| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/03584/И |
| Дугаар | 101/ШШ2023/04263 |
| Огноо | 2023-10-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2023/04263
| 2023 10 03 | 101/ШШ2023/04263 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт байрлах Д ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт байрлах Э ХХК-нд холбогдох,
9,611,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барилгын туслах материал сапудын нэг бүрийн үнийг 100,000 төгрөгөөр тооцож 772 ширхэгийг 1,621,200 төгрөгөөр тооцож, 21 хоногийн хугацаатай түрээслэн авч, 2022 оны 2 сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн.
Бид 2021 оны 11 сарын 30-ны өдөр бараа материал түрээслэхдээ түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон.
Э ХХК нь барилгын туслах материалыг 2021 оны 11 сарын 30-ны өдрөөс 2022 оны 2 сарын 21-ний өдрийг хүртэл түрээслэхдээ түрээсийн төлбөр болох 6,407,600 төгрөгийг огт төлөлгүй бараа материалыг 2022 оны 2 сарын 21-ний өдөр буцааж хүлээлгэн өгөхдөө Санхүүгийн боломж муу, түрээсийн төлбөрийг бүрэн барагдуулах тул төлбөр төлөх хугацааг түр хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг харгалзан үзэж өнөөдрийг хүрсэн.
Тухайн үед манай компанийн менежер хүлээлгэж өгсөн. Тэр хүнээс тодруулахад 21 хоногийн хугацаатай 772 ширхэг тулаасыг хүлээлгэж өгсөн гэж хэлсэн. Манай зүгээс хугацаа сунгасан, дахин хэрэглүүлэхээр тохиролцсон зүйл байхгүй. Энэ хоёр жилийн хугацаанд санхүүгийн тайланд авлагаар бүртгэгдсэн байгааг.
Гэрээний үүргээ биелүүлээгүй учраас гэрээнд заасны дагуу анз тооцно гэж тохиролцсоноор алданги нэхэмжилж байна. Үндсэн гэрээний болон жишигт гэрээний загвараас харахад 0.3 хувиар алданги тооцож байсан тул алдангийг тооцож нэхэмжилсэн.
Манай байгууллагын ажилтны хариуцлагагүй байдлаас болж бичгээр байгуулсан гэрээ нь алга болчихсон олдохгүй байгаа. Санхүүгийн авлага болон мэдээлэл байсны үндсэн дээр нэхэмжлэлийн үнийн дүнг тооцож гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Манай компани 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Ж захиалагч компанийн хүсэлтээр 7 давхар барилгын угсралтын ажлыг эхлүүлсэн энэ хүрээнд 11 дүгээр сард 7 дахь давхрын угсралтын ажлыг хийхэд манайд 703 ширхэг тулаас дутсан. Бид энэ материалаа хайж байгаад Д компанийг олж, 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан. Тухайн үед гарсан хамгийн том асуудал нь юу байсан бэ гэхээр надад түрээсэлж байгаа хүнтэй нь аман гэрээ байгуулсан байдаг. Би маш тодорхой хэлсэн байдаг манайд энэ тулаас 21 хоног л хэрэгтэй барилга дээшээ ахиж баригдахгүй гэхдээ захиалагч компаниас дараа шинэ барилга, шинэ блок эхлүүлнэ. Тэр үед манайд 4,000 тулаас хэрэг болно тэр үед нийлүүлж өгч чадах уу танай компани манай компани ойрхон юм байна гэж хэлэхэд боломжтой гэж хэлсэн.
Ингээд эдний ажилтны зүгээс 21 хоногийн дараа манай сапуд танай хашаанд байж байг гэж хэлсэн. Манай байгуулагатай хамар хашаа их ойрхон байрлалтай.
Тухайн үед захиалагч компани Голомт банк, Хаан банкнаас хөрөнгө оруулалт нь шийдэгдэхгүй болсон учир тулаас төмөр дахиж хэрэглэхээргүй болж түрээснийхээ материалуудыг буцааж өгөхөөр болсон. Ингээд тэр орой нь бид 703 ширхэг тулаасаа буцаасан, төлбөр тооцооны асуудал яригдаж 21 хоногийн түрээсээ төлөх гэсэн чинь 3,407,000 төгрөг төл гэсэн шаардлага тавьсан. Ингээд үл ойлголцол гарсан.
Би 1,621,200 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин огт ашиглаагүй хугацааны төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Анх түрээслэхдээ 21 хоногийн түрээс төлнө гэж гэрээ байгуулчихаад сүүлд нь ингэж мөнгө нэхэх хэрэггүй юм биш үү. Анх гэрээ байгуулахдаа хэлсэн би гэрээ байгуулахдаа түрээсэлсэн энэ тулаасыг 2 дугаар сарын 21-ны өдөр хүртэл ашиглах ямар ч боломжгүй зүгээр манай хашаанд хураасан байсан. Түрээслэгч компани манайхаас ирээд танай 21 хоног дууслаа гээд аваад явах боломжтой байсан. Өвөл 12 дугаар сараас 2 дугаар сар хүртэл ямар хүйтэн билээ гэтэл энэ тулаас зөвхөн угсрах явцад ашиглагддаг.
Би үнэндээ болох юм байна, дараагийн ажил эхлэхэд ойрхон амар гэж бодоод ажилтантай нь тохиролцсоны дагуу хашаандаа хураасан. Энэ компани манай хажууд байдаг. Таны гэрээний хугацаа дууссан сапудаа авья гээд авах бүрэн боломжтой байсан. Тэр үед манай барилгын ажил дуусчихсан өөр ямар ч хийх ажилгүй байсан, ашиглаж байсан бол төлбөрийг нь төлөхөд татгалзах зүйлгүй хүн ашигласан зүйлийнхээ төлбөрийн төлөх хэрэгтэй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1,621,200 төгрөгийг төлнө. Бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.Нэхэмжлэгчээс: Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түрээсийн тооцоолол, алдангийн тооцоолол, Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн 2023 оны 3 сарын 13-ны өдрийн албан тоот,
Хариуцагчаас: Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 3 сарын 31-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ зэрэг бичгийн баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Э ХХК-нд холбогдуулан 9,611,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаас 1,621,200 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ...хариуцагчтай байгуулсан Түрээсийн гэрээ-ний үүргийн дагуу 2021 оны 11 сарын 30-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөр 6,407,600 төгрөг, алданги 3,203,800 төгрөг нийт 9,611,400 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
Зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдаж, нэг бүрийн 100,000 төгрөгийн үнэтэй, 772 ширхэг Сапудыг түрээслүүлэгч тал болох Д ХХК нь хариуцагчид хүлээлгэн өгөх, түрээслэгч Э ХХК нь түрээсийн төлбөр төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс түрээсийн гэрээг бичгээр байгуулж, дээрх тохиролцоог хийсэн боловч бичгээр байгуулсан түрээсийн гэрээ алга болсон гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд хариуцагч тал түрээсийн гэрээг байгуулагдсан эсэх талаар маргаагүй. Иймд талуудын хооронд түрээсийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
3.Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга, зорилго нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээ-ний агуулгад нийцсэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын хэн аль нь түрээсийн гэрээний хугацааг 21 хоногийн хугацаатай, 21 хоногийн хугацааны нийт төлбөр 1,621,200 төгрөг байхаар тохиролцсон гэх тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгчээс хариуцагчийг гэрээний зүйл болох Сапудыг 2022 оны 2 сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн тул энэ хугацааны төлбөр болох 4,786,400 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж тайлбарласан.
Хариуцагчаас гэрээгээр тохиролцсоны дагуу 21 хоногийн түрээсийн төлбөр 1,621,200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин 62 хоногийн түрээсийн төлбөр 4,786,400 төгрөгийн тухайд, сапудыг ашиглаагүй, нэхэмжлэгч байгууллагын эрх бүхий этгээдийн зөвшөөрсний дагуу түүнтэй тохиролцсоны үндсэн дээр өөрийн эзэмшлийн хашаанд байлгаж байсан тул төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэж, 326.2 дахь хэсэгт Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж зохицуулсан.
Хэдийгээр нэхэмжлэгчээс дээрх хуулийн зохицуулалтын дагуу түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй байх хэдий ч хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийг түрээсийн гэрээгээр тохиролцсон хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
4.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан.
Дээрх журамласан зохицуулалтын дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалт үйлчилхээр байна.
Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь сапудыг гэрээний хугацаа дууссан боловч ашигласаар байсан буюу гэрээгээр тохиролцсон хугацааг тухайн нөхцлөөр сунгагдсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслээ өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацааны түрээсийн төлбөр 1,621,200 төгрөгийг төлөх үүрэгтэй ба харин 62 хоногийн түрээсийн төлбөр 4,786,400 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна.
5.Нэхэмжлэгчээс алдангид 3,203,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан.
Талуудын хооронд гэрээ бичгээр байгуулагдаагүй байх тул гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчээс алдангид 3,203,800 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Э ХХК-иас 1,621,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,990,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э ХХК-иас 1,621,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,990,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,740 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 40,889 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА