Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/703

 

 

 

 

 

2021                7             27                                         2021/ДШМ/703

                                                                       

 

     С.Жид холбогдох эрүүгийн

                                                         хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч С.Жийн өмгөөлөгч Ч.Ганбат, Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Жийн өмгөөлөгч Ч.Ганбатын гаргасан давж заалдах гомдлоор С.Жид холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Сийн Ж, 1998 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

Шүүгдэгч С.Ж нь Н.Э, Г.Г, Б.Б нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, ... УБЛ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын автомашин ашиглан 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 38 дугаар байрны гаднах автомашины зогсоолд байсан В.Дгийн эзэмшлийн Тоёота Приус-20 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг нууцаар, хууль бусаар авч 560,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овгийн Сийн Жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусадтай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Жоос 87,500 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 4 дүгээр байрны 32 тоотод оршин суух Гэрэлчимэгийн Нямдаваа /РД:АЙ89052214/-т олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С. Жийн өмгөөлөгч Ч.Ганбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч С.Ж нь Н.Э, Г.Г, Б.Б нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, ... УБЛ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын автомашин ашиглан 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 38 дугаар байрны гаднах автомашины зогсоолд байсан В.Дгийн эзэмшлийн Тоёота Приус-20 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг нууцаар, хууль бусаар авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан С.Жид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С. Жийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс С.Жид 2 жилийн хорих ял оногдуулсан. Миний хувьд өмгөөлөгч Ч.Ганбатаас өөр байр суурьтай байна. 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байна гэж үзэж байна. Учир нь С.Жийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд байхгүй байдаг. Иймд 2 жилийн хорих ялыг нь өршөөн хэлтрүүлэх бүрэн боломжтой, С.Жид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирлыг төлөх гэхээр иргэний хариуцагч нь олдоггүй. Хохирлын мөнгөө төлөхөө илэрхийлсэн. Шүүхийн дансанд ч байршуулах боломжтой. Шүүгдэгч С.Ж нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2 дугаар багт оршин суудаг. Эцэг, эх нь малчин. Тэгэхээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Жид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, иргэний нэхэмжлэгчид 87.500 төгрөг төлөхөөр заасан байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан байгаа. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй. Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 27 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломжтой. Иргэний нэхэмжлэгчид төлөхөөр заасан 87.500 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Ж нь Н.Э, Г.Г, Б.Б нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, ... УБЛ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын автомашин ашиглан 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 38 дугаар байрны гаднах автомашины зогсоолд байсан В.Дгийн эзэмшлийн Тоёота Приус-20 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг нууцаар, хууль бусаар авч 560,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч В.Дгийн “...2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 22-23 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах гэртээ ирж машинаа зогсоолд тавиад цоожлоод гэртээ орсон. ...Өглөө 07 цагт миний дүү Түмэнжаргалд ажилдаа явах гэж байгаад миний машиныг хараад надад мэдэгдсэн. Би гараад машинаа хартал 4 ширхэг дугуй нь алдагдсан байдалтай байсан. ...” гэх /хх 45-46/,

иргэний нэхэмжлэгч Г.Нямдаваагийн “...2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед кэпик малгай өмссөн 160 см өндөртэй махлагдуу шар залуу ногоон өнгийн Приус 20 загварын тээврийн хэрэгсэлтэй ирсэн бөгөөд “машиныхаа буфер, салхины шилийг солиулах шаардлагатай байна, Приус 30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг салхины шил, буфер хоёрыг тулаад өгч болох уу” гэсэн. Би “ямар учиртай обуд вэ” хаана байгаа вэ, үзье” гэтэл нөгөө залуу хүн рүү залгаад “4 обудаа зарсан уу, чамд байгаа юу, чамд 50.000 төгрөг өгье надад өгчих” гэж ярьсан. Би обуд, дугуйг нь аваад салхины шил, буфертэй нь тавьж, сольж өгсөн. Буфер 170.000 төгрөгөөр үнэлж, салхины шилээ 180.000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэх /хх 62/ мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №ХУ2-20-131 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 68-69/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 75/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 76,79/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /37-40/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Жийг бусадтай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Жийн бусадтай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч С.Жийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын агуулгад нийцсэн байх тул түүний өмгөөлөгч Ч.Ганбатын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар С.Жид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан нь шүүгдэгч С.Жийн үйлдсэн хэргийн зүйлчлэлд тохирч байна.

Дээрх байдлаар өршөөлд хамруулах тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна...”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан шаардлагын хангасан байх учиртай.

Хэргээс үзэхэд шүүгдэгч С.Ж нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялаас өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 125 хоногийг хасч, үлдэх 1 жил 07 сар 25 хоног хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрөөр дүйцүүлэн солих нь зүйтэй байна. Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жийг оршин сууж байгаа Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Жийн өмгөөлөгч Ч.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Жид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 07 сар 25 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч С.Жийг Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан С.Ж зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.   

            5. Шүүгдэгч С.Ж нь энэ өдрийг хүртэл 125 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.АЛДАР

                                 ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.МЯГМАРЖАВ