Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1269

 

 

 

 

 

 

 

 

 

“П о э” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00803 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “П о э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э х” ХХК, Д.М нарт холбогдох

          

          Гэрээний төлбөрт 761 841 000 төгрөг, алдангид 380 920 500 төгрөг, нийт 1 142 761 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

          Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Базар,

Хариуцагч “Э х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баясгалан,

Хариуцагч Д.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Эрдэнэмөнх,

Хариуцагч нарын өмгөөлөгч М.Мөнхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э х” ХХК нь “П о э” ХХК-тай 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр S2018/005 дугаар “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, мөн оны 1 дүгээр сард 142 940 литр дизель түлшийг 1 литрийн үнэ 1 850 төгрөг, 3 дугаар сард 100 000 литр дизель түлшийг 1 литрийн үнэ нь 1 940 төгрөг, 71 150 литр дизель түлшийг 1 литрийн үнэ нь 1 920 төгрөг, 4 дүгээр сард 256 870 литр дизель түлшийг 1 литрийн үнэ нь 1 900 төгрөгөөр тус тус тооцож худалдан авахаар тохиролцсон. Дээрх гэрээний хүрээнд “Э х” ХХК нь худалдан авсан түлшнээс 761 841 000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, талууд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн, үндсэн төлбөрийн үлдэгдэлийн талаар талууд маргаагүй.

Харин худалдах худалдан авах гэрээний 3.3-т заасны дагуу “П о э” ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 256 хоногийн хугацаа хэтэрсний алдангид 390 062 592 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Д.Мын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамж 380 тоот хаягт байршилтай, 455 м.кв талбайтай хувийн сууц мөн хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалж үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, гэрээнд талууд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн . Хариуцагч Д.М уг гэрээний үүргийн гүйцэтгэлд баталгаа гаргасан байдаг.

Иймд хариуцагч “Э х” ХХК болон Д.М нараас гэрээний үндсэн төлбөр 761 841 000 төгрөг, алдангид 380 920 500 төгрөг нийт 1 142 761 500 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүхэд  гаргасан тайлбартаа: Манай компани нь Төв аймгийн Заамар сумын нутагт алтны шороон ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг. Уурхайн ашиглалтын талбайд хөрсний нуралт явагдаж үндсэн төлөвлөлтийн хүрээнээс 80 м өргөсөж уулын ажилд хүндрэл учруулсан бөгөөд уурхай гүнзгийрч, бид олборлолтын ажил явуулахад саад болох нуралтын хэсгийг зайлуулахын тулд нийт 600 000 м.куб хэмжээний төлөвлөөгүй уулын ажил хийсэн болно. Бид техник эдийн засгийн үнэлгээнд тусгагдсан уулын ажлын ерөнхий төлөвлөгөөний дагуу хянаж явуулсан бөгөөд технологийн ямар нэгэн горим зөрчөөгүй, гэнэтийн хяналтын хэмжилт хийж уурхайн дэвсгэр зураг зүсэлтийн зургуудыг хадгалсан. Ингэж ойр ойрхон хөрсний нуралт үүссэн нь эдийн засаг, технологийн хувьд үргэлжлүүлж ашиглах боломжгүй болж уурхайн үйл ажиллагааг зогсоосон. Энэ нөхцөл байдлын улмаас компани хохирол амсаж алдагдалтай ажиллаж их хэмжээний түлшний өрөнд орсон болно.

Гэрээний 7.1-д заасны дагуу бид нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 761 841 000 төгрөгийг уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхлэх хүртэл хугацаагаар хойшлуулах саналтай байна. Бид нэхэмжлэгчид дээрх уурхайд үүссэн нөхцөл байдлын талаар тухай бүр мэдэгдсэн ба ямар ч төлбөр төлөх боломжгүй болж их хэмжээний алдагдалд орж уурхайн үйл ажиллагаа бүрэн зогссон. Бид төлбөрөө бэлэн бусаар барагдуулахаар Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 9-380 тоотод байрлах 450 м.кв талбайтай, 2 давхар барилга, 700 м.кв газрын хамт санал болгосон ба үл хөдлөх эд хөрөнгийг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь 195 950 000 төгрөгөөр үнэлсэн болно.

“П о э” ХХК-иас өөр санал болгох үнийн дүнд тохирсон хөрөнгө байвал сайн байна гэсний дагуу бид өөрсдийн эзэмшлийн Архангай аймаг Тариат сумын улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр Тэрхийн цагаан нуурын хажууд байрлалтай 2 га газарт 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа 2018 онд өргөтгөл шинэчлэл хийсэн “Э х” жуулчны баазыг бүхэлд нь санал болгосон. Компанийн нөхцөл байдал хэцүү байгаа үед бид төлбөр төлөх хугацааг ирэх оны хавраас уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдах хүртэл өөрсдийн бололцоогоор төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

 Хариуцагч Д.М шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э х” ХХК болон “П о э” ХХК-иудын хооронд газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээний барьцаа болгож Д.Мын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамж 380 тоот хаягт байршилтай 455 м.кв талбайтай хувийн сууц мөн хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалж үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон баталгааны гэрээг тус тус нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базартай байгуулсан. Нэхэмжлэгч нь Д.Мтай барьцааны болон баталгааны гэрээг байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж хамтран хариуцагчаар татсан байна.

Д.Мын хувьд Чингэлтэй дүүргийн нотариатч С.Анударьд холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн баталгааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд Д.Мын нэхэмжлэлтэй нотариатч С.Анударьд холбогдох хэргийг шийдвэрлэх хүртэл энэ хэргийг шийдвэрлэх боломж байхгүй гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар 232.6-д зааснаар хариуцагч “Э х” ХХК-иас 1 122 953 634 /нэг тэрбум нэг зуун хорин хоёр сая есөн зуун тавин гурван мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “П о э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 807 866 /арван есөн сая найман зуун долоон мянга найман зуун жаран зургаа/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар хариуцагч Д.Мт холбогдох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “П о э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож,  

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П о э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 099 915 төгрөгөөс 5 871 175 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э х ХХК-иас 5 722 718 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар “П о э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгож шийдвэрлэжээ.

 

          Хариуцагч “Э х” ХХК болон Д.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, Б.Эрдэнэмөнх нар давж заалдах гомдолдоо: “Э х” ХХК болон “П о э” ХХК-ийн хооронд 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн төлбөрийн үлдэгдэл 761 844 000 төгрөгийг “Э х” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байгаад 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хамтран хариуцагчаар Д.Мыг татан оролцуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа хугацаа хэтэрсний алдангид 380 920 500 төгрөгийг хариуцагчдаас гаргуулах, уг хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 2 062 552 төгрөгөөр төлсөн. Мөн Д.Мын барьцаалсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, уг хэмжээгээр 70 200 төгрөг төлж нийт 2 132 760 төгрөг 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримтыг үндэслэн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч улмаар хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч Д.Маас уг барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гаргаж улсын тэмдэгтийн хураамжид үл хөдлөх хөрөнгийн үнэ буюу барьцааны гэрээний үнийн дүнгээс бодож 1 107 950 төгрөг төлсөн байхад барьцаагаар хангагдах үүрэг буюу газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний үнэ болох 761 841 000 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж бодож 3 967 155 төгрөгийг төлөөгүй гэж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Гэтэл нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад 70 200 төгрөг төлсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдод ялгамжтай хандсан, шийдвэр гаргах ажиллагаанд нөлөөлсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа юм. Ийнхүү ялгамжтай хандаж байгаа талаар шүүх хуралдаанд шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан боловч шүүгч өөрөө хүсэлтийг хүлээж авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Хэдийгээр шүүх Д.Мт холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй улсын тэмдэгтийн хураамж бүрэн төлөөгүй үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах байсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 63 дугаар зүйлийн 63.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-с 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж бичиж өгсөн бичигт хамтран хариуцагч Д.Маас үндсэн шаардлага 761 841 000 төгрөг, алдангид 380 920 500 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэхдээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх хүлээн авсан нь ноцтой зөрчил болсон.

Анхан шатны шүүхээс Худалдаа Аж үйлдвэрийн танхимын 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 275 тоот “Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-нд Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байрлах Бага наймганы уурхайд хөрсний гулгалт үүсч, уурхайн хана хэд хэдэн удаа нурсан нь тус компанид гэрээ байгуулах үед урьдчилан таамаглах, даван туулах боломжгүй байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон болохыг нотолсны дагуу хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад үндэслэн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хариуцагч “Э х” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгэж чадаагүй болохыг дүгнэсэн атлаа 361 112 634 төгрөгийн алданги гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч давагдашгүй хүчин зүйлийн тохиолдол үүссэн даруйд удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдэж байсан бөгөөд нэхэмжлэгчээс төлбөр төлөхийг шаардах бүрийд үүсээд буй нөхцөл байдлын талаар үнэн зөвөөр мэдэгдэж, учир шалтгаанаа тайлбарласаар ирсэн. Гэтэл нэхэмжлэгч “Э х” ХХК-ийг үүссэн нөхцөл байдлын талаар тус компанид огт мэдэгдэлгүй үүргээ зөрчсөн мэт тайлбарлаж, алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт заасны дагуу хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан явдал юм.

Мөн давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, түүнтэй холбогдох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасны дагуу алдангийг шүүх багасгаж болох байсан. Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх хугацаа хойшлогдсон нь “Э х” ХХК-ийн буруугаас болоогүй, хойшлогдоод тийм их хугацаа өнгөрөөгүй байхад нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүх хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч тал шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг явуулах хүсэлт гаргаж хэргийг түдгэлзүүлчихээд өөрсдөө эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд очоогүй, эвлэрэх ажиллагааг дуусгасан нь төлбөр авах хугацааг өөрсдөө хойшлуулж, алдангийг үндсэн дүнгийн 50 хувьд тулгахыг зорьсон санаатай үйл ажиллагаа байсан.

Шүүх алдангийн талаар дүгнэхдээ “Э х” ХХК-ийг давагдашгүй хүчин зүйл тохиолдсон уурхай буюу ашигт малтмалын үйл ажиллагаагаас өөр бизнесийн орлого олдог бөгөөд түүнээсээ нэхэмжлэгчийн төлбөрийг төлөх боломжтой байсан гэх агуулгаар шийдвэрлэсэн нь нэг талаасаа шүүх хөндлөнгийн байдлаа хэт алдаж бусдын бизнесийн үйл ажиллагаанд дүгнэлт өгсөн явдал юм. Хариуцагч “Э х” ХХК нь “П о э” ХХК-иас газрын тосны бүтээгдэхүүнийг зөвхөн уурхайдаа ашиглах гэж авсан бөгөөд тэрхүү уурхайд давагдашгүй хүчин зүйл тохиолдсон. Өөр бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй, өөр бизнес эрхэлж орлого олдог талаар баримт байхгүй байхад шүүх өөр бусад бизнесийн үйл ажиллагаанаас олсон орлогоороо үндсэн төлбөрийг төлөх боломжтой байсан мэт дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна. Хэрэв нөхцөл байдал өөр байсан бол хариуцагчаасс өөр бизнес давхар эрхэлдэггүй, орлого олдоггүй талаарх баримт, компанийн санхүүгийн тайлан зэргийг гаргаж өгөх байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “П о э” ХХК нь хариуцагч “Э х” ХХК болон Д.М нарт холбогдуулан гэрээний үндсэн төлбөр 761 841 000 төгрөг, алдангид 380 920 500 төгрөг, нийт 1 142 761 500 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

             “П о э” ХХК болон “Э х” ХХК-ийн   хооронд 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр S2018/005 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-г хавсралтын хамт байгуулагдсан байна. Уг гэрээний хавсралт болох “Өвлийн дизель түлшний 2018 оны 1, 3, 4 дүгээр сарын зээлийн гэрээ”-гээр нэхэмжлэгч нь 57 940 литр, 85 000 литр дизелийн түлшний 1 литрийн үнэ 1 850 төгрөг, 100 000 литр, 71 150 литр дизель түлшний 1 литрийн үнэ 1 920 төгрөг, 256 870 литр дизельн түлшний 1 литрийн үнэ 1 900 төгрөгөөр хариуцагчид нийлүүлж, хариуцагч “Э х” ХХК төлөхөөр харилцан тохиролцжээ

 

          Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

          

            Худалдагч нь гэрээний дагуу 547 040 литр түлш нийлүүлсэн, худалдан авагч нь 761 841 000 төгрөг төлөөгүй талаар талууд маргаагүй.

 

Газрын тосны худалдах худалдан авах гэрээний 3.3-т гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.2 хувийн алдангийг хариуцагч төлөхөөр тохиролцсон ба уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцсэн, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулжээ.

 

Хариуцагч “Э х” ХХК-иас давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний дагуу шаардсан алданги төлөхгүй гэсэн тайлбараа 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 275 тоот “Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-“г үндэслэжээ.

 

Гэвч талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу давагдашгүй хүчин зүйл үүссэн талаар гэрээний 7.2-т заасны дагуу 3 хоногийн дотор нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлээгүй нь  алданги төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Мөн дээрх давагдашгүй хүчин зүйл тохиолдсон нөхцөл байдлын улмаас гэрээний үүргийн хугацаа 3 сар хүртэл хугацаагаар хойшлогдвол талуудын аль нэг нь гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж болохоор гэрээний 7.3-т заасан бөгөөд энэ талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй, харин нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа энэ талаар тайлбар гаргаж байгаа тул гэрээгээр тохиролцсон болон хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагч “Э х” ХХК-иас гэрээний үүрэгт 761 841 000 төгрөг,  алдангид 361 112 634 төгрөг нийт 1 122 953 634 төгрөгийн гаргуулж  нэхэмжлэгч “П о э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 807 866 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Мөн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дээрх газрын тосны худалдах худалдан авах гэрээний баталгаа болгож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар болон хариуцагч Д.М нарын хооронд баталгааны болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байна. /1 х.х-ийн 87, 134 дүгээр тал/

 

Хариуцагч Д.М нь дээрх барьцааны болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг гэрчилсэн нотариатч С.Анударьд холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 6 099 915 төгрөг /3 967 155+ 2 132 760/-ийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас дутуу төлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн болон тодруулсан шаардлагыг хариуцагч “Э х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-д 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр, хариуцагч Д.Мт 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-д 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тус тус гардуулсан баримт хэрэгт авагдсан байх тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үзэх үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00803 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э х” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 963 513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЭНХТӨР

 

                                         ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА