Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 133/ШШ2023/00415

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** холбогдох

Говь-Алтай аймгийн Солонго дулааны станц, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын зуухны механикийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 26+-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1. Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***** миний бие 2018 онд ***** анх ашиглалтанд орох үед зуухны механикаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2019 оны 01 дүгээр сараас эхлэн албан ёсоор тушаал гаран томилогдсон. Түүнээс хойш тасралтгүй 5 жил гарамын хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал огт гаргалгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан.

Гэтэл 2023 оны 04 дүгээр сараас эхлэн намайг Засгийн газраас хэрэгжүүлж буй Шүүр” ажиллагааны хүрээнд намайг өндөр насны тэтгэвэрт гарчихсан учраас давхар ажиллуулахгүй, ажлаа өг хэмээн шахаж эхэлсэн. Улмаар миний бие тэтгэврийн насны дээд хязгаар болох 65 нас хүртлээ ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн боловч 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн.

Би тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн тушаал нь үндэслэлгүй гарсан байгаа учир намайг Говь-Алтай аймгийн “*****” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын зуухны механикийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэххэмжээний олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өнөөдрийн шүүх хуралдаан ***** хүсэлтээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ***** нь Солонго дулааны цахилгаан станцад ажиллаж байхдаа Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан ажиллаж байсан. Хариуцагч нь Хөдөлмөрийн хуульд зааснаар мэдэгдэл өгөөгүй. Шууд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр юм. Тухайн станцад ажиллаж байгаа хүмүүсээс ганц мэргэжлийн ажилтан нь ***** гуай юм. Гэтэл ямар ч тодорхой шалтгаангүйгээр, хуульд заасан мэдэгдэх ажиллагаа хийхгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Мэргэжлийн үнэмлэх/*****/

- Говь-Алтай аймгийн ***** аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай “***** ажилд томилох тухай” тушаал

- Говь-Алтай аймгийн ***** аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай “ажилтныг ажлаас чөлөөлөх тухай” тушаал

- Ажлаас чөлөөлөгдөх тойрох хуудас

- Хөдөлмөрийн гэрээ/*****/

- Ажил байдлын тодорхойлолт/*****/

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа/*****/

3. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Байхгүй.

4. Хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримтууд:

- Говь-Алтай аймгийн ***** аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай “ажилтныг ажлаас чөлөөлөх тухай” тушаал,

- Говь-Алтай аймгийн ***** аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай “***** ажилд томилох тухай” тушаал

- Хөдөлмөрийн гэрээ/*****/

- Байгууллагын дотоод журам

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч ***** нь ...2018 онд ***** анх ашиглалтанд орох үед зуухны механикаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2019 оны 01 дүгээр сараас эхлэн албан ёсоор тушаал гаран томилогдсон. Түүнээс хойш тасралтгүй 5 жил гарамын хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал огт гаргалгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан.

Гэтэл 2023 оны 04 дүгээр сараас эхлэн намайг Засгийн газраас хэрэгжүүлж буй Шүүр” ажиллагааны хүрээнд намайг өндөр насны тэтгэвэрт гарчихсан учраас давхар ажиллуулахгүй, ажлаа өг хэмээн шахаж эхэлсэн. Улмаар миний бие тэтгэврийн насны дээд хязгаар болох 65 нас хүртлээ ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн боловч 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн... гэж

Говь-Алтай аймгийн ***** аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын зуухны механикийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

3. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч ***** нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан байх бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхээр шүүхээс хугацаа олгосон байна.

Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч ***** нь уг хугацаанд болон шүүх хуралдааныг хэлэлцүүлэх хүртэл хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, мөн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацааг хуульд 14 хоног гэж тодорхойлсон нь түүнд шахалт дарамтгүйгээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаа хэрэг бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бол шүүх түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнтэй адил гэж үзэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй юм.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, “...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Хэдийгээр хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй бол түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй боловч шүүх ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий хэргийг ердийн журмаар буюу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч ***** нь Говь-Алтай аймгийн ***** аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2019 оноос зуухны механикаар ажиллаж байгаад 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн нь хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. Хөдөлмөрийн харилцааны явцад үүссэн, шүүхэд харъяалагдах асуудлаар шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ гээд 158.1.1-д энэ хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдол, 154 дүгээр зүйлийн 154.8-д сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан хэдий ч 158 дугаар зүйлийн 158.2-д Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж, 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж зааснаас үзэхэд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг сонгох боломжийг бий болгосон буюу эрх олгосон хэм хэмжээ байх тул эрхийг албадан эдлүүлэх боломжгүй юм.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан бол шүүхээр шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч М.Мандах нь уг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хэргийн харъяалал зөрчөөгүй байна.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандах эрхтэй гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д заасан журмын баримтлан нэхэмжлэгч ***** нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ тус шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзэв.

 

7. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймгийн ****** аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь ***** 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай тушаалаар механикчаар томилон ажиллуулснаар зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

 

Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д "хөдөлмөрийн гэрээ" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог” хэлнэ гэж заажээ.

 

8. Хариуцагч байгууллага нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа “Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 78 дугаар зүйлийн 78.1.4, Төрийн албаны тухай хуулийн 46.2.2 дэх заалтыг тус тус үндэслэн ***** ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт ажил олгогч дараах үндсэн эрхтэй”, гэж мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэгт “эрх бүхий байгууллага шаардсан” гэж,

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь хэсэгт “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэж тус тус заажээ.

 

9. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны эсвэл ажил олгогчийн санаачилгаар цуцална.

 

10. Дээрх тушаалд үндэслэл болгосон бусад хуулийн заалт нь ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоход чиглэсэн агуулгатай байна.

 

11. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай.

 

Говь-Алтай аймгийн ***** аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал нь ажил олгогчийн санаачлагаар нэхэмжлэгч ***** хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх заалтуудыг баримтлаагүй байна.

 

12. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болохоор заасны дагуу нэхэмжлэгч ***** нь өндөр насны тэтгэврээ тогтоолгож, улмаар Говь-Алтай аймгийн ***** аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай тушаалаар зуухны механикчийн ажилд томилогдон ажилласан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д “ахмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно”, гэж, 145.2-т “ажилтан өндөр насны тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэж тус тус заажээ.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуульд өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэтгэвэр авч байгаа хэдий ч хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч болохоор заасан байх тул ажил олгогчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

 

13. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ***** Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 78 дугаар зүйлийн 78.1.4, Төрийн албаны тухай хуулийн 46.2.2 дэх заалтыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч ***** Говь-Алтай аймгийн ***** аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын зуухны механикийн ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.

 

14. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцож, хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

17. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д ...ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч ***** нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхөөс өмнөх гурван сарын хугацааны цалин 2023 оны 02, 03, 04 сар буюу 1,135,000+1,160,000+1,238,594=3,533,594 төгрөг байх бөгөөд уг хугацааны ажлын нийт өдөр болох 63 өдөрт хувааж, нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоход 3,533,594:63=56,088 төгрөг байна.

2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ажлын 65 өдрөөр тооцож үзвэл ***** олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нийт 56,088*65=3,645,720 /гурван сая зургаан зуун дөчин тав мянга долоон зуун хорь/ төгрөг байх тул үүнийг Говь-Алтай аймгийн *****, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулан нэхэмжлэгч ***** олгох нь үндэслэлтэй байна.

18. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж зааснаар дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч ***** нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Говь-Алтай аймгийн *****, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгах нь зүйтэй байна.

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ...” гэжээ.

Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

20. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 3,645,720 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 73,281 төгрөг, нийт 143,481 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн *****, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ***** Говь-Алтай аймгийн *****, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын зуухны механикийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ***** ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3,645,720 /гурван сая зургаан зуун дөчин тав мянга долоон зуун хорь/ төгрөгийг Говь-Алтай аймгийн *****, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч ***** олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар ***** нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн ***** аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үүрэг болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 3,645,720 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 73,281 төгрөг, нийт 143,481 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн *****, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Н.ОЮУНБИЛЭГ