Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 1541

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ТГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/01141 дүгээр шийдвэртэй

 

“ТГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Л-д холбогдох халаалтын төлбөр, алданги 1 386 493.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагч Г.Л-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

            Нэхэмжлэгч “ТГ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Л- нь 2015 оны 10 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл нийт 24 сарын хугацаан дахь халаалтын төлбөр болох 920 195.92 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн төлбөр төлөх талаар удаа дараа шаардаж байсан. Гэрээний дагуу алданги тооцоход 460 097.96 төгрөг болж байна. Айл өрхийг дулааны эрчим хүчээр хангах гэрээний дэвтэр, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсний үйлчилгээний хөлсөнд нийт 6 200 төгрөг төлсөн. Иймд хариуцагч Г.Л-ас халаалтын төлбөр болон алданги нийт 1 386 493.92 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Г.Л- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч компанитай 2016 оны 10 дугаар сараас 1 юм уу 3 жил /гаргагдахгүй/ хугацаатай гэрээ байгуулсан. Миний бие гэрээнд заасан хугацааг буюу 2016 оны 10 дугаар сараас хойшхи төлбөрийг алдангигүй төлөх хүсэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч байгууллага нь айл өрх, албан газруудыг халаалтаар бүрэн хангаж чаддаггүй. 2015 оны 10-12, 2016 оны 1-4 сарын төлбөр алдангийг төлөх үндэслэлгүй, учир нь гэрээ хийгдээгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Г.Л-ас 887. 345 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТГ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 499 148 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 178 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25 846 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

            Хариуцагч Г.Л- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх уг шийдвэрийг гаргахдаа мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх заалтыг тус тус зөрчиж, хэргийн бодит байдалд нийцээгүй нэг талыг барьж шийдвэрлэсэн. Түүнчлэн, хариуцагч миний бие Эвлэрүүлэн зуучлагч дуудсан хугацаанд нь ир гэсэн өдөр нь очсон. Харин тэр өдөр нэхэмжлэгч тал хугацаа, өдрөө мэдэж байсан атлаа ирээгүй байж намайг дуудсан хугацаанд ирээгүй гэдэг. Мөн анхны хурлын товыг надад мэдэгдээгүй, тиймээс хурал хэзээ болохыг мэдээгүй учир очоогүй байхад хуралдсан байсан.

Хурал хойшлуулах хүсэлт өгсөн боловч миний хүсэлтийг хүлээн аваагүй хуралдааныг миний оролцоогүйгээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байсан. Шүүх хуралдаанд оролцуулаагүй учир хэргийн нөхцөл байдлыг нотлох, нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх боломж олгоогүй. “Дулааны эрчим хүчээр хангах” гэрээнд би гарын үсэг зураагүй, “ТГ” ХХК-тай гэрээ байгуулаагүй, өөр хүнээр тус гэрээнд миний нэрийг бичүүлсэн. Иймээс би энэ нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал тус гэрээнд өөр хүнээр Г.Л- гэж бичүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбар хэлдэг, анхны шүүх хуралдаан дээр ч ярьсан болох нь хурлын тэмдэглэлд тусгагдсан. Гэрээнд бичсэн болох хэрэгт авагдсан баримтуудад зурагдсан “Г.Л-” гэж бичсэн гарын үсэг, миний гарын үсэг хоёр илт ялгаатай харагддаг. Ийм баримтууд байсаар байтал шүүх гэрээ хийгээгүй, гарын үсэг зураагүй надаас мөнгөн төлбөр гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ТГ” ХХК нь хариуцагч Г.Л-д холбогдуулан 2015 оны 10 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны нийт 24 сарын дулааны эрчим хүчээр хангасны төлбөрт 920 196 төгрөг, алданги 460 098 төгрөг, нотариатын хөлс 6200 төгрөг нийт 1 386 494 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Г.Л- нь Дундговь Сайнцагаан сум, 7-р баг, Нарлаг 4 байр, 08 тоот орон сууцны өмчлөгч болох нь Дундговь аймгийн бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн лавлагаагаар тогтоогдсон /хх.35/, нэхэмжлэгч “ТГ” ХХК нь дээрх орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд дулааны эрчим хүчээр хангасан үйл баримт тогтоогдсон байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад хариуцагч Г.Л- 2016 оны 10 сараас хойшхи хугацааны төлбөрийг зөвшөөрсөн боловч алданги төлөхгүй гэсэн тайлбар гаргажээ. /хх.51/

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцжээ. Хариуцагч Г.Л- нь гэрээний үүргээ биелүүлж дулааны эрчим хүчээр хангасны төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Үүний дагуу шүүх хариуцагчаас 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны дулаан ашиглалтын төлбөрт 680 997 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотойгоор учирсан хохиролд нотариатын зардлыг нэмж нэхэмжилснийг хэрэгт авагдсан нотариатын үйлчилгээний төлбөр төлсөн тасалбарт үндэслэн хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч байгууллага нь гэрээний үүрэгтэй холбоотойгоор дулааны эрчим хүчээр хангах гэрээний 4.5-д заасныг үндэслэн алдангийг шаардсан байх бөгөөд шүүх 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 сарыг дуусталх хугацааны алдангийн төлбөрт 200 147 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, хариуцагч Г.Л- “2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дулааны эрчим хүчээр хангах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, гэрээнд зурагдсан гарын үсэг нь миний гарын үсгээс өөр байсан” гэх зэрэг тайлбар гарган маргадаг тул талууд гэрээг бичгээр байгуулсан,  гэрээнд тусгагдсан тохиролцоог хариуцагч Г.Л- зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлгүй болно.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас гэрээнд заасны дагуу алданги гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/01141 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Г.Л-ас 687 198 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТГ” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 699 295 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

2 дахь заалтын “25 846” гэснийг “21 043” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 846 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.МӨНХЗУЛ

 

                   ШҮҮГЧИД                              М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                       Ц.ИЧИНХОРЛОО