| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/04805/И |
| Дугаар | 101/ШШ2023/04094 |
| Огноо | 2023-09-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2023/04094
| 2023 09 21 | 101/ШШ2023/04094 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт байрлах М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух Н-д холбогдох,
Т.Нийн эзэмшлээс ... тоот хаягт байрлах 290.74 мкв хувийн сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.М нь улсын бүртгэлийн дугаар ... тоот дугаартай, УБ хот, ... тоот хаягт байрлах 290.74 м.кв орон сууцыг зарын дагуу хариуцагч Т.Нээс 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 581,480,000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Төлбөрийн хувьд нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сараас 2023 оны 2 дугаар сарын хооронд бүрэн төлж дуусгасан байдаг энэ тухай хариуцагч маргадаггүй тайлбартаа тусгасан байна. Д.М 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 001109247 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бүртгүүлж, улсын бүртгэлийн 2204066497 тоот дугаартай хөрөнгийн албан ёсны эзэмшигч болсон байдаг. Гэвч талуудын хооронд байгуулсан 0370 тоот Худалдах, худалдан авах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Үл хөдлөх хөрөнгийн хүлээлгэх өгөх хугацаа: 2023.04.07 гэж заасан байхад хариуцагч Т.Н нь нэхэмжлэгч Д.Мийн өмчлөлийн хөрөнгийг өнөөдрийг хүртэл хугацаанд хүлээлгэн суллан өгөөгүй байна. Хариуцагчтай холбогдох болгонд тодорхой хариу өгөхүй за хүлээж байгаарай, за яг өнөөдөр гэх мэтээр хэлсээр 5 сар өнгөрсөн байна. Иймд иргэн Т.Нийн эзэмшлээс улсын бүртгэлийн 2204066497 тоот дугаартай УБ хот, ... тоотод байрлах 290.74 м.кв хувийн орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг гардаж авсан. Нэхэмжлэгч Д.М нь улсын бүртгэлийн дугаар ... тоот дугаартай, УБ хот, ... тоот хаягт байрлах 290.74 м.кв орон сууцыг 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр худалдан авсан нь үнэн. Талууд худалдах, худалдан авах гэрээ үл хөдлөх хөрөнгийн хуульд заасан журмын дагуу байгуулсан бөгөөд улсын бүртгэлийн дугаар ... тоот дугаартай, УБ хот, ... тоот хаягт байрлах 290.74 м.кв орон сууцны үнэ болох 581,480,000 төгрөгийг хариуцагч Т.Нд бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Хариуцагч Т.Нийн зүгээс Д.Мийн эзэмшилд шилжүүлэх үүрэгтэй боловч тодорхой шалтгааны улмаас хэрэгжүүлж чадахгүй байна. Хэрэв шүүхийн зүгээс нэхэмжлэгч Д.Мийн уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нөхцөлд хариуцагчийн зүгээс хүндэтгэлтэй хандах болно гэв.
3.Нэхэмжлэгчээс: 2023 оны 4 сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Т.Нд холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү тоот дугаартай Улаанбаатар хот, ... тоот хаягт байрлах 290.74 мкв хувийн сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2023 оны 4 сарын 07-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар хүлээлгэн өгөхгүй байх тул эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, ... тоот хаягт байрлах 290.74 мкв хувийн сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан гэж тодорхойлсон.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн ба өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргасан байна.
3.Зохигчдын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээгээр худалдагч тал нь Улаанбаатар хот ... тоот хаягт байрлах 290.74 мкв талбайтэй хувийн сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх, худалдан авагч тал нь 581,480,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 5-6 дугаар тал
Гэрээний агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгчээс гэрээний үүрэг болох үнэ төлөх үүргээ биелүүлсэн гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд хариуцагчаас дээрх тайлбарт маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
Иймд нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шаардах эрхтэй байна.
Талуудын хооронд өмчийн болох үүргийн хэлцэл хийгдсэн байх бөгөөд хариуцагчаас үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №001109247 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 7 дугаар тал/
5.Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, ... тоот хаягт байрлах 290.74 мкв талбай бүхий хувийн сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч Д.Мт хүлээлгэн өгөхийг хариуцагч Т.Нд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, ... тоот хаягт байрлах 290.74 мкв талбай бүхий хувийн сууцыг чөлөөлж өгөхийг хариуцагч Т.Нд даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Нээс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА