Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2023/04522

 

 

 

 

 

 

2023 10 19

101/ШШ2023/04522

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт байрлах Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух Т-д холбогдох,

Гэрээнээс учирсан хохирол 7,188,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.У, өмгөөлөгч А.Билгүүн, хариуцагч Б.Т, өмгөөлөгч М.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2019 оны 8 сарын 18-ны өдөр А ХХК-тай гэрээ байгуулж, Ао зочид буудал үйлчилгээний барилгын гадна пассадны гэрэлтүүлгийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ингээд 19-ний өдөр нь уг ажлыг туслан гүйцэтгэгчээр хийж гүйцэтгүүлэхээр Б.Ттай 8,000,000 төгрөгийн ажлын хөлс тохиролцож, уг ажлыг 10 сарын 09-ний өдөр хүлээлгэж өгсөн. Гэтэл захиалагч талаас гадна гэрэлтүүлгүүд зохих өнгө эффектийн дагуу асахгүй байгааг манайд мэдэгдсэн ба улмаар хөндлөнгийн байгууллага болох Т ХХК-иас хийсэн ажлыг нь шалгуулахад гэрлүүдийн холболтууд алдаатай, холболтын угсралт буруу хийгдсэн зэрэг шалтгаануудаас болж гэрэл зохих эффектийн дагуу асахгүй гэсэн дүгнэлт гарсан.

Уг дүгнэлтийг үндэслэн манай байгууллагаас 6,123,000 төгрөгийг гаргуулж А ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрийн дагуу манайх дээрх төлбөрийг төлж барагдуулсан.

Иймд хариуцагч Б.Т нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй алдаа зөрчилтэй хийснээс манайд 6,123,000 төгрөгийн хохирол учирсан.

Мөн хариуцагч нь ажил гүйцэтгэх гэх явцдаа 5х2.5 голчтой 400 метр кабел утас буруу захиалснаас болж захиалсан материалын зардал болох 1,065,000 төгрөгийг манайд өгөх ажлын зардлаас хасаж ажлын хөлсийг захиалагч тал өгсөн.

Энэ кабел утсыг тухайн ажилд ашиглаагүй ба манай компанид өгөхгүйгээр Б.Т нь хувьдаа авсан.

Дүгнэлтээр гэрлийн эффектийн тохируулгатай холбоотой алдаа, зөрчил дурдагдаагүй бөгөөд харин гэрлийн холболттой холбоотой зөрчлүүд гарсан нь баримтаар нотлогдож байгаа.

Иймд хариуцагчаас нийт 7,188,000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:

Н ХХК-ийн захирал Г.У бид хоёр найзууд бөгөөд надад санал тавьснаар Ао зочид буудлын гадна фасадны гэрэлтүүлгийн холболт, монтаж татах, гоёлын гэрлүүдийг суурилуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр аман хэлэлцээрээр тохиролцсон.

Ажлын хөлсөнд 5,740,000 төгрөгийг авсан. Энэ үнийн дүндээ тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна. Ажил хүлээлцсэн акт тухайн үед хийцгээж байсан. Гэхдээ надад байхгүй. Нэхэмжлэгч тал байх ёстой боловч байхгүй гэж байна. Гэрлийг эффектийн дагуу ажлуулахыг өөр компани хариуцан ажиллаж байсан. Тухайн үед ажил хүлээлгэж өгөхөд бүх гэрлүүд нь ажиллаж л байсан.

Би 6 сая төгрөгийн ажил хийж гүйцэтгэчихээд 7 сая төгрөгийн хохирол төлөх боломжгүй. Нэхэмжлэгчийн над руу шилжүүлсэн мөнгөнүүдээс 640,000 төгрөг нь ажлын хөлс биш юм. Учир нь би Б.Уаас найз нөхдийн харилцаатай байхдаа зээлсэн мөнгөнүүд.

Надаас кабел утасны мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ кабел утсыг нэхэмжлэгч тал өөрсдөө захиалсан. Би захиалга хийгээгүй. Бүх утас монтажыг нэхэмжлэгч өөрөө захиалдаг байсан. Захиалж ирсэн утаснууд нь хоорондоо таарахгүй, эсвэл хэт богино байснаас холболтуудыг тухайн үед хийхээс өөр аргагүй болсон. Нэхэмжлэгчийн захиалж ирсэн кабел утсыг тухайн газар нь хэтэрхий бүдүүн болхи харагдаж байна гэсэн үндэслэлээр дахин нарийн кабел утас захиалсан. Энэ утсыг 800,000 орчим төгрөгийн ажлын хөлсөнд тооцож Б.Т надад өгсөн. Иймд энэ мөнгийг төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 сарын 30-ны өдрийн 210/МА2022/01058 дугаартай магадлал, Г.Уын эзэмшлийн 5 тоот Хаан банкны дансны хуулга, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мөнгөн гүйлгээний журнал гэх мөнгөн шилжүүлгийн баримт, Э ХХК-ийн 2020 оны 8 сарын 17-ны өдрийн 20/24 тоот албан бичиг, Т ХХК-ийн 2020 оны 10 сарын 25-ны өдрийн 20/85 дугаартай дүгнэлт, кассын орлогын ордер, бэлэн мөнгөний зарлагын баримт, нэхэмжлэх, Н ХХК-ийн нэхэмжлэх, захиалгын хуудас, А ХХК-ийн өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, 30,000,000 төгрөгийн төлбөрийн баримт, гэрээний хавсралт зэрэг баримтууд

Хариуцагчаас: Хоёр талын шагай тавхан үеийн Томографийн шинжилгээ, хэвтэх бичиг, эрүүл мэндийн дэвтэр, үений зураг зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Uga GR гэсэн фэйсбүүк хаягаас ТБ гэсэн фэйсүүк хаягаар харилцан чатад үзлэг хийсэн.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Н ХХК нь Б.Тд холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 7,188,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2.Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

3.Нэхэмжлэгчээс гэрээнээс учирсан хохиролд 7,188,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангуулах үндэслэлийг талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр амаар байгуулагдсан гэх ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад гарсан зардал 6,123,000 төгрөг, бараа материал буруу захиалснаас гарах ёсгүй байсан зардал 1,065,000 төгрөгийг тус тус гаргуулна гэж тодорхойлж байна.

Зохигчдын хэн алиных нь гаргасан тайлбараар Ао зочид буудал үйлчилгээний барилгын гадна гэрэлтүүлгийн суурилуулалт, угсралт, холболтын ажил гүйцэтгэх гэрээг нэг талаас Н ХХК, нөгөө талаас иргэн Б.Т нар байгуулан хариуцагч нь хэлэлцэн тохирсон ажлыг хүлээлгэн өгөх үүрэг, захиалагч тал захиалгын төлбөрт 8,000,000 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээсэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.

4.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга буюу тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл, зорилгоос дүгнэн үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, талуудын хооронд үүрэг үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан Т ХХК-ийн 2020 оны 10 сарын 25-ны өдрийн Ао хотел барилгын гадна гэрэлтүүлгийн гүйцэтгэлд хийсэн шалгалтын тухай 20/85 тоот дүгнэлтээр зураг схем дээрх тэжээлийн блокоос гэрэлтүүлгийг тэжээх цахилгаанд дамжуулах 3х4 мм хөндлөн огтлолын талбайтай утсыг 3х1.5 мм хөндлөн огтлолын талбайтай цахилгаан дамжуулах утсаар сольж, мөн 12 давхарын RGBW маркын гэрэлтүүлгүүдийг тэжээх цахилгаан дамжуулах утсыг зориулалтын бус STP gat6 утсаар сольж холбосон. Гэрэлтүүлэг дундын холбоосуудыг тайран зориулалтын бус аргаар, зориулалтын бус цахилгаан дамжуулах утсаар холбосон, гэрэлтүүлгийн тэжээл орох хэсгийг гаралт болгож, гэрэлтүүлгээс тэжээл гарах хэсгийг оролт болгосон буюу оролт гаралтыг сольж холбосон байна гэх дүгнэлтийг гаргажээ. /хх-ийн 54-59 дүгээр тал/

Дээрх дүгнэлтээс үзэхэд хариуцагч нь захиалагчид доголдолгүй үр дүнг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчид учирсан хохирол нь гэрээгээр хүлээсэн үүрэгт хамааралгүй, гэрлийн эффектийн тохируулгатай холбоотой гэх тайлбарыг гаргаж байх боловч дурдсан тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигчид өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т захиалагч нь доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж зааснаар гарсан зардлаа шаардах эрхтэй байна.

Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 сарын 30-ны өдрийн 01058 дугаартай магадлал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мөнгөн гүйлгээний баримт, чатаар харилцсан яриа зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгчээс доголдлын талаар мэдэгдсэн гэж үзэхээр байх бөгөөд уг доголдлыг арилгахтай холбоотой 6,123,000 төгрөгийн зардал гарсан үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 51, 75 дугаар тал/

Дурдсан үндэслэлээр хариуцагчаас 6,123,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгчээс гарах ёсгүй байсан зардал буюу хариуцагчийг буруу кабель утас захиалснаас 1,065,000 төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэлээр хариуцагчаас дээрх мөнгийг нэхэмжилсэн.

Хариуцагчаас захиалагч тал нь кабел утсыг өөрөө захиалсан, мөн ажлын хөлсөнд тооцож өгсөн гэж маргаж байна.

Нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хангуулах үндэслэл болсон захиалгын хуудас гэх баримт нь захилагч буюу нэхэмжлэгч Н ХХК-ийн захиалгын баримт байх тул энэ баримтад бичигдсэн Б.Т гэх бичвэрээр хариуцагчийг захиалсан буруутай гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй байна. /хх-ийн 62 дугаар тал/

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Мөн нэхэмжлэгчээс өөрт учирсан хохирлыг 1,065,000 төгрөгөөр тооцож, нэхэмжилж байх бөгөөд А ХХК-ийн өглөг авлагын тайланд тусгагдсан үнийн дүнгээр хохирлыг тодорхойлсон нь үндэслэлгүй байна. /хх-ийн 63 дугаар тал/

Дурдсан үндэслэлээр хариуцагчаас 1,065,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

5.Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Тас 6,123,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,065,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Тас 6,123,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,065,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,028 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Б.Тас улсын тэмдэгтийн хураамжид 112,918 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА