Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/04290

 

 

 

 

 

 

2023 10 04

101/ШШ2023/04290

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.М -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У.Ц,

Хариуцагч: Г төв ХХК нарт холбогдох,

Орон сууц захиалан бариулах №ОСЗБГ21-1403 тоот 2022 оны 01 сарын 13-ны өдрийн гэрээг цуцалж түүний төлбөрт 69,360,000 төгрөг, алдангид 10,404,000 төгрөг, нийт 79,764,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч У.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Ч.М би 2022 оны 01 сарын 13-ны өдөр Г төв ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Гео-39 нэртэй, 14 давхар орон сууцны 40.8 м.кв, 14** тоот орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,700,000 төгрөгөөр захиалан бариулах гэрээ байгуулан улмаар дээр дурдсан гэрээний 2 дугаар зүйлийн 5-д заасны дагуу У.Цгийн эзэмшлийн Хаан банкны 5077*******74 тоот дансанд бүх төлбөрийг бүрэн шилжүүлсэн.

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар уг орон сууцыг 2022 оны 4 дүгээр улирал буюу 2022 оны 10 сар гарахад хүлээлгэн өгөх ёстой байтал барилгын ажил одоогийн байдлаар зогссон байдалтай байна.

Гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар 2023 оны 1 сараас эхлэн нэхэмжлэгч талд үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувийн алданги шаардах эрх үүссэн тул уг хугацааг 2023.05.01 хүртэл 5 сар нийт 150 хоног * 0.1 хувийн алданги тооцон үнийн дүнгийн 15 хувийн алданги 10,404,000 нэмж шаардаж байна. Нэхэмжлэгч миний зүгээс хариуцагчаас орон сууцаа маш олон удаа шаардсан боловч дээрх орон сууц баригдах боломжгүй мэт хариу өгсөн тул орон сууцаа шаардан авах нэгэнтээ боломжгүй болж байгаа хэмээн ойлгож өөрийн төлсөн мөнгийг алдангийн хамт шаардаж байна. Иймээс Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх заалтыг үндэслэн орон сууц захиалан бариулах №ОСЗБГ21-1403 тоот 2022.01.13 өдрийн гэрээг цуцалж, түүний төлбөрт 69,360,000 төгрөг, алданги 10,404,000 төгрөг, нийт 79,764,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна. гэв.

 

2. Хариуцагч У.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Ч.Мын 2023.04.26-ны өдрийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

Нэхэмжлэгч Ч.М нь орон сууц захиалан бариулах №ОСЗБГ21-1403 тоот 2022.01.13 өдрийн гэрээг цуцалж түүний төлбөрт 69,360,000 төгрөг, алдангид 10,404,000 төгрөг, нийт 79,764,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

У.Ц миний бие хариуцагчийн зүгээс Ч.Мын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх хэд хэдэн үндэслэл байна. Үүнд:

-У.Ц миний бие 2021.09.06-ны өдрийн ___тоот гэрээгээр Г төв ХХК-иас Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Гео-39 байр, 14** тоот 40.8 м.кв орон сууцыг 69,360,000 төгрөгөөр захиалж, гэрээний төлбөрөө бүрэн төлж барагдуулах боломжгүй байсан тул нэхэмжлэгч Ч.Мын хүсэлтээр уг гэрээгээ шилжүүлэн 69,360,000 төгрөгийг Ч.Маас авч гэрээний гүйцэтгэгч тал Г төв ХХК-д тушаасан.

-У.Ц миний бие дээрх орон сууц захиалан бариулах гэрээний оролцогч тал биш бөгөөд уг гэрээнд нэхэмжлэгч Ч.Мын өмнө аливаа хэлбэрээр орон сууцны барилга барьж, ашиглалтанд оруулах үүрэг хүлээгээгүй болно.

-Орон сууц захиалан бариулах №ОСЗБГ21-1403 тоот 2022.01.13 өдрийн гэрээнд Г төв ХХК, түүний захирал Б.Цогбадрах нар гүйцэтгэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэн оролцож, дээрх гэрээг байгуулсан байна.

Г төв ХХК-тай хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллаж бартерт авсан байраа зарсан, захиалгын гэрээнд орон сууц ашиглалтад орох хүртэл үүрэг хариуцлагыг компани хариуцна гэсэн заалтыг ойлгоод худалдаж авах саналыг өөрөө ирүүлсэн. Миний зүгээс тухайн компаниас авах ёстой байсан үнийн дүнд бартераар байр авч уг байрыг 2 жилийн өмнө тухайн үеийн зах зээлийн ханшны дагуу борлуулсан. 2 жилийн өмнө уг барилгын ажил тогтвортой явагдаж байсан, миний зүгээс мөнгийг буцааж гаргаж өгөх боломжгүй хариуцлагыг барилгын компани 100 хувь хариуцах ёстой гэв.

 

3. Хариуцагч Г төв ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Ч.Мийн нэхэмжлэлтэй Г төв ХХК-д холбогдох иргэний хэрэг хариуцагчийн итгэмжлэгчдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваад эс зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна.

Ч.М нь Г төв ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны барилгын ГЕО-39 төслөөс 14 давхрын 40.8 м.кв талбайтай 2 өрөө бүхий 14** тоот орон сууцыг захиалан бариулахаар болж, тус компанитай 2022 оны 01 дугаар сарын 13-ны өдөр ОСЗБ21/39-14-14** дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Манай компанийн зүгээс ямарваа нэгэн байдлаар гэрээг цуцлах санаачлага гаргаагүй бөгөөд компанийн зүгээс хэрэгжүүлж буй төслүүд эдийн засгийн нөхцөл байдал, барилгын үнийн өсөлт зэргээс хамаарч удаашралтай явагдаж байгаа болно.

Манай компани нь Иргэний хуулийн 205 дугаар зүйл заалтыг зөрчсөн зүйл байхгүй.Тийм учраас үндэслэлгүй нэхэмжлэлийг биелүүлэх боломжгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэн хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 3-13 дугаар талд авагдсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн,

хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй,

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Г төв ХХК болон У.Цд холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, 79,764,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

3. Хариуцагч У.Ц нь орон сууц захиалан бариулах гэрээний оролцогч тал биш бөгөөд уг гэрээнд нэхэмжлэгч Ч.Мын өмнө аливаа хэлбэрээр орон сууцны барилга барьж, ашиглалтанд оруулах үүрэг хүлээгээгүй гэж,

хариуцагч Г төв ХХК нь ямарваа нэгэн байдлаар гэрээг цуцлах санаачлага гаргаагүй бөгөөд компанийн зүгээс хэрэгжүүлж буй төслүүд эдийн засгийн нөхцөл байдал, барилгын үнийн өсөлт зэргээс хамаарч удаашралтай явагдаж байгаа, Иргэний хуулийн 205 дугаар зүйл заалтыг зөрчөөгүй үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогджээ.

4.1. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №ОСЗБГ21/39-14-14** тоот Орон сууц захиалан бариулах гэрээ /цаашид гэрээ гэх/-гээр Баянзүрх дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, ГЕО 39-р байр орон сууцны барилгын 14 давхарын 40.8 м.кв талбайтай 2 өрөө бүхий 14** тоот орон сууцыг гүйцэтгэгч Г төв ХХК нь захиалагч Ч.Мд хүлээлгэн өгөхөөр, орон сууцны 1 метр квадрат талбайн худалдах үнэ 1,700,000 төгрөг, нийт үнэ 69,360,000 төгрөг байхаар Гео 39-р байр төсөл хэрэгжүүлэгч Г төв ХХК, орон сууц захиалагч Ч.М нар тохиролцжээ. /хх-4-5 тал/

4.2. Уг гэрээнд заасны дагуу байрны үнэ 69,360,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.М нь төлсөн талаарх дансны хуулгыг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба орон сууцны үнийг төлсөн эсэх талаар хариуцагч Г төв ХХК болон У.Ц нар маргаагүй тул энэ үйл баримт маргаангүй гэж үзлээ.

4.3. Дээрх үйл баримт, зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ч.М, хариуцагч Г төв ХХК-ийн хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах нэртэй гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байна гэж үзлээ.

Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа нэхэмжлэгч Ч.М, хариуцагч Г төв ХХК-ийн хооронд үүссэн, нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгийг хариуцагч У.Цгоос шаардах эрхгүй байна.

4.4. Гэрээний 3.2-т зааснаар хариуцагч Г төв ХХК нь орон сууцыг 2022 оны 4-р улиралд батлагдсан зургийн дагуу барьж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй, орон сууцны барилга одоог хүртэл ашиглалтад ороогүй байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай ба мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заасан.

Иймээс хариуцагч Г төв ХХК-ийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Хариуцагч Г төв ХХК-ийн үүргийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэгч тал гэрээ цуцалж, гэрээний үүрэгт төлсөн мөнгө, алдангийг шаардсан энэ тохиолдолд хариуцагч тал үүргийн зөрчлийн талаар гэрээг цуцлах санаачилга гаргаагүй бөгөөд компанийн зүгээс хэрэгжүүлж буй төслүүд эдийн засгийн нөхцөл байдал, барилгын үнийн өсөлт зэргээс хамаарч удаашралтай явагдаж байгаа... гэх тайлбар нь гаргаж байгаа нь үүргийн зөрчлийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.

Учир нь гэрээний хугацаа хэтрүүлж орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг үүргийн ялимгүй зөрчил, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас болсон гэж үзэх, ийнхүү тодорхойлох баримтууд хэрэгт авагдаагүй, хариуцагч энэ талаар тайлбар гаргах, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Г төв ХХК-иас орон сууцны үнэд төлсөн 69,360,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мд олгож, хариуцагч У.Цд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцыг ашиглалтанд оруулах гэрээний үүргийг шаардаагүй, гэрээ цуцлах шаардлага гаргаж байгаа тохиолдолд хууль болон гэрээнд заасан алдангийг гаргуулах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч гэрээ цуцласантай холбоотой хохирол шаардах эрхтэй ба алданги нь хохиролд хамаарахгүй гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа юм. Иймээс алданги 10,404,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г төв ХХК-иас 69,360,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-т тус тус зааснаар хариуцагч Г төв ХХК-иас 69,360,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мд олгож, нэхэмжлэлээс 10,404,000 төгрөг болон хариуцагч У.Цд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 626,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г төв ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 504,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ