| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/04575/И |
| Дугаар | 101/ШШ2023/04084 |
| Огноо | 2023-09-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2023/04084
| 2023 09 21 | 101/ШШ2023/04084 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Х /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Т” ХХК /рд:/-д холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай материалыг гарган өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, өмгөөлөгч М.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Хыг ,,,, м.кв талбайтай 1 өрөө бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай материалыг “Т” ХХК-аас гаргуулахыг даалгах тухай.
Нэхэмжлэгч Б.Х нь 2018 оны 11 сарын 06 өдөр “Т” ХХК-тай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан бөгөөд тус гэрээгээр Б.Хыг ,,,,м.кв талбайтай 1өрөө бүхий орон сууцыг худалдан авч 1 м.кв талбайн үнэ 1,250,000 төгрөгөөр тооцож, нийт 44,500,000 / дөчин дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг өгөхөөр тохиролцсон байдаг. Б.Х нь гэр бүлийн хамт 2019 оны 07 сараас хойш тус захиалсан байрандаа амьдарч байна.
Орон сууцны төлбөр болох 44,500,000 /дөчин дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг 100% төлж барагдуулсан ба “Т” ХХК-тай “Төлбөр тооцоогүй тухай” тооцоо нийлсэн акт үйлдсэн баримтаар нотлогдож байгаа болно.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн" гэж заасны дагуу “Орон сууц захиалгын гэрээ”-ний 2 дугаар зүйл 2.1 дэх хэсгийн төлбөр тооцооны үүргээ 100% буюу зохих ёсоор гүйцэтгэсэн болно. Гэвч хариуцагч “Т” ХХК нь Б.Х-н орон сууцыг “,,,,” ХХК-н барьцаанд тавьсан байна. “Т” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний 2.1 дэх хэсэгт “ Талбайн 1 м.кв талбайн үнэ 1,250,000 / нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг байх ба нийт 44,500,000 / дөчин дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг байна. Дээрх үнэд НӨАТ, ажил гүйцэтгэх бусад зардал, материалын үнэ багтсан болно” , 4.5 дах хэсэгт “Захиалагч нь орон сууц ашиглалтад ороход төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гүйцэтгэгчээс гаргуулан авах эрхтэй” гэж тус тус заасан байна. Иймд Нэхэмжлэгч Б.Хыг ,,,, м.кв талбайтай 1өрөө бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай материалыг “Т” ХХК-аас гаргуулж өгнө үү.
1а. Нэхэмжлэгч нь 2018.11.6-нд хариуцагчтай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээгээр 43 тоот 1 өрөө орон сууцыг авахаар тохиролцсон. Нийт 44,500,000 төгрөг төлөхөөр тохирсон. Нэхэмжлэгч нь 2019 оны 7 сараас уг орон сууцанд амьдарч байсан. Гэрээ байгуулах үед 70-80 хувийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд энэ талаар гэрээнд заасан. Нэхэмжлэгч нь төлбөрийг бүрэн төлж акт үйлдсэн. Гэтэл хариуцагч нь барилгыг бүхэлд нь ББСБ-д барьцаалснаас болж захиран зарцуулах эрхгүй болсон. Иймд нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, гэрчилгээ гаргахад шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү. Бичиг баримт гаргаж өгөх шаардлагыг биелүүлж холбогдох баримтыг өгсөн боловч барьцаа бүртгэгдсэн гэдгээр улсын бүртгэл гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа юм. Сүүлийн төлбөрийг 2021 онд төлж дуусгасан. Гэрээ байгуулах үед 30 саяыг үлдэх хэсгийг 2019-2021 онд хувааж төлсөн гэв.
2. Хариуцагч “Т” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. Х нь ,,,, орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулж дууссан нь үнэн бөгөөд манай компанитай ямар нэгэн төлбөрийн тооцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
2а. Нэхэмжлэгч нь төлбөрийг 100 барагдуулсан. Нэхэмжлэлийг зөвшөөрнө. Сүүлийн төлбөрийг 2021 оны 3-4 сард төлсөн юм гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн: Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 497 дугаар тодорхойлолт /хх3/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх4/, “Т” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 23/39 дүгээр тодорхойлолтын хуулбар /хх8/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл 3 ширхэг /хх9, 11, 12/, Хас банкны орлогын маягт /хх10/, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дүгээр орон сууц захиалгын гэрээний хуулбар /хх13-14/, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдэл /хх49/
3а. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр маргаж буй орон сууцны эрхийн улсын бүртгэлийн лавлагааг гаргуулсан /хх46-47/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч нь өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргуулах тухай шаардлагыг биелүүлснийг баталж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Х нь ,,,,м.кв талбайтай 1 өрөө бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “Т” ХХК нь орон сууцны өмчлөгчөөр тогтоох шаардлагыг зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөх шаардлагыг биелүүлсэн.
4. Зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 09 дугаартай, 44,500,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц захиалгын гэрээ байгуулсан байна. /хх13-14/
Гэрээний 1.1, 1.2-т зааснаар хариуцагч нь ,,,, м.кв талбайтай 1 өрөө бүхий орон сууцыг барьж, хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон үнийг төлөхөөр тохиролцжээ.
4а. Гэрээний 3.2-т зааснаар болон зохигчдын төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар гэрээ байгуулах үед уг барилга ашиглалтад ороогүй байсан тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
5. Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөг төлсөн болох нь гэрээний 2.2-т зааснаар тогтоогдсон, улмаар үлдэх хэсгийг 2019-2021 оны хоорондох хугацаанд хуваан төлсөн болох нь Хаан болон Хас банкны холбогдох баримтууд, “Т” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 23/39 дүгээр тодорхойлолтын хуулбараар тогтоогдсон. /хх8-12/
5а. Мөн дээрх 43 тоот орон сууцанд нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сараас эхлэн оршин сууж байгаа болох нь Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 497 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх3/
Эдгээр үйл баримтын талаар зохигч хэн аль маргаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх тул өмчлөгчөөр тогтоох тухай шаардлагыг хангах үндэслэлтэй.
6. ,,,,,м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн, орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга нь 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдөр “Т” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр тус тус барьцаалагдсан болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. /хх46/
Цаашлаад, маргаж буй дээрх 65/5 байрны 43 тоот хаягт байрлах орон сууцанд тусад нь өмчлөх эрх бүртгэгдээгүй болох нь Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1261 дүгээр албан тоотоор тогтоогдож байна. /хх47/
Иймд хэдийгээр шүүх нэхэмжлэгчийг дээрх байрны 43 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоосон боловч энэхүү шийдвэр нь лавлагаанд дурдагдсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал буюу барьцааны эрхэд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
7. Хариуцагч нь маргаж буй 43 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай холбогдох бичиг баримтыг гарган өгч, уг шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон тул хариуцагч нь энэхүү шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар хариуцагч нь шаардлагыг зөвшөөрч, биелүүлсэн бол улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Хыг ,,,,, тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “Т” ХХК нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөх тухай шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 450,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 380,450 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Г