Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2023/0297

 

2023 03 29 128/ШШ2023/0297

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ПХХК 

Хариуцагч: С

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, Р.Ц, Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь /холбоос: http://www.frc.mn/a/3981/ нийтлэлийг устгахаас татгалзсан санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн  тоот хариу татгалзал хууль бус болохыг тогтоож, холбоос нийтлэлийг устгахыг хариуцагч талд даалгах.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анх шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн үндэслэл: Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо / цаашид "СЗХ гэх/ -ноос 2022 оны 04 сарын 22-ны өдөр өөрийн албан ёсны веб сайт болох www.frc.mn "Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" /холбоос: http://www.frc.mn/a/3981/ гарчигтай мэдээллийг нийтэлсэн. Тус нийтлэлдээ Alex Reinhardt, түүний компанийн цахим хэрэглэгчид болох Platin Coin болон PLC Ultima-г нэр цохон тэмдэглэж, дараах агуулгыг нийтэд хүргэсэн: ...Гэтэл манай улсад бий болсон нэг жишээг дурдвал Platin Coin /PLC/ нэр бүхий койноор дамжуулан СЗХ-ноос албан ёсны зөвшөөрөл авсан гэж Иргэдийг итгүүлж санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлсэн, хүн элсүүлэх тутам урамшуулал олгож, хамгийн олон гишүүн элсүүлсэн хүн нь шатлал ахих зарчмаар явдаг схем юм... Уг компанийн гүйцэтгэх захирал Алекс Рейнхардт нь өмнө нь SwissCoin буюу Platin Coin гарч ирсний дараахан дампуурсан понзи схемийн томоохон гишүүдийн нэг байсан гэж үздэг. Platin Coin нь Дубай, Швейцарь, Хонконг, Словени зэрэг дэлхий даяар тархсан олон тооны халхавч компаниудаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг гэж хэрэглэгчид үздэг байна. Иймээс олон улсын болон зарим орны санхүүгийн зохицуулагч байгууллагаас Platin Coin, PLC Ultima нь эрсдэл өндөртэй тул хөрөнгө оруулалт хийхгүй байх, залилан мэхлэх схем байж болзошгүй учир компанийн талаарх мэдээллийг нягталж, эцсийн өмчлөгчийг тогтоох, аливаа тусгай зөвшөөрөл, бүртгэл эзэмшдэггүй тул хяналт, зохицуулалтад хамаардаггүй талаарх анхааруулга, сэрэмжлүүлгийг гаргаад байна. Мөн олон улсын шинжээч, судлаачид, виртуал хөрөнгө сонирхогчид, хувь хүмүүс ч энэ талаар судалгаа хийж олон нийтийн сүлжээнд байршуулсан байна...". Үүндээ СЗХ нь мэдээгээ 9 эх сурвалжаар бэлдсэн гэж онцолсон нь дараах сайтуудын мэдээллүүд байна:

1.https://www.financemagnates.com/cryptocurrency/regulation/germanys-bafin- warns-against-platincoin-crypto-firm/

2.https://bitcoinexchangequide.com/germanys-financial-authority-warns-crypto- asset-investors-against-platincoin/

3.https://behindmlm.com/companies/swisscoin-added-to-finma-warning-list/

4.https://ico-class-action.org/class-actions/platincoin

5.https://behindmim.com/mim-reviews/platincoin-review-top-swisscoin-investor- launches-own-crypto-scam/

6.https://myopinion.wwpa.com/post/alex-reinhardt-platincoin-scam

7.https://behindmim.com/mim-reviews/platincoin-review-top-swisscoin-investor- launches-own-crypto-scam/

8.https://ico-class-action.org/class-actions/platincoin

9.https://lemonpress.mn/news/piramide_MGL

Эдгээр эх сурвалжуудын аль нь ч нийтлэлд дурдсан аливаа улс орны санхүүгийн зохицуулагч байгууллага биш буюу зохих судалгаагүйгээр, хувийн үзэл бодлоо нийтэлдэг албан ёсны бус веб сайтууд байгаа юм. Ийнхүү хангалтгүй судалсан, албан ёсны бус эх сурвалжаас авсан мэдээлэлдээ П ХХК (цаашид "Компани" гэх) болон түүний бизнесийн үйл ажиллагаа, тус Компанид нь Лицензийн гэрээний дагуу оюуны емчийн эрхээ ашиглуулж буй Арабын Нэгдсэн Эмират улсад бүртгэлтэй Пл Женесис ДиЭмСиСи компанийн хувьцаа эзэмшигч Алекс Рейнхардтийг тус компанийн захирлаар ажилладаг хэмээн нэр цохон дурдаж, бодит бус сөрөг мэдээлэл олон нийтэд хүргэж, тус Компанийн бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийхгүй байхыг уриалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан "Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.6 дахь хэсэгт заасан "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" зарчмыг тус тус зөрчсөн хууль бус үйлдэл байна. СЗХ нь үнэт цаас, банк бус санхүүгийн байгууллага, виртуал хөрөнгийн үйлчилгээ зэрэг салбарын зохицуулагч, төрийн эрх бүхий байгууллага болохын хувьд түүнээс гаргасан мэдээ, мэдээлэл нь тухайн салбарт өндөр ач холбогдолтой, тодорхой, шууд үр дагавар үүсгэх тул өөрийн албан ёсны вэбсайтад гаргаж буй мэдээ, мэдээлэлд мэргэжлийн бөгөөд хариуцлагатай байр сууринаас хандах ёстой. Гэтэл Холбоос нийтлэл нь Компанийн бизнесийн нэр хүндэд халдаж, улмаар Монгол улсад эрхлэх Компанийн цаашдын бизнесийн үйл ажиллагаанд эрсдэл учруулж, одоогийн болон ирээдүйн үйлчлүүлэгч болон ирээдүйд олох байсан ашиг орлогоо алдах зэрэг хор уршигт шууд хүргэж, Компанийн чөлөөтэй бизнес эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Мөн холбоос нийтлэлийнхээ гарчгийг "Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" гэжээ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд залилах гэмт хэргийг дараах байдлаар тодорхойлсон. Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол ..." гэсэн байна. Компанийн хувьд дээрх байдлаар иргэдийг залилан явуулаагүй тул компанийн нэр хүндэд ноцтой халдаж байна. мэхлэх ажиллагаа Холбоос нийтлэлийг устгуулахаар Санхүүгийн Зохицуулах хороонд 2022 оны 07 сарын 05-ны өдөр хүсэлт гаргахад 2022 оны 08 сарын 04-ний өдөр хүсэлтийг хүлээн авах боломжгүй буюу татгалзсан хариуг бичгээр илгээн, мэдэгдсэн. Энэхүү татгалзал нь өмнө дурдсанчлан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон. шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчмыг зөрчсөн. Учир нь холбоос нийтлэл нь бодит нөхцөл байдалд тохирсон буюу нэрлэн заасан Алекс Рейнхардт, Platin Coin нь Монгол улсын иргэдийг залилан мэхэлсэн бодит жишээ буюу Эрүүгийн хуулийн 17.3-д заасан залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн эсэхийг эрх бүхий байгууллагаар тогтоосон тухай үндэслэлтэй мэдээлэл огт агуулаагүй байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нийтлэлийг устгуулах хүсэлт, татгалзсан хариуг ахин хянуулахаар Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 28-р зүйлийн 28.1-т заасны дагуу Хяналтын Зөвлөлд 2022 оны 08 сарын 29-ний өдөр гомдол гаргасан. Улмаар 2022 оны 09 сарын 01-ний өдөр хяналтын зөвлөл бүрэлдэхүүнгүй байгаа тул гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Хяналтын зөвлөлийн 3 гишүүн нь Улсын Их Хуралд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байсан. Иймд гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага байхгүй гэж үзэж Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 28-р зүйлийн 28.1-т "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана" гэж заасныг үндэслэн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Дээрх үндэслэлүүдийг харгалзан Санхүүгийн Зохицуулах Хорооны албан ёсны вэбсайтад 2022 оны 04 сарын 22-ны өдөр нийтлэгдсэн "Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" /холбоос: http://www.frc.mn/a/3981/ нийтлэлийг устгахаас татгалзсан Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 08 сарын 04-ний өдрийн 9/ тоот Хариу хүргүүлэх тухай татгалзсан захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, холбоос нийтлэлийг устгахыг хариуцагч талд даалгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Санхүүгийн зохицуулах хороонд гомдсон шалтгаан нь гэх юм бол манай үйлчлүүлэгчдийн эрх, ашгийг хөндөж, шууд бусаар бизнесийн нэр хүндэд нь халдсан гэж үзэж байгаа. Гэхдээ хохирлыг тодорхойлох боломжгүй. Ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад тус байгууллагад иргэдээс гомдол гаргасан учраас гэж вэбсайтын нэрийг зааж мэдээлэл оруулсан. Хоёрдугаарт захиргааны хуульд заасан зарчим буюу холбогдогч этгээдээс нэмэлт тайлбар авалгүйгээр шууд мэдээ гаргасан нь хууль бус юм гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан баримтуудыг үзвэл хангалттай бус буюу бодитой хохирсон иргэний гомдол, баримт гаргаж өгөөгүй, Ер нь бол өгсөн нотлох баримтаар Алекс Рэйнхард нь хоёр вэбсайттай хамааралтай болох нь нотлогдохгүй байгаа. Уг программ хангамжийг хөгжүүлж байгаа компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэдэг нь баримтаар нотлогдсон урчаас шууд хамааралгүй гэж үзэж байгаа. Магадгүй вэбсайт дээр зар сурталчилгааны зорилгоор байршуулсан мэдээллийг шууд хамааралтай гэж үзэх боломжгүй. Учир нь өгсөн нотлох баримт дээр өөр компанийн 100 хувь хувьцаа эзэмшигч болохоос биш вэбсайтуудыг ажиллуулдаг П ХХК-тай шууд хамааралтай биш. Хоёрдугаарт манай үйлчлүүлэгч Алекс Рэйнхард, П ХХК-ийн бизнесийн нэр хүндэд шууд бусаар халдаж, хохирол учруулж байна гэж үзэж байгаа. Ямар хэмжээний хохирол учирсан болохыг нотлох боломжгүй гэж байгаа боловч мэдээж нөлөөлж байгаа. Учир нь Санхүүгийн зохицуулах хороо нь Монгол Улсын санхүүгийн салбарыг тогтоодог гол эрх бүхий байгууллага юм. Мөн бүтэн улсын санхүүгийн зохицуулалтыг хийдэг байгууллага байж ямар нэгэн баримтгүйгээр, зүгээр л хэн нэгний ажиллуулдаг вэбсайтаас мэдээлэл аваад өөрсдийн албан ёсны вэбсайтад мэдэгдэл байдлаар байршуулсан нь хууль бус юм. Ийм байдлаар төрийн байгууллага ажиллаж болохгүй гэж үзэж байна. Бизнесийн ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдэл юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: "П" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан "Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" нийтлэлийг устгахаас татгалзсан Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 8 дугаар сарын 04-ний 9/ тоот хариу татгалзал хууль бус болохыг тогтоож, холбоос нийтлэлийг устгахыг хариуцагч талд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хэвлэлийн мэдээ бэлтгэх болсон үндэслэл, шалтгаан Хариу тайлбар гаргах нь Сүүлийн жилүүдэд дэвшилтэт технологийн үр нөлөө уламжлалт санхүүгийн салбарт шинэчлэлтийг эхлүүлж, блокчэйн технологид суурилсан виртуал хөрөнгийн бүтээгдэхүүн. үйлчилгээ бий болсон нь манай оронд мөн адил өргөн дэлгэрч койн/токеныг хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглаж иргэд, олон нийтээс санхүүгийн эх үүсвэрийг богино хугацаанд татах болсон тул виртуал хөрөнгийн эрсдэл өндөр, үнийн хэлбэлзэл ихтэй, аливал биет хөрөнгөөр баталгааждаггүй бөгөөд дэлхий дахинаа шинээр зохицуулалтад орж буй салбар тул хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулал дутмаг байгааг анхааруулж Санхүүгийн зохицуулах хорооноос удаа дараа мэдэгдэл, анхааруулга, сэрэмжлүүлгийг гаргасаар ирсэн. Үүний дагуу иргэд, олон нийт, хөрөнгө оруулагчдын зүгээс орон нутагт Platin coin. PLC Ultima гэх мэт нэр бүхий койноор дамжуулан санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлж, Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны зөвшөөрөл авсан мэтээр иргэдийг итгүүлж байгаа талаар тус Хороонд удаа дараа утсаар мэдээлэл ирүүлж байсан. Мэдээллийн дагуу шалгаж үзэхэд тус Platin Coin-ийн цахим хуудас нь нийт 18 хэл дээр хөрвүүлэгдэж байсан ба үүний нэг нь Монгол хэл юм. Тус веб сайтын холбоосоор орж, нийтлэлүүдтэй танилцахад Монгол Улсаас ягаан алмаз, алмаз, цэнхэр алмаз зэрэглэлтэй болсон гишүүдийн талаар, тэдний багийн гишүүдийн тоо 3600 гаруйд хүрсэн талаарх мэдээллүүд тавигдсан байсан. Түүнчлэн тус нийтлэлд Platin Coin-ийн үйл ажиллагааг сүлжээний маркетингийн компани /network marketing companies/ гэж тодорхойлсон бөгөөд өндөр урамшуулалтай талаар дурдсан байсан. Иргэдийн мэдүүлж буйгаар тус койны хэтэвчинд мөнгөө байршуулснаар анхны хөрөнгө оруулалтаас тодорхой хувийг буцаан өсгөн өгдөг, дороо хүн элсүүлэх тусам урамшуулал олгодог гэсэн нь санхүүгийн залилан мэхлэх гэмт хэрэг, олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны шинж чанарыг агуулж байх боломжтой гэж үзэх үндэслэл болсон. Анх тус Platin coin-ийн үйл ажиллагаа Хөвсгөл аймгаас эхэлсэн бол цаашлаад орон нутагт салбарлаж, цар хүрээгээ өргөтгөсөн юм. Иймд, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасанчлан хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг тус Хороо хүлээсний дагуу өөрийн цахим хуудсанд "Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" гарчигтай анхааруулга, сэрэмжлүүлгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байршуулсан болно. Хэвлэлийн мэдээг устгахаас татгалзсан шалтгаан Тус хорооны цахим хуудаст тавигдсан хэвлэлийн мэдээнд Алекс Рейнхардын нэр хүндэд шууд халдаагүй бөгөөд ...Үүний дараагаар домэйныг www.plcultima.com болгон шинэчилж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 9 орны хэлээр орчуулсны нэг нь Монгол хэл юм. Уг компанийн гүйцэтгэх захирал Алекс Рейнхардт нь өмнө нь SwissCoin буюу Platin Coin гарч ирсний дараахан дампуурсан понзи схемийн томоохон гишүүдийн нэг байсан гэж үздэг..." гэж бичсэн нь тухайн хүнийг шууд буруутгасан гэж үзэх үндэслэл болж чадахгүй байна. Тус хэвлэлийн мэдээг бэлтгэхдээ олон нийтийн нээлттэй эх сурвалжуудыг ашигласан бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Германы "Бафин" буюу "Холбооны санхүүгийн хяналтын газар"-аас гаргасан Platin coin-той холбоотой мэдэгдлийн талаар дурдсан байсныг үндэслэсэн. Түүнчлэн тус мэдээнд "олон улсын судлаачид, виртуал хөрөнгө сонирхогчид, хувь хүмүүс ч энэ талаар судалгаа хийж олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Эдгээртэй доорх хаягаар орж танилцах боломжтой" хэмээн эх сурвалжийг дурдаж өгснөөс үзэхэд Санхүүгийн зохицуулах хороо нь аливаа этгээдийн нэр төр, ашиг сонирхолд халдах бус нээлттэй эх сурвалж дээр байршсан мэдээллүүдийг нэгтгэн сэрэмжлүүлэг түгээх зорилготой байсан юм. "Өмгөөллийн Грата Интернэшнл Монголиа" ХХН-өөс 2022 оны 7 дугаар сарын 05- ны өдрийн 11/22 дугаартай албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудаснаас хэвлэлийн мэдээг устгуулахтай холбоотой хүсэлтийг ирүүлсэн бөгөөд албан бичигтэй холбогдуулан тус Хорооны Х ш з г д үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Долгорсүрэн, "Өмгөөллийн Грата Интернэшнл Монголиа" ХХН-ийн гүйцэтгэх захирал В.Болормаа болон холбогдох албан бүрэлдэхүүнтэйгээр уулзалт зохион байгуулж, санал солилцсон. хаагчдын Түүнчлэн 2022 оны 8 дугаар сарын 22-ны 13/22 дугаартай албан бичгээр нэмэлт тодруулга, баримт материалыг "Өмгөөллийн Грата Интернэшнл Монголиа" ХХН-өөс тус Хороонд бэлтгэн ирүүлсэн. Албан бичгийн хавсралт баримт, материалтай танилцахад зохих тамга тэмдэг, баталгаажуулалт дутмаг бөгөөд Алекс Рейнхардт гэх нэр бүхий этгээд нь "П ДОБТ"-ын хувьцаа эзэмшигч бөгөөд Platin Coin, PLC Ultima-тай аливаа хамааралгүй, зөвхөн тэдгээрийг үйлдвэрлэх программ хангамжийг зохион бүтээж, бусдад ашиглуулдаг гэсэн атал "... Platin Coin, PLC Ultima нь эрсдэл өндөртэй тул хөрөнгө оруулалт хийхгүй байх, залилан мэхлэх схем байж болзошгүй" гэдэг нь худал тул зөвхөн тус этгээдийн нэрийг бус хэвлэлийн мэдээг бүхэлд нь устгуулах хүсэлтэй байгааг илэрхийлсэн FOM. Platin Coin-ийн албан ёсны цахим хуудас /https://platincoin.com/en//-аар дамжин https://blog.platincoin.com/-д нэвтрэхэд "Platin Coin-ийн үүсгэн байгуулагч Алекс Рейнхардтын ном удахгүй худалдаанд гарна", PLC Ultima-ийн албан ёсны цахим хуудас /https://plcultima.com/en//-нд нэвтрэхэд эхний нүүрэнд үүсгэн байгуулагч Алекс Рейнхардт, зургийн хамт" байгаа байдал, түүнчлэн Алекс Рейнхардтын өөрийн албан ёсны цахим хуудас болох https://alexreinhardt.com/ дээр "Хэрэгжүүлж буй төслүүд цэсэд "PLC Ultima экосистем нь Алекс Рейнхардтын гол төсөл юм. Өнөөдөр энэ нь дэлхийн крипто зах зээл дээрх хамгийн том төслүүдийн нэг юм", "PLC Ultima койн нь анх олон нийтэд нэг ширхэг нь 0.1 ам.доллароор гарч байсан гэвч зургаан сарын дотор зоосны үнэ 100,000 ам.долларт хүрч, оргил үедээ 116,000 ам. долларт хүрчээ. Энэ нь улам бүр өсөн нэмэгдэж буй дэлхийн хамтын нийгэмлэгийн ачаар боломжтой болсон" гэх агуулга бүхий мэдээллүүд байгаа зэрэг баталгаатай эх сурвалжуудаас үзэхэд Алекс Рейнхардт нь Platin Coin, PLC Ultima-тай аливаа хамааралгүй гэж хэлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байна. Иймд, хэвлэлийн мэдээг бүхэлд нь устгаснаар олон нийтийг хохироож болзошгүй бөгөөд Алекс Рейнхардт гэх этгээд нь тус үйл ажиллагаатай холбоогүй гэж үзэх нотлох баримт хангалтгүй гэж үзэж хэвлэлийн мэдээг устгахаас татгалзаж буй талаар Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 9/ дугаартай албан бичгээр Өмгөөллийн Грата Интернэшнл Монголиа ХХН-д хариу хүргүүлсэн болно. 3. Захиргааны акт эсэх талаар Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 9/ дугаартай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно." гэж заасан захиргааны актын шинжийг хангахгүй болно. Иймд "П" ХХК-аас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор сэрэмжлүүлэг мэдээ гаргасан. Үүнтэй холбоотой өмгөөллийн нөхөрлөлөөс Алекс Рэйнхард-ыг төлөөлөн Санхүүгийн зохицуулах хороонд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мэдээллийг устгуулахтай холбоотой хүсэлтийг албан бичгээр ирүүлсэн. Энэ албан бичигтэй холбоотойгоор эрх бүхий албан тушаалтнууд уулзаж, нэмэлт баримт ирүүлсэн. Тухайн үед Алекс Рэйнхард-ыг төлөөлж байна, энэ хүн нь койнуудтай хамааралгүй учраас мэдээллийг устгаж өгнө үү гэж байсан. Бид энэ хүсэлт болон нэмэлт баримтуудыг үзээд энэ хүн койнтой хамааралгүй гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзсэн. Энэ нь өмнөх шүүх хуралдаанд үзсэн вэбсайтаас харагддаг. Шууд өөрийнх нь зураг гарч ирдэг бөгөөд холбоотой болох нь харагддаг. Ингээд манайхаас хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Нийтлэлээс болж эрх ашиг хөндөгдсөн учраас устгуулна гэдэг. Энэ Санхүүгийн зохицуулах хорооны сайт дээр гарсан нийтлэл бол захиргааны акт биш, мөн тус хорооны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 9/ тоот албан бичиг нь мөн захиргааны акт биш. Захиргааны акт гэж юуг хэлэв вэ гэвэл Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, амаар бичгээр гаргасан, захирамжилсан шинжтэй үйлдэл, үйл ажиллагааг ойлгоно гэдэг. Энэ нийтлэл болон Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгийн улмаас ямар нэгэн эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй. Нэхэмжлэгчийн эрх нь яаж хөндөгдөж байна вэ гэхээр шууд хэлэх боломжгүй гэдэг. Нийтлэл болон албан бичиг гарснаар нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг нь хөндөгдөж байгаа нь ойлгомжгүй бөгөөд шууд эрх зүйн үр дагавар үүсгээгүй буюу захиргааны актын шинжийг агуулахгүй байна. Захиргааны ерөнхий хуульд заасан бүх шинжийг агуулж байж захиргааны акт болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д энэ хуулийн зорилго бол иргэн, хуулийн этгээдээс захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээний улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй бол энэ эрхийг хамгаалахад чиглэсэн гэж заасан. Гэтэл захиргааны акт биш байхад эрх, ашиг сонирхлоо сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү Захиргааны актын улмаас нэхэмжлэгчид эрх олгосон, эсхүл үүрэг хүлээлгэсэн буюу нийтлэлээс болж эрх зүйн шууд үр дагавар үүсээгүй. Алекс Рэйнхард нь П ХХК-тай хамааралгүй гэж байгаа боловч энэ сайтуудыг ажиллуулах эрх олгосон лицензийн гэрээгээр хамааралтай болох нь нотлогдож байгаа. Өөрийнхөө хэлсэн тайлбараасаа зөрүүтэй зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Санхүүгийн зохицуулах хороо нь хөрөнгө оруулагчдын эрх, ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага. Хууль батлагдахаас өмнө маш их койн гарсан. Одоо хүртэл зарим нь хохирлоо нэхэмжлээд явж байгаа. Санхүүгийн зохицуулах хороо нь эрх зүйн байдлын тухай хууль болон чиг үүргийнхээ хүрээнд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд арга хэмжээ авч олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны мэдэгдэл биш. П иргэдийн эрх, ашиг сонирхлыг хохироосон, хохирол учруулсан гэсэн албан ёсны мэдэгдэл биш. Виртуал хөрөнгийн тухай хуульд зааснаар виртуал үйлчилгээ үзүүлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж байж үйл ажиллагаа явуулах ёстой боловч бүртгүүлсэн мэтээр ойлгуулж, сурталчилгаа хийгээд байна, ард иргэдэд сэрэмжлүүлэг хийж өгнө үү гэж тус хороонд утсаар ирсэн гомдол болон эрх бүхий байгууллагаас ирсэн баримтын дагуу мэдээлэл байршуулсан. Мэдэгдэл гарч байх үед Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй, олон шатлалт маркетинг хууль бус үйл ажиллагаа байсан. Ийм байж болзошгүй байна шүү гэдэг байдлаар иргэдэд анхааруулсан. Үүнтэй холбоотой гомдол гаргахдаа энэ талаарх нотлох баримтаа ирүүлээгүй. Тийм учраас Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 08 дугаар сарын албан бичиг гарсан байгаа. Энэ албан бичиг гарснаар Алекс Рэйнхард болон п ямар нэгэн эрх, үүрэг олгосон, эсхүл эрх зүйн үр дагавар үүсгээгүй,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Санхүүгийн зохицуулах хорооноос койныг өндөр эрсдэлтэй гэж олон улсаас үзэж байна гэсэн нийтлэлийг байршуулсан. Алекс Рэйнхард нь койнтой холбоогүй гэсэн албан бичгийг хороонд ирүүлсэн. Гэвч сайтаас хайлт хийгээд үзэхээр Алекс Рэйнхард-ын цахим хуудаст хэрэгжүүлж байгаа п, ултимакойн зэргийн талаар байсан бөгөөд үнийн талаар мэдээлэл тавьсан байсан нь түүнийг хамааралтай гэж үзэх үндэслэл болдог. Санхүүгийн зохицуулах хороонд албан бичигтэй хамт ирүүлсэн нотлох баримтууд тамга тэмдэггүй, эх хувь биш байсан учраас нотлох баримтыг хүлээн авахаас татгалзсан хариуг өгсөн байгаа гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч П ХХК /Platin World LTD/ нь Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь /холбоос: http://www.frc.mn/a/3981/ нийтлэлийг устгахаас татгалзсан Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 9/ тоот хариу татгалзал хууль бус болохыг тогтоож, холбоос нийтлэлийг устгахыг хариуцагч талд даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэлийн гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монголын виртуал хөрөнгө, цахим гүйлгээ эзэмшигчдийн мэргэжлийн холбоо НҮТББ-аас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №03 тоот Шаардлага хүргүүлэх тухай, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №12 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичгүүдээр Монгол улсад 2017 оноос эхлэн Onecoin, Platin coin гэх мэт удаа дараагийн өөрийн сүлжээний пирамид схемийг блокчейн технологи койноор далдалсан нэлээд том сүлжээ ажиллаж олон мянган иргэдийг хохироосон, PLC Ultima гэх койны үйлчилгээг Виртул хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх этгээдээр бүртгүүлээгүй этгээдээр дамжиж Multi Level Marketing ашиглан иргэдийн дунд түгээж байгаа тул холбогдох хууль, бусад журмын дагуу үйл ажиллагааг нь яаралтай зогсоож өгнө үү гэсэн агуулгатай гомдлууд гаргаж байсан, мөн нээлттэй цахим хуудсуудад нэхэмжлэгч компанитай хамаарал бүхий компанийн хувьцаа эзэмшигч /Алекс Рейнхардт/-ийн виртуал хөрөнгө буюу койны талаар мэдээллүүд нийтлэгдэж байсан болох тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдал, нотлох баримтуудад үндэслэн хариуцагчийн зүгээс виртуал хөрөнгөтэй холбоотойгоор иргэд хохирох эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийн цахим хуудаст анхааруулга нийтэлсэн байна.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн. гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр байх тул виртуал хөрөнгөтэй холбоотойгоор иргэд хохирох эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийн цахим хуудаст анхааруулга нийтэлсэн хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн дагуу виртуал хөрөнгөтэй холбоотойгоор иргэд хохирох эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийн цахим хуудаст анхааруулга нийтэлсэн байх тул 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №  тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь албан бус веб сайтуудад нийтлэгдсэн, албан ёсны бус эх сурвалжаас авсан мэдээлэлдээ үндэслэж хариуцагч нь өөрийн цахим хуудаст анхааруулга нийтэлсэн нь манай компанийн бизнесийн нэр хүндэд халдаж, улмаар компанийн цаашдын бизнесийн үйл ажиллагаанд эрсдэл учруулж, одоогийн болон ирээдүйн үйлчлүүлэгч болон ирээдүйд олох ёстой байсан ашиг, орлогоо алдах зэрэг хор уршигт шууд хүргэж байна гэж тайлбарлан маргаж байх хэдий ч санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах нь Санхүүгийн зохицуулах хорооны үндсэн чиг үүрэг, энэ чиг үүргийн дагуу нийтийн эрх ашгийг хамгаалах буюу иргэдэд хохирол учрахаас сэргийлэх зорилгоор маргаан бүхий анхааруулгыг нийтэлсэн байх тул нэхэмжлэгч талын энэ тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь /холбоос: http://www.frc.mn/a/3981/ нийтлэлийг устгахаас татгалзсан Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн  тоот хариу татгалзал хууль бус болохыг тогтоож, холбоос нийтлэлийг устгахыг хариуцагч талд даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь /холбоос: http://www.frc.mn/a/3981/ нийтлэлийг устгахаас татгалзсан Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн  тоот хариу татгалзал хууль бус болохыг тогтоож, холбоос нийтлэлийг устгахыг хариуцагч талд даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч П ХХК /Platin World LTD/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу /-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ