Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Т.Жаргалсайхан,

Шүүгдэгч П.Бямбабаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Пүрэв-Очирын Бямба-баатарт холбогдох эрүүгийн 1710000000030 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1960 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 40-3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ХЙ60030510/ Боржигон овогт Пүрэв-Очирын Бямбабаатар  нь:

- 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Янгир хайрхан” хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн Б.Баттулгыг “Toyoto Pruis 30” загварын 17-57 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчилж хүргэхдээ түүний гээгдүүлсэн 600.000 төгрөгийн үнэ бүхий “IPhone 6S” загварын гар утсыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 5 /,

Гэрэл зургийн үзүүлэлт / хх 6 /,

Эд зүйлийн үнэлгээ / хх 7/,

Хохирогч Б.Баттулга мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 07 дугаар сарын 28-ны өглөө 06 цагийн үед 3 дугаар хорооллын Түмэн плазагийн урд талаас такси бариад “Янгир дэлгүүр” дээр ирж “АТМ”-с мөнгө авч таксины мөнгөө өгөөд байрныхаа гадаа буугаад кармаагаа шалгаж үзэхэд гар утас байхгүй болохоор нь намайг хүргэж өгсөн таксины араас “хөөе гар утсаа авъя” гээд чанга орилоод араас нь гүйхэд нөгөө машин  чигээрээ төв зам руу ороод зугтсан. Би зам дээр зогсож байсан машиныг “саяны машины араас хөөгөөд өгөөч, би утсаа машинд нь орхичихлоо” гэхэд “тэг тэг” гээд араас нь хөөсөн боловч уг машиныг хөөж гүйцэж чадаагүй алга болчихсон. Тэр машин надаас улайм цайм зугтсан би гар утсаа мэдээд араас нь хөөгөөд “зогсоорой утсаа авъя” гэхэд зогсохгүй зугтсан. Уг таксины жолооч нь 40-50 орчим насны дунд зэргийн биетэй бараан өнгийн царайтай сэргэлэн ах байсан. Надтай замдаа юм яриад л яваад байсан. Тэгээд надаас зугтаж миний гар утсыг улайм цайм авч явсан болохоор цагдаад хандаж байна... гэжээ” / хх 11-12/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Бямбабаатар мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Би хохирогчийг утас руугаа залгах байх гэж бодсон боловч залгаагүй. Гэтэл миний утас руу Цагдаагаас залгаад намайг дуудсан. Өдөр байсан болохоор миний машины дугаар харагдаж байсан учир дуудсан байх. Улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа ба үүсэх үр дагаварыг ойлгож байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 25/, ял шалгах хуудас /хх 28/, хохирогчийн гомдол саналгүй тухай хүсэлт /хх 36 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч П.Бямбабаатар нь 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Янгир хайрхан” хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн Б.Баттулгыг “Toyoto Pruis 30” загварын 17-57 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчилж хүргэхдээ түүний гээгдүүлсэн 600.000 төгрөгийн үнэ бүхий “IPhone 6S” загварын гар утсыг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Бямбабаатар нь бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох гар утсыг хохирогч Б.Баттулгад буцаан өгсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс шүүгдэгч П.Бямбабаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.Бямбабаатарын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох гар утсаа буцаан авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцох боломжгүй гэсэн хохирогч Б.Баттулгын хүсэлт, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                              ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Пүрэв-Очирын Бямбабаатарыг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бямбабаатарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Бямбабаатар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч П.Бямбабаатарт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Бямбабаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЛЗОД