Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2023/01957

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх, *******, 1*******лол, ******* хаягт байрлах Ус чандмань эрдэнэ сууц өмчлөгчдийн холбоо /гэрчилгээний дугаар:291/-ны гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх, *******, 1*******лол, *******, ... тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /рд:*******/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, **************** тоот хаягт бүртгэлтэй ******* ХХК /рд:*******/ нарт холбогдох,

2,538,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч Б.Билгүүн, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би, өмнө нь болсон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан тул гол гэж бодсон зүйлийнхээ талаар тайлбарлаж хэлье. Манай сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг, *******, 1*******лол, *******ны оршин суугчдын хурлаас байгуулагдаж, 2018 оны 05 дугаар сараас албан ёсоор гэрчилгээ, тамгаа авч үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн бөгөөд бусад сууц өмчлөгчдийн холбооны нэгэн адил ижил үйл ажиллагаагаа хэвийн явуулсан. Энэ үйлчилгээг хариуцагч нь хүссэн ч, хүсээгүй ч авсаар байгаа боловч сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг 2019 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд огт төлөөгүй байх тул нэхэмжлэл гаргасан.

Бидний шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлага нь 2019 оны 01 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг 1 /нэг/ сарын 54,000.00 төгрөгөөр тооцож нийт 47 сарын төлбөрт 2,538,000.00 төгрөгийг нэхэмжилж байна. Манай сууц өмчлөгчдийн холбоо нь хуульд заасан журмын дагуу оршин суугч болон аж ахуйн үйл ажиллагаа эрхэлэж байгаа хуулийн этгээд, иргэдээс авах төлбөрийн хэмжээг тогтоосон ба нотлох баримтаар сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын шийдвэрийг өгсөн.

Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар оршин суугчдаас авах сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн хэмжээг баталсан бөгөөд харин аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдийн хувьд удирдах зөвлөлд төлбөрийн хэмжээг батлах тэрхүү эрх хэмжээг нь өгөөд улмаар Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс баталсан тарифыг үндэслэн харьцуулан батлахыг удирдлага зөвлөлд үүрэг болгосон.

Ингээд манай сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3 тоот тогтоолоор тус байранд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс авах төлбөрийн хэмжээг м.кв талбай тутамд 300-1,000 төгрөгөөр тооцож авахаар гүйцэтгэх захиралд даалгасан юм. Гэтэл хариуцагч Б.******* 180 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөд дэлгүүрийн үйл ажиллагааг ******* ХХК-иар дамжуулан явуулдаг байтал сууц өмлөгчийн холбоонд ямар нэгэн төлбөр төлдөггүй.

Хариуцагч нар манай сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанаас харуул хамгаалалт, цэвэрлэгээ, цахилгаан шат, хог тээвэр зэргийг авдаггүй нь энд чухал биш, тухайн орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг учир хуульд зааснаар сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг заавал төлөх ёстой. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т тус тус зааснаар дундын өмчлөлийн ашиглалт үйлчилгээтэй холбогдсон болон бусад зардлыг санхүүжүүлэхэд хариуцагч нар оролцох үүрэгтэй. Иймд, хариуцагч нараас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2,538,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нараас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч

Манай компани 180 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөд хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг өгөөд өөрсдөө хэрэглэсэн зүйлийнхээ төлбөрийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Гэвч иргэн Б.*******гийн тухайд Компанийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгээдийн хувиар үйл ажиллагаа явуулдаг тул энэхүү харилцаанд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Гэтэл нэхэмжлэгч нь түүнийг хувь хүнийх нь хувьд хариуцагчаар татаж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Б.******* нь сууц өмчлөгчдийн холбоонд төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй бөгөөд үйл ажиллагааны зөвшөөрөл нь компанийнхан нэр дээр байдаг.

Хариуцагч нарын хувьд сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээнээс 1 л төрлийн үйлчилгээ авдаг ба ямар үндэслэлээр бусад айлуудаас төлбөрийн хэмжээ нь өндөр байгаа юм бэ юм, төлбөрийн задаргаа нь юу вэ гэдгийг нэхэмжлэгчээс удаа дараа тодруулсан боловч тодорхой хариу өгөөгүй. Тус дэлгүүр нь нэг давхарт байрладаг, орц, гарц нь тусдаа, огт цахилгаан шат болон дундын өмчлөлийн орц, гарцыг ашигладаггүй, мөн гадна болон доторх цэвэрлэгээг өөрсдөө хийдэг, хогны төлбөрийг тусад нь төлж, тусдаа ачуулдаг ба харуул хамгаалалт авдаггүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбооноос авч байгаа үйлчилгээ огт байхгүй байхад төлбөр нэхэмжлээд байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал нийтийн өмчлөлийн орон сууц, дундын эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т ямар тохиолдолд зарим сууц өмчлөгч нараас авах төлбөрийн хэмжээг бусдаас өндөр авах бол үүнийг нийт сууц өмчлөгчдийн холбооны гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг үзвэл айл өрхөөс авах төлбөрийн хэмжээ нь 5,000 төгрөг байдаг бол компанийн хувьд 100,000.00 гаруй төгрөг болж байна. Тэрхүү төлбөрийн хэмжээг тогтоосон гэх баримтыг 93 айлын гэрийн хаягийг бичээд 3 хүний гарын үсгээр баталж, тамга дарсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч компанийн дэлгүүрийн үйл ажилалгаанд сууц өмчлөгчдийн холбооны ямар нэгэн үйлчилгээг үзүүлэхгүй байж төлбөр нэхэмжлээд байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны хурлаар төлбөрийг хэмжээг тоогтоогоогүй, удирдах зөвлөлийн хурлаар тогтоохдоо Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл гэсэн хуульд тодорхой чиг үүрэггүй байгууллагын жишиг үнийг харгалзсан нь үндэслэлтэй биш.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан зарчмын хүрээнд талбайн хэмжээг тогтоох ёстой байтал иргэн, хуулийн этгээдийн өмчилдөг талбайг шууд удирдлага болгож м.кв талбайгаар нь төлбөрийн хэмжээг тооцоод байгаа нь шударга бус гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас нэхэмжилж байгаа сууц өмлөгчдийн холбооны төлбөрийн задаргаагаа тайлбарлаж чаддаггүй, тус 5 төрлийн үйлчилгээнийн төлбөрийг хэмжээг тус, тусад нь ялгадаггүй шууд 300 төгрөг гэж тогтоосон нь оршин суугчдын эрх ашигт нийцэхгүй байна. Хуульд зааснаар удирдах зөвлөлд сууц өмчлөгчдийн холбооны тарифын хэмжээг тогтоох эрх байгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

1.            Улсын тэмдэгтийн хураамжид 80,175.60 төгрөг төлсөн баримт,

2.            Төлбөрийн нэхэмжлэх,

3.            Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ,

4.            Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 03/1098 дугаар тусгай зөвшөөрөл,

5.            Ус чандмань эрдэнэ сууц өмчлөгчдийн холбоо-ны удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03 тоот дугаартай тогтоол,

6.            Ус чандмань эрдэнэ сууц өмчлөгчдийн холбоо-ны бүх гишүүдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тогтоол,

7.            Ус чандмань эрдэнэ сууц өмчлөгчдийн холбоо-ны үнэ тариф,

8.            Итгэмжлэл,

9.            2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хурлын ирц,

10.         Сууц өмчлөгчдийн холбооны дүрэм,

11.         Баянзүрх дүүрэг, *******, 1*******лол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурлын 01, 02 тогтоол,

12.         Хурлын тэмдэглэл,

Хариуцагчийн өгсөн нотлох баримт нь:

1.            Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

2.            Итгэмжлэл,

3.            Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний гэрээ,

4.            УБЦТС ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв-5-ын хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан,

5.            Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа,

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

1.            Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/01/10 дугаартай албан бичиг, түүний хавсралт болох Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоол, Нийтийн зориулалттай орон сууцны байранд болон түүний хонгилын хэсэгт үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас авах засвар үйлчилгээний хуримтлалын жишиг тариф.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ус чандмань эрдэнэ сууц өмчлөгчдийн холбоо-ноос хариуцагч Б.*******, ******* ХХК нарт холбогдуулан 2,538,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хэрэгт шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ус чандмань эрдэнэ сууц өмчлөгчдийн холбоо-нд 291 тоот дугаартай гэрчилгээ олгож, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэжээ /х.х-ийн 6 хуудас/.

Уг баримтаас үзвэл нэхэмжлэгч Ус чандмань эрдэнэ сууц өмчлөгчдийн холбоо-ны гүйцэтгэх захирлаар С.Наран-Очирыг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр томилсныг бүртгэсэн байх бөгөөд энэхүү сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг, *******, 1*******лол, *******ыг хариуцдаг эсэх талаар зохигчид маргаагүй.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж заасан.

Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдийн холбоо нь хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг орон сууц өмчлөгчдөөс бий болгосон хуулийн этгээдийн эрхгүй холбоо юм.

Хэдийгээр сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй боловч Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцох бөгөөд тус харилцаанд оролцогчийн хувьд гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн маргаанд түүнчлэн тус хуулийн 149 дүгээр зүйлд зааснаар сууц өмчлөгч хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, зөрчил гаргасан тохиолдолд өөрийн төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцох эрхтэй этгээд болно.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд холбооны гүйцэтгэх захирлын эрх хэмжээг зохицуулсан ба гүйцэтгэх захирал С.Наран-Очир нь тус хуулийн 12.4.4-т зааснаар энэ хууль болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгч нараас шаардах, тухайн шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол уг хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар баримтаар хариуцагч Б.******* нь Улаанбаатар хот, Баянзүрх, *******, 1*******лол, *******, 2 тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өмчилдөг бөгөөд түүний эзэмшлийн ******* ХХК нь уг үл хөдлөх хөрөнгөд худалдаа, үйлчилгээ эрхлэн явуулдаг эсэх талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 28, 32, 62 хуудас/.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Орон сууц өмчлөгч нь .................дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-д орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж тус тус заасан.

Тодруулбал, хариуцагч Б.******* нь сууц өмчлөгчийн хувьд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд орон сууцаа бусад этгээдийн удирдлага, эзэмшилд шилжүүлсэн нь тухайн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Энэ талаар Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.6дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг бусад этгээдийн ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд тухайн этгээдээс энэ хуулийн 148.2.1-148.2.3-т заасан үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үүргийг хамтран хариуцах гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ус чандмань эрдэнэ сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.*******, ******* ХХК нараас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг шаардах эрхтэй.

2.            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан баримтаар Улаанбаатар хот, Баянзүрх, *******, 1*******лол, *******ны оршин суугчид 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж, тус сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг тогтоосон байна.

Тодруулбал, 38 м.кв талбайтай орон сууц эзэмшдэг айл 1 /нэг/ сард 28,760.00 төгрөг, 42.1 м.кв талбайтай орон сууц эзэмшдэг айл 29,252.00 төгрөг, 42.3 м.кв талбайтай орон сууц эзэмшдэг айл 29,276.00 төгрөг, 42.7 м.кв талбайтай орон сууц эзэмшдэг айл 29,324.00 төгрөг, 45.2 м.кв талбайтай орон сууц эзэмшдэг айл 29,624.00 төгрөг, 75.7 м.кв талбайтай орон сууц эзэмшдэг айл 33,284.00 төгрөгийг тус тус төлөх бөгөөд автозогсоолтой айл нэмж зуны улиралд 15,000.00 төгрөг, өвлийн улиралд 25,000.00 төгрөгийг төлөх ажээ /х.х-ийн 31, 36, 69-74, хуудас/.

Тус зардлыг төрлөөр нь авч үзвэл дундын өмчлөлийн ашиглалтын төлбөр 6,000.00 төгрөг, харуул хамгаалалт 5,000.00 төгрөг, цэвэрлэгээ 5,000.00 төгрөг, лифтний үйлчилгээ 8,000.00 төгрөг, баримт 200.00 төгрөг, засвар үйлчилгээний зардал 120.00 төгрөг, автозогсоолын хувьд дулаан, цахилгаан, харуул болон цэвэрлэгээний зардлыг өвлийн болон зуны улирлаас хамааруулж өөр, өөрөөр тогтоосон байна.

Харин аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс баталсан жишиг үнийг харгалзаж тогтоохыг удирдах зөвлөлд хариуцуулсан байна /х.х-ийн 31, 73 хуудас/.

3.            Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ус чандмань эрдэнэ сууц өмчлөгчдийн холбоо-ны удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3 тоот тогтоолоор дээрх орон сууцанд аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагаас авах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлын хэмжээг 1 м.кв тутамд 300-1,500.00 төгрөгөөр тооцож авахаар болжээ /х.х-ийн 30 хуудас/.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж, 7.2Дараахь асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гээд 7.2.11хууль, дүрэмд заасан бусад асуудал гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байдаг тул хууль болон дүрэмд заасан асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх бөгөөд 9 дүгээр зүйлийн 9.5Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж зааснаар шийдвэр нь хүчин төгөлдөр болох учиртай.

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгч Ус чандмань эрдэнэ сууц өмчлөгчдийн холбоо-ны дүрэмд удирдах зөвлөлийн эрх хэмжээнд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлын хэмжээг тогтоох эрх байхгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж заажээ /х.х-ийн 101-105 хуудас/.

Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл нь бүх гишүүдийн хурлын чөлөө цагт үйл ажиллагаа явуулж, уг хурлаас тогтоосон эрх хэмжээний хүрээнд ажиллах ёстой бөгөөд хууль болон дүрмээр бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх асуудлыг харъяалах шийдвэрлэх учиргүй юм.

Тодруулбал, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараахь тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно гээд 16.4.2-т сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол гэж тодорхой заасан байхад нэхэмжлэгч Ус чандмань эрдэнэ сууц өмчлөгчдийн холбоо-ны удирдах зөвлөл нь аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг тогтоосон нь хуульд нийцэхгүй байна.

4.            Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1-т Нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторхи сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилж болно гэж, 142.2-т Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэж, мөн 142.3-т Дундын өмчлөлийн эд хөрөнгөөс орон сууц өмчлөгчид ногдох хэсэг нь тэдгээрийн тус тусын өмчлөлд байгаа орон сууцны талбайн хэмжээ, нийт талбайн харьцаагаар тодорхойлогдоно гэж тус тус заажээ.

Тайлбарлавал, иргэн дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй зүйлийг дангаар өмчилж болох ба оршин суугчдын дундын өмчлөлийн зүйлийг тодорхойлохдоо оршин суугч нарын өмчлөлийн талбайн хэмжээтэй харьцуулах байтал нэхэмжлэгч Ус чандмань эрдэнэ сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.*******, ******* ХХК нарын өмчилж, эзэмшиж байгаа 180 м.кв талбайг шууд үндэслэж сарын төлбөрийг 54,000.00 төгрөгөөр тогтоосон нь учир дутагдалтай байна /180x300=54,000/.

Зүй нь, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана гэж, 147.4Дангаар өмчлөх талбайн хэмжээг тодорхойлохдоо, сууц өмчлөгчийн сууцны талбай дээр дангаар өмчлөх сууцны бус зориулалттай талбайн гуравны нэгийг нэмнэ гэж тус тус зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг тодорхойлох учиртай.

5.            Түүнчлэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгч Ус чандмань эрдэнэ сууц өмчлөгчдийн холбоо-ны удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3 тоот тогтоолоор баталсан аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагаас авах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлын хэмжээг 1 м.кв тутамд 300-1,500.00 төгрөгт чухам ямар төлбөрүүд багтаж байгаа нь тодорхойгүй байна.

Хэдийгээр хариуцагч Б.*******, ******* ХХК нар нэхэмжлэгч Ус чандмань эрдэнэ сууц өмчлөгчдийн холбоо-ны дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой үйлчилгээг авдаггүй гэсэн боловч тухайн орон сууцанд амьдардаг болон үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, иргэнийг сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй ба харин дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардал нь бодитоор тогтоогдсон байх нь оршин суугчдын нийтлэг эрх ашиг мөн бөгөөд үүнд дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардал хамаардаг учир ойлгомжтой, тодорхой байх нь зүйтэй юм.

Гэтэл нэхэмжлэгч Ус чандмань эрдэнэ сууц өмчлөгчдийн холбоо-ны удирдах зөвлөлийн баталсан тогтоолоос дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгэнэий зардлын төрөл, хэмжээг тооцоолох боломжгүй, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлээгүй, дангаар болон дундын өмчлөлийн зүйлийн талбайн хэмжээний харьцааг зөв тодорхойлоогүй гэх зэрэг нь хуульд нийцээгүй байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Ус чандмань эрдэнэ сууц өмчлөгчдийн холбоо-ны гаргасан хариуцагч Б.*******, ******* ХХК нарт холбогдох 2,538,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,175.60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР