| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/03940/И |
| Дугаар | 101/ШШ2023/04218 |
| Огноо | 2023-10-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2023/04218
| 2023 10 02 | 101/ШШ2023/04218 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, шүүгч З.Б, шүүгч Б.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” ХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Н /рд:/-д холбогдох
Гэм хорын хохиролд 1,499,654.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Э.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн №14000029269 тоот Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний даатгуулагч Я.С нь ,,, УБЗ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийг жолоодон 2023 оны 03 сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, Ар гүнт зуслангийн замд зогсож байх үед нь ,,, УАУ улсын дугаартай Toyota Corolla Axio маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчиж даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд 1,499,654.60 төгрөгийн хохирол учруулсан. Ослын улмаас даатгуулагчид учирсан хохирол болох 1,499,654.60 төгрөгийг манай компаниас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж тус тус заасны дагуу “Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ” -ний дагуу шилжүүлж авсан. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 499.1, 510.1-т заасны дагуу гэм хорын хохирол болох 1,499,654.60 (нэг сая дөрвөн зуун ерэн есөн мянга зургаан зуун тавин дөрвөн төгрөг жаран мөнгө) төгрөгийг Н.Ноос гаргуулж “М” ХК-д олгож өгнө үү.
1а. Нэхэмжлэгчийн даатгуулагч нь ар гүнтэд зогсож байх үед нь хариуцагч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хохирол учруулсан. Уг хохирлыг нэхэмжлэгч даатгуулагчид олгосон. Иймд хохирол учруулсан этгээдээс хохирлыг гаргуулж өгнө үү гэв.
2. Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
2а. Нэхэмжлэгчээс даатгалын баталгааны хуулбар /хх6/, даатгалын гэрээний хуулбар /хх7-9/, Я.Сгийн хүсэлтийн хуулбар /хх10/, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар /хх11-12/, зам тээврийн ослын тодорхойлолтын хуулбар /хх13, 32/, Н.Нийн жолоодох эрхийн үнэмлэх болон ,,, УАУ улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар /хх14/, Я.Сгийн жолоочийн лавлагааны хуулбар /хх15/, ,,, УБЗ улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар /хх16/, хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээний хуулбар /хх17/, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбар /хх18/
2б. Хариуцагчаас 6 ширхэг гэрэл зураг /хх43-48/
2в. Шүүх зохигчдын хүсэлтээр гэрчээр Я.Сг асууж, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсээс осолтой холбогдох баримтыг гаргуулсан /хх58-60/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 728,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 771,154.60 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “М” ХК нь зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд 1,499,654.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Н.Н нь шүүхэд бичгийн хэлбэрээр хариу тайлбар гаргаагүй боловч 2023 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа зам тээврийн ослын гэм буруугийн талаар маргасан.
4. Хариуцагч Н.Н нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ,,, УАУ улсын дугаартай, Toyota Corolla Axio маркийн автомашин жолоодон явах үедээ Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ар гүнтэд Я.Сгийн жолоодон явсан ,,, УБЗ улсын дугаартай, Toyota Alphard маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осолд холбогдсон болох нь зам тээврийн ослын тодорхойлолтоор тогтоогдсон. /хх13, 32/
Энэхүү осол болсон үйл баримт болон осолд өртсөн автомашинууд нь жолоодож явсан Н.Н, Я.С нарын өмчлөлийнх болох талаар зохигчид маргаагүй.
5. Хариуцагч Н.Н нь дурдсан зам тээврийн осолд гэм буруугүй гэж маргасан боловч түүний энэхүү тайлбар нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 283-5/807 дугаар албан тоот, түүнд хавсаргасан зөрчил шийдвэрлэсэн баримт болон 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ,,,, дугаартай шийтгэлийн хуудсаар үгүйсгэгдсэн. /хх58-60/
6. Нэхэмжлэгч “М” ХК нь зам тээврийн осолд хариуцагч дангаараа гэм буруутай гэх тайлбараа нотлоогүй. Харин тухайн осолд холбогдогч нар хэн аль нь гэм буруутай болох нь гэрч Я.Сгийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан “таны бодлоор осолд хэн буруутай гэж бодож байна вэ гэхэд хоёулаа буруутай” гэх тайлбараар тогтоогдсон. /хх65-67/
7. Дээрх үйл баримтыг харьцуулан үзээд осолд холбогдогч нар хэн аль нь гэм буруутай байх тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар хохирлын хэмжээг тэнцүү хариуцах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатайгаар зам тээврийн осолд холбогдогч Я.Стай даатгалын гэрээ байгуулж, ,,, УБЗ улсын дугаартай Toyota Alphard маркийн автомашиныг даатгажээ. Даатгалын гэрээний 1.1-д зааснаар дээрх зам тээврийн осол нь даатгалын тохиолдолд хамаарч байна. /хх7-9/
8а. Улмаар нэхэмжлэгч нь даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрт 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 1,499,654.60 төгрөг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. /хх18/ Гэвч маргаж буй ослын улмаас ,,, УБЗ улсын дугаартай Toyota Alphard маркийн автомашинд нийт 1,4570,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Х” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон. /хх11/
9. Нэхэмжлэгч нь нөхөн төлбөр төлсөн, улмаар даатгуулагч Я.Стай 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй. /хх17/
10. Дээрх үйл баримтаас зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг үнэлгээний тайланг үндэслэж түүний тал хувь болох 728,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Н.Ноос 728,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХК-д олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх 771,154.60 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22,034 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Г
ШҮҮГЧИД З.Б
Б.У