Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/01412

 

ИГын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01453 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ИГын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э, Х.Б, Ц.Б, Ж.Ц, Г.Э нарт холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, Б.Т, хариуцагч Г.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч нарын өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч ИГын дарга Л.Бямбасүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Ж.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газар Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс орон сууцны хөнгөлөлт олгодог журамтай. Зарим тохиолдолд хөдөлмөрийн дотоод журамдаа тусгаж өгсөн байдаг. Тодорхой хэмжээний төлбөрийг шаардлага хангасан ажилтандаа орон нутаг, бүсчлэлээр олгодог бөгөөд үүний дагуу 2008, 2009 онд нэр бүхий 5 хариуцагчид ИГын даргын тушаалаар орон сууцны хөнгөлөлт 20 000 000, 24 000 000 төгрөгийг тус тус олгосон. Ингэж олгохдоо эхний удаад ямар нэгэн суутгалгүйгээр бүтнээр нь олгосон. 2016 онд Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн ахлах байцаагч Хувь хүний орлогын албан татварыг суутгах ёстой байсан гэж акт тавьж, байгууллагад нийт олгосон 14.0 тэрбум төгрөгийг  татвар суутгах тухай, 14.0 тэрбум төгрөгөөс гадна хүү, торгууль гэсэн 300.0 тэрбум гаруй төгрөгийн акт тавьсан. Тус газраас дээрх актыг эс зөвшөөрч орон сууцны хөнгөлөлт нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасан чөлөөлөгдөх орлого юм гэж маргасан боловч Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр орон сууцны хөнгөлөлт нь татвар ногдох орлого мөн гэж үзэж актыг биелүүлэхийг даалгасан ба Иргэний нисэхийн ерөнхий газар 2016 онд өөрийн орлогоос байгууллагын хувь хүний орлогын албан тавар, хүү, торгуулийг төлсөн. Үүний дараа 2012-2017 он, 2018 оны эхний хагасын ИГын Санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийгдэж, Сангийн яамны улсын ахлах байцаагчаас албан шаардлага гаргасан ба уг шаардлагад орлогын албан татварыг гүйцэд төлсөн байна, тухайн нэр бүхий хүмүүсээс буцааж гаргуул гэж 2018 оны 02 дугаар сарын 8-ны өдөр албан шаардлагыг ирүүлсэн. Энэ шаардлагын дагуу тухайн үед орон сууцны хөнгөлөлт авч байсан ажилчидаа танилцуулж, сайн дураар төлөх ёстой төлбөрийг бид нар өмнөөс нь төлчихөөд байна, 3 сарын хугацаанд төлөхийг үүрэг даалгавар болгон санал тавьсан байдаг. Гэтэл одоог хүртэл энэ мөнгийг төлөөгүй байгаа учраас орлогын албан татварын 10 хувь буюу хариуцагч Б.Э, Х.Б, Ц.Б нараас тус бүр 2 000 000 төгрөг, Ж.Ц, Г.Э нараас тус бүр 2 400 000 төгрөг нийт 10 800 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч Д.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нараас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нар ажил олгогчтой хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц авах гэрээг байгуулж, 2008, 2010 онд хоёр хүнд 24 000 000 төгрөг, гурван хүнд 20 000 000 төгрөг олгосон асуудалд маргаан байхгүй. Уг гэрээний нөхцөл нь нэг талаас ажилчидаа дэмжиж хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц худалдаж авахад нь зориулж тодорхой хэмжээний мөнгийг өгье гэсэн үүргийг ажил олгогч хүлээсэн. Ажилтнууд гэрээний үүргийн дагуу байгууллагад 5 жил тасралтгүй ажиллана гэсэн үүргийг хүлээсэн. Гэрээний хугацаа  дуусгавар болсон. Хариуцагч нар энэ байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж, байгууллагаас олгосон 24 000 000 төгрөг, 20 000 000 төгрөгийг зориулалтын дагуу ашиглаж зарцуулсан. Ингээд 2010 онд гэрээний үүрэг дуусгавар болсон ба хүн тус бүрд хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Энэ гэрээний 4.1-т зааснаар гэрээний харилцаа дуусгавар болсны  дараа 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэл нь хариуцагч нараас 24.000.000 төгрөгийн 10 хувь буюу 2.400.000 төгрөг, 20 000 000 төгрөгийн 10 хувь буюу 2 000 000 төгрөгийг гаргуулна гэсэн. Гэрээний хугацаа дууссан учир шаардах эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь юу вэ, гэрээний үндсэн дээр шаардаж байна гэж үзвэл уг гэрээ дуусгавар болсон, гэм хор, бусад үндэслэлээр шаардаж байна гэвэл ажилтанд ямар ч буруу байхгүй. Байгууллагаас тухайн үед мөнгө олгосон уг мөнгийг зориулалтын дагуу ашигласан, ямар нэгэн байдлаар илүү авсан зүйл байхгүй. Тухайн үед бүх ажилчид бид нарын гар дээр өгч байгаа мөнгө 24 000 000, 20 000 000 төгрөг байна, татвар бусад зүйл нь хууль журмын дагуу зохицуулагдсан гэж ойлгож байсан. Энэ байдлыг ИГаас зөвшөөрдөг. Зөвшөөрч байгаа байдал нь 2010 онд 140.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгосон байхад 2012 оны 5 дугаар сарын 31-нд татвар суутгах хууль зөрсөн буруутай байна гэсэн улсын байцаагчийн акт тавигддаг. Энэ актыг хариуцагч тал эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандаж, гурван шатны шүүхээр бид ажилчдаа хөнгөлөлт олгож байгаа учраас суутгаж авах эрх байхгүй ажилчдаа мөнгийг бүрэн олгосон, эдгээр хүмүүсээс суутгаж авах ёсгүй гэж маргаад 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Дээд шүүхийн тогтоол гарч хүчин төгөлдөр болж, өнөөдөр үүнтэй маргаагүй. Үүний дараа 2016 онд Дээд шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд 2016 онд байгууллага өөрийн орлогоос 1 тэрбум 400 000 000 төгрөгийг төлдөг. Уг мөнгийг төлөхдөө мөн ажилчдаа хамгаалж ажилчдаас суутгаж авах ёсгүй, нягтлан бодогчийн хууль журам зөрчсөн буруутай үйл ажиллагаа байна гээд төлсөн. Энэ талаар нэхэмжлэгч маргадаггүй. Гэтэл Сангийн яамнаас 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр улсын байцаагчийн албан шаардлага гарсан ба уг албан шаардлагыг Иргэний нисэхийн ерөнхий газар буруу ойлгодог юм уу, эсхүл дахин сөхөгдөөд байгаа болохоор эцэслэн шийдвэрлэхээр зорьсон юм уу нийт 110 хүнээс 5 хүнд холбогдуулан Хан-Уул дүүргийн шүүх, 3 хүнд холбогдуулан Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сангийн яамны ахлах байцаагчийн акт нь ямар актад үндэслэсэн нь тодорхойгүй, ямар аудитын дүгнэлтэд гарч байгаа нь тодорхойгүй. Хэн хэнээс суутгаж авч байгаа нь тодорхойгүй актыг үндэслэж, шууд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ актад ажилчдаасаа нэхэмжилж ав гэсэн үг үсэг байхгүй. Баянгол дүүргийн шүүхэд өчигдрийн болсон шүүх хуралдаан дээр Р.Алтантуяа шүүгч тийм агуулга байхгүй байна, актаа сайн унш гэж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд мөн энэ актыг үндэслэж байна. Тэгэхэд энэ актад холбогдох хүмүүсээс суутгаж ав гэж заасан байдаг. Холбогдох хүмүүс гэдэг нь хувь хүний орлогын албан татварын хуулийг зөрчсөн нягтлан бодогч, санхүүгийн албаны удирдах хүмүүс юм. Нягтлан бодогч нарын хууль зөрчсөн буруутай үйлдлийг нэгэнт гэрээ байгуулж, дуусгавар болсон цаг хугацаанд суутган авах боломжгүй. Уг албан шаардлагатай нэхэмжлэгчийн зүгээс огт маргахгүйгээр ажилчид руугаа хандсан нь буруу гэж үзэж байна. Энэ харилцаа нь ажилтан, ажил олгогчийн хооронд үүсэж байгаа хөдөлмөрийн харилцаа. Хөдөлмөрийн харилцаа дундаа 24 000 000, 20 000 000 төгрөг нь цалин хөлс юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар  урамшуулал нь өөрөө нэмэгдэлд ордог. Үүнтэй холбогдуулаад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 3 сар байна гэж заасан ба 2010 онд болоод өнгөрсөн асуудалд 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 496.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Ж.Цаас 2 400 000 төгрөг, Г.Эоос 2 400 000 төгрөг, Б.Эгаас 2 000 000 төгрөг, Ц.Бээс 2 000 000 төгрөг, Х.Бас 2 000 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ж.Цаас 53 350 төгрөг, Г.Эоос 53 350 төгрөг, Б.Эгаас 46 950 төгрөг, Ц.Бээс 46 950 төгрөг, Х.Бас 46 950 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс харицагч Ж.Ц, Г.Э нараас тус бүр 2 400 000 төгрөг, Б.Э, Х.Б, Ц.Б нараас тус бүрээс 2 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ингэж шийдвэрлэхдээ шүүх бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэх Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн баримтласан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь хариуцагч нар ямар нэгэн хуулиар татвар суутгаж төвлөрүүлэх үүрэг хүлээгээгүй бөгөөд нэхэмжлэгч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4.1.4-т зааснаар суутгагчийн үүргийг хүлээсэн байдаг. Иргэний нисэхийн ерөнхий газар ажилтнууддаа хөнгөлөлтийг олгохдоо татвар суутгаж авахаар тохиролцоогүй бөгөөд үүнийг 3 шатны шүүхийн шийдвэрт тогтоож өгсөн байдаг.Түүнчлэн ажилтнууддаа дараа нь төлөхийг үүрэг болгосон зүйл байдаггүй. Гэрээ дуусгавар болсон тул шаардах эрх хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байгааг шүүх анхаарсангүй. Хариуцагч нарт тухайн үед орон сууцны хөнгөлөлт олгохдоо өөрсдөө татвар төлөх талаар хэлж байгаагүй бөгөөд хариуцагч нар бүгд нэхэмжлэгч байгууллагыг зохих журмын дагуу татвараа зохицуулсан, зохих журмаар олгосон хөнгөлөлт гэж үзэж байгаа тул төлөх үндэслэлгүй байна.

Орон сууцны хөнгөлөлт олгож байгаа нь ажил олгогчоос ажилтнаа дэмжиж байгаа хөдөлмөрийн харилцаа бөгөөд хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх 3 сарын хугацаа хэтэрсэн байгаа тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж зааснаар төлөхөөс татгалзаж байгааг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэргийн нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй алдаа гаргасныг зөвтгөж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Иргэний Нисэхийн ерөнхий газар нь хариуцагч Б.Э, Х.Б, Ц.Б, Ж.Ц, Г.Э нарт холбогдуулж  хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц худалдан авахад зориулж  мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлэхдээ хүн амын  орлогын албан татварын 10 хувийг суутган тооцохгүйгээр шилжүүлсэн тул одоо уг татварыг буцаан  гаргуулахаар шаардсан. Хариуцагч нар эс зөвшөөрч “татвар төлөх талаар тухайн үед мэдэгдээгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж маргажээ. /хх-1-2, 53/

 

Нэхэмжлэгч нь ИГын даргын 2008 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 468 дугаар тушаал, Иргэний Нисэхийн ерөнхий газар, Техникийн хангалтын албаны даргын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “дэмжлэг үзүүлэх тухай” 136 дугаар тушаалыг тус тус үндэслэн хариуцагч нартай “хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц худалдан авагчтай хийх” гэх гэрээг байгуулж хариуцагч Б.Э, Ц.Б, Х.Б нарт тус бүр 20 000 000 төгрөг, Ж.Ц, Г.Э нарт тус бүр 24 000 000 төгрөг олгосон үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна. /хх-10-14, 29-34/

 

Талууд  шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны  асуудлаар маргажээ.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч нарт олгосон мөнгөн хөрөнгө нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөх олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж гэдэгт хамаарахгүй, орон сууцны дэмжлэг болгон олгосон шууд бус орлогод албан татвар ногдуулаагүй нь “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг зөрчсөн болох нь захиргааны хэргийн 3 шатны шүүхээр тогтоогджээ. /хх-15-28/

 

Хэрэгт нэхэмжлэгчээс 2008-2012 онд орон сууцны хөнгөлөлтөнд олгосон мөнгөн хөрөнгөөс 10 хувийн холбогдох хүмүүсээс буцаан гаргуулахаар Монгол Улсын Сангийн Яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Татварын актыг төсвөөс төлсөнийг холбогдох хүмүүсээс суутган” авах тухай акт тавигдсан байна. /хх-4/

 

Тухайн 2008-2010 онуудад хариуцагч нарт дээрх 20 000 000 төгрөг, 24 000 000 төгрөгийг  шилжүүлэн өгөхдөө хариуцагч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар татвар ногдуулан суутгаж авах үүргээ биелүүлээгүй байх тул татварын улсын байцаагчийн акт тавьснаар хуулийн заалтыг мэдсэн гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч нарт  мөнгөн хөрөнгийг татвар ногдуулахгүйгээр шилжүүлснээс хойш 9-11 жил өнгөрсөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар иргэний хуульд тусгайлан зааснаас бусад шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь хуульд өөрөөр заагаагүй бол арван жил байхаар заажээ. Харин Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд  хуульд тусгайлан заасан дээрх  5 жилийн хугацааг  талуудын хооронд үүссэн харилцаанд тооцох нь зүйтэй юм.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Х.Бтай 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, Ц.Б, Б.Э нартай 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, Г.Э, Ж.Ц нартай 2010 оны 01 дүгээр 12-ны өдөр тус тус гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01453 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг баримтлан 10 800 000 төгрөг гаргуулах тухай ИГын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД