| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/04632/И |
| Дугаар | 101/ШШ2023/04233 |
| Огноо | 2023-10-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2023/04233
| 2023 о 10с 02ө | Дугаар 101/ШШ2023/04233 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Б даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:, В ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э /рд:/-д холбогдох,
75,593,720 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Ж нар оролцов.
Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани 2001 оноос эхлэн тамхины импорт худалдааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зах зээлд Cester* Mevius, LD, Aroma Rich зэрэг брендийн тамхи, тамхин бүтээгдэхүүнийг оруулж ирэн Монгол улсын зах зээлд нийлүүлж байна. Өнөөдрийн байдлаар 3500 гаруй харилцагчтай бөгөөд харилцагч нартаа худалдааны хамгийн таатай нөхцлийг санал болгож хамтран ажилласаар ирсэн. Бид харилцагчдынхаа эдийн засгийн нөхцөл бололцоонд тохируулан өөрсдйинх нь хүсэлтийн дагуу бараа зээлээр аваад тодорхой хугацааны дараа хүүгүйгээр төлбөрийг буцаан төлөх нөхцөлтэй Зээлээр бараа нйилүүлэх гэрээ байгуулан хамтран ажилладаг. Гэрээний 1.1-т янжуур тамхи-г зээлээр нийлүүлдэг талаар тусгасан байгаа болно. Дээрх зарчмын дагуу хариуцагч Б.Этай 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 12 сарын хугацаатай Зээлээр бараа нийлүүлэх гэрээ байгуулж, барааны төлбөрийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор төлж барагдуулархаар харилцан тохиролцсон байдаг. /Зээлээр бараа нийлүүлэх гэрээний 4.2 дахь хэсэг/ Гэрээний дагуу Б.Эрдэнбат барааны захиалгыг өгч, бид захиалгын дагуу барааг хүргэж өгөх, тэрээр хүлээн авсан барааны төлбөрийг гэрээнд заасан буюу 7 хоногийн дотор төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн байдаг. Гэвч Б.Э нь 2023 оны 3 сард авсан барааны төлбөрөө бүрэн төлж барагдуулахгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Тодруулбал: Б.Э нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 7,174,000 төгрөгийн, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 1,035,000 төгрөгийн, 2023оны 03 дугаар сарын 24-ний өдөр 1,845,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 8,150,000 төгрөгийн, 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 11,415,000 төгрөгийн, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 4,660,000 төгрөгийн, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 30,805,000 төгрөгийн, нийт 65,084,000 төгрөгийн бараа зээлээр авсан. Тамхины нэр төрөл, тоо ширхэг нь бараа хүлээлгэн өгсөн баримтад тодорхой тусгагдсан байгаа болно. Б.Э нь дээрх барааны төлбөр болох 65,084,000 төгрөгөөс 9,345,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 55,739,000 төгрөгийг гэрээний хугацаандаа төлөхгүй байсан тул компаниас түүнтэй тооцоо нйилсэн акт үйлдэж, Б.Эын хүсэлтийн дагуу төлбөр барагдуулах гэрээ байгуулан төлбөрөө төлөх нэмэлт хугацаа тогтоож өгсөн байдаг. Тэрээр манай компанийн 2 борлуулагчаас бараа авсан байсан тул тус бүрд нь төлбөр барагдуулах гэрээ хийсэн болно. Нэхэмжлэлд 2 төлбөр барагдуулах гэрээг хавсаргасан. Гэвч тэрээр төлбөр төлөхөөр нэмэлтээр тогтоож тохиролцсон хугацаанд 1,935,640 төгрөгийг төлөөд элдэв шалтаг тоочин үлдэгдэл 53,803,360 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрч шүүхэд хандахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн болно. Талууд хоорондоо байгуулагдсан Зээлээр бараа нийлүүлэх гэрээ-ний 6.1-д Харилцагч гэрээнд заасан хугацаанд зээлээр нийлүүлсэн барааны төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үүргийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасан байдаг. Б.Э нь 2023 он 03 сард 7 удаагийн нйилүүлэлтээр бараа авсан байдаг бөгөөд биднйи зүгээс гэрээний дагуу төлбөр төлөх хугацааг хамгийн сүүлд бараа авсан буюу 2023.03.31-ний өдрөөс хойш 7 хоногийн дотор төлбөрийг төлөх ёстой байсан гэж тооцсон болно. Тиймээс 2023.04.07-ны өдрөөс эхлэн гэрээний дагуу алданги тооцож бодсон. 2023.04.07-ноос хойш төлбөрөө төлөөгүй хугацаа хэтэрсэн хоногийг нэхэмжлэл гаргах өдөр буюу 2023.06.27 хүртэл тооцвол хуанлийн хоногоор 81 хоног болж байна. Тооцоолол дэлгэрэнгүй /53,803,360 төлөгдөөгүй дүн *0.5 алданги хувь/ 100=269,016.8 нэг хоногт ногдох алданги *81 хоног=21,790,360.8 нийт алданги/
Иймд Б.Эаас Зээлээр бараа нийлүүлэх гэрээний үүрэгт 53,803,360 төгрөг, алданги 21,790,360.8 төгрөг, 75,593,720.8 төгрөг гаргуулж өгнө үү .... гэв.
Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: хэргийн 5-16-р тал.
Хариуцагч талаас шүүхэд өгсөн нотлох баримт: байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч В ХХК хариуцагч Б.Эад холбогдуулан худалдсан барааны үнэд 53,803,360 төгрөг, алдангид 21,790,360.80 төгрөг, нийт 75,593,720.80 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Б.Эад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гардуулж өгсөн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.
В ХХК болон Б.Э нарын хооронд 2023 оны 01 сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд худалдагч тал болох В ХХК янжуур тамхи худалдах, худалдан авагч тал болох Б.Э үнийг төлөхөөр тохирсон болох нь нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан зээлээр бараа нийлүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-7-8/
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч В ХХК 2023 оны 03 сарын 13-нд 7,174,000 төгрөгийн, 2023 оны 03 сарын 16-нд 1,035,000 төгрөгийн, 2023 оны 03 сарын 24-нд 1,845,000 төгрөгийн, 2023 оны 03 сарын 28-нд 8,150,000 төгрөгийн, 2023 оны 03 сарын 29-нд 11,415,000 төгрөгийн, 2023 оны 03 сарын 30-нд 4,660,000 төгрөгийн, 2023 оны 03 сарын 31-ний өдөр 30,805,000 төгрөгийн, нийт 65,084,000 төгрөгийн тамхийг Б.Эад хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан бараа хүлээлгэн өгсөн баримт зэргээр тогтоогдож байна. /хх-11-12/
Б.Э дээрх барааны үнэд 9,345,000 төгрөгийг В ХХК-д төлж, 2023 оны 04 сарын 13-ны байдлаар борлуулагч У.Д-с хүлээн авсан барааны үнэд 30,805,000 төгрөг, борлуулагч Б.Т-с авсан барааны үнэд 24,934,000 төгрөг, нийт 55,739,000 төгрөгийн өглөгтэй байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тооцоо нийлсэн акт, төлбөр барагдуулах гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-9,13/
Б.Э 2023.04.14-ний өдрөөс 1,935,640 төгрөгийг В ХХК-д төлж, 2023 оны нийт 53,803,360 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч төлсөн баримтыг өгөөгүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хариуцагч Б.Э худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох худалдан авсан барааны хэлэлцэн тохирсон үнийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай байх тул хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 53,806,360 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Талууд гэрээний 4.2-т бараа авснаас хойш 7 хоногийн дотор төлбөрийг төлөх, 6.1-д гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөрийн хуваарийн дагуу төлөх нийт үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.
Худалдан авагч 2023.03.31-нд бараа авснаас хойш 2023.04.07-ны дотор төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдсон тул 2023.04.08-ны өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023.06.27-ны өдрийг хүртэлх 81 хоногт алданги тооцоход /53,806,360*0.5%*81хоног/ 21,791,576 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч 21,790,360.80 төгрөг шаардсан тул уг дүнгээр гаргуулах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн төлбөрт 53,803,360 төгрөг, алдангид 21,790,360.80 төгрөг, нийт 75,593,720.80 төгрөг гэж тодорхойлсноор шүүх иргэний хэрэг үүсгэжээ.
Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.-т үндэсний мөнгөн тэмдэгт гэж Монгол банкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлнэ гэж заасан тул төгрөгийн задгай нэгж болох мөнгө Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар иргэний гүйлгээнээс хасагджээ.
Иймд алдангийн мөнгөөр илэрхийлсэн хэсгийг хасав.
Иймд хариуцагч Б.Эаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 53,806,360 төгрөг, алдангид 21,790,360 төгрөг, нийт 75,593,720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэлийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 536,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75,593,720 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 535,934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Эаас 75,593,720 /далан таван сая таван зуун ерэн гурван мянга долоон зуун хорь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 535,934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ