| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/06035/И |
| Дугаар | 101/ШШ2023/04646 |
| Огноо | 2023-10-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2023/04646
| 2023 10 26 | 101/ШШ2023/04646 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У.Г /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.Б /рд:/-д холбогдох
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Г, хариуцагч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь газар худалдан авах зорилгоор 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Шархүүгийн Бээс УБ хот, ,,,,гудамжинд байрлах 1600м2 хэмжээтэй газрыг Газар эзэмших эрх шилжүүлэх 1733, 1735, 1736, 1737 дугаартай гэрээнүүд байгуулан нийт 35,000,000 /Гучин таван сая/ төгрөгөөр худалдан авсан. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл хугацаанд худалдан авсан газруудаа өөрийн нэр дээр шилжүүлэн авч чадаагүй. Хариуцагч Ш.Бийн зүгээс удахгүй шилжүүлнэ, санаа зоволгүй, газрын албанд таньдаг хүн байгаа гэх зэргээр элдэв шалтаг тоочин өнөөдрийг хүрсэн. Газрын төлбөр болох 35,000,000 /Гучин таван сая/төгрөгийг Хаан банкны ,,, тоот дансанд 2023 оны 4 дүгээр сарын 30 өдөр 5,000,000 /Таван сая/ төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 /Хорин сая/ төгрөг болон 10,000,000 /Арван сая/ төгрөгөөр хуваан шилжүүлсэн. Тухайн газрын талаар Налайх дүүргийн газрын зохион байгуулалтын албанаас тодруулахад тухайн газрын таны нэр дээр шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Хариуцагч Ш.Б нь мөнгө буцаан өгнө гэдэг боловч өнөөг хүртэл шилжүүлээгүй. Иймд 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Ш.Бтэй байгуулсан эрх шилжүүлэх гэрээнээсээ татгалзан газрын төлбөрт төлсөн 35,000,000 /Гучин таван сая/ төгрөгийг хариуцагч Ш.Бээс гаргуулж өгнө үү.
1а. 2023.4.29-ны өдөр Тэрэлжид газар зарна гэсэн зар харсан. Тэгээд 4 сарын 30-нд хариуцагчтай очиж уулзсан. Тухайн газар нь сайхан газар байсан. Улмаар 5 саяын урьдчилгаа өгсөн. Нэг гэрчилгээг авч үдсэн. Цаана нь 3 гэрчилгээ итгэмжлэлтэй байсан. Дараа нь 30 саяа өгөөд эрх шилжүүлэх болсон. Улмаар газрын албанд очиход ойн тусгай хамгаалалтын газар гэсэн хариу өгсөн. Ингээд дахин хариуцагчтай холбогдож 5 сарын 25-нд Налайх дүүргийн газрын албанд материалаа өгөхөд авахгүй гэсэн боловч материалыг авсан. Улмаар ажлын 45 хоногийн дотор шийдвэр гарна гэсэн. Ингээд 70 орчим хоног хүлээгээд 7 сарын сүүлээр очиход Налайх дүүргийн газрын албаны ажилтан ойн сан газар тул олгох боломжгүй гэсэн. Ингээд 8 сард очоод 9 сард материалаа авсан. Иймд 35,000,000 төгрөгийн хохирлоо гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн хувьд газрын шийдвэр гарсан эсэхийг мэдэж байсан юм. Учир нь Анхбаяртай удаа дараа ярихад нь би цуг байсан юм. Энэ хүний нэр дээр ойн болон усны санд хамаарах газар яаж ирснийг мэдэхгүй байна. Би 5 сараас 9 сар хүртэл хүлээсэн. Энэ хугацаанд иргэдийн хурлын шийдвэр гарах боломжтой байсан. Тухайн дүүргийн шийдвэр яагаад хууль зөрчих гээд байгаа нь сонин байна. Ойн болон усны сангийн газрыг хууль зөрчиж шилжүүлэх гээд байгаа нь сонин байна. Газрын албаны хүн хэлэхдээ энэ хүн чинь газрын гэрчилгээ гарахгүй гээд байхад яамнаас яриулаад байна гэж хэлсэн. Тэр хүн нь ажлаас гараад орлож байгаа хүнтэй нь уулзахад ойн болон усны сав газарт гэрчилгээ гарахгүй өмнөх гэрчилгээг хурааж байгаа гэж хэлсэн. 4 гэрчилгээ байсан тул би энэ талаар шалгуулаагүй юм. 6 сарын үед хариуцагч нь нэг юм яриад байсан бөгөөд би одоо итгэхгүй байна. Би тухайн үедээ зорьсон юмаа хийж чадаагүй. Хэрэв тухайн үед гэрчилгээ миний нэр дээр шилжсэн бол өдийд маргахгүй нь ойлгомжтой. Эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд дүүргийн иргэдийн хурал хуралдаж шийдээд Засаг дарга захирамж гаргадаг юм байна. Гэтэл энэ асуудал яагаад хууль бус явагдах гээд байна. Анхбаярыг төлөөлөх эрх надад байхгүй. Анхбаярын өмнөөс гэрээнээс татгалзах боломжгүйг ойлгож байна. Газрын албанаас надад цахимаар гэрчилгээ шилжихгүй гэж мэдэгдсэн юм гэв.
2. Хариуцагч Ш.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч У.Г тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй Ш.Б миний бие уншиж танилцлаа. Бид 2023 оны 5 сарын 5-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж 0.4 га, 4 айлын газрыг нийт 35.000.000 төгрөгт тооцон гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлэн Налайх дүүргийн газрын албанд газрын эрх шилжүүлэх гэрээ бусад холбогдох баримт бичгүүдийн хамт өгсөн. Үүнээс хойш нэхэмжлэгч У.Г газар эзэмших эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой ямар нэгэн зүйлийг надад огт ярьж хэлээгүй мөртөө шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. У.Гийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь хариуцагч Ш.Б надаас шалтгаалаагүй миний бие шаардлагатай бүхий баримт материалыг төрийн байгууллагад гарган өгсөн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн миний бие газрын албанд таньдаг хүнтэй гэх зэрэг зүйлийг огт яриагүй. У.Г бид хамт Налайх дүүргийн газрын албанд очиж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, материалыг ном журмын дагуу өгч байсныг У.Г мэдэж байгаа.
2а. Миний охин сахарын өвчтэй тул эмчилгээний зардал хэрэгтэй болсон тул өөрт байсан газраа зарахаар зар тавьсан. Ингээд 2 залуу ирээд үзсэн. Тэр 2-н нэг нь нэхэмжлэгч байсан. Тэгээд 35,000,000 төгрөгөөр 4 айлын газар өгсөн. Улмаар нотариатаар ороод шилжүүлж өгсөн. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй шилжүүлээд болсон гэж бодсон. Гэтэл сая гэнэт шүүхээс холбогдоод Г гэж хүн нэхэмжлэл гаргасан гэсэн. Тэгээд юу болсон юм бол гээд шүүх дээр ирж уулзсан. Нэхэмжлэлийг гардаж ав гэсэн. Ингэснээр би газар шилжээгүй гэдгийг ойлгосон. Нотариат гэдэг нь хуулийн этгээд тул нотариат хийгээд явуулсан тул би газрыг буцааж авах зорилго байхгүй. Би залилах, мөнгийг нь луйвардах бодол байхгүй. Гэтэл шүүхээс ярихад нь нэр шилжээгүйг ойлгосон. Өнгөрсөн 7 хоногт лавлахад маргааш хурлаар орно гэсэн. Тэгээд шүүх хурал болтол нэр нь шилжчих юм байна гэж бодсон. Гэтэл хурал болох өдөр газрын албанаас яриад материал нь алга гэсэн юм. Өнөөдөр хурлаар орох болтол материал нь алга гэсэн юм. Шилжүүлж авах хүн чинь аваад явчихсан байна гэсэн юм. Тэгээд би нэхэмжлэгч уруу залгасан. Яагаад материалаа авчихсан юм бэ хурлаар орох гэж байна, одоо аваад ирвэл хурлаар оруулах гэж байна гэсэн. Нөгөө улсууд материалаа аваад ир гэсэн юм. Сүүлд нь бодоход 2 дүү хоорондоо маргасан юм билээ. Хурлаар ороод нэр шилжих байсан юм. Одоо ч гэсэн газар шилжихэд бэлэн байгаа юм. Төрийн алба яаж явдгийг мэдэхгүй. Газрын албаны хүн яагаад буцаагаад байсныг мэдэхгүй. Надад хэлсэн бол би очих байсан. Хурлын төлөвлөгөөнд орчихсон байхад материалаа авчихсан байсан. Буцаагаад өгчих гэхэд утсаа авахаа больчихсон. Тухайн үед өөр хүн авна гэхэд бид авна гээд авчихсан юм. Залуу улсууд юм хийх байх гээд өгсөн. Энэ хугацаанд болсон гэж ойлгосон бөгөөд мөнгийг нь эмчилгээнд зарцуулсан тул буцаах боломжгүй юм. Би газрыг нь шилжүүлээд өгөх боломжтой тул хүлээгээч гэж хүсэж байна. Нэг сар хүлээхэд нэр шилжээд гараад ирэх юм. Намайг Анхбаяртай утсаар ярьсан гэж гүтгэж байна. Зуны цаг байсан тул хүмүүс нь амарчихсан байсан байх тул хугацаа алдсан байх. Нэг залуу нь ярьж байхад газар дээрээ юмаа хий гэхэд хийгээгүй. Одоо мөнгөө авмааргүй байна гэж байна. Одоо яагаад над дээр шилжүүлэх гээд байгаа юм гэж байна. Гэтэл би энийг ав гээгүй өөрсдөө л авна гэсэн. Бусад авах гэж байсан хүмүүсийг болиулж авчхаад одоо авахгүй гэдэг нь боломжгүй санагдаж байна. 35 сая төгрөг авсан. Эхлээд 5 сая, сүүлд нь цуваад 30 сая орсон. Нэхэмжлэгч болон Анхбаяр нар ирээд авна гэсэн. Одоо өгөх мөнгө байхгүй. Нөгөө хүн нь эгчээсээ мөнгө зээлээд нэхэгдсэн тул одоо мөнгөө буцааж нэхэж байгаа гэж хэлсэн. Бизнес эрхэлж байгаа бол ажлаа төлөвлөж хийх ёстой байдаг тул намайг дампууруулах гэж байгаа мэтээр ярихгүй хэрэггүй юм гэв.
3. Зохигчид шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн:
3а. Нэхэмжлэгчээс Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албан У.Гийн гаргасан өргөдлийн хуулбар 2 ширхэг /хх45, 54/, Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албан Ш.Бийн гаргасан өргөдлийн хуулбар 4 ширхэг /хх46, 54, 61, 68/, иргэний газар эзэмших эрхийн ,,,,,,, дүгээр гэрчилгээний хуулбар /хх47, 57, 64, 70, 74/, кадастрын зургийн хуулбар 3 ширхэг /хх48, 65, 71/, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар 4 ширхэг /хх49, 55, 62, 72/, итгэмжлэлийн хуулбар 3 ширхэг /49, 58, 73/, Налайх дүүргийн татварын хэлтсийн татвар төлөгдсөн талаар албан тоот, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актын хуулбар 4 ширхэг /хх52, 59, 66, 75, 76/, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байгаа тухай баримтын хуулбар 4 ширхэг /хх53, 60, 67, 77/, Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанд Э.А,н гаргасан өргөдлийн хуулбар 2 ширхэг /хх61, 69/, Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 23/642 дугаар албан тоотын хуулбар /хх93/, Хаан банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулга /хх94-95/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 17,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч У.Г нь газар эзэмших эрх худалдах худалдан авах 4 ширхэг гэрээнээс татгалзаж, нийт төлсөн төлбөр 35,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Ш.Б нь 4 ширхэг газрын эзэмших эрхийг нийт 35,000,000 төгрөгөөр худалдсан, мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй боловч холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, нотариатаар гэрчлүүлж өгсөн, газар эзэмших эрх шилжих боломжтой тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
4. Б.Н,т Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ,,, дугаар захирамжаар тус дүүргийн,,,р хороо, ,,,ны энгэр хаягт байрлах, нэгж талбарын 1,, дугаартай, 400 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн болох нь иргэний газар эзэмших эрхийн ,,, дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх47/
Газар эзэмшигч Б.Н,нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дээрх газрын эзэмших эрхийг худалдах, шилжүүлэх эрхийг Ш.Бд олгосон итгэмжлэл үйлдсэн байна. /хх51/
Энэхүү итгэмжлэлийн дагуу зохигчид 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байна. /хх49/
4а. Б.С,,,д Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ,,, дугаар захирамжаар тус дүүргийн ,,,, хаягт байрлах, нэгж талбарын ,,,, дугаартай, 400 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн болох нь иргэний газар эзэмших эрхийн ,,,, дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх57/
Газар эзэмшигч Б.С нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дээрх газрын эзэмших эрхийг худалдах, шилжүүлэх эрхийг Ш.Бд олгосон итгэмжлэл үйлдсэн байна. /хх58/
Энэхүү итгэмжлэлийн дагуу зохигчид 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байна. /хх55/
4б. Хариуцагч Ш.Бд Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ,,,, дугаар захирамжаар тус дүүргийн ,,, энгэр хаягт байрлах, нэгж талбар,,,,дугаартай, 400 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн болох нь иргэний газар эзэмших эрхийн ,,,, дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх64/
Улмаар хариуцагч Ш.Б нь Э.А-тай 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байна. /хх62/
4в. Б.Н-д Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ,,,,дугаар захирамжаар тус дүүргийн ,,,,энгэр хаягт байрлах, нэгж талбарын ,,,, дугаартай, 400 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн болох нь иргэний газар эзэмших эрхийн ,,,,дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх70/
Газар эзэмшигч Б.Н нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дээрх газрын эзэмших эрхийг худалдах, шилжүүлэх эрхийг Ш.Бд олгосон итгэмжлэл үйлдсэн байна. /хх73/
Энэхүү итгэмжлэлийн дагуу хариуцагч Ш.Б нь Э.А-тай 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байна. /хх72/
5. Ийнхүү хариуцагч Ш.Б нь нэхэмжлэгч У.Г болон иргэн Э.Анхбаяр нартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь уг 4 газрын эзэмших эрхийг худалдаж, худалдан авсан гэрээний үр дагавар бөгөөд нийт үнэнд 35,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож, улмаар үнэ бүрэн төлөгдсөн үйл баримтын талаар зохигч хэн аль маргаагүй.
5а. Мөн худалдах худалдан гэрээний нийт үнэ болох 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгч У.Г төлсөн болох нь Хаан банк дахь түүний дансны хуулгаар тогтоогдож байна. /94-95/ Тодруулбал, 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5,000,000 төгрөгийн гүйлгээний утгад “газар урьдчилгаа анхаа, гармаа” гэж, мөн оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 20,000,000 төгрөг болон 10,000,000 төгрөгийн гүйлгээний утгад “4 айлын газар 35 саяар худалдаж авах” гэжээ.
6. Зохигчдын маргаагүй бөгөөд нотлогдсон дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн худалдан авсан газар эзэмших эрхийн үнийг болон Э.Анхбаярын худалдан авсан газар эзэмших эрхийн үнийг хамтад нь төлсөн байна.
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээнэ.
Нэгэнт 35,000,000 төгрөгийн үнэ бүрэн төлөгдөж, үүнийг хариуцагч зөвшөөрч байх тул худалдан авагч нар гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
8. Зохигчдын гаргаж буй 4 газарт эзэмших эрхийн ,,,,,дугаартай гэрчилгээнүүд олгогдсон байсан боловч уг газар нь эрхийн зөрчилтэй болох нь Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн ,,,,дугаар албан тоотод холбогдох хуульд заасан онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байна гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч шийдвэр гарсан гэж зааснаар тогтоогдсон.
8а. Дээрх албан тоотод зааснаар маргаж буй газрын эзэмших эрх шилжих боломжгүй болсон байх тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүйгээр мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй юм.
8б. Нэхэмжлэгч нь үүссэн эрхийн дагуу нэгэнт гэрээнээс татгалзаж байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэл болох төлсөн төлбөрийг буцаан өгөх үүрэгтэй.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулсан газар эзэмших эрхийн ,,,,, дугаартай гэрчилгээтэй газарт холбогдох 2 гэрээнээс татгалзсан тул хариуцагчаас тухай гэрээний нийт үнэ болох 17,500,000 /35,000,000/4*2/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
10. Харин хариуцагч болон Э.А нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрхийн ,,,,дугаартай гэрчилгээтэй газарт холбогдох гэрээний оролцогч нь нэхэмжлэгч биш бөгөөд түүнд Э.А,,,с ямар нэг итгэмжлэл олгоогүй байна. Мөн Э.А нь энэ хэргийн оролцогч биш тул нэхэмжлэгч нь Э.А-н байгуулсан 2 гэрээнээс татгалзах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Э.А-н байгуулсан 2 гэрээ болон төлсөн үнэтэй холбогдох асуудлаар эрх бүхий этгээд нь зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ш.Бээс 17,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Гэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 245,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД