Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/305

 

 

 

 

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч М.Гансүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э,

Шүүгдэгч Т.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн шүүх хуралдаанаар

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Т-ийн Б-т холбогдох 2512001550129  тоот хэргийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19..  оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ч  суманд төрсөн, 66 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 1, А аймаг, Э  сум, .... дугаар баг, Н  00 гудамж 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд А аймгийн шүүхийн 1983 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63 дугаар зүйлийн А-д заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар хорих ялаар, А аймгийн шүүхийн 1986 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан БНМАУ-ын эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн Б-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Мөн шүүхийн 1990 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №2 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, С-д овогт Т-ой Б  /РД:.../,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Б нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн Э  сумын .. дугаар баг Н  хорооллын ... тоотод байрлах хохирогч Х.М-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гаднаас нь цоожилсон монгол гэрийн хаалганы цоожийг нь учрах саадыг арилгах зорилгоор төмөр сүхийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн эвдэн нэвтэрч, хохирогч Х.М эзэмшлийн 1.200.000 төгрөгийн үнийн дүн бүхий мөнгөөр хагас ороож урласан мөнгөн товруутай хазаарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Мөн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн Э  сумын .. дугаар баг Н  хорооллын ... тоотод байрлах монгол гэрт нэвтрэх үед гэрт байсан өндөр настай хохирогч Д.Н-ын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, хүсэл зоригийнхон эсрэгхүч хэрэглэж, түүний цамцыг тайлж, хөхнөөс нь хазах, дэрээр цээжинд нь дарах, бэлэг эрхтэнд нь гараа оруулж хөдөлгөх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн, Дээрх хүчиндэх гэмт хэргийг үйлдэхдээ түүний биед бэлгийн бага уруулд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Бүүвэйбаатарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар,

 хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Дээрх хүчиндэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн биед бэлгийн хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч М.Г : Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э “...гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно...” гэсэн,  

Шүүгдэгч Т.Б“гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна,  гэмшиж байна” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.

Хохирогч Х.М , Д.Н  нар “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй” гэж шүүхэд мэдэгдсэн тул түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулав.

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан “...2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр миний эзэмшлийн монгол гэрт хулгай орж мөнгөн хазаар 1 ширхгийгхулгай хийж, мөн өндөр настай эмээгийн биед халдсан байна...” гэх тэмдэглэл, /хх-ийн 2 дугаар хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “...Үзлэгийг цааш үргэлжпүүлэн гэрийн хаалганы урд хэсэгт байх хар өнгийн үүдний жижиг амбаарын үүд хэсэгт очиход хаалганы хажууд дээд хэсгийн дэгээ нь тахийж эвдэрсэн цагаан өнгийн төмөр цоож байх ба уг цоожийг дугаараар дугаарлан хураан авахаар тогтов. Түүний хажууд хар өнгийн төмөр сүхийг амбаарын хаалга түшүүлэн тавьсан байсныг мөн үзлэгээр хураан авахаар тогтож гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 4-9 дүгээр хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай А аймгийн прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09 дугаартай прокурорын тогтоол, /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай А аймгийн прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай прокурорын тогтоол, /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 17 дугаар хуудас/,

- Эд зүйл хүлээн авсан 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “...Хэрэг явдал болох үед буюу Д.Н гэрээс алдагдсан байж болох “Мөнгөн хазаарыг” Т.Б сайн дураараа хүлээлгэж өгсөн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “...Иргэн М.Н-д нэг ширхэг “Мөнгөн хазаар”-ыг хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

- Гэрч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...би Н  гэх хүний ач охин нь байгаа юм......Манай эмээ Н нь манай аав М хамт А аймгийн Э сумын 00 дугаар баг Н  хорооллын 00 тоотод амьдардаг юм......Аав маань Д  аймаг руу яваад 5 хоносон тухайн өдөр манай нөхөр бид хоёр эмээг хараад гэрт нь хамт байсан юм. Тэгтэл гадуур 14 цаг 30 минутын өмнө нөхөр бид хоёрт гадуур хөөцөлдөх ажил гараад эмээг гэрийн гаднаас түгжээд түлхүүрийг нь өөрсдийн биедээ аваад явсан. Гарахдаа мөн хашааны хаалгыг түгжсэн. Гадуур ажлаа амжуулаад 16 цаг 40 минутын үед буцаж гэртээ ирэх үед хашааны хаалга нээлттэй байсан. Хашаа руу ороход хашаан дотор байсан нүүрсний амбаарын жижиг хаалга онгойсон байсан. Нүүрсний амбаар руу гүйгээд ороход амбаарын дотор талд байсан төмөр сүх харагдахгүй байсан. Тэгээд гэнэт юу болов гээд гэр лүү дөхөөд очтол гэрийн хаалганы хажууд төмөр сүх, урт нарийн төмөр, амбаарын цоож зэрэг эвдэрсэн байдалтай газарт хэвтэж байсан. Гэрийн үүдний амбаарын хаалга нээлттэй байхаар нь манай нөхөр Бямбадорж түрүүлж ороод дотор талын гэрийн хаалгыг нээж харснаа эргэж буцаад намайг түлхээд оруулсан. Тэгээд би гэр рүү ороход манай эмээ Н нь гэрийн баруун урд байх гар нүүрний угаалтуурын урд хэсэгт цээж хэсгээрээ хувцасгүй нүцгэн, доод хэсгээрээ өмдөө шувталж хагас доош нь болгосон байдалтай зогсож байсан.Би эмээгээс “яасан бэ? юу болсон” гээд асуухад “нэг муу согтуу юм хаалгаар орж ирээд намайг буйдан дээр түлхээд дээд хэсгийн хувцаснаас зулгааж, тайлаад хөхнөөс хазлаад, нүүр рүү дэрээр дараад, толгойгоор буйдангийн хажуугийн модон дэрийг мөргүүлээд, гараад явчихлаа” гэж хэлсэн......Намайг ороход эмээ маш их айж сандарсан байдалтай хэл ам нь ээрч сайн ярьж чадахгүй байдалтай зогсож байсан. Би эмээг орон дээр суулгаж, халуун бүлээн юм уулгаад хэсэг тайвширсных нь дараа тэр талаар асуухад “өмнө аавтай чинь нэг удаа манай гэрт орж ирээд гарсан хүн байсан. Тухайн үед таяг тулсан орж ирсэн. Өнөөдөр таяггүй явж байна лээ. Би одоо царайг нь харвал танина” гэж хэлсэн. Ямар хувцас өмссөн, мөн царай төрхийн талаар асуухад “хөх өнгийн дээл өмссөн, өргөн дурдан шар бүсээр бүсэлсэн, настайвтар өвгөн байсан” гэж ярьсан....Манай эмээгийн нүүр хэсэгт дарж байгаад гэрийн баруун талд байдаг буйдангийн дээд хэсэгт унинаас өлгөсөн байсан мөнгөн хазаарыг аваад гарсныг би сүүлд мэдсэн. Тухайн үед эмээгийн нүүрийг дэрээр хааж, буйдангийн толгой хэсэг рүү гараараа дарахдаа буйдангийн дээр өлгөөтэй байсан хазаарыг эмээд харагдуулахгүйгээр аваад гарсан байх гэж би бодож байна...” гэсэн мэдүүлэг, /хх- ийн 24-26 дугаар хуудас/,

- Гэрч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Бид хоёр буцаж 16 цаг 40 минутын орчимд эмээгийн гэрт ирэх үед хашааны хаалга нээлттэй, хашаан дотор ороод харахад хашааны хойд талд байх жижиг нүүрсний амбаарын хаалга наашаа унасан байдалтай байсан. Тэгэхээр нь би нүүрсний амбаарын урд очоод дотор талд нь байсан сүхийг харахад тухайн сүх алга болсон байсан. Түүний дараа гэрийн үүдэнд яваад очтол гэрийн үүдний амбаарын хаалга нээлттэй, хажууд нь цоожийг эвдэлж, сүхийг үлдээсэн байсан. Би түрүүлж гэрийн хаалгыг нээгээд харахад эмээ дээгүүрээ нүцгэн байдалтай, гар нүүрний угаалтуурын хажууд зогсож байсан. Би тухайн үедээ цочирдоод буцаж хаалгыг нь хаагаад эхнэрээ “чи ороодох” гээд түлхээд оруулсан......Эхнэр бид хоёр гэрт орж эмээг тайвшруулаад ярилцахад “хаалгаар хүн орж ирээд миний хувцсыг тайлах гэж дайраад, миний нүүрэн дээр дэрээр дарсан” гээд маш их сандарсан, айсан байдалтай ярьж байсан. Би дуудлагын дагуу ирсэн цагдаагийн ажилтантай эмээгийн хашааны урдаас харсан хүнсний дэлгүүрийн хяналтын камерыг шүүхэд бараан өнгийн дээлтэй, шар өнгийн бүстэй, намхан нуруутай гэмээр настай хүн харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

- Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би А аймгийн Э  сумын 00 дугаар баг Н  хорооллын 00 тоотод өөрийн төрсөн хүү М хамт амьдардаг....Манай хүү М  2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Д  аймаг явах болоод би ач охин хүргэн нарын асаргаанд хэд хоног байсан юм. 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манай ач охин Н  хүргэн Б  нар гадуур гарах ажилтай гээд надад хэлээд гарсан юм. Ер нь намайг гаднаас түгжээд өдөр гарч ажлуудаа амжуулдаг юм. Тэр хоёр гараад удаагүй байж байхад манай гэрийн хаалгыг гаднаас нэг хөх дээлтэй хөгшин настай хүн онгойлгоод ороод ирсэн. Би яаж орж ирсэн юм гэж асуухад надад юм хэлээд байх шиг байсан. Миний чих хатуу учраас хэр баргийн хүний яриаг сонсохгүй талтай байдаг. Гэрт орж ирээд над руу дайраад, би дээгүүрээ ноосон цамцтай сууж байтал цамцнаас чангаагаад, өмдийг доош нь татаад, доод хэсгийн хувцсыг тайлаад, үнсээд байх шиг байсан. Би өмдөө гараараа чангаагаад тавихгүй байсан чинь миний нүүрийг ард байсан хөх өнгийн зөөлөн дэрээр дарж, толгойгоор буйдангийн хажуугийн модыг мөргүүлээд дараад байсан. Тэгж байх үедээ миний зүүн талын бэртэлтэй хөлийг дараад хөл маань маш их өвдөж байсан....Харж байсан хүн байна лээ. Нэр усыг нь мэдэхгүй юм. 2025 оны 02 дугаар сарын эхэн үеэр санагдаж байна. Манай хүү М ажлын нэг хүнтэй манай гэрт орж ирээд гарч байсан хүн мөн байсан....Хөх өнгийн давуун дээлтэй, шар өнгийн өргөн дурдан бүстэй нас нь нэлээн тогтсон хүн байсан. Ойролцогоор 70 нас шүргэж яваа байх....Шууд орж ирээд л миний дээд хэсгийн хувцсыг зулгаагаад, чангаагаад эхэлсэн. Тайлах гэж байна уу гэмээр. Би аминдаа л гараараа татаад байсан юм. Тэгээд дийлэхгүй дээгүүр өмссөн цамцаа тайлуулсан. Өмдөө бол нэг гараараа чангаагаад л байсан юм. Нөгөө хүн доош нь татсаар байгаад өвдөг хүргэсэн. Тэгээд нэг гараар миний доод талын эмзэг эрхтэн рүү хийгээд гараа хөдөлгөөд байсан. Миний үг, дуу ч гарч чадахгүй болоод нэг хэсэг ухаан санаа самуурсан. Түүний дараа миний нүүрийг дэрээр дараад толгойгоор буйдангийн хажуугийн модыг мөргүүлээд дарчихсан. Тэгж хэсэг байж байгаад гараад гүйчихсэн. Миний нүүрийг дараад 5 минут орчим болсон байх. Амьсгал бачуураад л доороос нь хар чадлаараа зулгаагаад байсан л даа. ...2-3 минут болсон байх. Гараа хөдөлгөөд байсан. Сүүлд миний эмзэг эрхтэн хорсоод байхаар нь би усаар угаасан....би гартаа эд зүйлс барьсан эсэхийг нь анзаараагүй. Айгаад нүд харанхуйлаад зүрх амаар гарах дөхсөн......маш их гомдолтой байна. Хөгшин настай хүнээр доог тохуу хийж байгаа юм шиг муухай үйлдэл үзүүлсэнд гомдолтой байгаа...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 51-53 дугаар хуудас/,

- А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-ийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ АРХ0725/116 дугаартай “...1.Д.Н биед цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. З.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Д.Н бэлэг эрхтний бэлгийн бага уруулд урагдал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

- А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-ийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ АРХ0725/172 дугаартай 1. Д.Н биед учирсан цээж, хөхний товч хэсэгт учирсан гэмтлүүдийг нэгтгэн цээжинд үүссэн гэмтэл гэж дүгнэсэн болно. Бэлгийн бага уруул орчимд учирсан шарх нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон. Цээжинд учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 2. урьд гарсан дүгнэлтэд Д.Н биед учирсан бэлгийн бага уруулын шарх болон цээжний гэмтлийг тус бүрт нь дүгнэлт хэсэгт тусгасан болно.” гэх дүгнэлт, /хх- ийн 73-74 дүгээр хуудас/,

- Хохирогч Х.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...Би А аймгийн Э  сум 00 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Н  хорооллын 00 тоотод байдаг хашаанд өөрийн эзэмшлийн монгол гэртээ оршин суудаг. 2024 оны 05 дугаар сард тухайн газраа Улаанбаатар хотоос нүүж ирээд одоог хүртэл оршин сууж байна...... 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ байгаагүй. Цагаан сар болоод өөрийн нутаг болох Д  аймаг руу ажлаар явсан байсан юм. Манай гэрт миний өмнө нь хальт таньдаг байсан Б  гэх хүн цоож эвдэж ороод миний хананд өлгөсөн байсан хазаарыг аваад өөр ёс бус зүйлс болсон байсан. Би энэ талаар нарийн ярьмааргүй байна манай хүүхдүүд надад болсон зүйлийн талаар хэлсэн......Б  манайхтай ойрхон байдагучраас танил болсон өөр байдлаар төрөл садангийн холбоо байхгүй. Өнгөрсөн он буюу 2024 оны 11 дүгээр сард би Б-тай танилцаж байсан. Тухайн үед би Эрдэнэбулган сумын төвд байдаг “Сувд” нэртэй сувилалын газарт сахиулаар ажилладаг байсан юм. Б-тай танилцаад хааяа ганц, нэг шил архи хувааж уудаг байсан. Манай гэрт 2 удаа л очиж байсан би бас сайн танихгүй хүн байгаа юм...... А аймгийн Э  сум 00 дугаар багийн Наранбулаг хорооллын 40-7 тоот гэр бол миний эзэмшлийн гэр байгаа юмаа би уг гэртээ ээж Д.Н хамт амьдардаг. Би уг нь гэртээ байнга оршин суудаг, хэрэг явдал болох үед цагаан сар болоод удаагүй байсан тул төрсөн нутаг болох Дундговь луу золголт хийхээр явсан......Ер нь бол Б  манай гэрт миний ээж Н ыг байгаа талаар мэдэж л байгаа. Өмнө нь бид хамт архи ууж суухдаа миний ээж Н нас өндөр болсон, хүний асаргаанд байдаг, хажууд нь хүн байхгүй бол болдоггүй, заримдаа гадагшаа гарах ажил гарвал ээжийгээ гаднаас нь цоожпоод явдаг талаар би Б-т яг өөрт нь хэлж байсан. Хэрвээ үүнийг Б  санаж байгаа бол тухайн цоожтой гэр дотор ээж минь байгаа гэдгийг мэдэж байсан болно......Өмнө нь тийм зүйл болж байгаагүй, ээж Д.Н бид хоёр л хамт байдаг юм. 2025 оны 3 дугаар сард Цагаан сар болоод би нутаг явмаар санагдаад хол явсан юм......Гэрээс алдагдсан хазаар миний эзэмшлийн хазаар байгаа юм, би тэр хазаарыг Дархан хотод амьдардаг байхдаа 2020 онд хүнээс худалдаж авч байсан. Миний хазаар 1,000,000 төгрөгийн үнэтэй хагас ороолттой, товруутай мөнгөн хазаар юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 85-87 дугаар хуудас/,

- Шинжээч А.Б-ын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 36 дугаартай “..2025 оны 03 сарын зах зээлийн ханшны үнэлгээгээр мөнгөөр хагас ороож урласан мөнгөн товруутай хазаар 1 ширхэг нь 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, ЗО см урт төмөр иштэй түлээний сүх 1 ширхэг 60,000 /жаран мянга/ төгрөг, цагаан өнгийн /Blason top security/ гэсэн бичигтэй 3,5х2,6см хэмжээтэй жижиг цоож 40,000 /дөчин мянга/ төгрөг байна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 79 дүгээр хуудас/,

- Гэрч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би тухайн өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хэрэг явдал болсон талаар сонсоод гэртээ ирсэн юм. Манай эмээ Н надад хэлсэн цаг, минутын дагуу манай гэрийн ойролцоо Нисэхийн тойргийн шар дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд манай гэрт орсон байж магадгүй хөх өнгийн дээлтэй, шар өнгийн бүстэй, намхан нуруутай хүн байгааг олж хараад тухайн хүнийг таньж мэдэх үү ? гэж дэлгүүрийн худалдагчаас асуусан юм. Нисэхийн тойргийн дэлгүүрийн худалдагч хяналтын камер дээр гарч ирсан хүнийг хараад танина манай энэ хавьд байдаг Б гэж хүн байгаа гээд хүүхдийнх нь дугаарыг надад өгсөн. Би Б-ын хүүхэдтэй утсаар залган гэрийг нь заалгаад цагдаад энэ талаар мэдэгдэж хамт гэрт нь очсон юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 89 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай “Нисэх” нэртэй дэлгүүрийн камер бичлэгийг 14 хоног хадгалах тохиргоотой. ...2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дүрс бичлэг манай камерыг хянахад одоо байхгүй. 14 хоног болоод устдаг юм....Тухайн өдөр нэг эрэгтэй хүн харуй бүрий тасрах гэж байхад манай дэлгүүрт орж ирээд урагшаа харсан камерын бичлэгийг шүүж үзье гээд шүүгээд байсан. Тухайн камер дээр манай дэлгүүрийн хажуугаар зөрж өнгөрсөн хөх өнгийн дээлтэй, шар бүстэй, хар хромон гуталтай хүнийг таних уу гээд надаас асуухад нь би манай доод гудамжны Бүүвэйбаатар гэдэг хөгшин байна гэж хэлээд тэр залууд хүүхдийнх нь дугаарыг өгсөн санагдаж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 109-111 дүгээр хуудас/,

- Гэрч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би тухайн өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр манай хадам аавын гэрт хүн орсон талаар мэдээд манай гудамжны өөдөөс харсан “Нисэх” нэртэй тойрог дээр байх дэлгүүрийн хяналтын камерыг цаг минутын дагуу шүүж үзэхэд эмээгийн хэлсэн гадаад төрхтэй ижил хүн, нэг цаг минутад тухайн дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн байсан. Би дэлгүүрийн худалдагчаас асуухад манайхаас хоёр гудамжны доод хашаанд амьдардаг Б мөн байна гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 125 дугаар хуудас/,

- Шинжээч эмч Б.Б-ийн 2025 05 дугаар сарын 15-ны өдрийн өгсөн “...Д.Н биед хохирлын зэрэг тогтоох үзлэгийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ААРХ0725/116 дугаартай дүгнэлтийн 4 дэх хэсэгт дээрх гэмтлүүд нь эрүүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэж тусгасан нь Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225, А/153, А/85 дугаартай тушаалуудын хавсралтын хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 2.6.2 дахь хэсэгт зааснаар олон шалгуур шинж илэрч байвал хамгийн хүнд шалгуур шинжээр нь хохирлын зэргийг тогтооно гэсэн журмыг үндэслэж дээрх дүгнэлтийг гаргасан болно.Харин 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлт шинжилгээний АРХ0725/172 дугаартай дүгнэлтэд нэмэлт асуулт болох Д.Н эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь түүний эрүүл мэндэд учирсан хохирол гэмтлийн аль гэмтэл дээр нь үндэслэж гаргасан эсэх /дүгнэлт тусгагдсан яг аль гэмтэл дээр үндэслэн хөнгөн гэмтэл учирсан эсэхийг тодруулах/ талаарх асуултын дагуу дүгнэлт хэсэг дээр Д.Нбиед учирсан бэлгийн бага уруул орчимд учирсан шарх гэмтэл нь дангаараа хохирлын хөнгөн зэрэг нь тогтоох үндэслэл болж байна гэж нэмэлт асуултын дагуу дүгнэлт хэсэг дээр гэмтлүүдийг тус тусад нь хохирлын зэрэг тогтоосон болно...” гэх мэдүүлэг, /хх-ийн 129 дүгээр хуудас/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “...Хохирогч Д.Н аас 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Х.М эзэмшлийн монгол гэрт хулгай орж мөнгөн хазаар 1 ширхгийг хулгайлж, хохирогч Д.Н нь бусдад хүчиндүүлсэн гэх этгээдийн зургийг ямар содон шинж, тэмдгээр таньж байгаа талаар асуухад гадна, төрх, царайны хэлбэр, нүдний харц, содон шинж тэмдгээр нь сайн таньж байна гэж хэлснийг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, /хх-ийн 130-135 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн Э  сумын 00 дугаар баг Н  хорооллын 000 тоотод хохирогч Д.Н бусдад хүчиндүүлсэн, хохирогч Д.Н биед хөнгөн хохирол учирсан,  

Мөн өдөр тус А аймгийн Э  сумын 000 дугаар баг Н  хорооллын 000 тоотод байрлах гэрээс Х.М эзэмшлийн 1.200.000 төгрөгийн үнийн дүн бүхий мөнгөөр хагас ороож урласан мөнгөн товруутай хазаар алдагдаж хохирогч Х.М-д 1,200,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримтууд тогтоогдлоо.

Дээрх нь үйл баримтууд нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч Т.Б 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн Э сумын 00 дугаар баг Н  хорооллын 000 тоотод хохирогч Д.Н ыг хүчиндсэн, хохирогч Д.Н-ыг хүчиндэх явцдаа түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн тус А аймгийн Э  сумын 00 дугаар баг Н  хорооллын 000 тоотод байрлах гэрээс Х.М эзэмшлийн 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий хазаарыг авсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь

            - Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Гэрч М.Н-ийн “...Гэрийн үүдний амбаарын хаалга нээлттэй байхаар нь манай нөхөр Б  түрүүлж ороод дотор талын гэрийн хаалгыг нээж харснаа эргэж буцаад намайг түлхээд оруулсан. Тэгээд би гэр рүү ороход манай эмээ Н нь гэрийн баруун урд байх гар нүүрний угаалтуурын урд хэсэгт цээж хэсгээрээ хувцасгүй нүцгэн, доод хэсгээрээ өмдөө шувталж хагас доош нь болгосон байдалтай зогсож байсан.Би эмээгээс “яасан бэ? юу болсон” гээд асуухад “нэг муу согтуу юм хаалгаар орж ирээд намайг буйдан дээр түлхээд дээд хэсгийн хувцаснаас зулгааж, тайлаад хөхнөөс хазлаад, нүүр рүү дэрээр дараад, толгойгоор буйдангийн хажуугийн модон дэрийг мөргүүлээд, гараад явчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

- Гэрч Л.Б-ийн “...Би түрүүлж гэрийн хаалгыг нээгээд харахад эмээ дээгүүрээ нүцгэн байдалтай, гар нүүрний угаалтуурын хажууд зогсож байсан. Би тухайн үедээ цочирдоод буцаж хаалгыг нь хаагаад эхнэрээ “чи ороодох” гээд түлхээд оруулсан...” гэх мэдүүлэг,

 Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэр хоёр гараад удаагүй байж байхад манай гэрийн хаалгыг гаднаас нэг хөх дээлтэй хөгшин настай хүн онгойлгоод ороод ирсэн. Би яаж орж ирсэн юм гэж асуухад надад юм хэлээд байх шиг байсан. Миний чих хатуу учраас хэр баргийн хүний яриаг сонсохгүй талтай байдаг. Гэрт орж ирээд над руу дайраад, би дээгүүрээ ноосон цамцтай сууж байтал цамцнаас чангаагаад, өмдийг доош нь татаад, доод хэсгийн хувцсыг тайлаад, үнсээд байх шиг байсан. Би өмдөө гараараа чангаагаад тавихгүй байсан чинь миний нүүрийг ард байсан хөх өнгийн зөөлөн дэрээр дарж, толгойгоор буйдангийн хажуугийн модыг мөргүүлээд дараад байсан. Тэгж байх үедээ миний зүүн талын бэртэлтэй хөлийг дараад хөл маань маш их өвдөж байсан....” гэх мэдүүлэг,

- А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-ийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ АРХ0725/116 дугаартай дүгнэлт,

- А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-ийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ АРХ0725/172 дугаартай дүгнэлт

- Хохирогч Х.М “...Манай гэрт миний өмнө нь хальт таньдаг байсан Бүүвэйбаатар гэх хүн цоож эвдэж ороод миний хананд өлгөсөн байсан хазаарыг аваад өөр ёс бус зүйлс болсон байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Л.Б-ийн “...Би тухайн өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хэрэг явдал болсон талаар сонсоод гэртээ ирсэн юм. Манай эмээ Н надад хэлсэн цаг, минутын дагуу манай гэрийн ойролцоо Нисэхийн тойргийн шар дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд манай гэрт орсон байж магадгүй хөх өнгийн дээлтэй, шар өнгийн бүстэй, намхан нуруутай хүн байгааг олж хараад тухайн хүнийг таньж мэдэх үү? гэж дэлгүүрийн худалдагчаас асууж, хүүхдийнх нь дугаарыг авч, залган гэрийг нь заалгаад цагдаад энэ талаар мэдэгдэж хамт гэрт нь очсон юм...” гэх мэдүүлэг,

- Гэрч Л.Б-ийн “...Би тухайн өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр манай хадам аавын гэрт хүн орсон талаар мэдээд манай гудамжны өөдөөс харсан “Нисэх” нэртэй тойрог дээр байх дэлгүүрийн хяналтын камерыг цаг минутын дагуу шүүж үзэхэд эмээгийн хэлсэн гадаад төрхтэй ижил хүн, нэг цаг минутад тухайн дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн байсан. Би дэлгүүрийн худалдагчаас асуухад манайхаас хоёр гудамжны доод хашаанд амьдардаг Бүүвэйбаатар мөн байна гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг,

- Шинжээч эмч Б.Б-ийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн өгсөн мэдүүлэг,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “...Хохирогч Д.Наас 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Х.М эзэмшлийн монгол гэрт хулгай орж мөнгөн хазаар 1 ширхгийг хулгайлж, хохирогч Д.Н нь бусдад хүчиндүүлсэн гэх этгээдийн зургийг ямар содон шинж, тэмдгээр таньж байгаа талаар асуухад гадна, төрх, царайны хэлбэр, нүдний харц, содон шинж тэмдгээр нь сайн таньж байна гэж хэлснийг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүчиндэх гэмт хэргийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалах чадваргүй, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл зөвшөөрөлгүйгээр түүний эсэргүүцэл зоригийг няцааж, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх зэрэг идэвхтэй үйлдэл хийж бэлгийн харилцаанд орох, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийснээр төгссөн гэмт хэрэгт тооцогддог бөгөөд уг гэмт хэргийн объект нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал байхаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд тодорхойлж хуульчилсан.

 

Бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг, хүч хэрэглэх аргаар үйлдсэн гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаасан байхыг өөрөөр хэлбэл хохирогчийн бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих түлхэх, дарах, ам гар хөлийг барих зэрэг аргаар халдсан байдлыг,  

Мөн “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдэг нь бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон, уг байдлыг нь далимдуулсан, ашигласан байхыг ойлгодог бөгөөд биеэ хамгаалж чадахгүй хүн гэдэгт бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг этгээдийг хамааруулан тус тус ойлгодог.

“Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь хэрэг гарах үед хохирогч биеэ хамгаалах, хянах чадвартай байсан эсэхээс гадна, энэхүү биеэ хамгаалж чадахгүй байдлыг гэмт этгээд ухамсарлан ойлгосон, уг нөхцөл байдал нь тухайн гэмт хэрэг үйлдэхэд түлхэц, далим болсон, мөн зоригжуулсан байх, зарим талаар тухайн хэргийн сэдэл шалтгааныг төрүүлсэн, гэмт хэрэгтэн тухайн нөхцөл байдлыг гэмт үйлдлээ хэрэгжүүлэх аятай боломж гэж үзсэн, мөн энэ нөхцөл байдлыг ашиглаж гэмт хэргээ үйлдсэн байхыг давхар шаардана. Энэ нь гэмт этгээд хохирогчоос биеийн хүч, эсэргүүцэн тэмцэх чадвар болон сэтгэц, ухамсарлах байдал зэргээр тухайн үед илтэд илүүрхэх боломжтой, өөрт нь давуу тал болно гэдгийг ухамсарлаж, дээрэлхэх, хүчээр давамгайлах сэдлээр үйлдэгддэг, энэ нь хэрэгтэн үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө үүсч хэргийн сэдэл шалтгааныг нөхцөлдүүлдэг, мөн гэмт хэрэгтэн бие хүн тухайн гэмт хэрэгт хандах субъектив хандлагын илэрхийлэл болдог.

 

Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Т.Б нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн Э сумын 000 дугаар баг Н  хорооллын 000 байрлах монгол гэрт нэвтрэх үед гэрт байсан өндөр настай буюу 90 настай хохирогч Д.Н биеэ хамгаалж чадахгүйг мэдсэн буюу идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгож, уг нөхцөл байдал нь тухайн гэмт хэрэг үйлдэхэд түлхэц болж,  уг байдлыг нь далимдуулан, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, түүний цамцыг тайлж, хөхнөөс нь хазах, дэрээр цээжин дээр нь дарах, бэлэг эрхтэнд нь гараа оруулж хөдөлгөх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгчийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Шүүгдэгч  Т.Б өндөр настай Д.Н-ыг хүчиндсэн үйлдэл нь хохирогчийн бэлгийн эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Т.Б нь хохирогч Д.Н ыг хүчиндэх явцдаа түүний биед бэлгийн бага уруулд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Т.Б-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

            Хулгайлах гэмт хэргийн тухайд:  

            Шүүгдэгч Т.Б-ын А аймгийн Э  сумын 000 дугаар баг Н  хорооллын 000 тоотод байрлах гэрээс Х.М эзэмшлийн 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий хазаарыг авсан үйлдлийг хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн.

 

Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэсэн. Хяналтын прокурор шүүгдэгчийн үйлдлийг хууль зүйн хувьд Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан ирүүлснийг шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчилж, өөр төрлийн хэрэгт холбогдуулан шалгуулахаар, тус хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэж буцаахгүйгээр хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.  

 

Шүүгдэгч Т.Б-т холбогдох хэргийн зүйлчлэлд дараах байдлаар өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Эрүүгийн эрх зүйд зарим тохиолдолд гэмт хэрэг нэг гэмт хэргийн шинжээр эхэлж, өөр гэмт хэргийн шинжийг ханган төгсөх буюу нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт хүндэрч шилжих тохиолдол гардаг.

Тухайлбал, хулгайлах гэмт хэргээр эхэлж булаах, дээрэмдэх гэмт хэргээр төгсөх, танхайрах гэмт хэргээр эхэлж дээрэмдэх гэмт хэргээр төгсөх тохиолдол буюу зүй тогтлыг нийлмэл гэмт хэргээр, нэг гэмт хэрэгт нь нөгөө гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан тохиолдолд тэрхүү хүндрүүлэх шинжтэй гэмт хэргээр, эсхүл урьдчилан илэрч буй ижил шинжүүдийг нэгтгэн сүүлд төгссөн гэмт хэргийн үйлдэл, үр дагавраар зүйлчлэх зэрэг гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал хөндөгддөг.

Нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт шилжихэд эхний гэмт хэрэг төгсөөгүй байхад дараагийн гэмт хэрэг эхэлсэн байх, сүүлд үйлдэгдсэн гэмт хэрэг нь эхний гэмт хэргээс ямагт хүнд байх, тус үйлдэл нь санаатай үйлдэлтэй байх зэрэг шинжийг агуулсан байдаг.

Хүний өмчлөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй.” гэж,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж зааж тус тус баталгаажуулж өгсөн.

 

Хулгайлах гэмт хэргийн тухайд бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч этгээдээс шилжүүлэн авахдаа өмчлөгч, эзэмшигчид огт мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар үйлдэгдсэн байхыг шаарддаг бол дээрэмдэх гэмт хэргийн тухайд бусдын эд хөрөнгийг илээр авсан буюу хохирогч гэмт этгээдийг ямар нэг байдлаар таньж мэдсэн байхад ичгүүр сонжуургүйгээр эд хөрөнгийг нь авсан байдгаараа ялгагдана.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэрэг гэдэгт бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг ойлгох бөгөөд энэ зүйлийн 2 дахь хэсэгт “дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” бол гэж уг гэмт хэргийг үйлдсэн аргаар уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус зааж өгчээ.

Өөрөөр хэлбэл дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн бие махбодид алгадах, цохих, түлхэх, хоолойг боох зэрэг аргаар түүний өмчлөх болон халдашгүй байх эрхэд давхар халдаж, хохирогчийн эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг нь авсан байдлыг хүч хэрэглэж дээрэмдсэн буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг. Хууль бусаар авсан гэдгийг бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авсныг, илээр авсан гэдэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, тэдний нүдэн дээр авсан байдлыг тус тус ойлгодог.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн Э  сумын 00 дугаар баг Н  хорооллын 000 тоотод байрлах хохирогч Х.М хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гаднаасаа цоожтой монгол гэрийн хаалганы цоожийг нь учрах саадыг арилгах зорилгоор төмөр сүхийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн эвдлэн нэвтэрч хулгай хийх санаа зорилготойгоор гэрт орсон байх боловч тухайн нөхцөлд гэрт хүн байсан байдлаас шалтгаалан гэмт хэрэг үйлдэх санаа зорилго өөрчлөгдөж, өөр гэмт хэрэг үйлдсэн буюу хохирогчийн нүүрийг юмаар дарж хүч хэрэглэн түүнд мэдэгдэлгүй эд зүйлийг авч байгаа мэт дүр үзүүлэн хохирогчийн эд зүйлийг авсан үйлдэл нь хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Т.Б нь хохирогч Д.Н нүүрийг дэрээр дарж, амьсгалыг нь боогдуулах байдлаар түүний халдашгүй байх эрхэд хүч хэрэглэн халдаж, хохирогчийн эд хөрөнгө буюу хазаарыг авсан нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар бүрэн тогтоогддог. Хүч хэрэглэж авсан эд хөрөнгө нь хохирогч Д.Н өмчлөлийнх биш хэдий ч хохирогч Д.Н тус гэрт байгаа байдал нь тухайн айлын эд хөрөнгийг хэн авч байгааг мэдэх, хариуцан хамгаалж байсан этгээд гэж ойлгоно.

Шүүгдэгч Т.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх шүүгдэгч Т.Б-ыг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-д “Монгол улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөдрөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ...Иргэний хувийн ба гэр бүл захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1-д “орон байр халдашгүй байна”, 2-д “орон байранд хийх нэгжлэгийг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулна” гэж тус тус заасан.

Орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгодог.

Шүүгдэгч Т.Б А аймгийн Э  сумын ... дугаар баг Н  хорооллын ... тоотод байрлах гэрт буюу тухайн орон байранд нэвтрэх эрхгүй атлаа орон байрны өмчлөгч, эзэмшигчийн амаар болон бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр цоожийг эвдэлж нэвтрэн орж хохирогч Х.М , Д.Н нарын хувийн эрх, эрх чөлөө, орон байрны халдашгүй байдал, орон байраа өмчлөх, эзэмших, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, дураараа авирласан идэвхитэй үйлдэлтэй, уг гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Т.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.М-д 1,200,000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Т.Б уг хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь “сэтгэцэд хор уршиг учраагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн,

Мөн гэмт хэргийн улмаас хохирогч  Д.Н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх хэдий ч хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэсэн, өндөр настай хохирогчид хохирол учруулсан байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Т.Б-ыг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Н өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч М.Г  “..Шүүгдэгч Т.Бүүвэйбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах.... гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э “...шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг багасгаж 1 жилийн хорих ял, Эрүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг багасгаж 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус торгох ялын хамгийн бага нэгжээр торгож торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч Т.Б“...ийм муухай хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна...” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,

шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг байдлуудыг харгалзан үзэж

шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар А аймгийн Э  сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар А аймгийн Э  сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын 1/нэг/ хонгийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож нэмж түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 10 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх болон хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. А аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.  Шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай  ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/  сарын хугацаагаар А аймгийн Э  сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар А аймгийн Эрдэнэбулган сумын  нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Б-т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын 1/нэг/ хонгийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож нэмж түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 10 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдрүүлэхээр тогтоосугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.  Шүүгдэгч Т.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Н нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн 30 сантиметр иштэй, ажлын хэсэг нь 14х16 сантиметр төмөр сүх нэг ширхэг, цагаан өнгийн /Blason top security/ гэх бичилттэй 3.5х2.6 сантиметр хэмжээтэй дээд хэсгийн гогцоо нь мултарч гэмтсэн төмөр цоож нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ОРХОНТАМИР