Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/04463

 

 

 

 

 

 

 

                               2023        10          16

                   101/ШШ2023/04463

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “Х” ХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Б /рд:/,

 

Хариуцагч:  Д.М /рд:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 72,132,221.80 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Ө, хариуцагч Л.Б, Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Ө.Ө нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараа:  Зээлдэгч Л овогтой Б, Д овогтой М нар нь Худалдаа, хөгжлийн банктай 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр № ОСЗГ/72-н тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, № ОСЗБГ/72-н тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, № ЗБДГ/72-н тоот “Зээлийн батлан даалтын гэрээ”-г байгуулан 80,000,000.00 (наян сая) төгрөгийг орон сууц худалдах зориулалтаар жилийн 8.0 хувийн хүүтэйгээр, 240-н сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №ОСЗБГ/72-н тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний дагуу Л.Бн өмчлөлийн улсын бүртгэлийн ,,, дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн ,,,, м.кв талбайтай орон сууцны зориулалттай 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно.

Зээлдэгч нарын хүсэлтийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн №ОСЗГ/72- 1 -н тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-ний дагуу хугацааг 20 жил 6 сар буюу 246 сар болгон өөрчилсөн.

Зээлдэгч нарын хүсэлтийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн №ОСЗГ/72-2-н тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-ний дагуу хугацааг 21 жил 7 сар буюу 259 сар болгон өөрчилсөн.

Хариуцагч нараас “Орон сууцны зээлийн гэрээ”-р хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж 2023 оны 05 дугаар 01-ний өдөр №6/4403-н тоот мэдэгдлийг гардуулан үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр №ОСЗГ/72-н тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах бүрэн үндэслэлтэй болно. Зээлдэгч нар нь №ОСЗГ/72-н тоот гэрээний ,6.2.4-д заасны дагуу төлбөрийн хуваарь зөрчигдсөн өдрөөс эхлэн төлөгдөөгүй байгаа зээлд үндсэн хүү (үндсэн хугацааны болон хэтэрсэн хугацааны)-ний хамт нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож төлөх үүрэгтэй. Зээлдэгч нь зээл зээлийн хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүйгээс 2023 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээл: 66,429,492.67 (жаран зургаан сая дөрвөн зуун хорин есөн мянга дөрвөн зуун ерэн хоёр төгрөг жаран долоон мөнгө) төгрөг;

Зээлийн үндсэн хүү: 5,649,190.94 (таван сая зургаан зуун дөчин есөн мянга нэг зуун ерэн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг;

Нэмэгдүүлсэн хүү: 23,538.19 (хорин гурван мянга таван зуун гучин найман төгрөг арван есөн мөнгө) төгрөг;

Нотариатын зардал: 30,000.00 (гучин мянга) төгрөг

Нийт: 72,132,221.80 (далан хоёр сая нэг зуун гучин хоёр мянга хоёр зуун хорин нэгэн төгрөг наян мөнгө) төгрөг байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

Нэг. Талуудын хооронд байгуулсан 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр №ОСЗГ/72-н тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцалж, хариуцагч Л.Б, Д.М нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 72,132,221.80 (далан хоёр сая нэг зуун гучин хоёр мянга хоёр зуун хорин нэгэн төгрөг наян мөнгө) төгрөгийг, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөрийн хамт гаргуулж “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-д олгож өгнө үү.

Хоёр. Хариуцагч Л.Б, Д.М нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд “Орон сууцны зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргийн баталгаа болгож №ОСЗБГ/72-н тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр барьцаалсан Л.Бн өмчлөлийн улсын бүртгэлийн ,,, дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн ,,,, м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

1а. Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Мөн батлан даалтын гэрээ байгуулсан. 80 сая төгрөгийг зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Бн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нарын хүсэлтээр 6, 6 сарын хугацаатайгаар гэрээний хугацааг 2 удаа сунгаж байсан. Хариуцагч нараас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэл өгч зөрчлөө арилгах боломж олгож байсан. Мөн утсаар энэ талаар мэдэгдэж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний 9, Иргэний хуулийн 225-д зааснаар гэрээг цуцлах үндэслэлтэй. Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 72,132,221.80 гаргуулна. Мөн хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Зээлийн зөрчил нь 9,103,716.36 төгрөг бөгөөд үүнийгээ төлбөл гэрээг үргэлжлүүлэх боломжтой. Харин сарын хугацаа олгох боломжгүй гэв.

 

2.         Хариуцагч Л.Б, Д.М нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л. Б, Д. М нар нь Хтай 2013 оны 8-р сарын 21-ний өдөр ОСЗГ/72 тоот орон сууцны зээлийн гэрээ, ОСЗБГ/72 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ЗБДГ/72 тоот зээлийн батлан даалтын гэрээ тус тус байгуулан 80,0 сая төгрөгийн орон сууц худалдан авах зориулалтаар жилийн 8,0 хувийн хүүтэй 240 сарын зээлийг ,,, тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй БЗД-ийн 3,,,, м2 3 өрөө орон сууцыг барьцаалан авсан.

Тус зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр ямар нэг сааталгүй төлөгдөж байгаад ковид-19 халдварт өвчлөлтэй холбогдон эрхэлж байсан бүх бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогсоод хөрөнгө санхүүгийн маш хүндрэлтэй нөхцөлд орж зээлийн төлөлт өнөөдрийг хүртэл ямар нэг төлбөр хийгдээгүй байгаа болно. 2023 оны 2 сараас эхлэн үйл ажиллагааг дахин шинээр эхлүүлэхийн тулд хувь хүнээс өндөр хүүтэй богино хугацааны зээлийг авч ажиллаж байна. Дээрх гэрээний үүргээр бид авсан зээлийг хүүгийн хамтаар бүрэн төлөх үүрэгтэй тул өнөөдрийн байдлаар үүссэн зээлийн үндсэн ба нэмэгдүүлсэн хүүгийн зөрчил болох 5,672,729.13 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулан ОСЗГ/72 тоот зээлийн гэрээг цаашид үргэлжлүүлэн ямар нэг зөрчил гаргахгүйгээр төлбөрийг бүрэн барагдуулахаар Хтай эвлэрч үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа энэхүү тайлбараар хүргүүлж байна.

2а. 2013 оноос хойш орон сууцыг худалдаж аваад зээлийн гэрээгээр зээл авсан. Цар тахлын улмаас гэр бүлийн бизнес зогсоод одоо бусадтай хамтран үйл ажиллагаа сэргэж байна. Нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа юм. Гэвч зээлийн үлдэгдэл 5 саяыг төлөөд гэрээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байгаа юм. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр хүү зогсдог. Гэтэл нэмж хүү тооцсон байх тул нэхэмжлэл гаргах үеэр төлөх хүсэлтэй. Харин нэмсэн дүнгээр зөвшөөрөхгүй. 80 саяыг өөрийн дансаар аваад худалдсан хүндээ өгсөн гэв.

 

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс нотариатын зардалтай холбогдох баримт /хх9/, зээлийн өргөдлийн хуулбар /хх10-11/, орон сууцны зээлийн гэрээний хуулбар /хх12-13/, барьцааны гэрээний хуулбар /хх13-14/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх15/, барьцаалбарын хуулбар /хх16/, батлан даалтын гэрээний хуулбар /хх17/, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээний хуулбар /хх18,/ эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хх19-21/, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээний хуулбар /хх22/, эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хх23-25/, 2023 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 6/4403 дугаар албан тоотын хуулбар /хх26/, зээлийн гүйлгээ хийх шийдвэрийн хуулбар /хх39/, зээлийн хорооны хурлын шийдвэрийн хуулбар /хх40/, зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх41/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                   ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нараас нийт 72,132,221.80 төгрөг гаргуулж, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг даалгаж шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “Х” ХК нь зээлийн гэрээний үүрэг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд нийт 72,132,221.80 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.         Хариуцагч Л.Б, Д.М нар нь зээл авсан бөгөөд буцаан төлөх хуваарь зөрчсөн талаар маргаагүй, харин цар тахалтай холбоотойгоор орлогогүй болсон гэх тайлбарыг гаргаж байна.

 

4.         Зохигчид 2013 оны 08 дугаар сарын 21-ны өдөр ОСЗГ/72 дугаар, 80,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны зээлийн гэрээг жилд 8 хувь, сард 0.67 хувийн хүү, үндсэн хүүгийн 20 хувьд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож 20 жил буюу 240 сарын хугацаатайгаар байгуулжээ. /хх12-13/

Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу зээл олгогдож, улмаар Баянзүрх дүүрэг, ,,,, м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг худалдан авсан үйл баримтын талаар маргаагүй. Ийнхүү зээл олгогдсоноор дээрх зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

Цаашлаад, зохигчид 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэрээний хугацааг 20 жил 6 сар буюу 246 сар, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрээний хугацааг 21 жил 7 сар буюу 259 сар болгон сунгаж нэмэлт гэрээ байгуулж, тухай бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталжээ. /18-25/ Ийнхүү гэрээний хугацааг сунгаснаар гэрээ 2035 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дуусах байсан.

4а. Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн талаар маргаагүй бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 01-ны өдөр 6/4403 дугаар албан тоотоор хариуцагч Л.Бд үүргээ гүйцэтгэхийг мэдэгдсэн байна. /хх26/

Гэвч зээлийг эргэн төлөх хуваарь зөрчсөн зөрчил арилаагүй байх тул зээлийн гэрээний 9.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах буюу гэрээг цуцлах эрх үүсжээ.

 

5.         Иймд зээлийн гэрээний дагуу хариуцагч нарт үүссэн үүргийг  тооцвол:

Зээлийн гэрээ байгуулсан 2013 оны 08 дугаар сарын 21-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 10 жил 16 хоног хэрэгжсэн байна. Зохигчид зээлийн гэрээгээр жилд 8 хувийн хүү төлөхөөр тохиролцсон тул 1 жилд 6,400,000 /80,000,000*8%/ төгрөг, 10 жилд 64,000,000 төгрөг, 1 хоногт 17,534.25 /6,400,000/365/ төгрөг, 16 хоногт 280,548 төгрөг, нийт 64,280,548 төгрөгийн хүү тооцогдоно.

5а. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцалсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацаанд гэрээний үүрэг буюу хүү шаардах эрхгүй. Мөн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул нэмэгдүүлсэн хүү шаардах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэхгүй юм.

Дээрхээс үзэхэд хариуцагч нарт үндсэн зээл, хүүд нийт 144,280,548 /80,000,000+64,280,548/ төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

5б. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээл, хүүгийн тооцооллоос үзэхэд хариуцагч нар нь нийт 51,741,253.78 төгрөг төлсөн байх бөгөөд хариуцагч нар энэ мөнгөн дүнгийн талаар маргаагүй. Иймд хариуцагч нарын гүйцэтгээгүй үүрэг нь 92,539,294.22 төгрөг болно.

5в. Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад зориулж нотариатын үйлчилгээнд 30,000 төгрөг төлсөн болох нь мөнгөний тасалбар, холбогдох хүсэлтийн хуулбараар тогтоогдсон. /хх9/

Гэвч нэхэмжлэгч нь зээлийн төлөлт тус бүрээр үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, гэрээний үүрэг гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд нийт 72,132,221.80 төгрөг шаардсан тул шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв.

 

6.         Хариуцагч нар нь цар тахалтай холбоотойгоор орлогогүй болж зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн гэх боловч энэхүү тайлбар нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

7.         Зохигчид 2013 оны 08 дугаар сарын 21-ны өдөр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, ,,,, м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Уг барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон байна. Мөн энэхүү орон сууцтай холбоотойгоор барьцааны гэрээ байгуулсан өдөр барьцаалбар үйлдэгджээ. /хх13-14, 16/

Иймд хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний зүйлээр хангуулах үндэслэлтэй.

 

8.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбоогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

           ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Л.Б, Д.М нараас 72,132,221.80 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХК-д олгосугай.

2.         Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Л.Бн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ,,,,,м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 588,811.10 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 588,811.10 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.Г