| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2022/00429/и |
| Дугаар | 133/ШШ2023/00327 |
| Огноо | 2023-06-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 133/ШШ2023/00327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **** нэхэмжлэлтэй
Хариуцагч: *****
Хариуцагч: ***** нарт холбогдох
“Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Хантайширын 3-р гудамжны 8 айлын орон сууцны 4 давхрын 50 мкв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай”,
Нэхэмжлэгч: *****
Нэхэмжлэгч: ***** нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ***** холбогдох
“Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Хантайширын 3-р гудамжны 8 айлын орон сууцны 4 давхрын 50 мкв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гарсан зардлуудыг гаргуулах тухай” нэгтгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *****, түүний өмгөөлөгч Б.О, хариуцагч *****, хариуцагч ***** итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Хантайширын 3-р гудамжны 8 айлын орон сууцны 4 давхрын 50 мкв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,
“Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Хантайширын 3-р гудамжны 8 айлын орон сууцны 4 давхрын 50 мкв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гарсан зардлуудыг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч ***** нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: Нөхөр *****, эхнэр ***** нар нь 2021 оны 10-р сарын 7-нд баригдаж байгаа барилгын 4 давхарт 50м2 2 өрөө байрыг м2 нь 1,450,000 төгрөгөөр бодож ав гээд урьдчилгаанд байгаа мөнгөө өгчихөөд 1 сард ор гэсэн боловч өнөөдрийг хүртэл оруулсангүй. Тухайн үед урьдчилгаа 42,000,000 төгрөгийг ****** дансанд хийгээд үлдсэн мөнгөө ипотекийн зээлэнд хамруулан төлөхөөр ярилцсан. Гэтэл өнөөдөр ярилцаж хэлэлцсэн аман гэрээнээсээ өөр зүйл ярьж м2 нь 1,900,000 төгрөгөөр бодоод авбал ав авахгүй бол боль гэж оруулахгүй байгаа. Өөрсдийн ажил нь бүтэж барилга нь дөхөөд ороход бэлэн шахуу болоход аман гэрээнээсээ буцаж оруулахгүй, эсвэл 1,900,000 төгрөгөөр ор гэж ярьж байгаа нь гомдолтой байна. Мөн бүх тавилгаа бүгдийг нь хийлгэсэн бас уналттай таазыг хүртэл баригдаж байх хооронд өөрсдөө хийлгэсэн. Бас паркетаа хүртэл манай нөхөр өөрөө шахсан. Мөн 9 сартай хүүхдээ хүртэл аваад өнөөдрийг хүртэл байраа хүлээж байна. Би өөрөө 6 сард төрсөн тэгэхэд төрөхөөс чинь өмнө оруулж өгнө гээд 6 сар хүртэл ярьж хэлсэн байж өнөөдөр оруулахгүй эсвэл бүр үнэтэй ав гэж байгаа. 2 нялх хүүхэдтэй манайх тэдний байрыг дуусаад оруулах байх гэж бүтэн жил шахуу хүлээж байхад өнөөдөр оруулахгүй гээд гэнэт үнээ нэмээд өөр зүйл ярьж байгаад нь гомдолтой байна. Иймээс тус байрны 4 давхарын 50м2 2 өрөө байрыг ***** миний өмч болохыг тогтоож өгнө үү. Одоогоор урьдчилгаа-42,000,000 төгрөг, Уналттай тааз- 1,850,000 төгрөг, Гал тогооны тавилга- 2,100,000 төгрөг, Хананы стенк- 950,000 төгрөг, Тек- 1,250,000 төгрөг, Унтлагын өрөөний шкаф- 1,600,000 төгрөг, Үүдний шкаф өлгүүр- 3,500,000 төгрөг гээд бүгдийг өөрсдийн мөнгөөр хийлгэсэн байхыг харсаар мэдсээр байж тэр хамаагүй гээд үнээ нэмж оруулахгүй байгаа. Мөн тэднийд өгсөн мөнгөний 25,000,000 төгрөгийг бид банкнаас өндөр хүүтэй зээл авч өгсөн. Тухайн үед дөнгөж 2 давхар нь дуусч байсан бөгөөд одоо үнээ нэмнэ оруулахгүй гэх юм. 1 сарын өмнө оруулна гэж бүх тавилгаа хүртэл хийж угсарсан хойно ийм юм ярьж байна. Төрөөд 7 хоноогүй байхдаа өөрөө очиж уулзаж гуйсан. Анх ярилцсан аман гэрээнээсээ өөр зүйл ярьж 2 нялх хүхэдтэй байхад оруулахгүй гэж биднийг сэтгэл санааны дарамт үзүүлж байгаад нь бас гомдолтой байна. Мөн байрны дотоод засал болох паркетыг шахахгүй обойг наахгүй байсан учир манай нөхөр уурласан харин манай нөхрийг заамдаж үг хэлээр доромжилсон мөн эхнэр төрөх гээд байна яаралтай байранда ормоор байна гэхэд надад хамаагүй зөвхөн та нарын асуудал гэсэн. Байрандаа бүх хувцас хунараа үлдээсэн ядаж хүүхдүүдийнхээ дээл хувцасыг авах гэтэл утсаа авахгүй байсан. Уналттай тааз тавилганууд хийлгэж мөн ванны өрөөнд ваннаа хүртэл өөрсдийн мөнгөөр авч тависан. Тиймээс байрыг минь манай өмч болгож өгнө үү. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг Хантайширын 3-р гудамжны 8 айлын орон сууцны 4 давхарт 50м2 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
3. Хариуцагч *****, ***** нарын хариу тайлбарын агуулга: Би анх ***** ярьж тохирохдоо байршлын хувьд өөрийнх нь 3 давхарын голын 4 тоот байрны урьдчилгаанд 42 сая төгрөг авч урьдчилсан байдлаар ам хэлцэл хийгдсэн. Гэтэл анх урьдчилгаа өгсөн 3 давхарын байршилаа сайжруулж, мкв-аа томруулж 4 давхарт урагшаа харсан 6 тоот болгон өөрөө сольж анхны хэлэлцээрээ өөрчилж, үлдэгдэл үнээ ашиглалтад оруулаад тухайн үеийн барилгын материалын ханшийг харгалзан тооцож өгч авахаар тохиролцсон гэж ойлгож байгаа. Иймд үлдэгдэл үнээ 1мкв 1,800,000 бодоод 48,000,000 төлөөд ор гэсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй.
Эдгээр хүмүүс нь байранд тавилгаа дур мэдэн оруулж тавьсан, хувцас авна гэж түлхүүрээ аваад цоожлоод одоог хүртэл түлхүүрээ өгөөгүй байгаа. Одоо асуудлыг шүүхээр шийдвэрлэхээр болж байгаа юм байна. Иймд эдгээр ийм хэл амтай хүмүүстэй зууралдахыг хүсэхгүй байна.
***** нь урьдчилсан байдлаар аман хэлэлцээрээ биелүүлэхгүй, үлдэгдэл мөнгөө өгөхгүй гэсэн, мөн эдгээр хүмүүс нь байрны заслын ажил хийхэд удаа дараа саад болж хэл ам таталж байсан, байршилаа дур мэдэн өөрчилсөн, байраа буцаана, буцаахгүй гэж олон дахин хувирч зохисгүй байдал гаргаж, аман хэлэлцээрийнхээ нөхцөлөө биелүүлэхгүй байсан учраас ***** урьдчилсан байдлаар аман хэлцэл хийгдсэнийг бид цуцалж байна.
Үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй энэ хүний нэр дээр шилжээгүй, бичгээр гэрээ хийгдээгүй байгаа тул байр шаардах эрх байхгүй. Иймд эдгээр хүмүүсээс байраа чөлөөлүүлж урьдчилгаанд өгсөн 42,000,000 төгрөг, уналттай таазны 1.000.000 төгрөгийг өгч болно гэжээ.
4. Нэхэмжлэгч *****, ***** нарын сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 37-1-1 тоотод оршин суух *****, ***** бид Есөнбулаг сумын Оргил багийн Хантайширын 03 дугаар гудамжид үйлчилгээтэй, 8 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулаад уг барилгыг улсын комисс хүлээн авсан болно. Уг орон сууцны 4 давхарын 6 тоотын 50 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, гарсан зардлын тухайд гэвэл: ***** нь бидэнтэй ямар ч гэрээ хийлгүй, зөвшөөрөлгүй бидэнд мэдэгдэлгүй бидний өмчлөлийн орон сууцанд оруулж тавьсан хувцсаа аваад түлхүүрийг чинь буцаагаад өгнө гэж худал хэлж түлхүүр авч яваад мөн бидэнд хэлэлгүй дотоод засал гүйцэд хийгдээгүй уг орон сууцанд 2022 он 11 дүгээр сарын 10-ны өдөр зөвшөөрөлгүй нүүж орж өдийг хүрч байна. Орсоноосоо хойш цахилгаан дулаан, хог, усныхаа мөнгийг төлөлгүй уг орон сууцны талаар хэл ам хийж холбогдох байгуулагуудад худал мэдээлэл өгч бидэнд дарамт, хүндрэл учруулж өдийг хүрч байна. Хариуцагч ***** буруутай, маргаантай үйлдлийн улмаас бид банкны зээл, зээлийн хүү, халаалт дулаан, ус хогны мөнгө материалын зардал зэргээр хохирч байна. Хариуцагч ***** нь ямарч гэрээ хийгээгүй байж бидний өмчлөлийн орон сууцыг шүүхэд нэхэмжлэл, хүсэлт өгч битүүмжлүүлсэнээс бидний болон бусад 7 айлын үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэх, орон сууцаа өмчлөх, худалдах, барьцаалах, бэлэглэх, арилжих зэрэг захиран зарцуулах эрхэд халдаж биний эрх ашгийг хохироож байна. Иймд бидний орон сууцыг албадан чөлөөлүүлж, гарсан хохирлыг гаргуулж миний нэхэмжпэлийг шийдвэрлэж өгнө үү. Гарсан зардлуудынхаа нотлох баримтуудыг нэхэмжлэлийг шийдвэрлэх явцад нарийн тооцож холбогдох байгууллагуудаас бүрдүүлж гаргаж өгөх болно гэжээ.
5. Хариуцагч ***** хариу тайлбарын агуулга: Тус шүүхэд *****, ***** нарын нэхэмжлэлтэй ***** надад холбогдуулан Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Оргил баг, Хантайширын 3 дугаар гудамж, 309 дүгээр байр, 06 тоот 50 м.кв талбайтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх, гарсан зардлуудыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэхэмжпэгч *****, ***** нарын нэхэмжпэлдээ бичсэн зүйлс бүгд худал бөгөөд харин ч бодит байдал дээрээ ***** надаас байрны урьдчилгаанд 42.000.000 төгрөгийг бэлэн авч барилгаа барьчихаад хамгийн түрүүнд байрандаа оруулна гэж худал амлалтыг өгсөн байх бөгөөд уг байрыг хугацаандаа ашиглалтанд оруулаагүй, байрны дотоод заслыг бүрэн гүйцэд хийж өгөөгүй, одоо 1.800.000 төгрөгөөр орвол ор, мөнгөө өгөхгүй бол оруулахгүй хэмээн биднийг хүйтэн өвөл орох оронгүй болгож гудамжинд орхисон.
Бид аргагүйн эрхэнд тус байрны 70 орчим хувийн төлбөрийг бүрэн төлчихсөн учир байрандаа орсон.
*****, ***** нарын гаргасан энэхүү нэхэмжлэл нь үндэслэлгүй байх бөгөөд намайгхудал гүтгэсэн олон зүйлсийгдурдажбичсэн байгаад гомдолтой байх тул хууль хяналтын байгууллагаар нэр төрөө сэргээлгэх болно.
Иймд нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, харин ч анх захиалга егсөн үнээрээ үлдэгдэл төлбөрөө төлж, тус орон сууцаа өмчлөлдөө авмаар байх тул шударга ёс, бодит үнэнийг тогтоож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Хэвлэмэл зураг,
- Хас банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарь
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 284 дугаартай албан бичиг
- Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 10 дугаар сарн 10-ны өдрийн 788 дугаартай албан бичиг,
- Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ
- Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/584 дугаартай албан бичиг
- Иргэн ***** эзэмшиж байгаа газрын байршилын кадастрын зураг
- Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ/*****/
- Эвлэрлийн гэрээ /2023.01.26/
- Хас банкны дансны хуулга
-Хэвлэмэл зургууд
7. Хариуцагч нараас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 он 09 дүгээр сарын 19-ний өдрийн 133/ШЗ2022/01638 дугаартай “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хянан шийдвэрлэсэн тухай” шүүгчийн захирамж
- Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт
- Алтай-Улиастай эрчим хүчний систем ТӨХК-ийн Говь-Алтай салбар, Төлбөрийн нэхэмжлэл, 2022.12.20-2023.01.20
- Алтай-Улиастай эрчим хүчний систем ТӨХК-ийн Говь-Алтай салбар, Төлбөрийн нэхэмжлэл,
- Алтай-Улиастай эрчим хүчний систем ТӨХК-ийн Говь-Алтай салбар, Төлбөрийн нэхэмжлэл, 2023.02.27-2023.03.31
- Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт
- Е-баримт, Ундрага-Алтай
- Говь-Алтай аймгийн Мандал голомт ХХК-ийн борлуулалтын хуудас, Е-баримт
- Хаан банкны депозит дансны хуулга/*****/
- Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарн 18-ны өдрийн 1/375 дугаартай албан бичиг
- Facebook чат
- Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/*****/
- Хаан банк ХХК-ийн Говь-Алтай салбарын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн БГҮ202146904756 дугаартай барьцааны гэрээ
- Хаан банк ХХК-ийн Говь-Алтай салбарын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ202146904756 дугаартай зээлийн гэрээ
8. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
- Гэрч *****, *****, ***** нарын гэрчийн мэдүүлэг
- Монголын Ипотекийн корпораци ОССК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/12-133 дугаартай албан бичиг
- Гэрч *****, ***** нарын гэрчийн мэдүүлэг
- Төрийн банк ХК-ийн Говь-Алтай салбарын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 41/209 дугаартай албан бичиг, ***** гар өргөдөл
- Хаан банк ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23/37 дугаартай албан бичиг
- Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан 2023.05.12
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч *****, ***** нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****, ***** нарт холбогдуулан “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Хантайширын 3-р гудамжны 8 айлын орон сууцны 4 давхрын 50 мкв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч *****, ****** нар нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ***** нарт холбогдуулан “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Хантайширын 3-р гудамжны 8 айлын орон сууцны 4 давхрын 50 мкв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гарсан зардлуудыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэл нь харилцан тооцогдох сөрөг нэхэмжлэлийн шинжтэй байх тул ***** нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэгтгэжээ.
3. Нэхэмжлэгч ***** нь “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгын гэрээ байгуулсан, орон сууцны үнийн урьдчилгаа 42,000,000 төгрөгийг төлсөн” гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
Үүнээс үзэхэд “Үл хөдлөх эд хөрөнгө, худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ төлөгдсөн эсэх, тухайн эд хөрөнгийн эзэмшил нь хууль ёсны эсэх” зэрэг үйл баримт нь зохигчийн маргааны зүйл болжээ.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Нөхөр *****, эхнэр ***** нар нь 2021 оны 10-р сарын 7-нд баригдаж байгаа барилгын 4 давхарт 50м2 2 өрөө байрыг м2 нь 1,450,000 төгрөгөөр бодож ав гээд урьдчилгаа байгаа мөнгөө өгчихөөд 1 сард ор гэсэн боловч өнөөдрийг хүртэл оруулсангүй. Тухайн үед урьдчилгаа 42,000,000 төгрөгийг ***** дансанд хийгээд үлдсэн мөнгөө ипотекийн зээлэнд хамруулан төлөхөөр ярилцсан тул Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг Хантайширын 3-р гудамжны 8 айлын орон сууцны 4 давхарт 50м2 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү ...” гэж тайлбарлаж байна.
5. Хариуцагч нь татгалзалын үндэслэлээ “...Би анх ***** ярьж тохирохдоо байршлын хувьд өөрийнх нь 3 давхарын голын 4 тоот байрны урьдчилгаанд 42 сая төгрөг авч урьдчилсан байдлаар ам хэлцэл хийгдсэн. Гэтэл анх урьдчилгаа өгсөн 3 давхарын байршилаа сайжруулж, мкв-аа томруулж 4 давхарт урагшаа харсан 6 тоот болгон өөрөө сольж анхны хэлэлцээрээ өөрчилж, үлдэгдэл үнээ ашиглалтад оруулаад тухайн үеийн барилгын материалын ханшийг харгалзан тооцож өгч авахаар тохиролцсон гэж ойлгож байгаа. Иймд үлдэгдэл үнээ 1мкв 1,800,000 бодоод 48,000,000 төлөөд ор гэсэн боловч тохиролцоонд чадаагүй тул орон сууцыг албадан чөлөөлүүлж, гарсан хохирлыг гаргуулж өгнө үү...” гэж маргаж байна.
6. Талуудын хооронд бий болсон үйл баримт, тохиролцоонд хууль зүйн дүгнэлт хийхэд хариуцагч *****, ***** нар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Хантайширын гудамж Гранд караокены доод талд үйлчилгээтэй 6 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ГАА-БАЭҮЗ-21/21 дугаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн дагуу орон сууцыг барьж байх явцад нэхэмжлэгч ***** нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг Хантайширын 3-р гудамжны 8 айлын орон сууцны 3 давхарын 4 тоот 40мкв байрыг захиалсан байна.
7. Дээрх үйл баримтаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан бөгөөд талуудын хооронд үүссэн анхдагч харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Тодруулбал талуудын хооронд хэлцэл хийгдэхдээ барилгын хоёрдугаар давхрын ажил эхэлж байхад буюу гуравдугаар давхар эхлээгүй байхад гуравдугаар давхрын орон сууцны талаар хэлцэл хийж байгаа нь бий болоогүй хөрөнгийг урьдчилгаа төлөх байдлаар буюу тодорхой хэсгийг захиалагчийн хөрөнгөөр барьж тодорхой үр дүн бий болгох зорилготой хэлцэл хийгдсэн байгаа шинжээрээ ажил гүйцэтгэх гэрээ юм. Иргэний хуулийн гэрээний тусгай зохицуулалтад ажил гүйцэтгэх гэрээг бичгийн хэлбэрээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдаагүй байна.
Улмаар нэхэмжлэгч ***** нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг Хантайширын 3-р гудамжны 8 айлын орон сууцны буюу дээрх орон сууцны 4 давхарын 50мкв байрыг авах санал тавьж улмаар засвар сайжруулалт хийж эзэмшсэн нь маргааны зүйл болж байна.
Нэхэмжлэгч ***** нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг Хантайширын 3-р гудамжны 8 айлын орон сууцны 3 давхарын 4 тоот 40мкв байрыг анх захиалсан ба барилгын ажлын явцад уг орон сууцны 4 давхрын 50мкв байрыг авахаар болсон нь талуудын хоорондох ажил гүйцэтгэх гэрээний харилцаа дуусгавар болсон байна.
8. Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга, зорилго зэргээс дүгнэхэд 4 давхрын 50 мкв орон сууцны хувьд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна. Энэ үед анх ажил гүйцэтгэх гэрээгээр захиалсан 3 давхрын 40мкв орон сууцыг өөр хүн авахаар болсон байна.
9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаны дараа худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь мөнгөн хөрөнгийн өмчлөх эрхийг худалдагчид шилжүүлэх үйлдлийг тус тус гүйцэтгэх ёстой үүнийг Иргэний хуулийн 109-111 дүгээр зүйлд тус тус заажээ.
Тодруулбал хөдлөх эд хөрөнгийн тухайд эзэмшил шилжсэнээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог бол үл хөдлөх хөрөнгийн тухайд өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог.
Энэ ухагдахуун нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасан байх бөгөөд эдгээрийг өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл гэдэг.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд зөвхөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэлд бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлага тавигджээ.
10. Энэхүү иргэний хэргийн тухайд нэхэмжлэгч ***** болон хариуцагч *****, ***** нарын хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг Хантайширын 3-р гудамжны 8 айлын орон сууцны 4 давхарын 50мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл бичгээр хийгдээгүй боловч уг хэлцэл хийгдэхийн өмнө ажил гүйцэтгэх гэрээ анхдагч байдлаар хийгдсэн, ажлын тодорхой хэсгийг урьдчилгаа төлбөр авч буюу захиалагчийн хөрөнгөөр гүйцэтгэхээр тохирч гүйцэтгэсэн байгаагаас 3 давхрын 40мкв орон сууцанд захиалагч буюу энэ хэргийн нэхэмжлэгч ***** мөнгөн хөрөнгө шингэж түүний өмч болсон байна.
11. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцааны явцад өмчлөл үүссэн гэж үзэхээр байх ба шүүх иргэний эрх зүйн хийсвэрлэх /абстракт/ зарчмын дагуу өмчлөгчийн эрхийн үндсэн дээр авч үзэхэд орон сууцны талбайн зөрүүг худалдан авахад гэрээг бичгийн хэлбэрээр байгуулах шаардлагагүй юм.
12. Талуудын хооронд үүссэн харилцаанд Иргэний хуулийн 4 дүгээр зүйлд заасныг баримтлан Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.5-д заасныг төсөөтэй хэрэглэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ зүйлд худалдагчийн шилжүүлсэн эд хөрөнгө нь гэрээнд заасан тоо хэмжээнээс их байвал худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авч гэрээний үнэд хувь тэнцүүлэн төлөх буюу гэрээнд заасан хэмжээнээс илүү хэсгийг худалдагчийн зардлаар буцаана гэж заасны дагуу хэмжээнээс илүү хэсэг 10 мкв талбайн хэсгийн үнийг төлүүлэх нь үндэслэлтэй байна.
Мөн нөгөө талаар маргааны зүйл болж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан хэлбэрээр хийгдээгүй нь хариуцагч нараас хамааралтай байна.
Учир нь худалдах, худалдах авах гэрээний дагуу эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбогдох баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх нь худалдагчийн үүрэг байдаг.
13. Хуулийн дээрх заалтуудын дагуу нэхэмжлэгч ***** хариуцагч *****, ***** нарт холбогдох үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг Хантайширын 3-р гудамжны 8 айлын орон сууцны 4 давхарын 50мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийн өмчлөгчөөр тогтоох эрх зүйн үндэслэлтэй.
14. Илүү гарсан хэмжээний үнийг тодорхойлсон талаар авч үзвэл Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 133/ШЗ2022/01889 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***** шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилжээ.
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ТҮХ-323-5118 дугаар үнэлгээний тайлангаар “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг Хантайширын 3-р гудамжны 8 айлын орон сууцны 4 давхарын 50мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийн үнэ цэнийг 2021 оны 10 дугаар сарын байдлаар 72,500,000 төгрөгөөр үнэлсэн.
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШЗ2023/00567 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч *****, ***** нарын шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилжээ.
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 127-ны өдрийн ТХҮ-323-5118-1 дүгээр үнэлгээний тайлангаар “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг Хантайширын 3-р гудамжны 8 айлын орон сууцны 4 давхарын 50мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийн үнэ цэнийг 2022 оны 05 дугаар сарын байдлаар 1мкв-ийг 1,680,000 төгрөгөөр үнэлж 84,000,000 төгрөгөөр, 2022 оны 12 дугаар сарын байдлаар 1мкв-ийг 1,750,000 төгрөгөөр үнэлж 87,500,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.
Орон сууцны 4 давхрын орон сууцны маргаан үүссэн цаг хугацаа 2022 оны 10 дугаар сард бий болсн байх тул дээрх дахин хийсэн шинжээчийн дүгнэлтийн 12 дугаар сарын байдлаарх үнэлгээгээр үнийг тодорхойлох нь зүйтэй гэж үзсэн ба ийнхүү тодорхойлоход уг орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл, худалдан авагчийн хийсэн ажил зэргийг харгалзан барилгын ажлыг хүлээн авах комиссийн хуралдаанд оролцохдоо ***** хэлэлцэн тохиролцож байсан үнэ болох нэг мкв-тын үнийг 1.680.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.
15. Хариуцагч *****, ***** нар нь нэхэмжлэгч ***** маргааны зүйл болж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй, улмаар бодитоор эзэмшиж, ашиглаж буй нэхэмжлэгч ***** орон сууцыг чөлөөлүүлэхээр маргажээ.
16. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтад дурдсан шаардах эрх нь “уг шаардлагыг гаргах бүхий этгээд нь өмчлөгч байх”, “шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь эзэмшигч байх”, “хариуцагч этгээд нь уг эд хөрөнгийг эзэмших эрхгүй байх” гэсэн урьдчилсан нөхцөлтэй.
Үүнээс “шаардлагыг гаргах бүхий этгээд нь өмчлөгч байх”, “хариуцагч этгээд нь уг эд хөрөнгийг эзэмших эрхгүй байх” гэсэн урьдчилсан нөхцөл хариуцагч *****, ***** нарын сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэгч ***** холбогдох “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг Хантайширын 3-р гудамжны 8 айлын орон сууцны 4 давхарын 50мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн үндэслэлд хангагдсангүй.
17. Хэдийгээр хариуцагч нар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг Хантайширын 3-р гудамжны 8 айлын орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа хэдий ч энэхүү шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасан хамгаалалтыг хэрэгжүүлж, тухайн орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосон тул хариуцагч нарыг эд хөрөнгийг гаргуулах шаардлагыг гаргах эрх бүхий өмчлөгч гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй байна.
18. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэжээ.
Нэхэмжлэгч ***** нь тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй, тодруулбал худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээрх өөрийн мэдэлдээ авсан хууль ёсны эзэмшигч болно.
Иймд хариуцагч *****, ***** нарын сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч ***** холбогдох “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг Хантайширын 3-р гудамжны 8 айлын орон сууцны 4 давхарын 50мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
19. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****, ***** нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***** олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 155.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ***** Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Хантайширын 3-р гудамжны 8 айлын орон сууцны 4 давхрын 6 тоот 50 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, ***** 10 мкв үнэ 16,800,000 төгрөгийг гаргуулж хариуцагч *****, ***** нарт олгож, хариуцагч *****, ***** нарын “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Хантайширын 3-р гудамжны 8 айлын орон сууцны 4 давхрын 50 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****, ***** нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН