| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/04855/И |
| Дугаар | 101/ШШ2023/04371 |
| Огноо | 2023-10-10 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2023/04371
| 2023 10 10 | 101/ШШ2023/04371
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах, С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт байрлах Т ХХК,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух Ннарт холбогдох,
Гэрээний үүрэгт 3,770,158 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.
Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
"С" ХХК нь Имарт Чингис салбар дэлгүүрийн 5, 6 дугаар давхрын түрээсийн үйл ажиллагааг явуулдаг. "С" ХХК нь 2022 оны 06 сарын 24-ний өдөр "Т" ХХК-ийн захирал Р.Нийн Имарт худалдааны төвийн 6 дугаар давхарт 10 м.кв талбайд бөс бараа, цагаан хэрэглэл худалдааны зориулалтаар түрээслэх хүсэлтийн дагуу мөн өдрөө 2 жилийн хугацаатай Түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр түрээслүүлэгч нь ... 10 м.кв талбайг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн талбайн 1 м.кв-ын төлбөрийг 55,000 төгрөгөөр тооцож сар бүр 550,000 төгрөгийг түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн гэрээний 6.1, 6.2-т зааснаар түрээслэгч түрээсийн төлбөрөөс гадна дулаан, цахилгаан, усны төлбөр зэрэг ашиглалтын зардлыг хариуцаж төлөх үүрэг хүлээж, гэрээний 5.4-т заасны дагуу 2 сарын барьцаа 1,100,000 төгрөгийг байршуулсан.
Түрээслэгч Т ХХК, захирал Р.Н нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн гэрээг цуцлах хүсэлт гаргасан тул манай зүгээс түрээсийн гэрээний 14.2.3-т зааснаар гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж байгааг мэдэгдсэн. Түрээсийн гэрээ цуцлагдах үе буюу 2023 оны 04 дүгээр сарын 28-ны байдлаар "Т" ХХК, захирал Р.Н нь түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 3,300,000 төгрөгийн, ашиглалтын зардлын 313,439 төгрөгийн, нийт 3,613,439 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.
Иймд гэрээний 5.7-д заасан дарааллын дагуу түрээслэгчийн байршуулсан барьцаа төлбөрөөс эхлээд ашиглалтын зардал 313,439 төгрөгийг хасаж, үлдэх 786,561 төгрөгийг түрээсийн төлбөрийн үлдэгдлээс суутгаснаар түрээсийн үлдэгдэлд 2,513,439 төгрөгийн өртэй. Гэрээний 13.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж заасан үүнээс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс төлөлт хийгдээгүй байх тул түрээсийн алдангийг 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 232 хоногийн алданги тооцоход гүйцэтгэх үүргийн 50 хувиас хэтэрч байсан тул 1,256,719 төгрөгийг нэхэмжилж байна. Алдангийн хувьд 50 хувиар бууруулах боломжтой. "Т" ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөрт 2,513,439 төгрөг, алдангид 1,256,719 төгрөг, нийт 3,770,158 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Манай байгууллага компанитай гэрээ байгуулсан тул Р.Нид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.
2.Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцагчийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Р.Ноос С ХХК-нд гаргасан хүсэлт, 2022 оны 6 сарын 24-ний өдрийн MTG-22-F6-44 тоот түрээсийн гэрээ, түрээслэгчийн анкет, гэрээ цуцлах тухай хүсэлт, 2023 оны 3 сарын 21-ний өдрийн хүсэлтэд хариу өгөх тухай албан бичиг, Т ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч Скайтрейдинг ХХК нь хариуцагч Т ХХК, Р.Н нарт холбогдуулан 3,770,158 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Нид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2022 оны 6 сарын 24-ний өдрийн Түрээсийн гэрээний үүрэгт 2,513,439 төгрөг, ашиглалтын зардал 313,439 төгрөг гаргуулна гэж тодорхойлж байна.
Нэхэмжлэгч С ХХК, хариуцагч Т ХХК нарын хооронд 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр түрээсийн гэрээ байгуулан нэг талаас Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Токиогийн гудамж 23 тоот хаягт байршилтай, Имарт худалдааны төвийн 6 давхарт байрлалтай 10 м.кв талбайг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн талбайн 1 м.кв-ын төлбөрийг 55,000 төгрөгөөр тооцож, сар бүр 550,000 төгрөгийг түрээслүүлэгчид төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээний хуулбараар тогтоогдох ба дурдсан нөхцлөөр гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй байна. /х.х-ийн 7-13 дугаар тал/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын гэрээний дагуу илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга болон зорилгоос дүгнэн үзэхэд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу талуудад үүрэг үүссэн гэж дүгнэхээр байна.
Иймд гэрээний дагуу түрээсийн төлбөр төлөх үүргийг түрээслүүлэгч талаас шаардаж байгаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан, түрээслэгчийн үүрэг болон мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт заасныг журамлан 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар хөлслөгч эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүргийг хүлээнэ гэх зохицуулалтад нийцэж байна.
Хариуцагчаас хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар эзгүйд шийдвэрлэх хуулийн зохицуулалттай хэдий ч маргаанд эрх зүйн дүгнэлтийг хийх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацааны 6 сарын түрээсийн төлбөрт 3,300,000 төгрөгөөс барьцаа төлбөр 786,561 төгрөгийг хасч тооцож, 2,513,439 төгрөгийг гаргуулна гэх тайлбарыг гаргаж байна.
Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Н нь 2023 оны 2 сарын 28-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг түрээслүүлэгч талд мэдэгдсэн байх бөгөөд С ХХК-иас гэрээ цуцлах тухай хүсэлтийн хариуг 2023 оны 3 сарын 21-ний өдрийн 2/23 тоот албан бичгээр өгсөн байна. /хх-ийн 15-16 дугаар тал/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт болон талуудын хооронд байгуулсан гэрээний 14.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Т ХХК-иас түрээсийн төлбөрт 2,513,439 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
3.Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 1,256,719 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Шүүх хуралдаан дээр алдангийг 50 хувиар бууруулах боломжтой гэх тайлбарыг гаргаж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөлд түрээслэгч нь тогтоосон хугацаанд түрээсийн болон ашиглалтын зардлыг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлнө гэж тохиролцсон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алдангийг 50 хувиар бууруулах боломжтой гэх талбарыг гаргаж байх тул түүний тайлбарын хүрээнд алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж хариуцагчаас алдангид 628,359 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-иас 3,141,798 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 628,389 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.Нэхэмжлэгч нь хариуцагч Р.Нид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Р.Нид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Р.Нид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийн хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
+Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 3,141,798 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 628,389 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,597 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 65,219 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Р.Нид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА