| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/03045/И |
| Дугаар | 101/ШШ2023/04324 |
| Огноо | 2023-10-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2023/04324
| 2023 10 05 | 101/ШШ2023/04324
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймаг, хаягт байрлах Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт байрлах З ХХК-нд холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 119,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Манай компани 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 2022-02 дугаартай Байгалийн боржин чулуу нийлүүлэх гэрээг З ХХК-тай байгуулж, тус гэрээний дагуу худалдан авагч тал болох З ХХК-ийн өмчлөлд 204,500 ширхэг 10х10х10 хэмжээтэй байгалын боржин чулуу нийлүүлсэн. Гэрээний дагуу нийлүүлсэн авто замын боржин чулууны төлбөрт 184,500,000 төгрөг төлөхөөс хариуцагч З ХХК нь 65,000,000 төгрөгийг төлсөн.
Гэрээний үүрэгт манай компанийн зүгээс 221,000 ширхэг чулууг нийлүүлэхээр тохиролцож, нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 30,000 ширхэг чулууг 26-21 УНА, 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 30,000 ширхэг чулууг 54-40 ХОА, 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 30,000 ширхэг чулууг 77-96 УНА, 2022 оны 5 дугаар сарын 7-ний өдөр 15,000 ширхэг чулууг 94-45 ДГС, 2022 оны 5 дугаар сарын 7-ний өдөр 15,000 ширхэг чулууг 18-48 УНЭ, 2022 оны 5 дугаар сарын 7-ний өдөр 15,000 ширхэг чулууг 14-34 УНД, 2022 оны 5 дугаар сарын 9-ны өдөр 18,000 ширхэг чулууг 25-30 УАЕ, 2022 оны 5 дугаар сарын 7-ний өдөр 14,500 ширхэг чулууг 67-61 БӨТ, 2022 оны 5 дугаар сарын 14-ны өдөр 18,000 ширхэг чулууг 91-66 УАА, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 20,000 ширхэг чулууг 38-03 УЕА дугаартай 10 тээврийн хэрэгслүүдээр, нийт 205,500 ширхэг чулууг хариуцагч З ХХК-нд нийлүүлсэн байдаг.
Хариуцагч тал гэрээг үйлдэж манай талд ирүүлсэн болохоор гэрээнд хариуцагч талаас хүү, алданги, торгууль авах зохицуулалтууд ороогүй байсныг хожим мэдсэн.
Манай нэхэмжлэлтэй холбоотойгоор хариуцагч талаас 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тайлбараа ирүүлсэн байдаг. Энэ хариу тайлбар дээрээ бол тус гэрээний заалтын тоо ширхэг болон ачиж ирсэн машинаас 5 сая төгрөгийн чулууг авч явсан тул тооцоо хийлэх шаардлагатай гэж хариу тайлбар өгсөн байдаг. Шүүх хурал эхлэхээс өмнө хариуцагч талтай ярилцахад техникийн алдаа гараад 2 сая төгрөгийг 5 сая гэж бичсэн гэдгийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс ч 2 сая төгрөгийн чулууг буцааж авч явсан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Үндсэн гэрээгээр бол 220,000 чулуу нийлүүлэх ёстой байсан хэдий ч хариуцагч компанийн зүгээс үнэ төлөх гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учир 205,500 ширхэг чулууг нийлүүлээд үлдэгдэл чулууг нийлүүлэхээ зогсоосон байдаг.
Хариуцагчаас чулууны хэмжээн дээр маргаж байна. Манахаас гарч байгаа болон Улаанбаатарт хотод зарагдаж байгаа чулууг үйлдвэрийн аргаар хийдэггүй, үүнийг хүмүүс өөрсдийн гараараа цохиж хагалж хийдэг Монгол улсад ч тэр гадны оронд ч ингэж л хийдэг. Цонхны болон хананы чулууг хөрөөгөөр хөрөөдөж үйлдвэрийн аргаар стандарт хэмжээгээр нь гаргадаг бол байгалын боржин чулууг ингэж нэг хэмжээгээр гаргах боломжгүй.
Үүнийг З ХХК-ний захирал н.Б гуай сайн мэдэж байгаа. Манай байгууллагатай 2022 оны 5 дугаар сард хийсэн худалдах, худалдан авах гэрээг анх удаа хийгээгүй. Өмнө нь зөндөө чулуу авч байсан. Ийм хэмжээтэй гардаг том, жижиг байдаг гэдгийг маш сайн мэдэж байгаа.
Гуравдугаарт манайхаас гарч байгаа чулуу дандаа 10*10 хэмжээндээ хүрэхгүй дандаа бага хэмжээтэй гардаг юм шиг шүүхэд ойлгуулаад байна. Гэтэл хүмүүсийн хийж байгаа чулуу нь 11, 12, 13 хэмжээтэй ч гарах тохиолдол байдаг. Тэгэхээр 7 см, 8 см зайг том гарсан чулуунууд нь нөхөөд явж байдаг. Стандартын дагуу хучилтын талбай хийхдээ тойрог болгоод дахиад хуваалт маягтай болгож хийдэг, энэ хоорондох зайг 10 см хүрэхгүй байгаа чулуугаар нөхөж хийдэг гэдгийг хариуцагч бол маш сайн мэдэж байгаа. Дөрөвдүгээр асуудал бол манайхаас авсан 204,500 ширхэг чулууг зөвхөн ХӨСҮТ-ийн талбайгаас гадна Дарь-Эхэд хэрэглэж байгаа гэдгийг хариуцагч сая ярилаа. Энэ Дарь-Эхэд хийж байгаа талбайг дууссан эсэхийг мэдэхгүй, хүргэлт хийснээс хойш хаашаа ачаад явсныг мэдэх боломжгүй.
Тиймээс нэхэмжлэлийг цугларсан нотлох баримтын үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Манай байгууллага нэхэмжлэгч талтай гэрээ байгуулсан нь үнэн. Нэхэмжлэгч нь 2 сая төгрөгийн чулууг буцаагаад аваад явсан. Нэхэмжлэгчээс авсан чулууг ХӨСҮТ дээр, мөн Дарь-Эхэд хийгдэж зам засварын ажилд авч ашиглаж байсан. Нэхэмжлэгч нараас тухайн үед 10*10 хэмжээтэй чулуун нийлүүлнэ энэ нь дундаж хэмжээ нь юм гэж хэлж байсан. Өмнө нь 1 м.кв талбайд нь 60-67 ширхэг ордог байсан. Гэтэл дараагийн 2 машин чулуу байсан нь үндсэн хэмжээндээ хүрэхгүй жижиг чулуунууд ирсэн. Тэр талаар энэ компанийн захиралд хэлж байсан. Тэнд ажиллаж байсан хүмүүс ч арай жижиг чулуу иржээ гэж байсан.
Буцааж авч явсан чулуу 2 сая төгрөгийн чулуу байсан гэдэг дээр санал нэг байна. Авсан чулуунуудыг ХӨСҮТ болон Дарь-Эхэд авч ашиглаж байсан.
Манай зүгээс энэ компаниас чулуу авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгчийн зүгээс бид нар очоод хэмжээд үзэхэд 83 ширхэг чулуу орсон байсан гэж хэлсэн. Би 1 ширхэг чулууг 900 төгрөгөөр бодоод 67 ширхэг гэхээр яг 60,000 төгрөг болох юм байна гэж бодож гэрээ хийсэн.
Нэхэмжлэгчийн буруугаас болж манайд хохирол учирсан учраас энэ компанийг би төлөх ёстой гэж бодож байна. 9,000 ширхэг чулууг 2 машин чулууг үйлдвэрийн алдаанаас болж хэтэрхий жижиг хэмжээтэй нийлүүлсэн энэ нь 1 м.кв нь 82 ширхэг орно гэхээр 746 м.кв гэтэл манайд гэрээн дээр бол тэгж заагаагүй л байх. 82 ширхэг чулууг 900 төгрөгөөр бодож үзэхээр нэг чулууг 70,000-80,000 хооронд энэ компаниас чулуу авсан болж таарч байгаа юм. 10*10 хэмжээтэй чулуу бусдад нийлүүлж чадаагүй байж би хүний гараар хийдэггүйг нь хүлээн зөвшөөрч байна гэхдээ өөрсдөө дундаж нь 67 ширхэг ордог гэж хэлсэн. 50,000 ширхэг чулууг 67-төгрөг хуваагаад үзэхээр 609 м.кв гараад энэ хоёрын хоорондын зөрүүнээс 137 м.кв чулуу манайхаас дутаж байгаа юм тэрийг 1 ширхгийг нь 67 м.кв бодоод үзэхээр 9,120 ширхэг чулуу дутаж байгаа юм. Энэ чулууныхаа хариуцлагын хүлээх хэрэгтэй гэж бодож байгаа юм хэчнээн гараар хийдэг хэдий ч стандартын шаардлага хангаагүй чулуу нийлүүлсний хохирлоо хасаж тооцож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс 2022 оны 5 сарын 04-ний өдрийн 2022-02 дугаартай гэрээ, Б ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны дансны хуулга, зарлагын баримт зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн.
Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч З ХХК-нд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 119,050,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2022-02 тоот Байгалийн боржин чулуу нийлүүлэх гэрээний үүрэгт 119,050,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.
2.Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
3.Б ХХК болон З ХХК нарын хооронд 2022 оны 5 сарын 04-ний өдөр байгуулагдсан гэрээгээр нэг ширхэг нь 900 төгрөгийн үнэтэй, 10х10х10 хэмжээтэй, 220000 ширхэг байгалын боржин чулуу нийлүүлэх, нөгөө талаас 198,000,000 төгрөгийн үнэ төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 7-9 дүгээр тал/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан.
Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга, зорилго зэргээс дүгнэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг зааснаар худалдагч тал нь гэрээний үүрэг буюу үнэ төлөх үүргээ биелүүлэхийг худалдан авагч талаас шаардах эрхтэй байна.
Гэрээний дагуу талуудын ашиг сонирхлыг хангахын тулд гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан, хүчин төгөлдөр байх ёстой бөгөөд гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүйгээс гадна тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.
Хэрэгт авагдсан зарлагын баримтууд болон Б ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны дансны хуулга зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгчээс 204,500 ширхэг буюу 184,050,000 төгрөгийн үнэ бүхий боржин чулуу нийлүүлсэн болон хариуцагчаас 65,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтууд тогтоогдож байнащ. /хх-ийн 12, 18-22 дугаар тал/
Хариуцагчаас нийлүүлсэн бүтээгдэхүүн нь гэрээгээр тохирсон тоо, хэмжээнд буюу 10х10х10 хэмжээндээ хүрээгүйгээс 1 мкв талбайд орох чулууны тоо нэмэгдсэнээс хохирол учирсан гэж маргаж байх бөгөөд хариуцагчийн дээрх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг, хариуцагч тал хариу тайлбар, татгалзалын үндэслэлийг өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагчаас нэхэмжлэгч тал нь 2 сая төгрөгийн үнийн дүн бүхий боржин чулууг буцааж авч явсан тул энэ үнийн дүнг хасуулах шаардлагатай гэж маргаж байна.
Нэхэмжлэгчээс хариуцагчийн тайлбарт дурдагдсан 2 сая төгрөгийн чулууг буцаан авсан талаар маргаагүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй байна.
Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 117,050,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ХХК-иас 117,050,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 753,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч З ХХК-иас 743,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА