Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 0056

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Жд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                  Н.Д

Нарийн бичгийн дарга           Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолтой, С.Жд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Жы давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Х овогт С-ын Ж.

С.Ж нь        аймгийн         сумын         багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” бүжгийн клубийн үүдэнд 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Л.Бийн зүүн мөрөн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Х овогт С-н Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Жд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

шүүгдэгч С.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жаас 270.000 төгрөг гаргуулж, хохирогч Л.Бт олгох,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зураг 1 ширхэг, эмнэлгийн баримт 3 хуудас зэргийг хохирогчид буцаан олгож, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Ж давж заалдах гомдолдоо:

 

... Г.Бтэй холбогдолтой Эрүүгийн хэргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: “ ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна ... “ гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Жы давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

             Шүүгдэгч С.Ж нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр          аймгийн          сумын          багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” бүжгийн клубийн үүдэнд иргэн Л.Бийн зүүн мөрөн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

 

             хохирогч Г.Бийн шүүх хуралдаанд өгсөн ... согтууруулах ундаа хэрэглэсэн хүн оруулахгүй гэхэд чи ямар сонин юм гээд мөр рүү цохисон, элдвээр хэлсэн ... Би тэр дороо Ч-д мөрөө харуулахад хавдаж улайсан байсан. Тэгээд 2-3 өдөр цайгаар шавшаад хавдар нь буусан тул яваад л байсан. Тэгээд оройдоо янгинаад байхаар нь зургаа авахуулахад шөрмөс нь гэмтсэн байна гэсэн. Хот руу явж үзүүлэхэд шөрмөс урагдсан гэсэн ... гэсэн мэдүүлэг,

 

             гэрч Б.Ч-н ... тэр өдөр Б над дээр ирээд С.Ж архи уучихсан ирээд “Хүн хармаар байна. Миний харах гэж байгаа хүн энд байгаа” гэхээр нь би оруулахгүй гэж хэлэхэд миний зүүн талын гар руу цохисон. Би мөчөөгөө өгөөгүй бас цохисон гэж хэлээд зүүн талын мөр хэсгээ үзүүлэхэд бага хэсэгт хавдаад, цэнхэр өнгийн туяа үүсчихсэн байсан ... гэсэн мэдүүлэг,

 

             гэрч С.Э-н ... Ж гаднаас орж ирээд Бтэй маргалдчихлаа, тэдний бүжгийн клуб руу орох гэхэд оруулахгүй байхаар нь хэрэлдээд ирлээ гэж хэлсэн ... энэ үйл явдлаас болж 2-3 сарын дараа Б манай бүжгийн клуб дээр ирээд Жтай уулзаад мөнгө нэхээд байсан ... гэсэн мэдүүлэг,

 

             хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 749 дугаартай ... Л.Бийн биед зүүн гарын эргүүлэгч булчингийн шөрмөсний бүрэн тасраагүй урагдал үүссэн, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

             Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

 

             Анхан шатны шүүх шүүгдэгч С.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Хууль ёсны болон Шударга ёсны зарчимд нийцжээ.

 

             Иймд шүүгдэгч С.Жы ... Г.Бтэй холбогдолтой Эрүүгийн хэргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

             Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт ... шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа хуулийг хэрэглэнэ ... гэж заажээ.

 

             Үүнээс үзэхэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрх хуульд хамрагдах тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Жд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Жы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус заасныг баримтлан  шүүгдэгч С.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                      ШҮҮГЧ                                                       М.ХҮРЭЛБААТАР

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         З.ХОСБАЯР