-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/316
2025 12 02 2025/ШЦТ/316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч Т.Алтанзул,
Шүүгдэгч Б.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б-ийн Д /РД:..../-т холбогдох 2512001100174 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20... оны ... дугаар сарын ...-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилдаг, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт А аймаг Э сумын .. дугаар баг Т хорооллын 0000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /2016 онд үйлдсэн гэмт хэрэгт/, А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /2017 онд үйлдсэн гэмт хэрэг/, А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулахыг 2 жилийн хугацаагаар тэнссэн Г ургийн овогт Б-ийн Д /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Д нь 2025 оны 02 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд А аймгийн Э сумын 00 дугаар баг, Б хорооллын 000 тоот дахь иргэн Г.Д-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг хагалан, хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар эд зүйлс хулгайлж 1,047,600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Д-ыг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Т.Алтанзул: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,
Шүүгдэгч Б.Д “...буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно...” гэсэн байр суурьтай оролцсон.
Хохирогч Г.Д-ид “шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй” гэж шүүхэд мэдэгдсэн тул хохирогчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулав.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...2025 оны 02 дугаар сарын 01-ны өдөр, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрүүдэд тус тус А зймгийн Э сум 00 дугаар баг Б хорооллын 00 тоотод байх сайшинд хулгай орсон” гэсэн тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн “...тус амбаарын хаалганы банзыг цагаан өнгийн будгаар будсан мэт өнгөтэй байх ба хаалга нь цагаан өнгийн ямар нэгэн бичиглэлгүй цоожоор цоожилсон байх бөгөөд цоожийг эвдэлгүйгээр цоож болон амбаарын банзны холбогдох хэсгийг ухаж онгойлгосон мэт байв. Үзлэгийг тус амбаарт орж явуулахад хохирогч Ц.А алдагдсан дугуйны байсан хэсгийг гараар зааж харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 дүгээр хх-ийн 2-6 дугаар хуудас/,
- 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-26 хуудас/,
- Хохирогч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Би Монгол хэлээр уншиж бичиж чадна Надад өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Манай гэрт хулгай орсон болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна. Манайх А аймгийн Э сумын Б хорооллын 00 тоотод хашаа байшинтай. Тухайн хашаа байшингийн зүүн талын хашаанд төрсөн эгч Г.На нь байдаг ба 2025 оны 02 дугаар сарын 01-ны өдөр миний утас руу залгаад танай байшинд хулгай орсон байна гэсэн. Тэгэхээр нь би гэрт ороод ямар байдалтай байгааг нь асуухад гэр чинь онгорхой байна, байшин чинь онгорхой байна, гарааш чинь онгорхой байна гэсэн. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдээрэй гээд өөрөө 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр очихоор болсон. Учир нь манайхаас ямар эд зүйлс алдагдсаныг манай эгч Г.Н нь мэдэхгүй учир өөрөө очиж бүртгэхээр болсон юм. Харин би 2025 оны 02 дугаар сарын 02-ны шөнө А аймагт ирээд хашаа байшиндаа очиж чадаагүй ба өнөөдөр өглөө буюу 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хашаа байшиндаа очиж үзэх үед манай байшин руу ахин хулгай орсон байсан. Яаж мэдсэн бэ гэхээр эхлээд хулгай гарлаа гэхэд нь манай эгч Г.Н нь байшингийн арын цонх хагарсан байсныг кордонон цаас ашиглан бөглөсөн байсан гэх ба өнөө өглөө кордонон цаасыг нь хуулж авсан байсан. Тэгээд л ахин орсон байна гэж бодсон. Харин 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай хашаанд гарсан байсан гутлын мөр өнөө өглөө ахин шинээр гарсан байна гэсэн. Тухайн мөрийг нь дагаад үзэх үед А аймгийн Э сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээр гарсан байхыг би өөрөө мөрийг нь дагаж үзсэн тул тухайн мөрийг дагаж хэн болохыг нь тогтоож өгөхийг хүсэж байна. Одоогоор мэдэж байгаа нь 1 ширхэг унадаг дугуй, 1 ширхэг хэт хутга /мөнгөн тоногтой, шүрэн таглаатай хаш хөөрөг, шинэ гэрийн цагаан бүрээс, солонгос олс 100м, нарийн уяа 100м зэрэг алдагдсан байна. Мөн миний сейфийг эвдсэн байсан..." гэсэн мэдүүлэг/хх-ийн 14-16 хуудас/,
- Хохирогч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Би өмнө өгсөн мэдүүлэгтээ хөөрөг болон хэт хутгыг алга болсон байна гэж мэдүүлсэн боловч уг хутга миний өмчийн А аймгийн Э сумын Б хорооллын 000 тоотод байх миний зуны байшингийн цоожтой том төмөр сейфт байсан. 2 зэрэгцээ сейф байсан бөгөөд нэг сейф нь цоожгүй байсан. Би уг цоожгүй байсан сейфт цүнхтэй хөөрөг, хэт хутгыг хийсэн гэж бодож байсан боловч цоожтой байсан сейфт байсан. Би гэртээ гүйцэт шалгаагүй байж өмнө нь мэдүүлэг өгсөн. Настай хүн болохоор уймраад хаана хийсэн болохоо мартаж санаад байна....2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед хулгайч гэр рүү орсон талаар А хэлсэн. Би энэ талаар мэдээд иртэл манай хашаанд байсан шинэхэн цасан дээр гутлын мөр явчихсан. Мөн гэрээс унадаг дугуйг аваад явсан гэмээр мөр гарсан байсан. Мөн дараагийн өдөр нь түрдэг тэрэгний мөр гарсан гэмээр харагдсан. Тэгтэл А 2025 оны 02 дугаар сарын 02-ны шөнө бас танай гэртхулгай орсон байна нөгөөх гутлын мөр болон түрдэгтэрэгний мөр шинээр гарсан байна гэж хэлэхээр нь би очиж үзээд эрүүгийн мөрдөгч Э-ын хамт мөрөөр нь хөвж байтал Т хороололд байх 00 дугаар цэцэрлэгийн ард гудамжны доод талаасаа 3 дахь хаалга руу орсон байсан уг хашаанд ортол миний унадаг дугуй болон хулдаас зэрэг эд зүйлс байсан бөгөөд Д гэх хүн миний эд зүйлсийг хулгайлсан талаараа надад хэлсэн....Хулгайч манай гэрийн шилэн цонхыг хагалж орсон. Цонх 74x44 см хэмжээтэй байсан. Цонхыг 33,000 төгрөгөөр шиллүүлсэн. Хүндрүүлэгчтэй 100 кг жинтэй сейфийг авч байсан. 2007 онд авч байсан хэдэн төгрөгөөр авсан болохоо санахгүй байна....1 .Элтон /Alton/ брэндийн унадаг дугуй 300,000 төгрөгөөр худалдан авсан, 2. Боодолтой хулдаас 30 метрийн хэмжээтэй. 1 метрийг 5,000 төгрөгөөр авч байсан. Нийт 150,000 төгрөгөөр үнэлнэ, 3. Үүргэвч 2020 онд 20,000 төгрөгөөр худалдан авсан, 4. Цохилттой дриль 2023 онд 400,000 төгрөгөөр авч байсан, 5. Олс 100 метр 1 метрийг нь 500 төгрөгөөр авч байсан. Нийт 50,000 төгрөгөөр, 6. Цагаан бүрээс 200,000 төгрөгөөр авч байсан. 7. Нарийн уяа-100 метр 1 метрийг нь 400 төгрөгөөр авч байсан. Нийт 40,000 төгрөгөөр авч байсан. Өөр алдагдсан эд зүйлс байхгүй. Би дээрх эд зүйлсийг өөрийн мөнгөөр худалдан авч байсан. Миний эд зүйлс байгаа. Сэтгэцэд учирсан хохирлын үнэлгээг гаргуулах шаардлагагүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн дахин мэдүүлэг/хх-ийн 19-20 хуудас/,
- Гэрч Г.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “.. Надад мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би өмгөөлөгч оролцуулахгүйгээр мэдүүлэг өгнө. Б.Д нь 2023 оны 10 дугаар сард хот тохижуулахад ажиллаж байсан бөгөөд уг ажлаасаа 2024 оны 09 дүгээр сард халагдсан. 2025 оны 02 дугаар сарын сарын 01 -ны өдрөөс 02-нд шилжих шөнө бол бүүр оройтож 01 цаг өнгөрөөж ирсэн. 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө бол 02 цаг болж байхад гэртээ ирсэн. Уг орой гэртээ ирэхдээ бор өнгийн хуйлаастай 1 боодол хулдаасыг тэврээд оруулж ирж тавьсан. Би юун хулдаас авч ирсэн бэ гээд асуутал өрөндөө хүнээс авсан юм гэж хариулсан. Тэгэхээр нь чимээгүй унтаад өгсөн....Би уг өглөө 09 цагийн үед босоод бие засах гэтэл гэрийн гадаа том дугуйтай усны тэрэг1 ширхэг, хар өнгийн унадаг дугуй 1 ширхэгбайсан. Тиймээс гэртээ ороод юун юм гэрт авч ирсэн бэ? гээд асуутал хүнээс өрөндөө авсан гэж надад хариулсан. Би Д-т хандаад “чи юм хулгайлчихсан юм биш үү” гээд асуутал “би юу гэж хулгай хийх юм бэ” гэж хариулсан....2025 оны 02 дугаар сарын сарын 02-ны өглөө амралтын өдөр байсан тул 09 цаг хүртэл унтаж амраад босож бие засах гэтэл манай хашаанд хураасан түлээний тэнд хар өнгийн 2 үүргэвчтэй, цэвэрхэн цүнх байсан. Тэгэхээр нь би гэртээ орж ирээд Доос модны хажууд юун цүнх байгааг асуутал “би мэдэхгүй. Миний цүнх биш урд айлын хүүхдүүдийн цүнх байгаа байх” гэж хэлээд би ажил хайхаар гарлаа гээд явсан. Тиймээс би араас нь гараад нөгөөх цүнх хашаанд байгаа эсэхийг хартал тэр цүнх хашаанд байхгүй. Д аваад явсан байсан....Уг орой орж ирэхээр нь би яагаад оройтсон гэтэл Д Сайхан Тэрх ХХК-ийн барилга дээр ажил хийж байгаад ачаа ачаад оройтлоо гэж хэлсэн. Хувцас нь юм ачсан гэхээр шинжгүй байсан. Би тэгээд тэр шөнөө олон зүйл асуулгүй амарсан. ...“Хаан банк”-нд 4 сая гаран төгрөгийн цалингийн зээлтэй, 2024 оны 11 сард хүүхдийн мөнгөний хадгаламж барьцаалсан зээлтэй байж байгаад 12 сард нь багтааж хаасан, Баялаг 2 гэх ломбардад гар утсаа 350,000 төгрөгийн барьцаанд тавьсан гэсэн мөнгийг юунд зарцуулсан болохыг би мэдэхгүй байна....Одоогоор 4 сая гаран төгрөгийн өртэй. Банкныхаа хүүг төлөөгүй байгаа. Өнөөдрийн байдлаар төлсөн эсэхийг би мэдэхгүй байна....Манай хашаанд амьдарч байх хэн нэгэн хүний цүнх биш. Уг цүнх хар өнгөтэй, 2 мөрөвчтэй сургуулийн хүүхдийнх гэмээр харагдсан. Шинэвтэр, цэвэрхэн цүнх байсан. Уг цүнхний ёроолд л юм байх шиг харагдсан. Хоосон цүнх бол хуниралдаж харагдах байсан. ...Цүнхний дотор бол овортой зүйл ха харагдаагүй.” гэсэн мэдүүлэг хх-ийн 29-31 хуудас/,
- "Дамно үнэлгээ" ХХК-ний 2025 оны 03 сарын 18-ны өдрийн АЦ25-55 дугаартай “ нийт 1,047,600 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 50-54 хуудас/,
- 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл 'хх-ийн 75 хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн АРХ0125/025 дугаартай шинжээчийн “1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэд байх №41, №42 дугаартай гутлын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтийн №41, №42 дугаартай баруун болон зүүн хөлийн гутлын мөрүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн гутлын баруун болон зүүн хөлийн гутлын улны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 97-98 хуудас/,
- Яллагдагч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
2025 оны 02 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд А аймгийн Э сумын 00 дугаар баг, Б хорооллын 04-03 тоот байшингаас унадаг дугуй хулдаас, үүргэвч, цохилттой дриль, олс, цагаан бүрээс, нарийн уяа зэрэг эд зүйл алдагдсан үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Б.Д нь хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Хохирогч Г.Д-ийн "... Одоогоор мэдэж байгаа нь 1 ширхэг унадаг дугуй, 1 ширхэг хэт хутга /мөнгөн тоногтой, шүрэн таглаатай хаш хөөрөг, шинэ гэрийн цагаан бүрээс, солонгос олс 100м, нарийн уяа 100м зэрэг алдагдсан байна..." гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Д-ийн дахин өгсөн "... Би өмнө өгсөн мэдүүлэгтээ хөөрөг болон хэт хутгыг алга болсон байна гэж мэдүүлсэн боловч уг хутга миний өмчийн А аймгийн Э сумын Б хорооллын 04-03 тоотод байх миний зуны байшингийн цоожтой том төмөр сейфт байсан. 12 зэрэгцээ сейф байсан бөгөөд нэг сейф нь цоожгүй байсан. Би уг цоожгүй байсан сейфт цүнхтэй хөөрөг, хэт хутгыг хийсэн гэж бодож байсан боловч цоожтой байсан сейфт байсан. Би гэртээ гүйцэт шалгаагүй байж өмнө нь мэдүүлэг өгсөн. Настай хүн болохоор уймраад хаана хийсэн болохоо мартаж санаад байна....2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед хулгайч гэр рүү орсон талаар А хэлсэн. Би энэ талаар мэдээд иртэл манай хашаанд байсан шинэхэн цасан дээр гутлын мөр явчихсан. Мөн гэрээс унадаг дугуйг аваад явсан гэмээр мөр гарсан байсан. Мөн дараагийн өдөр нь түрдэг тэрэгний мөр гарсан гэмээр харагдсан. Тэгтэл Амаржаргал 2025 оны 02 дугаар сарын 02-ны шөнө бас танай гэрт хулгай орсон байна нөгөөх гутлын мөр болон түрдэг тэрэгний мөр шинээр гарсан байна гэж хэлэхээр нь би очиж үзээд эрүүгийн мөрдөгч Э-ын хамт мөрөөр нь явж байтал Т хороололд байх 00 дугаар цэцэрлэгийн ард гудамжны доод талаасаа 3 дахь хаалга руу орсон байсан уг хашаанд ортол миний унадаг дугуй болон хулдаас зэрэг эд зүйлс байсан бөгөөд Д гэх хүн миний эд зүйлсийг хулгайлсан талаараа надад хэлсэн....Хулгайч манай гэрийн шилэн цонхыг хагалж орсон. Цонх 74x44 см хэмжээтэй байсан. Цонхыг 33,000 төгрөгөөр шиллүүлсэн. Хүндрүүлэгчтэй 100 кг жинтэй сейфийг авч байсан. 2007 онд авч байсан хэдэн төгрөгөөр авсан болохоо санахгүй байна....1 .Элтон /Alton/ брэндийн унадаг дугуй 300,000 төгрөгөөр худалдан авсан, 2. Боодолтой хулдаас 30 метрийн хэмжээтэй. 1 метрийг 5,000 төгрөгөөр авч байсан. Нийт 150,000 төгрөгөөр үнэлнэ, 3. Үүргэвч 2020 онд 20,000 төгрөгөөр худалдан авсан, 4. Цохилттой дриль 2023 онд 400,000 төгрөгөөр авч байсан, 5. Олс 100 метр 1 метрийг нь 500 төгрөгөөр авч байсан. Нийт 50,000 төгрөгөөр, 6. Цагаан бүрээс 200,000 төгрөгөөр авч байсан. 7. Нарийн уяа-100 метр 1 метрийг нь 400 төгрөгөөр авч байсан. Нийт 40,000 төгрөгөөр авч байсан. Өөр алдагдсан эд зүйлс байхгүй. Би дээрх эд зүйлсийг өөрийн мөнгөөр худалдан авч байсан..." гэх мэдүүлэг,
Гэрч Г.Р-гийн “...Б.Д нь 2023 оны 10 дугаар сард хот тохижуулахад ажиллаж байсан бөгөөд уг ажлаасаа 2024 оны 09 дүгээр сард халагдсан. 2025 оны 02 дугаар сарын сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө бол бүүр оройтож 01 цаг өнгөрөөж ирсэн. 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө бол 02 цаг болж байхад гэртээ ирсэн. Уг орой гэртээ ирэхдээ бор өнгийн хуйлаастай 1 боодол хулдаасыг тэврээд оруулж ирж тавьсан. Би юун хулдаас авч ирсэн бэ гээд асуутал өрөндөө хүнээс авсан юм гэж хариулсан. Тэгэхээр нь чимээгүй унтаад өгсөн....Би уг өглөө 09 цагийн үед босоод бие засах гэтэл гэрийн гадаа том дугуйтай усны тэрэг1 ширхэг, хар өнгийн унадаг дугуй 1 ширхэг байсан. Тиймээс гэртээ ороод юун юм гэрт авч ирсэн бэ? гээд асуутал хүнээс өрөндөө авсан гэж надад хариулсан. Би Дт хандаад “чи юм хулгайлчихсан юм биш үү” гээд асуутал “би юу гэж хулгай хийх юм бэ” гэж хариулсан....2025 оны 02 дугаар сарын сарын 02-ны өглөө амралтын өдөр байсан тул 09 цаг хүртэл унтаж амраад босож бие засах гэтэл манай хашаанд хураасан түлээний тэнд хар өнгийн 2 үүргэвчтэй, цэвэрхэн цүнх байсан. Тэгэхээр нь би гэртээ орж ирээд Доос модны хажууд юун цүнх байгааг асуутал “би мэдэхгүй. Миний цүнх биш урд айлын хүүхдүүдийн цүнх байгаа байх” гэж хэлээд би ажил хайхаар гарлаа гээд явсан. Тиймээс би араас нь гараад нөгөөх цүнх хашаанд байгаа эсэхийг хартал тэр цүнх хашаанд байхгүй. Д аваад явсан байсан....Уг орой орж ирэхээр нь би яагаад оройтсон гэтэл Д Сайхан Тэрх ХХК-ийн барилга дээр ажил хийж байгаад ачаа ачаад оройтлоо гэж хэлсэн. Хувцас нь юм ачсан гэхээр шинжгүй байсан. ...Манай хашаанд амьдарч байх хэн нэгэн хүний цүнх биш. Уг цүнх хар өнгөтэй, 2 мөрөвчтэй сургуулийн хүүхдийнх гэмээр харагдсан. Шинэвтэр, цэвэрхэн цүнх байсан. Уг цүнхний ёроолд л юм байх шиг харагдсан. Хоосон цүнх бол хуниралдаж харагдах байсан. ...Цүнхний дотор бол овортой зүйл харагдаагүй.” гэх мэдүүлэг
"Дамно үнэлгээ" ХХК-ний 2025 оны 03 сарын 18-ны өдрийн АЦ25-55 дугаартай “ нийт 1,047,600 төгрөг” гэсэн дүгнэлт
2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн АРХ0125/025 дугаартай шинжээчийн “1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэд байх №41, №42 дугаартай гутлын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтийн №41, №42 дугаартай баруун болон зүүн хөлийн гутлын мөрүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн гутлын баруун болон зүүн хөлийн гутлын улны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлт
Яллагдагч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д тодорхойлсноор мөн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх ба бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Хууль тогтоогчоос энэхүү гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний “хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар” гэх объектив талын шинжээс гадна хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болон хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгсэл, халдлагын зүйл, орчин нөхцөл зэргийг нарийвчлан тусгасан байдаг.
Тодруулбал, уг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарах “орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгохоор тайлбарласан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь 2025 оны 02 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд А аймгийн Э сумын 5 дугаар баг, Б хорооллын 04-03 тоот дахь иргэн Г.Д-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг хагалан, хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар эд зүйлс хулгайлж 1,047,600 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Д нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангажээ.
Шүүгдэгч Б.Д хохирогчийн зөвшөөрөлгүйгээр түүний орон байранд нэвтэрч түүний эд хөрөнгийг нууцаар авч явсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Бусдын өмчлөх эрх”-д халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Д-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Д-ид 1,047,600 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Шүүгдэгч Б.Д нь хохирогч Г.Д-ийн 1,047,600 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул түүнийг хохирогч Г.Д-ид төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Т.Алтанзул “...шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарын цагдан хоригдсон 58 хоногийг эдлэх ялд оруулан тооцох...” гэсэн,
шүүгдэгч Б.Д “...Хорих ял оногдуулахгүй, гадуур байлгаж өгнө үү, дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,
Шүүгдэгч Б.Д-т ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хор уршгийг арилгасан байдал болон хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Д-т 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Б-гийн Д /РД:.../-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил, 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР