| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0232/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/253 |
| Огноо | 2025-12-16 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Оюундарь |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Э.Оюундарь,
шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2507000000256 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******ы 12 дугаар сарын 13-ны өдөр ******* хотод төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын шавар, өрлөгийн ажил эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, ******* дүүргийн хороо, тоотод оршин суудаг, урьд
Багахангай, ******* дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.6-т зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасныг журамлан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлөгдсөн, ******* овогт *******гийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Ц.******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн тусгай ангийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж цусан дахь спиртийн агууламж нь 2.0 промиль байхдаа ******* дүүргийн 3 дугаар хороо, Хоргын замд улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь прокурорын зүйлчилсэн зүйл хэсэгтэй маргахгүй гэсэн байр сууринаас тус тус оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ц.******* нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ЗШ/275 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хоргын замд Nissan Tiida загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг цусан дахь спиртийн агууламж 2.0 промиль согтолттойгоор жолоодсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 22 цагийн орчимд намайг ажлаас ирэхэд нөхөр ганцаараа 2 лааз пиво, 100 граммын шилтэй архи уусан сууж байсан. Манай нөхрийн ах гаднаас орж ирээд манай нөхрийг архи уухаа болиоч гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Нөхөр бид хоёр гэрээс гараад хээр хонохоор явж байгаад “Хорго” худалдааны төвийн урд 2 танихгүй хүнтэй манай нөхөр маргалдаад байж байсан чинь 2 цагдаа ирээд нөхөр бид хоёрыг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Манай нөхөр хувиараа барилгын ажил хийдэг. Манай нөхөр бага зэргийн согтолттой байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 11-12 хуудас/,
- Шүүгдэгч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 22 цагийн үед ах Эрдэнэбатын гэрт эхнэртэйгээ хамт байхдаа ганцаараа 2 лааз пиво, Хараа нэртэй 100 граммын шилтэй архи уусан. Орой ах ажлаа тараад гэртээ ирээд надтай жаахан маргалдахаар нь би эхнэрээ аваад найзынхаа машиныг бариад Хоргын зам уруудаж байхад том машиныг шахсан. Тухайн машины залуу надтай бууж ирээд маргалдаад зогсож байхад хэв журмын 2 цагдаа ирж намайг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Би 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* дүүргийн шүүхээр орж жолоодох эрхээ хасуулсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 30-31 хуудас/,
- Шинжээч Б.Санжиддуламын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ЕГО0325/6514 дугаартай: “Шинжилгээнд ******* гэж хаяглан ирүүлсэн “241238412, 241238436” хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 2.0 промиль спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.0 промиль спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээг хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна” гэх дүгнэлт /х.х-ийн 16-17 хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны илтгэх хуудас /х.х-ийн 4-5 хуудас/,
- Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай тогтоол, дээж авсан тэмдэглэл, жолоочийн лавлагаа мэдээлэл, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ЗШ/275 дугаартай шийтгэврийн хуулбар /х.х-ийн 13-14, 37, 58-61 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /х.х-ийн 33-37, 40-53 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.
Шүүгдэгч Ц.******* нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ЗШ/275 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ******* дүүргийн 3 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хоргын замд Nissan Tiida загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг цусан дахь спиртийн агууламж 2.0 промиль согтолттойгоор жолоодсон нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль /хувь/, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль /хувь/ илэрснийг ойлгоно гэжээ.
Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр цусан дахь спиртийн агууламж 2.0 промиль буюу цусан дахь спиртийн агууламж 0.5 дээш согтолттойгоор гарсан нь тогтоогдож байна.
*******, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол учруулаагүй тул түүнийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзэв.
ХОЁР. Шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Э.Оюундарь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Гэмт хэрэг үйлдэгдсэн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүйг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 000 нэгж буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэрэгт тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулах саналыг тавьж байна гэж үзэн өмгөөлөгчөөс маргах зүйл байхгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, улсын яллагч, өмгөөлөгч нараас гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА