Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга ...., улсын яллагч ...., шүүгдэгч ......, түүний өмгөөлөгч ....... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .........холбогдох ............ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн ........ суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг Завхан аймгийн ....... сумын  ............. багт оршин суух хаягтай, .......шүүхийн ........ оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор ........... бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан.

......... овогт ......... /РД: .........../

Шүүгдэгч .......... нь 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн ..... сумын ........ багийн .......... тоотод байрлах иргэн ..............ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг хөшиж онгойлгоод дотогш хууль бусаар нэвтэрч том өрөөнд байрлах бурхны хайрцгаас 205,000 төгрөг, жижиг өрөөнд байрлах хөлдөөгчөөс 15 кг үхрийн гуяны цул мах, 10 литр үхрийн хөлдөөсөн сүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ....... 205,000 төгрөг бэлнээр, 10 л үхрийн сүүний үнэлгээ 15,000 төгрөг, 15 кг үхрийн махны үнэлгээ 292,500 төгрөг, нийт 512,500 төгрөгийн бодит хохирол, вакум цонхны түгжээ хөшиж эвдэрсний 48,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан  буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч ......т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

                Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ......... нь 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн ....... сумын ......... багийн 9-939 тоот хашаанд байрлах ..........ын байшингийн  цонхыг эвдэлж онгойлгоод дотогш нэвтэрч том өрөөнд байрлах бурхны хайрцгаас 205,000 төгрөгийг бэлнээр, жижиг өрөөнд байрлах хөлдөөгчөөс 15 кг үхрийн мах, 10 литр үхрийн хөлдөөсөн сүү  авсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Хохирогч ........... гэрээсээ эд зүйлээ алдсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч ........ын “...Манай гэрийн арын өрөөний цонх хөшиж том өрөөнд хойморт байрлах бурханы хайрцаг дотор байсан бэлэн 20,000 төгрөгний дэвсгэрт 10-н ширхэг, 50 төгрөгний дэвсгэрт 100 ширхэг нийт 205,000 төгрөгийг, жижиг өрөөнд байрлах хөлдөөгчнөөс үхрийн шулсан гуяны мах ойролцоогоор 15 кг, зэрэгцээ хөлдөөгчинд байсан цэвэр усны 5 литрийн саванд савласан 2 ширхэг нийт 10 литр үхрийн сүү зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч ........ын “…гэртээ иртэл манай  2 давхар байшингийн нэг давхрын жижиг өрөөний арын вакум цонхыг хөшиж онгойлгоод хулгай орсон байдалтай байсан. ...эхнэр бид хоёр гэрт байгаа зүйлээ бүртгэж үзэхэд манай гэрийн том өрөөний хоймор байдаг бурханы бор хайрцаг дотор байсан 205,000 төгрөг болон жижиг өрөөнд байсан хөлдөөгчнөөс гялгар ууттай үхрийн гуяны ойролцоогоор 15 кг жинтэй шулсан цул мах, цэвэр усны 5 литрийн хэмжээний савтай 2 ширхэг сарлагийн түүхий сүү тус тус алга болсон байсан. ...Тэгээд л цагдаагийн байгууллагад манайх дуудлага өгсөн.  ........... гэдэг хүн манайхаар урьд өмнө нь хэд хэдэн удаа орж ирээд архи нэхээд янз бүрээр хэл амаар доромжлоод байдаг байсан…” гэсэн мэдүүлгээр,

Хохирогчийн алдагдсан зүйлийн талаар мэдүүлсэн гэрч ........ “…Би ........ нийлээд 6 хүн очсон. ...Тэдний гэрт ороод цамцаа тайлаад цээж нүцэглээд .......... нь гараад явсан. Тухайн үедээ хар цамцтай байсан. Цай уугаад сууж байсан чинь ......... 4,5 литрийн цэвэр усны савтай хөлдүү сүү, цагаан хартай торонд 3-4 кг орчим мах бариад согтуу ороод ирсэн.  ...Би ........ надад өгөх гэж мах сүү авч ирсэн гэж ойлгосон. ........... наад мах сүүнийхээ учрыг нь олоорой гэж хэлээд бид хэд явцгаасан. ............ нь тухайн үед хар цамц, хар өмдтэй байсан... ...4,5 литрийн цэвэр усны савтай хөлдүү сүү, хар цагаан өнгө холилдсон гялгар тортой мах зэрэг эд зүйлүүд харагдаж байсан...”  гэсэн мэдүүлгээр,

 Энэ талаар мэдүүлсэн гэрч .........ын “…2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр манай гэрт ...мөн миний зээ болох ...... байсан. .........аас ирсэн зочид хэлэхдээ .....г согтуу байхад нь дэлгүүрийн гудамнаас машиндаа суулгаад аваад ирлээ гэж байсан. ............. манай гэрээс гараад явсан, удалгүй буцаж манай гэрт орж ирэхдээ гартаа жижиг хар эрээн ууттай цувдай гэдэс бололтой зүйл, нөгөөх нь үхрийн мах бололтой зүйл, асгараад гадна тал нь шороо болчихсон 5 литрийн усны савтай сүү, сүүний тал нь асгарчихсан зүйлүүд авч орж ирээд ..........аас ирсэн зочид руу өгсөн чинь тэд аваагүй, миний эмэгтэй дүү ........ над руу хандаж .......... энэ зүйлийг би авахгүй, энэнийхээ учрыг олоорой гээд манай гэрийн баруун талд өгсөн сүү махыг нь тавиад .......... хот руу буцаад явсан...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар  тогтоогдож байна.

 Шүүгдэгч .........гийн үйлдлийн улмаас хохирогч ..........т  355,500 төгрөгийн эд зүйлийн хохирол учирсан нь “........” хөрөнгө үнэлгээний компанийн үнэлгээчин ..........ийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ......... дугаартай “...мах, сүүний үнэ нийт 355,500  төгрөг...” гэсэн  дүгнэлтээр тогтоогджээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ  хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

Хулгайлах  гэмт хэрэг нь  бусдын  өмчлөлд байгаа эд зүйлийг гэмт этгээд ашиг олох  зорилгоор шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар  авахыг ойлгох бөгөөд хулгайлсан эд зүйлээ эзэмшилдээ авч захиран зарцуулах боломжийг бий болгодог.

Шүүгдэгч .......... нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэж хохирол  хор уршигт зориуд хүргэж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 Хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч  эд хөрөнгийг хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр  хуульчилсан.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Орон байр” гэх ойлголтод хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг хамааруулан ойлгох ба бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулж, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг  хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учирсан бол  гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээ харгалзахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

Шүүгдэгч ......... нь хохирогч ............ын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  бусдын  эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсэж үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг,  хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах  зориулалттай  байшингийн цонхыг эвдлэн нэвтэрч  эд зүйл хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн обьектив шинжийг  тус тус хангаж байна.

Шүүгдэгч ............ өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргаж илэрхийлсэн  бөгөөд түүнд  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч ..........г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч ........ нь хохирогч ...........т  учирсан хохирол хор уршгийг  бүрэн  төлж барагдуулсан  байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч ............д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ......... нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ шүүх хуралдааны үед ч илэрхийлж байна.

Шүүгдэгч ........... нь хохирогч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон  гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын дээд хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах…” гэсэн заалтыг  баримтлан  ял оногдуулах нь зүйтэй байна.        

Улсын яллагчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч .............д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан   гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч .........  01 /нэг/ жилийн хугацаагаар  хорих ял оногдуулж, оногдуулсан  хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх  зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч саналаа дэмжсэн байна.

Шүүгдэгч ..............д прокурорын сонсгосон ял нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч ............д Эрүүгийн  хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ............д тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ...........г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ............д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..........д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч ..........д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 5.Шүүгдэгч ........д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н. ДЭЛГЭРМАА