Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 121

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан

Өсвөр насны шүүгдэгч Г.Мөнхбаатар

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Ганбаатарын Мөнхбаатарт холбогдох эрүүгийн 1719000280014 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 16 нас 6 сартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ‎эцэг, эхийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 17-3 тоотод оршин суух, Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 11 дүгээр ангид сурдаг, урьд ял шийтгэлгүй, Тугчин овогт Ганбаатарын Мөнхбаатар /ЕЮ01230611/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Өсвөр насны шүүгдэгч Г.Мөнхбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 2  дугаар багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.Батзоригийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Мөнхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Таньдаг дүүг маань сааданд дээрэлхээд байхаар нь уулзаад явуулчих гэсэн чинь хэл амаар доромжлоод байсан болохоор муудсан гэсэн мэдүүлэг,

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Мөнхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017.07.13-ны орой 22:00 цаг гээд бэлтгэлээ тараад явж байхад саадны баруун талын хөшөөний хажууд миний таньдаг Зоригтжавхлан гээд дүүгээс мөнгө нэхээд байж байсан. Зоригоотой уулзаж байсан дүүгээ явуулсан чинь муудалдаж эхэлсэн би эхлээд Зоригоог нүүр лүү нь цохисон сандалны дээр, доор ороод унасан. Тэгээд манай найз Мөнхбаясгалан салгасан хартал Зоригоогийн хамарнаас цус гоожиж байсан гэсэн мэдүүлэг /хх 15/,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Батзоригийн мөрдөн байцаалтөнд өгсөн: Би 2017.07.13-ны орой 23:00 цагийн үед Намын хорооны эсрэг хөшөөний сандал дээр би Ариунбаяр найзтайгаа сууж байсан. Зориггжавхлан ирээд хөшөөний урд талаас Мөнхбаясгалан, Мөнхбаатар хоёр ирж байсан. Мөнхбаатар намайг ойрд том болжээ яагаад томроод байгаан гэсэн. Тэгээд сууж байсан чинь Мөнхбаясгалан миний малгайг аваад Мөнхбаатар миний баруун талын шанаа руу цохисон. Би яаж байгаан гэсэн чинь яадийн гэсэн бид 2 босоод заамдалцаад би газар унасан. Тэгээд миний дээрээс нүүр лүү цохисон хамраас цус гараад цусаа гоожуулаад сууж байхад миний нүүр лүү Мөнхбаатар, Мөнхбаясгалан хоёр өшиглөсөн. Би одоо Мөнхбаатартай сайн дураараа эвлэрч байгаа, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хх 10-11/,

 

Насанд хүрээгүй гэрч Ч.Мөнхбаясгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манай лигийн сагсан бөмбөгийн бэлтгэл тараад 22:00 цаг өнгөрч байсан байх Төв саадны баруун талын хаалгаар ороод хойшоо талбай руу ордог хаалган дээр явж байхад хөшөөний хажуу талын сандал дээр Зоригоо манай дүүгээс мөнгө нэхээд сууж байсан. Тэгээд тэр таньдаг дүүгээ дагуулаад урагшаа явуулж байсан чинь манай найз Мөнхбаатар луу явуулчлаа гээд хараагаад байсан. Тэгээд тэр 2 хэрэлдэж байгаад зодолдоод эхэлсэн. Тэгээд сандал дээрээс тэр 2 унахаар нь би очоод салгаад сандал дээр суулгасан чинь Б.Батзоригын хамраас цус гарсан байсан гэсэн мэдүүлэг /хх 14/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.07.18-ны өдрийн 231 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх 18/,

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 31/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Мөнхбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 2  дугаар багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.Батзоригийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь өсвөр насны шүүгдэгч Г.Мөнхбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Зоригоотой уулзаж байсан дүүгээ явуулсан чинь муудалдаж эхэлсэн би эхлээд Зоригоог нүүр лүү нь цохисон. Зоригоогийн хамарнаас цус гоожиж байсан гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Батзоригийн мөрдөн байцаалтөнд өгсөн: ... Мөнхбаатар миний баруун талын шанаа руу цохисон миний хамраас цус гараад цусаа гоожуулаад сууж байхад миний нүүр лүү Мөнхбаатар, Мөнхбаясгалан хоёр өшиглөсөн гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ч.Мөнхбаясгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Зоригоо манай дүүгээс мөнгө нэхээд сууж байсан. Тэгээд тэр таньдаг дүүгээ дагуулаад урагшаа явуулж байсан чинь манай найз Мөнхбаатар луу явуулчлаа гээд хараагаад байсан. Тэгээд тэр 2 хэрэлдэж байгаад зодолдоод эхэлсэн. Б.Батзоригын хамраас цус гарсан байсан гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.07.18-ны өдрийн 231 дугаарт шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

 Иймд өсвөр насны шүүгдэгч Г.Мөнхбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол урчуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.  

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Батзориг болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Бурмаа нар нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүүлэхдээ эмчилгээний зардалд 680000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул иргэний хариуцагчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Мөнхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт ‎эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ир‎ээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Мөнхбаатар нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын шинж чанар, учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэ‎хээр шийдвэрлэлээ.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Тугчин овогт Ганбаатарын Мөнхбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1, 2, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Мөнхбаатарыг ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.  

 

           3. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Мөнхбаатарыг хянан хүмүүжүүлэх 1 жилийн хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг хууль ёсны төлөөлөгч Т.Ганбаатарт даалгасугай.  

 

4. Өсвөр насны шүүгдэгч Г.Мөнхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ‎эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Г.Мөнхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД