Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1334

 

Ш.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01179 дугаар шийдвэртэй, Ш.О- нь Б.А-ад холбогдуулан хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А- нь хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 39 дүгээр гудамжны 574 тоотод байрлах газар, хувийн сууцыг хүүхдийн тэтгэлэгт тооцон гаргуулж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, төлөгдөөгүй тэтгэлэг нөхөн гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяа, хариуцагч Б.А-, хариуцагчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие нь Б.А-тай 2014 оны 8 дугаар сард танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин А.Э- /РД:УЧ15221746/, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр охин А.Н- /РД:УУ18212664/ нар төрсөн. Амьдралын хугацаанд үл ойлголцол ихсэж, 2018 оны 4 дүгээр сараас тусдаа амьдарсан. Анх танилцахад түүнийг өмнөх, БНСУ-ын иргэнээс хүүхэдтэй байхад нь цаашид амьдарна гэсэн итгэлээр амьдарсан боловч өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн.

Шүүхэд хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан боловч шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр хоёр хүүхдийн биологийн эцэг мөн болох нь тогтоогдсон. Мөн хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байгаа учраас эцэг тогтоолгох шаардлагыг биелэгдсэн гэж үзээд бусад шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дах хэсэгт зааснаар татан авч байна гэжээ.

Хариуцагч тал тайлбартаа: Ш.О-тай 2014 оны 8 дугаар сараас хамтран амьдарсан, бидний дундаас 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин А.Э-, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр охин А.Н- нар төрсөн. Хамтран амьдрах хугацаанд Ш.О- 7 хоног өнжиж эсхүл өдөр дараалан архидан согтуурч гудамжны архичин хүртэл гэртээ оруулан архи уудаг, байнга агсам тавьж дайрч доромжилдог байсан. 2006 онд би БНСУ-ын иргэнтэй тус улс руу хил гарах гэж гэрлэлт бүртгүүлсэн болохоос биш нэг удаа ч уулзаж байгаагүй, үр хүүхэдтэй болсон зүйл байхгүй, цуг амьдарч байгаагүй. Ш.О- үүнийг худлаа бичсэн. Тэрээр архинд донтсон өөрийгөө удирдаж чадахгүй, сэтгэцийн хувьд асуудалтай, төрсөн охин А.Э-гийн бэлэг эрхтэнг оролдож байсан бөгөөд 108 дугаарын утсанд би дуудлага өгч, цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдлыг шалгуулж байгаад “худал дуудлага өгсөн” болж прокуророос 50 000 төгрөгийн торгууль надад ногдуулснаар энэ хэрэг хаагдсан. Одоо би гомдолтой байна.  Хоёр хүүхдээ өөрөө өсгөнө. Ш.О- өөрийн нэр дээр байдаг хашаа, байшингаасаа бид гуравыг хөөж, 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө чөлөөлж өг гэсэн. Бид одоо гудамжинд амьдрахаар болж байна гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлүүлэхээр охин А.Э-, А.Н- нарыг эхийн асрамжинд үлдээж, эцэг Ш.О-аас тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Ш.О- амьдрах хугацаанд архи ууж согтууран улмаар байнга маргаан гаргадаг, согтохоороо том охин А.Э-г өөрийнх нь хүүхэд биш гэж хий хардаж, хэрүүл үүсгэх зэргээр байнга сэтгэл санааны дарамтанд байлгадаг байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш ажлаасаа гарсан, хаана ажиллаж, амьдардаг нь тодорхойгүй. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/Ш32018/08185 дугаар захирамжаар энэ хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэх хүртэл Ш.О-аас тэтгэлэг гаргуулж хүүхдүүдэд олгуулахаар шийдвэрлэсэн атал шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй, хүүхдүүдээ асран тэтгэхээс зайлсхийж байгаа хүн cap бүр мөнгөн хэлбэрээр гаргуулах тэтгэмжийг биелүүлэхгүй байх, нэгэнт шүүхээр шийдвэрлэгдвэл үр хүүхдээ мартан, хаяж олдохгүй байж болзошгүй.

Иймд охин А.Э-, А.Н- нарыг эх Б.А- миний асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулах, уг тэтгэлэгийг нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 39 дүгээр гудамж, 574 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө болох газар, хувийн сууцыг хүүхдүүдийн тэтгэлэгт тооцон гаргуулж охин А.Э-, А.Н- нарын эсхүл эх Б.А- миний нэр дээр өмчлөх /эзэмших/ эрхийг шилжүүлж өгөхийг даалгах, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/Ш32018/08185 дугаар захирамжийг 2-3 удаа 30 000-50 000 төгрөг шилжүүлснээс өөр байдлаар биелүүлээгүй. Ш.О-ын эгч нь гэх хүн хоёр хүүхдийг нь эргэж ирэхдээ чихэр, жимс бага зэргийн хүнс өгснийг хүүхдийн тэтгэлэгт оруулж тооцох боломжгүй гэж үзэж байх тул шүүгчийн захирамжийн дагуу төлөх ёстой байсан тэтгэлэгийг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие Ус сувгийн удирдах газрын Ус хангамжийн албаны баруун төвийн станцад 24 жил тасралтгүй ажиллаж, энэ хугацаанд үүрэгт ажлаа хариуцлагатай, нэр төртэй хийж ирсэн. Гэр бүлийн маргаан, хамтран амьдрагч Б.А-ын удаа дараагийн худал гүтгэлэг, мэдээлэл, дуудлагаас болж ажлаа хийх боломжгүй болж ажлаас чөлөөлөгдсөн, хүүхдүүддээ тэтгэлэг төлөхөөс зайлсхийх зорилгоор ажлаасаа гараагүй юм. Б.А- янз бүрийн хүмүүстэй байнгын архи дарс ууж, хүүхдүүдэд тавих анхаарал халамж муу, түүнтэй нийлсэнээс хойш энэ байдалд нь би ч уусч зарим тохиолдолд архи уухаас өөр аргагүй байдалд байсан нь үнэн. Гэхдээ уусан үедээ үр хүүхдээ сэтгэл санааны дарамтанд оруулж байсан удаагүй. Тэрээр гүтгэж, худал зүйл сөрөг нэхэмжлэлд бичсэн нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн шийтгэлийн хуудсаар нотлогдоно. Б.А- нь хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа байлгаж зөв хүмүүжилтэй, боловсролтой эерэг сайн өсгөж бойжуулах боломжгүй нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2/273 дугаар тодорхойлолтоор давхар нотлогдоно.

Б.А- хүний санаанд оромгүй хэргүүдэд байнга гүтгэж, гэмт хэрэгт холбогдуулах алхамууд хийх зорилго агуулж байгаа нь илэрхий харагдаад байгаа учир өөрийн төрсөн ах, эгчээ бараадаж, Дархан хотод очиж амьдран, хувиараа хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч байна. Өөрийн боломжоор хүүхдүүддээ мөнгө шилжүүлж, гэрэл, цахилгааны төлбөр тооцоог хийж, гурил будаа хүнсний зүйл авч өгч байгааг Б.А- тооцохгүй байгаа. Түүнд бэлэн мөнгө өгөх л юм бол архи уух магадлалтай учир хэрэгцээт зүйлийг нь авч өгдөг. Өөр хүнтэй хууль ёсны гэрлэлтийн баталгаатай атлаа миний хуваарьт өмчийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Бидний дунд хамтран өмчлөх эд хөрөнгө байхгүй тул намайг тэтгэлэг төлж чадахгүй гэж үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаатай байгаа нь илт. Ажил хийж байгаа учраас сар бүр хүүхдийн тэтгэлгийг төлөх боломжтой. Иймд үл хөдлөх эд хөрөнгөөр тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.О- нь хариуцагч Б.А-ад холбогдуулан гаргасан эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авсныг баталж,

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Ш.О-ыг А.Э-, А.Н- нарын эцэг мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар охин А.Э-, охин А.Н- нарыг эх Б.А-ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин А.Э-, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин А.Н- нарыг тус бүр 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ш.О-аас тэтгэлэг гаргуулж эх Б.А-ад олгож, Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Ш.О-аас нөхөн тэтгэлэгт 1 796 873 төгрөг гаргуулж Б.А-ад олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар Ш.О-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 39 дүгээр гудамжны 574 тоотод байрлах газар, хувийн сууцыг хүүхдийн тэтгэлэгт тооцон гаргуулж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай хариуцагч Б.А-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар Б.А- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ш.О- нь хариуцагч Б.А-ад холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, асрамж тогтоох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 7633 дугаар дүгнэлт гарсантай холбоотой уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дах хэсэгт зааснаар татан авч байна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Б.А- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хоёр хүүхдийг өөрийн асрамжид авч, тэтгэлэг гаргуулах, тэтгэлгийг нэг удаа эд хөрөнгийн хэлбэрээр буюу нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 39 дүгээр гудамж, 574 тоотод байрлах газар, хувийн сууцны өмчлөх эрхийг охин А.Э-, А.Н- нарын эсхүл өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах, мөн хэргийг хянан шийдвэрлэтэл эцэг Ш.О-аас тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн тус шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/Ш32018/08185 дугаар захирамжаар олгогдох тэтгэлгийг нөхөн гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг тэтгэлэгт тооцож өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2014 оны 8 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд хамтран амьдарсан талаар маргаагүй бөгөөд тэдний дундаас 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин А.Э-, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр охин А.Н- нар төржээ. /хх7, 8, 31/ Хоёр хүүхдийг эхийн асрамжид үлдээхэд талууд маргаагүй.

 

Анхан шатны шүүх зохигчдын тайлбарыг дүгнэж, үндсэн нэхэмжлэлээс эцэг тогтоолгох шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас охин А.Э-, А.Н- нарын асрамжийг эх Б.А-ад нь үлдээх, тэтгэлгийг эцэг Ш.О-аас гаргуулах шаардлагыг тус тус хангаж, тэтгэлгийг нэг удаа, эд хөрөнгийн хэлбэрээр гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. 

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо, нэхэмжлэгч Ш.О-ын ажил эрхлэлтийн байдал хуульд зааснаар нотлогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэтгэлэг олгохоор гаргасан шүүгчийн захирамжийг зохих ёсоор биелүүлээгүй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийн тэтгэлгийг нэг удаа, эд хөрөнгийн хэлбэрээр гаргуулах буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч болон хоёр хүүхдэд шилжүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн өмгөөлөгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хүүхдүүдэд шилжүүлэх, тэднийг насанд хүрч, эрх зүйн чадамжтай болох хүртэл хууль ёсны асран хамгаалагч болох эцэг Ш.О-, эх Б.А- нар газар, хувийн сууцыг захиран зарцуулахгүй байхыг даалгах тухай хүсэлт гаргасан боловч энэхүү хүсэлтийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ш.О- нь Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Дархангэрэл” ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл туршилтын хугацаагаар ажиллаж, 2019 оны 3 дугаар сараас үндсэн ажилтнаар сарын 650 000 төгрөгийн цалинтай ажиллах болсон нь дээрх компанийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. /хх112, 113, 161-163/ Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлгийг сар бүр төлөх боломжтой талаар тайлбарлан уг шаардлагыг зөвшөөрч, харин 2 хүүхдийн тэтгэлэгт тооцуулах хөрөнгийн хувьд өөрийн хуваарьт өмч гэж маргасан. Энэ тохиолдолд хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр улсын бүртгэлд нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 39 дүгээр гудамж, 574 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хүүхдийн тэтгэлэгт тооцож гаргуулах, өмчлөх эрхийг хариуцагч болон бага насны хүүхдүүдийн нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Өөрөөр хэлбэл, Ш.О- нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, тэтгэлэг төлөхгүй байх нөхцөл байдал бий болсон гэж шууд дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө хариуцагчийн өмгөөлөгч нь дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх санал гаргаж, уг саналыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар байр сууриа илэрхийлжээ. Уг шаардлагатай холбогдуулан хариуцагчаас гаргасан санал нь хуульд зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн эсхүл гомдолд дурдсанчлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлт гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээ татан авсныг баталсан атлаа 2, 3, 4, 5 дах заалтуудаар шийдвэрлэсэн нь хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргасантай холбоотой гэж үзнэ. Иймд дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01179 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 хэсэгт зааснаар хариуцагч Б.А-ыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2019/07321 дугаар захирамжаар давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

                                                           

                                        ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                           Т.ТУЯА