Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2023/00676

 

 

 

 

 

 

 

 

2023 8 22

130/ШШ2023/00676

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А ХХК Хаяг:Б аймаг, Ө  сум, 0 дүгээр баг, үйл ажиллагаа явуулдаг,

 

Хариуцагч: Н. Хаяг:  Б аймаг, Ө  сум, 6 дугаар багт оршин суух,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдаж авсан барааны үнэ 1,667,350 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н ,

Хариуцагч Н ,

Орчуулагч А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч А ХХК-ний захирал Д нь хариуцагч Н т холбогдуулан түүнээс зээлээр худалдаж авсан барааны үнэ 1,667,350 төгрөг гаргуулахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч А ХХК нь Б аймгийн Ө  суманд хүнсний барааны бөөний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь Ө  сумын төвд худалдаа наймаа эрхэлдэг дэлгүүрүүдэд зээлээр бараа бүтэгдэхүүн нийлүүлж тухайн бараа бүтэгдэхүүний төлбөрийг бараа худалдаалсны дараа хэсэгчлэн төлүүлж авдаг.

1.2 До  гэх супермаркетыг хариуцагч Н  болон түүний нөхөр хариуцан ажиллуулдаг байсан ба түүний нөхөр А ХХК-аас бараа бүтээгдэхүүн авсан байна. Гэхдээ хариуцагчийн нөхөр нь хаана байгаа нь тодорхойгүй тул зөвхөн Н ийн авсан бараа бүтэгдэхүүний үнийг нэхэмжилж байгаа.

1.3 Хариуцагч Н  нь энэхүү тооцоо дууссан гэж шүүхэд хариу тайлбар ирүүлсэн байна. Гэхдээ авсан барааны тооцоог дуусгаагүй. Тооцоог дууссан гэж үзэж байгаа тохиолдолд хариуцагч өөрөө тухайн тооцоо дууссан баримтыг нотлох баримтаар гаргаж өгөх үүрэгтэй байсан боловч ямар нэгэн тооцоо дууссан талаарх баримт гаргаж өгөөгүй.

1.4 Нэхэмжлэгч байгууллагын зүгээс төлбөртэй хүмүүст удаа дараа залгаж тухайн хүмүүсийн хүсэлтээр төлбөр төлөх хугацааг хойшлуулсаар байгаад аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хугацаа загаагүй зээлээр бараа авч барааг худалдаалсны дараа төлбөр тооцоогоо хийнэ гэсэн боловч бараа худалдагдаагүй, дэлгүүр ажиллаагүй гэх шалтгаан хэлсэн гэж байна.

1.5 Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж зааснаар хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Хариуцагч төлбөр тооцоогоо нэг сарын дотор төлөх үүрэгтэй байсан боловч үүргээ биелүүлээгүй.

1.6  Иймд хариуцагч Н ээс 2019 оны 02 дугаар сард зээлээр худалдан авсан барааны үнэ болох 1.667.350 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

2.Хариуцагч Н ийн хариу тайлбар, татгалзал:

2.1 Нэхэмжлэгчийн дурдаж байгаа хугацаанд нөхөр бид хоёр До  гэх супермаркетыг түрээсэлж ажиллуулдаг байсан. Тухайн үед А ХХК-аас барааг зээлээр худалдаж авахдаа өмнөх зээлээр авсан барааны үнийг төлсний дараа дахин зээлээр бараа авдаг байсан. Тухайн үед би худалдагчийн үүргийг гүйцэтгэдэг байсан. Нөхөр бид хоёр гэрлэлтээ цуцлуулж 2 жилийн хугацаа өнгөрч байна.

2.2  2019 онд нөхөр С ы хамт До  гэх дэлгүүрийг 2020 оны 12 дугаар сар хүртэл ажиллуулж, А ХХК-ний хүнсний бөөний дэлгүүрээс барааг падаанаар авч, миний бие 2019 оны 6 дугаар сард жирэмсний амралт  авахаас өмнө бүх дэлгүүрт тооцоогоо дансаар болон бэлэн бусаар төлж дуусгаж 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр амаржсан.

2.3 Хэрэв тооцоотой байсан бол тухайн үед яагаад шаардаж аваагүй юм вэ? бүхэл бүтэн 4-5 жилийн дараа гэнэт ийм төгрөгийг нэхэмжилж байгааг би зөвшөөрөхгүй. Тухайн үед дараагийн худалдагчид бүх тооцоогоо хийж дуусгаад бүх бараагаа хүлээлгэж өгсөн.

2.4 Тухайн үед А ХХК-аас барааг зээлээр худалдаж авахдаа өмнөх зээлээр  авсан барааны үнийг төлсний дараа дахин зээлээр бараа авдаг байсан. Хэрэгт авагдсан зарлагын баримтад дурдагдсан барааг авсан нь үнэн, уг баримтад зурсан гарын үсэг минийх мөн.

2.5 Нөхөр бид хоёр гэрлэлтээ цуцлуулж 2 жилийн хугацаа өнгөрч байна. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс энэхүү 4-5 жилийн хугацаандаа ямар нэгэн байдлаар надад төлбөр төлөхийг мэдэгдсэн зүйл байхгүй. Зөвхөн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шүүхээс намайг дуудсаны дараа энэхүү тооцооны талаар мэдсэн. Өнөөдөр төлж өгснөө нотолж чадахгүй байгаа боловч 4-5 жилийн хугацаандаа яагаад надаас залгаж шаардаж асуухгүйгээр өнөөдөр ийм мөнгөтэй гэж нэхэмжилж байгааг би зөвшөөрөхгүй.

2.6 Дэлгүүрээ ажиллуулдаг үед зөндөө падаанд гарын үсэг зурж бараа авдаг байсан. Анхны зээлээр худалдаж авсан барааныхаа төлбөрийг төлж дуусгасны дараа дахин зээлээр бараа бүтээгдэхүүн өгдөг байсан. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс өмнөх барааны үнийг төлөөгүй тохиолдолд дахин зээлээр бараа өгөхгүй. Заавал өмнөх тооцоогоо дуусгаж байж хоёр дахь удаа бараа бүтээгдэхүүн өгдөг байсан.

2.7 Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч талаас надад ямар нэгэн байдлаар утсаар ярьж төлбөр тооцоотой гэдгийг мэдэгдээгүй. Энэхүү үйл явдлаас хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тул төлбөрөө төлсөн талаар ямар нэгэн нотлох баримт хадгалж чадаагүй. Одоогийн байдлаар нөхөргүй 2 хүүхдээ арай гэж тэжээн тэтгэж байгаа тул нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилж байгаа мөнгийг төлж чадахгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А ХХК-ийн захирал Д ээс 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр Н өмгөөлөгчид олгосон итгэмжлэл, А ХХК-ний 2019.02.11-ний өдрийн хоёр ширхэг зарлагын баримт, нэхэмжлэлийн хувийг даалгаврын журмаар гардуулах тухай хүсэлт, А ХХК-ний хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нэхэмжлэгч талаас,

4.Хариуцагчаас 2023.07.27-ний өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: А ХХК нь тус аймгийн Ө  суманд хүнсний барааны бөөний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Н  нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 1,667,350 төгрөгийн барааг зээлээр худалдаж авсан боловч өдий хүртэл төлөөгүй. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс төлбөртэй хүмүүст удаа дараа залгаж тухайн хүмүүсийн хүсэлтээр төлбөр төлөх хугацааг хойшлуулсаар байгаад аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

7.Хариуцагч Н ээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...2019 онд нөхөр С ы хамт До  гэх дэлгүүрийг 2020 оны 12 дугаар сар хүртэл ажиллуулж, А ХХК-ний хүнсний бөөний дэлгүүрээс барааг падаанаар авч, миний бие 2019 оны 6 дугаар сард жирэмсний амралт  авахаас өмнө бүх дэлгүүрт тооцоогоо дансаар болон бэлэн бусаар төлж тооцоог дуусгаж 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр амаржсан. Хэрэв тооцоотой байсан бол тухайн үед яагаад шаардаж аваагүй юм вэ? бүхэл бүтэн 4-5 жилийн дараа гэнэт ийм төгрөгийг нэхэмжилж байгааг би зөвшөөрөхгүй. Тухайн үед дараагийн худалдагчид бүх тооцоогоо хийж дуусгаад бүх бараагаа хүлээлгэж өгсөн. А ХХК-аас барааг зээлээр худалдаж авахдаа өмнөх зээлээр авсан барааны үнийг төлсний дараа дахин зээлээр бараа авдаг байсан. Хэрэгт авагдсан зарлагын баримтад дурдагдсан барааг авсан нь үнэн, уг баримтад зурсан гарын үсэг минийх мөн. Нөхөр бид хоёр гэрлэлтээ цуцлуулж 2 жилийн хугацаа өнгөрч байна. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс энэхүү 4-5 жилийн хугацаандаа ямар нэгэн байдлаар надад төлбөр төлөхийг мэдэгдсэн зүйл байхгүй. Зөвхөн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шүүхээс намайг дуудсаны дараа энэхүү тооцооны талаар мэдсэн. Өнөөдөр төлж өгснөө нотолж чадахгүй байгаа боловч 4-5 жилийн хугацаандаа яагаад надаас залгаж шаардаж асуухгүйгээр өнөөдөр ийм мөнгөтэй гэж нэхэмжилж байгаа би зөвшөөрөхгүй гэж маргажээ.

8.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

8.1 Хариуцагч Н  нь нэр төрлийн барааг нэхэмжлэгч А ХХК-ний хүнсний бөөний дэлгүүрээс худалдаж авсан бөгөөд хэрэгт авагдсан 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэн зарлагын баримтууд болон талуудын тайлбараар энэхүү үйл баримт бүрэн тогтоогджээ.

8.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тайлбарладаг боловч шүүхээс зохигчийн тайлбарыг хэрэгт авагдсан А ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэн зарлагын баримттай харьцуулан дүгнэвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан нэр төрлийн хүнсний барааг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна гэж дүгнэлээ.

9.Хариуцагч Н  нь “2019 онд нөхөр С ы хамт До  гэх дэлгүүрийг 2020 оны 12 дугаар сар хүртэл ажиллуулж, А ХХК-ний хүнсний бөөний дэлгүүрээс барааг падаанаар авч, миний бие 2019 оны 6 дугаар сард жирэмсний амралт  авахаас өмнө бүх дэлгүүрт тооцоогоо дансаар болон бэлэн бусаар төлж тооцоог дуусгаж 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр амаржсан, харин нөхөр маань дараа нь дахин бараа авсан” гэж тайлбарлаж байгаа боловч уг татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж, нотлох үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй болно.

10.Мөн хариуцагч Н  нь нэхэмжлэгч А ХХК-ний хүнсний бөөний дэлгүүрээс 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн  Зарлагын баримтад дурдагдсан барааг худалдаж авсан болон уг баримтуудад зурагдсан гарын үсгийн хувьд маргаагүй, харин тухайн барааны үнийг тухайн үед төлж тооцоогоо дуусгасан, тооцоотой байсан бол 4-5 жилийн хугацаандаа нэг ч удаа шардаагүй, тухайн хугацаандаа шаардах байсан гэж маргажээ.

11.Талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар зохигч маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэх баримт хэрэгт байхгүй тул гэрээний үүргийг талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч А ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж барааг худалдан авагч хариуцагчид хүлээлгэн өгсөн байх бөгөөд худалдан авагч хариуцагч Н  нь худалдан авсан барааны үнэ 1,667,350 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн нь тогтоогдсон байна.

12.Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч байгууллагын зүгээс төлбөртэй хүмүүст удаа дараа залгаж тухайн хүмүүсийн хүсэлтээр төлбөр төлөх хугацааг хойшлуулсаар байгаад аргагүйн эрхэнд  шүүхэд” хандсан гэж тайлбарладаг боловч уг тайлбарын үндэслэлийг нотолж чадаагүй бөгөөд нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Н тэй 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэлээ.

13.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зохицуулсан.

14.Гэтэл нэхэмжлэгч А ХХК нь 2019-02-11-ний өдрийн зарлагын баримтаар 1,667,350 төгрөгийн барааг хариуцагч Н т хүлээлгэж өгсөн ба хариуцагчаас уг барааны үнэ 1,667,350 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн хугацаанаас  хойш  нэхэмжлэгч 2023-03-15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үзвэл гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хугацаа дууссан байна.

15.Харин Иргэний хуулийн 82 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагаврын талаар зохицуулсан ба хуулийн 82.1-д зааснаар гэрээтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч тал үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байдаг. Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэлүүдийн талаар заасан ба хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэж үзэх эсхүл хугацааг сэргээх нөхцөл байдал үүссэн гэх баримт хэрэгт байхгүй байна.

16.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж зааснаар хэрэглэх боломжтой гэж тайлбарладаг боловч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан  зээлийн гэрээний харилцаа бус тус хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан  хүнсний барааг худалдах худалдан авах харилцаа үүссэн байх тул тухайн заалтыг үндэслээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

17.Иймд нэхэмжлэгч тал зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой шаардах эрх хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

18.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41627 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч  Н ээс зээлээр худалдаж авсан барааны үнэ 1,667,350 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч А ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41627 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.Ж