Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/704

 

 

 

 

 

2021             7             27                                2021/ДШМ/704                                 

 

     Э.Тд холбогдох эрүүгийн

                                                         хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Цог.Батболд,

хохирогч Ц.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Д нарын өмгөөлөгч Г.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 660 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Нын өмгөөлөгч Г.Ганцэцэг, шүүгдэгч Э.Т нарын гомдлуудад үндэслэн Э.Тд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

У овгийн Эын Т, 1989 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 1, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /.../;

Шүүгдэгч Э.Т нь 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Компьютерын техникийн их сургуулийн автобусны буудал орчимд хохирогч Ц.Нын нүүр тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У овогт Эын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эын Тийг 4 жилийн хорих  ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Тд оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Тийн цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Төөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Төөс 1.687.288 төгрөгийг гаргуулан хохирогч Цэвээний Над олгож, хохирогч Ц.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтас хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрнө. Өөрийн буруугаас бусдыг хохироож гэмт хэрэг үйлдсэндээ асар их гэмшиж байна. Иймд миний бие хохирогчид учруулсан 1.687.288 төгрөгийг нэн даруй буюу давж заалдах шатны хурлаас өмнө төлж барагдуулах болно. Хорих ялаа эдэлж дууссаны дараа миний бие хохирогч түүний ар гэр, эрүүл мэндэд тусалсаар байх болно. Би элэгний церроз, хатуурал, цөсний өвчтэй. Эрүүл биш хүн өвчтэй хүний зовлонг өөрийн биеэр мэддэг учир хохирогч түүний ар гэрт тусалж явах нь хүний ёсонд бүрэн нийцнэ. Хохирол гомдлоо барагдуулах учир чин санаанаас гэмшиж байгаа байдал, эрүүл мэнд зэргийг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг ашиглаж хөнгөн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Ц.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Д нарын өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг шүүх дүгнээгүй, шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь, шүүгдэгч Э.Т нь хохирогчийн согтуу биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж санаатайгаар нүүр тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэхгүй дүгнэлт гаргасан. Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэхээр байна. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ц.Н болон гэрч Ц.Д, гэрч Д.Гантогоо нарын мэдүүлэг, шүүгдэгч Э.Тийн өгсөн мэдүүлэг, 1732 дугаартай шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ГССҮТ-ийн дуудлагын лавлагааны хуудас, биеийн байдал маш хүнд ухаангүй очиж яралтай журмаар тархиндаа мэс засал хийлгэсэн талаарх ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн эмчийн тодорхойлолт цаашид биеийн байдал тогтворжиж сайжирсны дараа мэс заслын гавлын ясны деффектийг нөхөх мэс засан хийлгэх шаардлагатай талаар ГССҮТ-ийн эмч Баярсайханы тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Э.Т нь хохирогч Ц.Нын эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон. Миний үйлчлүүлэгч Ц.Н нь ГССҮТ-д ямар ч ухаангүй очиж яаралтай журмаар тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх цусан хурааг авахуулж тархины мэс засал хийлгэсэн. Гавал тархины хүнд гэмтэл, гавлын суурь ёсны хугарал хугарал, тархины аалзан хальс доторх цус харвалт үүссэн. Амь насанд нь аюултай хүнд гэмтэл учирсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг ихтэй. Хохирогч Ц.Н татаж унадаг болсон. Заавал дэргэдээ харгалзагч хүнтэй хамт явдаг. Баруун талын доод, дээд мөч нь саажсан, цаашид биеийн байдал тогтворжиж сайжирсны дараа мэс заслын гавлын ясны деффектийг нөхөх мэс засал хийлгэх шаардлагатай. Өөр орон нутагт очиж үзмэрчид үзүүлж амь насыг нь даатгах, сүлдийг нь дуудуулах зэргээр гарсан зардал, такси унааны мөнгө, бензин шатахууны үнэ гэх мэт гарсан зардлыг тооцохгүйгээр хэрэгт авагдсан баримтаар 1.817.596 төгрөгийн хохирол нэхэмжилснээс 148.739 төгрөгийн хохирлын баримтыг шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хохирлын ямар баримт шаардлага хангаагүй талаар тодорхой заагаагүй, тодорхойгүй байдлаар хохирлын тооцооноос хассан. Мөн биеийн байдал сайжирсны дараа гавлын ясны мэс заслын хагалгаа хийлгэхэд шаардлагатай 2 сая төгрөгийг нэхэмжилснийг шүүх үнэлж хохирол гаргуулаагүй. Одоогийн байдлаар ямар нэгэн хохирол төлөгдөөгүй. Н нь одоогоор үгээ сайн хэлж чадахгүй, ухаан нь орж гарсан байдалтай, сэтгэл санааны хувьд гүн хямралтай, зовуурьтай байна.Цаашид гэмтлээс шалтгаалж ямар эмгэг, хор уршиг үүсэх нь тодорхойгүй, 70% ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдсан болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон. сэтгэл санааны маш их хохирол амсаж байна. Цаашид биеийн байдлаа хурдан хугацаанд сайжруулан тогтворжуулж, гавлын ясны деффектийг нөхөх мэс заслын хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд эрүүл мэндээрээ хохирч үлдэж байгаа нь маш харамсалтай байна. Бусдын гэм буруутай үйлдлээс болж ажил хийж хөдөлмөрлөх, амьдралаа цэцэглүүлэх, идэр залуу насандаа маш их зүйлийг хийж бүтээх байсныг шүүх харгалзан үзэж хэрэгт авагдсан баримтаар хохиролд 1.817.596 төгрөг, биеийн байдал сайжирсны дараа гавлын ясны мэс заслын хагалгаа хийлгэхэд шаардлагатай 2 сая төгрөг, сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг, нийтдээ хохиролд 23.817.596 төгрөг нэхэмжилснийг гаргуулж өгнө үү. Ц.Н дараагийн хагалгаанд орох мөнгөгүй учраас хагалгаандаа орж чадахгүй байна. Өмнөх хагалгаа эмчилгээний бүх зардлыг төрсөн эгч Ц.Д нь төлж ажлаасаа чөлөө авч Ц.Ныг асарсан байдаг. Эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг хянан шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан холбогдох зүйл заалтыг баримталдаг. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан. Шүүгдэгч Э.Тийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдуулах, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар одоо хүртэл ямар нэгэн санаачилга гаргахгүй байгаад маш их гомдолтой байна. Нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр цаашид хийлгэх эмчилгээ хагалгааны зардлыг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-д “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг зөв тодорхойлж чадаагүй, хохирогчийн эрхийг хангаагүй байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хүнд хохирол авч хохирогчийн хохь болоод үлдэж буй нь зүйд нийцэхгүй байна. Эрүүл мэндээрээ хохирчхоод байгааг харсаар байж шүүх нотолгоо баримт шаардан хохирлыг бүрэн гүйцэт шийдэхгүй, цаашид хийлгэх шаардлагатай эмчилгээний зардлыг гаргуулахгүй байгаад гомдолтой байна. Эмчилгээний зардал гэх хэдхэн төгрөг гаргуулснаар хохирол барагдаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилахгүй, хор уршиг нь хэвээр үлдэнэ. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Үүнд, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу хохирогч Ц.Нын хохиролд 23.817.596 төгрөг нэхэмжилж байна. Гэм буруутай этгээд Э.Төөс гаргуулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн шүүгдэгч Э.Т нь хохирогч Ц Нын эрүүл мэндэд нь санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлд шүүхээс 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хөнгөдсөн гэж хохирогчийн зүгээс үзэж байна. Учир нь, Э.Т нь хохирогчийг согтуу, биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж дүгнэхээр байгааг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хохирол төлбөр төлөхөд санаачилга гаргаагүй, хувийн байдал, хохирогч гомдолтой байгаа зэргийг харгалзан ялыг хүндрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгэр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаас харагддаг. Гэвч шүүгдэгч Э.Т нь бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтууд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогддог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг барагдуулаагүй байсан. Өнөөдрийн байдлаас харахад шүүгдэгч Э.Тийн хувийн байдлыг харгалзаж үзэх нөхцөл байдал үүссэн байна. Анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан гэж хохирогчийн өмгөөлөгчөөс хэлж байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн хамрагдах зүйл ангид нь хамруулж шийдвэрлэх нь зүйтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтарч гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Т нь 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Компьютерын техникийн их сургуулийн автобусны буудал орчимд хохирогч Ц.Нын нүүр тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Нын “...Т намайг цохисон гэж өөрөө эмнэлэг дээр ирж надаас уучлалт гуйсан. Одоо миний гар ямар ч мэдээгүй байна. Би гомдолтой байна. ...” /хх 19/,

гэрч Ц.Дгийн “...Би өөрийн дүү Ц.Ныг ухаангүй Гэмтэл согог судлалын төвд хэвтэж байхад нь очсон. Эмнэлэгт байх хугацаанд би сахисан. Одоо ухаан орсон ч хийж байгаа үйлдэл нь эмх замбараагүй, болсон зүйлээ санахгүй байгаа. Хүнтэй хамт явахгүй бол өөрөө ганцаараа явж чадахгүй, баримжаагүй байгаа. ...” /хх 23-24/,

гэрч Д.Гантогоогийн “...Т нь манай нөхрийг зүгээр байж байхад нь ам руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд манай нөхрийн амаас цус гараад, ухаан алдаад унасан. Автобусны буудал дээр байсан хүмүүс түргэн тусламж дуудсан. ...” /хх 26-27/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “...1. Ц.Нын биед гавлын зулай, суурь, чамархайн чулуулаг хэсэг, хөхлөг сэртэнгийн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх цусан хураа, тархины аалзан хальс доорх цус харвалт, баруун бугалга, шуу, зүүн бугалга, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна. ...” гэх 1732 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 32-36/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-13/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Тийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Э.Т нь хохирогч Ц.Нын нүүр тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Э.Тд тухайн зүйл, хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Э.Т “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн, хохирогч Ц.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Д нарын өмгөөлөгч Г.Ганцэцэг “...1.817.596 төгрөгийн хохирол нэхэмжилснээс 148.739 төгрөгийн хохирлын баримтыг шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. ... Ц.Нын хохиролд 23.817.596 төгрөг нэхэмжилж байна. ...шүүгдэгчид оногдуулсан ял тохироогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын агуулгад нийцсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх тул шүүгдэгч Э.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн анхан шатны шүүх “...Ц.Нын гэм хорын хохиролд нийт 1.837.371 төгрөгийн хохирлоос 1.687.288 төгрөгийг шүүгдэгч Э.Төөс гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй. ...хэрэгт ирүүлсэн баримтуудаас 148.739 төгрөг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй. ...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хохирлыг зөв тооцсон ба Ц.Нын хохиролд 23.817.596 төгрөгийн нэхэмжилсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар хохирогч Ц.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн тул хохирогч Ц.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Д нарын өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч Э.Т нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гаргуулахаар заасан хохирлыг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны өмнө төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

2021 оны 7 дугаар  сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасахаар хуульчилсан бөгөөд Э.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснээс 2 жилийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй гэж үзэв.

Мөн шүүгдэгч Э.Тийн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 60 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 660 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Т, хохирогч Ц.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Д нарын өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 660 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Эын Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хассугай.

3. Шүүгдэгч Э.Т нь энэ өдрийн байдлаар 60 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ