| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2025/0238/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/235 |
| Огноо | 2025-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Халиунгоо |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/235
2025 12 19 2025/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,
улсын яллагч Б.Халиунгоо,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2504000000274 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ........оны.......дугаар сарын ........-ний өдөр Улаанбаатар хотын .........дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, М бааранд бармен ажилтай, ам бүл......... . хамт ........ дүүргийн ..........дүгээр хороо, ..........дугаар гудамжны .......тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/847 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, ......... овогт ............... (РД:.............),
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 05:00 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг М нэртэй баарны гадна тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас *******той маргалдаж, улмаар түүний толгой хэсэг рүү модоор цохиж, нүүр хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, түүний биед дээд уруулын ил шарх, баруун нүдний дээд доод зовхи цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 05:00 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг М нэртэй баарны гадна тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас *******той маргалдаж, улмаар түүний толгой хэсэг рүү модоор цохиж, нүүр хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, түүний биед дээд уруулын ил шарх, баруун нүдний дээд доод зовхи цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч *******ын мэдүүлэг (хх-ийн 38-39, 48), хохирогч *******ийн мэдүүлэг (хх-ийн 15), гэрч мэдүүлэг (хх-ийн 18-19), Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 279 дугаартай дүгнэлт (хх-ийн 22-23), хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 24-25), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-5), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 9), камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 10-12), хохирогч *******ийн Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөгт эдэлсэн тухай мэдээлэл (хх-ийн 85), Эрүүл мэндийн даатгалын сангийн хохирол төлсөн баримт (хх-ийн 86) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, ач холбогдолтой байна.
Шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргасан ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг (хх-ийн 103), шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 229,462 төгрөгийг төлж барагдуулсан (хх-ийн 86) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1,100 (нэг мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 (нэг сая зуу мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогч нь шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ