| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2023/00412/И |
| Дугаар | 130/ШШ2023/00536 |
| Огноо | 2023-06-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 130/ШШ2023/00536
| Б дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э ХК, Хаяг: Б аймаг, Ө сум, 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургууль /захирал Б /. Хаяг:Б аймаг, Ө сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг,
Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр болон алдангийн хамт 105,133,965 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С , Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э ХК нь анх хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуульд холбогдуулан 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр болон алдангийн хамт 130,133,965 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Гэтэл шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед шаардлагаа багасгаж хариуцагч байгууллагаас 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр болон алдангийн хамт 105,133,965 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд: 1.1 Хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль манай компанитай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2020 оноос 2022 он дуустал дулааны эрчим хүч худалдаж авсан. 1.2 Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичилт хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 86,755,977 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. 1.3 Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. Шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 47,282,007 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 43,377,988 төгрөг болж байна. 1.4 Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбараас харахад гэрээний талаар маргаагүй боловч дулааны эрчим хүчний төлбөрт тодорхой хэмжээний төлөлт хийсэн гэсэн тайлбарыг гаргасан. Үүний дагуу хоёр талын нягтлан бодогч нар тооцоо нийлэхэд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч талаас нэхэмжлэгч талд 25,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлсэн байна. Тиймээс одоогийн байдлаар хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас дулааны эрчим хүчний үндсэн төлбөрт 61,755,977 төгрөг, алдангид 43,377,988 төгрөг, нийт 105,133,965 төгрөг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна. 2.Хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулийн захирал Б болон тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р нарын хариу тайлбар, татгалзал: 2.1 Манай сургууль нэхэмжлэгч Э ХК-тай дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ нэхэмжлэгч байгууллагатай 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №0 дугаартай дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан ба уг гэрээний хугацаа дууссаны дараа нэхэмжлэгч талаас гэрээг шинэчлэн байгуулах тухай санал гаргасан байсан боловч манай халаалтын төсөв дутуу батлагдсан учраас үнийн дүнгийн талаар зөвшилцөлд хүрч чадаагүй учраас дахин гэрээ байгуулаагүй болно. Төсвийн тухай хуульд зааснаар батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Батлагдсан төсвийн хүрээнд Э ХК-нд төлбөр төлж байсан. Батлагдсан төсвийг зөрчөөд гүйлгээ хийх боломжгүй. Тиймээс алданги төлөхийг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байна. 2.2 Халаалтын төсвийг аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас дутуу баталж өгснөөс шалтгаалж өр үүсэж байгаа. Төсвийг дутуу баталсан асуудалд манай байгууллагын буруу байхгүй. Дээрээс баталж өгсөн төсвийн хүрээнд ажилласан. 2022 оны жилийн эцсийн байдлаар манай сургууль Э ХК-нд дулааны эрчим хүчний төлбөрт 137,759,331 төгрөгийн өртэй байсан. Үүнээс өнөөдрийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн 2 төлбөрийн хүсэлтээр өмнө шүүхийн шийдвэрээр манай сургуулиас гаргасан төлбөрийг 100 хувь төлж дуусгаснаас гадна нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрөөс 25,000,000 төгрөгийг төлсөн. Одоогийн байдлаар манай сургууль нэхэмжлэгч талд төлөх ёстой дулааны эрчим хүчний үндсэн төлбөрөөс 61,755,977 төгрөгийн үлдэгдэлтэй гэдэг нь үнэн. Манай сургуульд алданги төлөх боломжгүй учраас алданги зөвшөөрөхгүй, төлөхгүй гэв. 3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №0 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, Төрийн мэдээллийн сангаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Э ХК-ний гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0 дугаартай албан бичиг, Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 0 дугаартай албан бичгээр С д олгосон итгэмжлэл, Эрчим хүчний сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох тухай 0 дугаар тушаал, Эрчим хүчний зохицуулах хорооны Тариф батлах тухай 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаартай тогтоол зэргийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. 4.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, Ө сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн Э ХК-тай дулааны эрчим хүч хэрэглээний авлага, өглөгийн тооцооны дэлгэрэнгүй 2020.05-2023.05-р сарын хоорондын мэдээлэл, 2023.05.31-ний өдрийн байдлаар 2023 оны батлагдсан төсвийн мэдээлэл, Б аймгийн Э ХК-ний гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаартай, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаартай тус тус Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хаягласан албан бичгүүд, 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 10,100,000 төгрөг шилжүүлсэн талаарх Төлбөрийн хүсэлт мөн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 43,062,100 төгрөг шилжүүлсэн талаарх Төлбөрийн хүсэлт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2002.05.19-2022.12.31 Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 0 дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Р г томилж өгсөн итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтыг хариуцагчаас гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулиас халаалтын дутуу төлбөр болон алдангийн хамт нийт 72,130,303 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 33,003,662 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 6.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль манай компанитай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2020 оноос 2022 он дуустал хугацаанд дулааны эрчим хүч худалдаж авсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичилт хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 86,755,977 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дулааны төлбөрөөс 25,000,000 төгрөг төлж өгч одоо 61,755,977 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул алдангийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлажээ. 7.Хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулийн захирал Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Манай сургууль нэхэмжлэгч байгууллагатай 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №0 дугаартай дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан ба уг гэрээний хугацаа дууссаны дараа нэхэмжлэгч талаас гэрээ шинэчлэн байгуулах тухай санал гаргасан байсан боловч манай халаалтын төсөв дутуу батлагдсан учраас үнийн дүнгийн талаар зөвшилцөлд хүрч чадаагүй учраас дахин гэрээ байгуулаагүй. Батлагдсан төсвийн хүрээнд Э ХК-нд төлбөр төлж байсан. Батлагдсан төсвийг зөрчөөд гүйлгээ хийх боломжгүй. Тиймээс алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
8.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Э ХК болон хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай 0 дугаартай гэрээгээр 2020 оны 9 дүгээр сарын сарын 01-ээс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаагаар, халаалтын улирлын 8 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /сарын 16,387.2 м.куб талбайд 1552.10 төгрөгөөр тооцож сард 25,434,573.12 / төгрөг жилд 203,476,584.96 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулж байсан нь тогтоогдсон. 9.Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 00 дугаартай Тариф батлах тухай тогтоолоор Б аймгийн Ө сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралт ёсоор баталсан байх ба хавсралтаар Б аймгийн Ө сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтоожээ. Үүнд: ... Төсөвт байгууллагын эзлэхүүнээр тооцох халаалтын тариф (НӨАТ-гүй) м.кв-ыг 1600 төгрөгөөр /НӨАТ-тэй 1760 төгрөгөөр/ тогтоосон, Эрчим хүчний сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Халаалтын улирал эхлэх дуусах хугацааг тогтоох тухай 00 дугаар тушаалаар халаалтын эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг тухайн оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр буюу 8 сарын хугацаагаар тогтоосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх бөгөөд нэхэмжлэгч Э ХК-аас хариуцагч байгууллагад 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00 дугаар албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор баталсан тарифыг 2021 оны 12 дугаар сарын 01-ээс эхлэн мөрдөх болсныг албан ёсоор мэдэгдэж Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан үүргээ биелүүлсэн байна. 10.Гэвч талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай 7 дугаартай гэрээний 1.5 дахь заалтад энэхүү гэрээ нь 2020 оны 9 дүгээр сарын сарын 01-ээс 2021 оны 8 дугаар сарын 31-ийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ. Энэхүү гэрээг хэрэглэгчийн халаалт авах талбайн хэмжээ буюу дулааны үнэ тарифт өөрчлөлт ороогүй, эсвэл аль нэг талаас гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал гаргаагүй тохиолдолд анх байгуулсан хугацаагаар жил бүр сунгагдсанд тооцно гэж мөн 7.2 дахь заалтад талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт өөрчлөлт оруулах ба энэ тухай саналаа 14 хоногийн өмнө нөгөө талд бичгээр мэдэгдэнэ. Талууд нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулснаар энэхүү гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр болох бөгөөд өөрчлөлт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна гэж тус тус харилцсан тохиролцсон байна. 11.Хэдийгээр нэхэмжлэгч Э ХК-аас хариуцагч байгууллагад 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00 дугаар албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор баталсан тарифыг 2021 оны 12 дугаар сарын 01-ээс эхлэн мөрдөх болсныг албан ёсоор мэдэгдэж Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан үүргээ биелүүлж хариуцагч талд мэдэгдсэн хэдий ч талууд үнэ тарифт өөрчлөлт орсон тохиолдолд гэрээндээ нэмэлт өөрчлөлтийг зөвхөн бичгээр үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр болох бөгөөд өөрчлөлт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байхаар гэрээндээ харилцсан тохиролцсон байх тул нэхэмжлэгч талаас 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай 0 дугаартай гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулсан эсэхээ бичгээр нотолж чадаагүй тул тухайн гэрээнээс хойш талуудын хооронд дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдаагүй байна гэж шүүх дүгнэв. 12.Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай магадлалаар хариуцагч тус аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулиас 2018 оноос 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны дулааны эрчим хүний үлдсэн төлбөрт 51,003,353 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгосон ба уг шүүхийн шийдвэр билэгдсэн нь нэхэмжлэгч талын Б дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хаягласан албан бичиг, төлбөрийн хүсэлт, талуудын тайлбараар тогтоогдсон болно. 13.Талууд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай 07 дугаартай гэрээнээс хойш дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээг бичгээр байгуулаагүй байгаа хэдий ч хариуцагч тус аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургууль нь нэхэмжлэгч байгууллагаас эрчим хүч худалдаж авч хэрэглэсний хувьд маргаагүй байна. 14.Хавтаст хэрэгт авагдсан талуудын нягтлан бодогч нарын тооцоо нийлсэн актаар тус аймгийн Ө сумын ерөнхий боловсролын 01 дүгээр сургууль нь нэхэмжлэгчид 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд 137,759,331.26 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан ба хариуцагчаас Эрчим хүчний тухай хуульд заасан үүргээ зөрчсөн нь тогтоогдсон байх боловч хариуцагч байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад халаалтын дутуу төлбөрөөс төлж одоо 61,755,977 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар талууд шүүх хуралдаанд тайлбар гаргаж, үлдэгдэл төлбөрийн талаар талууд маргаагүй тул шүүхээс халаалтын дутуу төлбөрийн талаар тооцоо хийх шаардлагагүй гэж үзлээ. 15.Харин нэхэмжлэгч Э ХК нь хариуцагч тус аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулиас хугацаа хэтрүүлсний алданги 43,377,988 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж, 31.4 дэх хэсэгт Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус зохицуулжээ. 16.Гэтэл талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай 07 дугаартай гэрээний 1.5 дахь хэсэгт энэхүү гэрээ нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дуусталх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан ба үүнээс хойш талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгчийн хариуцагч байгууллагаас 2021 оны 9 дүгээр сарын 01-ээс 2022 оны дутуу төлсөн дулааны төлбөрт алданги тооцсон үндэслэлгүй болсон байх тул 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны төлбөрт хариуцагч байгууллага нь 203,460,992 /16387м2 х1552х8/ төгрөгийн төлбөрийг төлөхөөс 182,712,339 төгрөг төлсөн байх бөгөөд зөрүү 20,748,326 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 4.3 дахь заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги тооцоход 10,374,326 төгрөг байх ба уг мөнгийг хариуцагчаас гаргуулж, харин нэхэмжлэгчийн алдангид илүү нэхэмжилсэн 33,003,662 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 17.Иймд хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй тул хариуцагч тус аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулиас 2020 оны 5 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд дулааны эрчим хүчний үндсэн төлбөрөөс дутуу үлдсэн 61,755,977 төгрөг, алдангид 10,374,326 төгрөг, нийт 72,130,303 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 33,003,662 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 18.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 808,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулиас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 72,130,303 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 518,602 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулиас халаалтын дутуу төлбөр болон алдангийн хамт нийт 72,130,303 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгож, илүү нэхэмжилсэн 33,003,662 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 808,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 518,602 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Ж
|