Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/705

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Б, Д.Б нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Хонгорзул,

хохирогч Г.Бийн өмгөөлөгч Я.Баярсайхан, Д.Цэнгэлмаа,

иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат,

шүүгдэгч Р.Бын өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/293 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хамтран, мөн иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Р.Б, Д.Б нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Ргийн Б, 1979 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

2. С овгийн Дийн Б, 1966 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ... нотариатч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Шүүгдэгч Р.Б нь 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ... 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” их дэлгүүрийн ... үйл ажиллагаа явуулах нотариатын газарт бусдыг хуурч, иргэн Г.Бийн эзэмшлийн ... УНЛ улсын дугаартай “Ланд круйзер 200” загварын тээврийн хэрэгслийг хуурамч бэлэглэлийн гэрээ үйлдэж, ашиглан өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, 140.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

шүүгдэгч Д.Б нь 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ... 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” их дэлгүүрийн ... нотариатын үйл ажиллагаа эрхлэн явуулж байхдаа ... УНЛ улсын дугаартай “Ланд круйзер 200” загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч Г.Бийн өмчлөх эрхийг зөрчиж, өмчлөгчийг байхгүйд, түүний иргэний үнэмлэхийн хуулбарыг үндэслэн автомашин бэлэглэх бэлэглэлийн илт хууль бус гэрээ хэлцлийг гэрчлэн баталж, бусдын эд хөрөнгийн эрхэд 140.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол, өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

... прокурорын газраас: Р.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ... прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х овгийн Рий Бод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Х овгийн Рий Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, иргэний үнэмлэх, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, шүүгдэгч С овогт Дийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсны улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Р.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бын 48 цаг баривчлагдсан хугацааны нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 16 цагийн ялыг хасаж, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 484 цагаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Бд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 34 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.Бод тус тус мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Д.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц ... УНЛ улсын дугаартай Ланд круйзер загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, ... УНЛ улсын дугаартай Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийг Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо, Төмөрчний 22-07 тоотод оршин суух Монгол овогт Гомбосүрэнгийн Бт олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Боос 81.171.250 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 10-1А тоотод байрлах “...” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Р.Б нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ... 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 4 дүгээр хорооллын Ачлал их дэлгүүрийн зүүн урд талын ОВ центрийн ... байрлах 133 дугаартай ... тойргийн нотариатч Д.Бар ... УНЛ улсын дугаартай Ланд круйзер загварын автомашиныг хадам эх Г.Бээс өөрийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авах гэрээнд нотариатчийн үйлдэл хийлгэхээр хадам эх гэх Б гэж хэлж нэгэн настай эмэгтэйг дагуулж ирсэн байдаг. Тухайн үед хадам эх Б гэгч нь иргэний үнэмлэхийн хуулбар хувьтай явсан. Иргэний үнэмлэхээ хайгаад олохгүй байна гэсэн шалтгаан хэлж байсан. Нотариатч Д.Б би Б, Б нарт тухайн үед Ачлал их дэлгүүрийн ТҮЦ машинаас хурууны хээгээр иргэний үнэмлэхийн лавлагаагаа аваад ир гэж хэлэхэд Б, Б нар нь хамт гарч яваад 30 орчим минутын дараа эргэж ирэхдээ Ачлал их дэлгүүрийн ТҮЦ машин ажиллахгүй байна гээд Б нь миний нөхөр өвчтэй байгаа, нялх нойтон хүүхэдтэй, хадам эх ядраад байна, бид эргээд ТҮЦ машин ажиллаж байгаа газраас хурууны хээгээр иргэний үнэмлэхийн лавлагаагаа аваад ирье хадам эхийг дахин ирүүлэхгүйгээр гэрээг гэрчлүүлээд аваад явъя. Бид эргэж буцаж дахин дахин явж байхаар эргэж ирээд лавлагааг авчирч өгье гэхэд нь Б түүнд итгэж бэлэглэлийн гэрээг нотариатаар гэрчилж өгсөн талаар Б, Б нарын анхны болон бусад мэдүүлэгт тогтвортой мэдүүлсэн байдаг. Гэрээг гэрчлүүлсний дараа Б, Б нар нь иргэний үнэмлэхийн лавлагааг авчирч өгнө гээд эргэж ирээгүй. Маргааш нь Б руу удаа дараа лавлагааг яасан бэ авчирч өгөөч гэхэд авчирч өгнө, нөхөр өвчтэй хүүхэд харах хүнгүй гэх мэт шалтаг хэлсээр лавлагааг өгөөгүй. Шүүх нотариатчийг санаатайгаар илт хууль бус бэлэглэлийн гэрээг гэрчилсэн, Бийн гарын үсгийг шинжлэх шаардлагагүй, хохирогчийн иргэний үнэмлэхийн эх хувийг хуулбартай тулгаж үзээгүй гэж дүгнэж Быг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б нь Б, Б нарын хооронд байгуулсан ... УНЛ улсын дугаартай Ланд круйзер загварын автомашины бэлэглэлийн гэрээг гэрчлэх үед бэлэглэгч нь Б биш гэдгийг мэдээгүй байхад Шүүх гэрээг илт хууль бус гэж үзэн дүгнэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Б өөрөө ирээгүй талаар Б энэ хэрэг үүсэх үед мэдсэн байдаг. Дээрх болсон үйл явдлын талаар Б болон Д.Б нар удаа дараа үнэн зөвөөр, тогтвортойгоор мэдүүлэг өгсөн байдгаас гадна, холбогдох бичиг баримтуудыг мөрдөн шалгах явцад гаргаж өгсөн бичгийн нотлох баримт болох нотариатчийн дэвтрийн хуулга, бэлэглэлийн гэрээ дэх гарын үсгийг гэрээний 2 тал гарын үсэг зурсан зэргээс харагддаг. Нотариатчийн дээрх үйлдэлд ямар нэг санаа сэдэл, зорилго байхгүй. Тухайн нөхцөл байдалд Б өөрийн хадам эхийгээ гэх хүнийг дагуулж орж ирж нотариатчийн үйлчилгээ хийлгэсэн гэж Б ойлгосон байдаг. Дээрх нотариатчийн үйлдэл хийлгэх үед Б гэгч хүн холбогдох бичиг баримтаа аваад явж байсан, хурууны хээгээр лавлагаа авчирч өгөхөө амласан. Б мөн өөрийн хадам эх гэж өөр хүнд мөнгө төлж, дагуулан орж, нотариатын үйлчилгээ хийлгэснээ хүлээн зөвшөөрч удаа дараа тодорхой мэдүүлсэн. Нотариатч Б нь Бод холбогдуулан хуульд заасан журмаар ... цагдаагийн хэлтэст залилуулсан гэж гомдол гаргасан. Нотариатчийг Б нь бусадтай нийлж хууран мэхэлж гэрээг гэрчлүүлсэн талаараа мэдүүлсээр байтал ямар ч үндэслэлгүйгээр нотариатчийг яллагдагчаар татсанд хэргийг шалгах явцад мөрдөгч, прокурорт удаа дараа гомдол гаргаж, прокурорын зүгээс нотариатч Д.Б нь шунахай болон бусад сэдлээр бэлэглэлийн гэрээг гэрчилсэн болон гэмт хэрэг үйлдэхэд оролцсон гэх үйлдэл нь хангалттай баримтаар тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож, гомдлыг хүлээн авч 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 814 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар гомдол хүлээн авсан талаар мэдэгдэж байсан билээ. Гэтэл Улсын Ерөнхий прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5/35 дугаартай тогтоолоор хохирогч гэх Г.Бийн гомдлоор 2 дахь удаагаа үндэслэлгүйгээр нотариатч Д.Быг яллагдагчаар татах тогтоол гаргаж, хэргийг шүүхэд шилжүүлэн 3 удаа анхан шатны, 2 удаа давж заалдах шатны, 1 удаа Дээд шүүхэд хэргийг хянан шийдвэрлэж, анхан шатны шүүх нь зөвхөн нэг талын эрх ашгийг харж, Б нь тухайн үед Бын хэлсэнд итгэж, төөрөгдсөнийг үл хайхарч, анхаарч үзэлгүй, мэдсээр байж гэрээг гэрчилсэнтэй адилтган Быг “...илт хууль бус бэлэглэлийн гэрээг гэрчлэн баталсан” гэж дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэж, нотариатчийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Б нь өөрийн хадам эх гэж нэгэн эмэгтэйг дагуулан ирж, нотариатчид ойлгуулж, нотариатыг төөрөгдөлд оруулж, нотариатын үйлчилгээ хийлгэснээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Хадам эх гэх хүн нь гарын үсгээ зурсан, тухайн үед иргэний үнэмлэхээ олохгүй, лавлагааг авчирна гэж хэлсэн. Нотариатч Бын энэхүү үйлдэлд итгэж, нотариатын үйлчилгээ үзүүлсэн нь эрүүгийн гэмт хэргийн санаатай үйлдэл биш болно. Нотариатч нь тухайн үед Б гэгч хүнийг таниагүй нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүн болохгүй бөгөөд уг бэлэглэлийн гэрээ дээрх гарын үсэг нь Бийнх биш гэдгийг нотлох баримт байхгүй байтал нотариатчийг гэм буруутайд тооцож, ял оноосон нь учир дутагдалтай юм. Б гэгч хүн өөрөө нотариатч дээр очоогүй гэдгийг Б, Б нар мэдүүлдэг, зөвхөн хадам эх, бэр нарын мэдүүлэгт үндэслэн нотариатчийг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Нотариатчийг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5, 30.8, 30.9, 16.1-д заасан үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн санаа зорилго, сэдэл, үйлдэл, шалтгаант холбоо, субьектив шинж байхгүй байхад шүүх нь мөн хуулийн 1.5, 30.15, 30.17-д заасныг зөрчиж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, шүүх гэм буруутайд тооцон ял оноосон нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн ийнхүү нэг талыг барьсан тогтоолд гомдолтой байна. Б, түүний хүү Амарсайхан, Б нарын гэр бүлийн таарамжгүй, биесээ үзэн яддаг гэр бүлийн маргааны золиос нь нотариатч байх ёсгүй юм. Нотариатчийн үйлдлийг хууль бус бол хүчингүйд тооцох Иргэний хуулийн болон Нотариатын тухай хуульд заасан байтал Бод эрүүгийн ял оноох гэсэн хохирогчийн атгаг санааг шүүх гүйцэлдүүлэхэд нотариатч чирэгдэх нь шударга бус гэж үзэж байна. Нотариатч нь өөрийн бусдад мэхлэгдсэн талаарх эрх ашгаа хамгаалуулахаар удаа дараа мөрдөгч, прокурорт гомдол гаргасан ч прокурор авч үзэхгүйгээр Улсын Ерөнхий прокурорын газраас нотариатчид эрүүгийн хэрэгт татах тогтоолыг удаа дараа гаргасан, хохирогч хэргийг удаа дараа сэргээлгэсэн зэрэг нь дээрх үйлдлийг нотолж байна гэж үзэж байна. Нотариатч нь ... цагдаагийн 1 дүгээр хэлтэст урьд Бод залилуулсан талаар гомдол гаргасан байтал арга хэмжээ аваагүй. Энэ хэргийн тухайд нотариатч нь ч тухайн үед Бод мэхлүүлсэн хохирогч, бусдад мэхлэгдсэн болохоос яллагдагч, шүүгдэгч байх үндэслэлгүй билээ. Хохирогч Бийн гарын үсэг биш болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байгаа. Шүүх нь Быг хуурамч бичиг баримт ашигласан гэж дүгнэсэн атлаа нотариатчийг илт хууль бус хэлцэл гэрчилсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх нь нотариатч дээр Б ганцаар орж бэлэглэлийн гэрээ хийсэн мэтээр Бын мэдүүлгийг бичиж, энэ байдлаар дүгнэлт хийж Быг гэм буруутайд тооцож, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх нь тухайн үед Б өөрөө залилуулсан, төөрөгдсөн нөхцөл байдалд огт дүгнэлт хийлгүйгээр нотариатч санаатай, мэдсээр байж гэрээг гэрчилсэн мэтээр бодит нөхцөл байдлыг зөв үнэлж, дүгнээгүйд гомдолтой байна. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн өмгөөлөгч Г.Мөнхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Р.Б нь ХААН банкны зээлийг 2018 оны 2 дугаар сард төлж барагдуулж, өмчлөгчийн нэрийг Хаан банкны албан бичгийн дагуу Г.Бийн нэр дээр болгосны дараа ... УНЛ улсын дугаартай автомашиныг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нотариатч Д.Бар өмчлөгчийн байхгүйд бэлэглэлийн гэрээ үйлдүүлэн, тус гэрээний дагуу Авто тээврийн үндэсний төвд хандаж ... УНЛ улсын дугаартай автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Ингээд Р.Б нь автомашины өмчлөгч болсон үедээ өөрийн өмчлөлийг эд хөрөнгөө 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “...” ХХК-тай фидуцийн гэрээ, зээлийн гэрээ байгуулж автомашиныг унаж явах нөхцөлтэйгөөр зээл аваад, дараа нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж нэг сарын хугацаатайгаар автомашиныг өмчлөгч байгууллагын өмчлөлд үлдээж, 70.000.000 төгрөгийн зээл болгон зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дуусч Иргэний хуульд заасан фидуцийн гэрээний дагуу барьцааны эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасан. Гэтэл эд хөрөнгө албан ёсоор бусдын өмчлөлд шилжсэний дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тухайн эд хөрөнгийг битүүмжлэх тухай 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн прокурорын тогтоолыг мөрдөгч танилцуулан битүүмжилсэн. Өөрөөр хэлбэл, “...” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны эд хөрөнгөөр хангуулж дууссан. Мөн “...” ХХК нь эд хөрөнгө битүүмжлэх тогтоол танилцуулахаас өмнө мэдэгдэх хуудас хүргүүлж байсан бөгөөд тухайн эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан эсэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө эсэхийг лавлан албан бичиг хүргүүлж, өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, “...” ХХК нь тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, нотариатч Д.Бын гэрчилсэн “Бэлэглэлийн гэрээ”, Авто тээврийн үндэсний төвийн албан ёсны шийдвэрийг үндэслэж ... УНЛ улсын дугаартай автомашиныг хууль ёсны дагуу гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Фидуцийн гэрээ дуусгавар болсон гэсэн нь нотлох баримт байхгүй, харин энэ өдрийн гэрээг сунгаж барьцааны эд зүйлийг Р.Бын эзэмшлээс өмчлөгч “...” ХХК-ийн эзэмшил, хамгаалалтад үлдээж, нэмж зээл авч, зээлийн гэрээний хугацааг сунгасан өөрчлөлт л хийсэн. Энэхүү нөхцөл байдал мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд нотлох баримтуудаар нотлогдсоор байтал фидуцийн гэрээг дуусгавар болсон гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн Барьцаат зээлийн гэрээ байгуулсан тохиолдолд өмчлөлийн бүртгэлд өөрчлөлт оруулах ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд шүүх шийтгэх тогтоолдоо өөрийн өмчийг барьцаална гэсэн ойлголт байхгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй юм. Эхний фидуцийн гэрээгээ байгуулахдаа манай нэр дээр машинаа шилжүүлж өгсөн байсан. Энэ зээлээ төлөөгүй байхдаа барьцаа хүрэлцэхүйц хэмжээтэй гээд дахин мөнгө нэмж зээлсэн. Энэ тохиолдолд машиныг дахин Р.Баяр-Одын нэр дээр буцаан шилжүүлэх боломж байхгүй нь хэн бүхэнд ойлгомжтой. Энэ талаарх бүх бичгийн баримт хэрэгт бүрэн байгаа. ... эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг анхаарч үзэлгүй орхигдуулж дүгнэлт гаргасан. Энэхүү хууль зүйн үндэслэлийг шат шатны шүүх хуралдаанд үндэслэл болгон гаргаж байсан бөгөөд давж заалдах болон хяналтын шатны шүүх хүлээн авч байсан. Гэтэл анхан шатны шүүх Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар өмчлөгчийг тогтоосон баримтыг огт үнэлээгүйн улмаас өнөөдөр дээрх хуулийн зохицуулалт зөрчигдөхөд хүрсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Р.Б нь гэмт хэрэг үйлдэж олсон ... УНЛ улсын дугаартай автомашиныг манай “...” ХХК-д өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гэж итгүүлэн Иргэний хуульд заасан фидуцийн гэрээ байгуулан манай байгууллагын өмчлөлд шилжүүлж, зээл авсан бөгөөд түүний дараа барьцааны эд хөрөнгийн хэмжээнд дахин нэмж зээл аван автомашиныг өмчлөгчийн эзэмшилд байршуулсан. Ингээд гэрээний хугацаа дуусч хууль ёсны дагуу байгуулсан гэрээний дагуу тухайн автомашин “...” ХХК-ийн өмчлөлд шилжсэн. Харин мөрдөн байцаалтын шатанд уг автомашиныг үнэлсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Р.Б, Д.Б нарын хувьд оногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж, хохирогч Г.Бт учирсан хохирлыг төлүүлэх ёстой тул Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хохирлыг буруутай этгээдүүдийн хөрөнгө, орлогоор албадан гаргуулж төлүүлж өгнө үү. Мөн шүүгдэгч Р.Б нь “...” ХХК-аас зээлж авсан мөнгөө хохирогч Г.Б, нөхөр М.Амарсайхан болон гэр бүлдээ захиран зарцуулсан бөгөөд хамгийн хачирхалтай нь ... УНЛ улсын дугаартай автомашины ХААН банкны зээлийн үлдэгдэл төлбөрийг 2018 оны 2 дугаар сард төлж барагдуулж дуусгасан зээлийн төлбөрт төлсөн. Өөрөөр хэлбэл, ... УНЛ улсын дугаартай автомашины зээл төлөгдөлгүй ХААН банкны өмчлөлд шилжих бодит эрсдэл үүсээд байх үед Г.Бтэй харилцан тохиролцон зээлийн үлдэгдэл болох 17.900.000 төгрөгийг төлж автомашиныг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авсан. Ингээд 17.9000.000 төгрөгийн зээлийг төлөхдөө “...” ХХК-аас зээлж авсан мөнгөөр төлсөн. Нэг ёсондоо хохирогч Г.Б, шүүгдэгч Р.Б нар нь “...” ХХК-аас авсан мөнгийг харилцан захиран зарцуулсан байдаг. Гэтэл зээлж авсан мөнгийг адилхан захиран зарцуулсан атлаа зээлийн төлбөр төлөх болохоороо хэн төлөх нь тодорхой бус болж маргаж байгаа нь үнэмшилгүй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч Р.Б нь тухайн автомашин болон бусад гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаантай байдаг. Олон олон зээлийн төлбөртэй байдаг байсан тул төрсөн дүү Р.Гэрэлт-Одоос зээл авсан байсан. Түүний зээлийг төлсөн гэдгийг гэрчээр оролцсон М.Амарсайхан, М.Амартүвшин нар хүлээн зөвшөөрсөн. Үнэхээр Р.Бын зээлж авсан мөнгө нь Г.Б, М.Амарсайхан нарын зээлийг төлж барагдуулсан бол автомашиныг Г.Бт олгож байгаа нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй юм. Манайхаас авсан мөнгөөрөө автомашиныхаа зээлийг хаагаад автомашинаа бас авч болохгүй. Шударга бус байна. Хэрэв шүүгдэгч Р.Б ХААН банкны зээлийг төлөөгүй байсан бол тухайн зээлийн барьцаанд байсан эд зүйлүүд хураагдах байсан юм. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн Д.Б нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас “...” ХХК болон Р.Б нар нь хууль ёсны гэрээ хэлцэл байгуулсан бөгөөд хохирогчид учирсан бодит хохирлыг Д.Б нь хариуцан арилгах ёстой байтал анхан шатны шүүх шүүгдэгч Д.Быг гаргуулах төлбөргүй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, нотариатч илт хууль бус хэлцлийг гэрчилсний улмаас хохирогчид төдийгүй “...” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан нь шууд шалтгаант холбоотой байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдэлд маргаагүй бөгөөд Р.Бтой харилцан тохиролцож хууль бусаар бусдын өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан байдаг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог. Эдгээр этгээдүүд нь энэхүү үйлдлээ хийгээд хэн хэдэн төгрөг авсан болохоо мэдүүлээгүй. Харин тэдний байнгын холбоотой байсан нь нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Б нь хохирогч Г.Бт учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой. Шүүх шүүгдэгч Д.Быг бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн атлаа бусдад төлөх төлбөргүй гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг ноцтой зөрчсөн. Шүүх шүүгдэгч Р.Бын үйлдлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болгон хөнгөрүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгч Р.Бын үйлдлийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэйгээс гадна хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийлгэхээр буцаасан. Шүүгдэгч Р.Б нь хуурамч бэлэглэлийн гэрээг үйлдээгүй бөгөөд нотариатч Д.Б нь хуурамч гэрээг өмчлөгчийг байхгүйд нь үйлдсэн учраас эдгээрийг иргэдийг бүлэглэн хуурамч бичиг баримт үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангадаг. Харин хуурамч бичиг баримтаа мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлж авсан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжид хамаарах тул уг этгээдүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцогдох бөгөөд “...” ХХК-аас хуурамч бичиг баримтыг мэдсээр байж ашиглаж эд хөрөнгө залилж авсан гэж үзэхээр байна. Шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн үндэслэлдээ хохирогчтой нүүр тулж уулзаагүй, хохирогч өөрөө өгөөгүй учир залилан мэхлэх гэмт хэрэг биш гэж үзсэн. Тэгвэл “...” ХХК-тай нүүр тулж уулзаад хуурамч баримт бичгээ ашиглаж, хууран мэхэлж өөрийн гараар мөнгөө авсан гэж үзвэл “...” ХХК-ийг шүүх хохирогч гэж үзэх ёстой. Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх боловч дээрх байдлаар шийтгэх тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Монгол Улсын дээд шүүхийн залилан мэхлэх гэмт хэргийг бусад гэмт хэргээс зөв ялгах тухай хууль тайлбарласан 2006 оны 151 дугаартай тогтоолын 3, 17 дугаар хэсэгт хуурамч баримт бичгийн тухай болон хамтран оролцох этгээдүүдийг ч бас залилан мэхлэх гэмт хэргийг хамтран оролцогч гэж үзсэн байдаг. Иймд ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №293 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл, 39.7 дугаар зүйлд тус тус заасныг зөрчсөн байх тул иргэний нэхэмжлэгч “...” ХХК-нд ... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үлдээж, тус хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 2 дугаар сард тухайн авто машиныг барьцаалж Хаан банкнаас авсан зээлийн хугацаа дууссан байдаг. Энэ үед Р.Б нь Хаан банкнаас зээлсэн 18 сая гаруй үлдэгдэл зээлээ төлөөд тээврийн хэрэгслийг авсан. Дараа нь “...” ХХК-аас зээл аваад 18 сая төгрөгийнхөө зээлийг дарсан байдаг. Өөрөөр хэлбэл, “...” ХХК-аас зээл авсан мөнгөөрөө Бийн машиныг алдах бодит эрсдэлээс хамгаалж энэ үйлдлийг хийсэн. Гэтэл анхан шатны шүүх энэ асуудлыг орхигдуулсан. Б машинаа аваад дээрээс нь 20 сая төгрөгийн ашигтай үлдэх боломжгүй. Анх цагдаагийн байгууллага хэргийг шалгаад авто машиныг битүүмжлэх арга хэмжээ авах үед тухайн авто машин хууль журмын дагуу “...” ХХК-ийн өмчлөлд шилжсэн байсан. Нэг ёсондоо гэрээ дуусгавар болоод бүх асуудал дууссан байсан. Гэтэл шүүх энэ асуудлыг анхаарч үзэлгүй орхигдуулаад байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг урьд нь давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх үндэслэл болгож шийдвэрлэсэн. Гэвч анхан шатны шүүх орхигдуулж давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ зөрчсөн асуудал байдаг. Хуурамч бичиг баримт үйлдсэн гэж Р.Быг зүйлчилсэн. Г.Бийн эд хөрөнгийг авахдаа хуурамч бичиг баримт ашигласан гэмт хэрэг үйлдсэн юм бол “...” ХХК-иас 70 сая төгрөгийг авахдаа хуурамч бичиг баримт ашигласан гэдгээ мэдсээр байж манай компаниас зээл авч байгаа үйлдэл өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Нотариатч Д.Б нь Нотариатын тухай хуульд зааснаар бичиг баримт дутуу бол гэрчлэхээс татгалзах бүрэн эрхтэй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “...” ХХК-нд ... УНЛ улсын дугаартай авто машины өмчлөлийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.Бийн өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Б.Оюунбилэг болон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Анхан шатны шүүх хуралдаанаар асуудлыг хэлэлцээд дээрх нэр бүхий гомдол гаргасан хүмүүсийн гомдолд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Д.Бын өмгөөлөгчөөс “хохирогч тал Д.Быг заавал хэрэгтэн болгох гээд яваад байна” гэж хэллээ. Анхнаасаа нотариатч Д.Б гэрээг гэрчлээгүй бол энэ асуудал үүсэхгүй байсан. Мөн иргэний нэхэмжлэгч талаас авто машин манай компанийн өмчлөлд шилжсэн байсан гэж яриад байна. Хэрвээ өмчлөлд нь шилжсэн бол худалдах, худалдан авах гэрээгээр шилждэг иргэний эрх зүйн харилцаа байдаг. Үүнийг бүгд мэдэж байгаа. Харин барьцаалан зээлдүүлэх гэрээний дагуу авто машин “...” ХХК-ий барьцаанд тавигдсан байсан. Иргэний хуульд зааснаар барьцааны зүйлийг шүүхээр шилжүүлэх, эсхүл дуудлага худалдаагаар шийдвэрлэх ёстой. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.Бийн өмгөөлөгч Д.Цэнгэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Г.Б нь Бын залилсан мөнгөнөөс авсан, өр зээлээ төлүүлсэн зүйл байхгүй. Анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, шүүгдэгч нар үндэслэлтэй ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Нотариатч хууль зөрчөөд хууль бус үйлдэл хийсэн байхад хууль зөрчөөгүй гэж ярьж байгааг ойлгохгүй байна. Шүүгдэгч Д.Бын үйлдлийг анхан шатны шүүхээс зөв дүгнэж шийдвэрлэсэн. “...” ХХК-тай холбоотойгоор мөн анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Р.Бын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гарсан шийтгэх тогтоолын Р.Бод холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. “...” ХХК-ийн зүгээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой гомдлоо л гаргах ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гээд байна. Үүнд тайлбар хэлэхэд, анхан шатны шүүхээс яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж дүгнэсэн бэ гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гол бүрэлдэхүүн нь өмчлөгчийг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах ёстой. Тухайн үед хохирогч Г.Бийг Р.Бын зүгээс хуурсан асуудал байгаагүй. Р.Бын хүүхэдтэй уулзсан асуудал байдаг. Р.Б нь Г.Бтэй огт уулзаагүй. Энэ агуулгаар хохирогчийг залилаагүй гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан хуурамч баримт бичиг үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийн бүрэлдэхүүн тухайн гэмт хэргийг үйлдэхийг хүсэж, гэмт хэргийн шинжтэй гэдгийг мэдэж байж үйлдэх ёстой. Энэ тохиолдолд хуурамч бичиг баримтыг үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхээс дүгнэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Авто машин нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны хэлцлийн дагуу шилжсэн байдаг. “...” ХХК нь тухайн үед  гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгө гэдгийг мэдээгүй. Иймд авто машиныг “...” ХХК-нд олгох нь зүйтэй. Р.Б нь “...” ХХК-аас мөнгө зээлж авч Хаан банкинд тухайн машины төлбөр болох 19 сая төгрөгийг төлсөн асуудал байдаг. Мөн дүү Гэрэлт-Одоос 18 сая төгрөг авч мөн тухай зээлийг төлсөн асуудал яригддаг. Авто машины үнэлгээний дүнг хохиролд тооцож, 37 сая төгрөгийг хохирлоос хасч өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв.

Прокурор Д.Хонгорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Бийн өмчлөх эрхийг зөрчиж өмчлөгчийг байхгүйд түүний иргэний үнэмлэхийн хуулбарыг үндэслэн авто машиныг бэлэглэсэн илт хууль бус гэрээг гэрчилж эд хөрөнгийн эрхийг зөрчиж их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, нотариатын бүртгэлийн тэмдэглэл, бэлэглэлийн гэрээ, шүүгдэгч Р.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, мөн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Хууль зүйн сайдын 2011 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 171 дугаартай тушаалд “Нотариатч нь үйлчлүүлэгчийн хувийн байдлыг иргэний үнэмлэхийг үндэслэн тогтоох” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцлийг хууль бус гэх шинж тэмдэг илрэх юм бол гэрээ, хэлцлийг гэрчлэхээс татгалзахаар заасан байтал иргэний үнэмлэхийн хуулбарыг үндэслэн хууль бус хэлцэл хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн өмгөөлөгч Г.Мөнхбатаас гаргасан давж заалдах гомдолд тайлбар хэлэхэд халдлагын зүйл болох ... УНЛ улсын дугаартай авто машин иргэний нэхэмжлэгчийн өмчлөлд хууль ёсоор шилжээгүй бөгөөд гэмт хэргийн шууд учирсан хохирол тул анхны хууль ёсны өмчлөгч болох Г.Бт олгогдож шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасны дагуу анхны хууль ёсны хохирогч Г.Бт ... УНЛ улсын дугаартай Ланд крузер 200 загварын тээврийн хэрэгслийг олгож, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-д учирсан хор уршиг буюу 81.171.250 төгрөгийг шүүгдэгч Р.Боос гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

... прокурорын газраас шүүгдэгч Р.Б нь 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ... 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” их дэлгүүрийн ... үйл ажиллагаа явуулах нотариатын газарт бусдыг хуурч, иргэн Г.Бийн эзэмшлийн ... УНЛ улсын дугаартай “Ланд круйзер 200” загварын тээврийн хэрэгслийг хуурамч бэлэглэлийн гэрээ үйлдэж, ашиглан өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, 140.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

шүүгдэгч Д.Б нь 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ... 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” их дэлгүүрийн ... нотариатын үйл ажиллагаа эрхлэн явуулж байхдаа ... УНЛ улсын дугаартай “Ланд круйзер 200” загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч Г.Бийн өмчлөх эрхийг зөрчиж, өмчлөгчийг байхгүйд, түүний иргэний үнэмлэхийн хуулбарыг үндэслэн автомашин бэлэглэх бэлэглэлийн илт хууль бус гэрээ хэлцлийг гэрчлэн баталж, бусдын эд хөрөнгийн эрхэд 140.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол, өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан Р.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Р.Бод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Р.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Р.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ” хэсэгт “...шүүгдэгч Р.Бын үйлдлийг залилах гэмт хэргийн иргэний эрх зүйн харилцаа, бусад төсөөтэй гэмт хэргээс ялгагдах шинж болох хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг шинжид нийцэхгүй байна. ...” гэж дүгнэн прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх ба шүүхийн дүгнэлт нь хэргийн үйл баримт болон бодит байдалтай нийцээгүйн улмаас гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Р.Быг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн прокурорын дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй, хэргийн үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна.

Мөн шүүгдэгч Д.Бын үйлдлийг “...урьдын танил харилцаатай гэх шүүгдэгч Р.Бын гуйлтын дагуу хохирогч Г.Бийн иргэний үнэмлэхийн хуулбарыг эх хувьтай нь тулгаж шалгахгүйгээр, өмчлөгч Г.Бийн эзгүйд түүний эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хөндсөн илт хууль бус бэлэглэлийн гэрээг гэрчлэн баталсан нь Нотариатын тухай хууль, журам, зааварт заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, хориглосон хууль бус үйлдэл хийсэн. ...” гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулийн үндэслэлтэй дүгнэж, Д.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа эсэхэд нотлох баримтад тулгуурлан бодитой дүгнэлт хийгээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хамтран, мөн иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад энэ удаа хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/293 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Р.Б, Д.Б нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцтэл шүүгдэгч Р.Б, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ