Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/228

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ш.Наранчимэг,

Шүүгдэгч Г.С,     

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,          

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овгийн Г-ийн С-д холбогдох 2528003750360 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Биеийн байцаалт:   

Холбогдсон гэмт хэргийн талаар:                                     

Шүүгдэгч Г.С нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус аймгийн Ханхонгор сумын 2 дугаар багийн нутаг, Цогтцэций сум руу салдаг уулзвараас тус сумын чиглэлд 30 дахь километрт ... улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолоочид дараах үүргийг хүлээнэ. А./ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 километр, суурин газрын гадна цагт 80 километр, тууш замд цагт 100 километрээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас засмал замын хажуу руу онхолдож, Г.Г, Ч.О нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.       

                      ТОДОРХОЙЛОХ нь:        

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.С-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                       

Шүүгдэгч Г.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед аав, ээж, эхнэртэйгээ хамт Өмнөговь аймгаас Цогтцэций сум руу явж байгаад энэ осол гарсан. Ийм осол гаргасандаа өөрөө маш их харамсаж байгаа. Өөрийнхөө хайртай дотнын хүмүүсээ гэмтээж, эд хөрөнгөөр нь хохироосондоо маш их харамсаж байгаа гэв.                                                  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өөрийн нөхөр Г.С болон хадам ээж О, хадам аав Г нарын хамтаар Даланзадгад сумын төв орж гэр ахуйн бараа цуглуулаад буцаад Цогтцэций сум руу ... улсын дугаартай приус загварын тээврийн хэрэгсэлтэй 17 цагийн үед гарсан. Тухайн үед манай нөхөр Г.С ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан харин жолоочийн эсрэг талын суудалд манай хадам аав Г, арын суудалд хадам ээж О бид 2 хамт сууж явсан. Ямар ч байсан засмал замаар явж байгаад Цогтцэций сум руу салаад нэлээд явж байтал гэнэт машины дугуй хагарах шиг болоод пал пал гээд дуу гарч эхэлсэн яг тэр үед манай хадам аав Г юу болов оо хүү минь гэж хэлж байсан. Харин машин шарвах шиг болоод засмал замаас гарч онхолдсон. Машин онхолдох үед яг юу болсныг би санахгүй байгаа нэг сэрэхэд манай нөхөр Г.С машины хаалга онгойлгоод намайг татаж гаргасан. Түүний дараагаар аав, ээж хоёрыг машинаас гаргасан... Надад сэтгэл санааны хохирол учраагүй. Сэтгэл санааны хохирлын дүгнэлт гаргуулахгүй.” (хавтаст хэргийн 21 дэх тал)  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эхнэр Ч.О төрсөн хүү Т.С, охин Б.Б нарын хүү хамтаар Даланзадгад сумын чиглэлд явж байгаад зам тээврийн осолд орсон... Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... сэтгэл санааны болон ямар нэгэн хохирол учраагүй.” (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би өөрийн нөхөр Г.Г, төрсөн хүү Г.С, түүний эхнэр Бийн хамт нөхөр Г-ийн эзэмшлийн ... улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв орж, гэр ахуйн бараа худалдан аваад машиндаа ачиж буцсан. Оройны 17 цаг өнгөрч байх үед бид хэд Даланзадгад сумаас Цогтцэций чиглэлд явсан... Засмал замаар явж байтал гэнэт манай машины хажуулдаад онхолдсон...Миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад сэтгэл санааны хохирол учраагүй, тиймээс сэтгэл санааны хохирлын дүгнэлт гаргуулахгүй.” (хавтаст хэргийн 32-33 дахь тал)  

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ӨМГ0725/429 дугаартай дүгнэлтэд: “Г.Г-ийн биед С5/С6 нугалмын хугарал арын сэртэнгийн хугарал, мултрал, толгой чих нүүр уруул, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Г.Г-ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.6-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.” (хавтаст хэргийн 49-50 дахь тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ӨМГ0725/430 дугаартай дүгнэлтэд: “Ч.О-ийн биед сээрний нугалмын хугарал, өвчүү ясны хугарал, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Ч.О-ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.7-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” (хавтаст хэргийн 53-54 дэх тал)

Шинжээч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Тиймээс жолооч Г.С-ын мэдүүлгээс харахад жолооч Г.С нь хөдөлгөөнд оролцох үедээ хурд хэтрүүлсэн гэж үзэхээр байна.” (хавтаст хэргийн 44 дэх тал)

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/58 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт-1.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцахад хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, оролцогчдын мэдүүлэг, шинжээч М.Б-ы 80 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар ... улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г овогтой С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Энэ нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй. Хариулт-2.Хавтаст хэрэгт авагдсан Г.С-ын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн мэдүүлэгт “Би ослын үед 117-118 миллийн хурдтай явж байсан. Тэр үед би өөрийн машины миллийг харсан” гэж тусгагдсан байна. Хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй. Хариулт-3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.2 “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдсан шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхийг хориглоно” гэж зааснаар хэний буруутайг тогтоох боломжгүй.” (хавтаст хэргийн 65-66 дахь тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 80 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн ... улсын дугаартай Toyota Prius20 маркийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох боломжтой. б/. ... улсын дугаартай Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн жолоодлогын болон, хурдны хайрцаг, хаазны эд ангиуд, гэрэл гэрэлтүүлэх хэрэгсэл зэрэг эд ангиуд тухайн зам тээврийн осол болоход бүрэн ажиллагаатай байсан. Тоормосны системийн хойд 4 накладны зузаан 0,4мм*0,5мм хэмжээтэй стандарт шаардлага хангахгүй, явах эд ангийн баруун урд талын дугуй болон баруун хойд талын дугуйнуудын хээний гүн 0,5мм-0,6мм хэмжээтэй стандарт шаардлага хангахгүй. Ослын өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. в/. ... улсын дугаартай Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн хурдны хайрцаг, холимгийн хаалт, хаазны тороос хэвийн ажиллагаатай, тоормосны системийн хойд 4 накладны зузаан 0,4ммХ0,5мм хэмжээтэй нимгэрсэн тоормосны идэвхжилт муудсан байх боломжтой, жолоодлогын механизмын доод аппаратын зүүн талын татуурга хугарсан, явах эд ангийн урд талын баруун болон зүүн амартизаторууд мурийж голоос шингэн алдсан, баруун урд талын гэрэл хагарсан, зүүн урд талын гэрэл байхгүй. Бүхээгийн урд талын бамбай хагарсан, баруун болон зүүн далбаа, хөдөлгүүрийн /кобуд/ таг гажсан, зүүн баруун толь байхгүй, урд болон хойд талын салхины шил хагарсан, баруун талын хойд болон урд хаалганууд гажсан, баруун хойд талын далбааны цонхны шил хагарсан, зүүн талын урд болон хойд хаалга гажсан, урд талын баруун, болон зүүн далбааны гурвалжин шилнүүд хагарсан, бүхээгийн орой урд талын хэсгээрээ дээшээ тийш чиглэлтэй гажсан, хойд талын бамбай хагарсан эвдрэлтэй байна. Тээврийн хэрэгслийн бүхээгийн эвдрэлүүд нь ослын үед шинээр үүссэн эвдрэл байна. Осол болох шалтгаан нөхцөл тодорхойлох боломжгүй. Тээврийн хэрэгсэл осолд орсон байх үеийнхээ шинж байдлыг хадгалахгүй зөөвөрлөх үед дугуйнууд солигдсон байх боломжтой байна.” (хавтаст хэргийн 79-83 дахь тал)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-8 дахь тал)

Эрх бүхий албан тушаалтны ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10-17 дахь тал)

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 217-218, 221 дэх тал)

Прокурорын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” 113 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 222-223 дахь тал)

Прокурорын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 113 дугаартай санал (хавтаст хэргийн 224-225 дахь тал).

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.С-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Г.С-ас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7,353,726 төгрөгийг гаргуулан Өмнөговь аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.              

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г.С нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус аймгийн Ханхонгор сумын 2 дугаар багийн нутаг, Цогтцэций сум руу салдаг уулзвараас тус сумын чиглэлд 30 дахь километрт ... улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолоочид дараах үүргийг хүлээнэ. А/Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 километр, суурин газрын гадна цагт 80 километр, тууш замд цагт 100 километрээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас засмал замын хажуу руу онхолдож, Г.Г, Ч.О нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.      

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал), хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал), хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.О-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ӨМГ0725/429 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ӨМГ0725/430 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 80 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 79-83 дахь тал), шинжээч Ч.М-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал), Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/58 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 65-66 дахь тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-8 дахь тал), эрх бүхий албан тушаалтны ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10-17 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.     

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/58 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт-1.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцахад хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, оролцогчдын мэдүүлэг, шинжээч М.Б-ы 80 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар ... улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г овогтой С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Энэ нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй...” (хавтаст хэргийн 65-66 дахь тал)  гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Г.С-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч Г.С-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г-ийн биед С5/С6 нугалмын хугарал арын сэртэнгийн хугарал, мултрал, толгой чих нүүр уруул, зүүн сарвуунд зулгаралт бүхий хүнд гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ӨМГ0725/429 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал), мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.О-ийн биед сээрний нугалмын хугарал, өвчүү ясны хугарал, уруулд шарх гэмтэл бүхий хүнд гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ӨМГ0725/430 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал)-ээр тус тус тогтоогдож байна.         

Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.       

Шүүгдэгч Г.С нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэр шүүгдэгч Г.С нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.    

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.С-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.     

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.                                             

Шүүгдэгч Г.С-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г-ийн биед С5/С6 нугалмын хугарал арын сэртэнгийн хугарал, мултрал, толгой чих нүүр уруул, зүүн сарвуунд зулгаралт бүхий хүнд гэмтэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.О-ийн биед сээрний нугалмын хугарал, өвчүү ясны хугарал, уруулд шарх гэмтэл бүхий хүнд гэмтэл тус тус учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ӨМГ0725/429, ӨМГ0725/430 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 49-50, 53-54 дэх тал)- үүдээр тус тус тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г-ийн зүгээс “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй.” (хавтаст хэргийн 26-27 дахь тал), хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.О нь “...Миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад сэтгэл санааны хохирол учраагүй, тиймээс сэтгэл санааны хохирлын дүгнэлт гаргуулахгүй.” (хавтаст хэргийн 32-33 дахь тал) гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г, Ч.О нарт төлөх төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгох”-оор хуульчлагдсан байна.     

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г-т  6,580,886 төгрөг, хохирогч Ч.О-т 772,840 төгрөг, нийт 7,353,726 төгрөгийг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч М.Б-ийн “...Иргэн Г-ийн Г нь 6,580,886 төгрөг, Ч-ын О нь 772,840 төгрөгийн зардал эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан байна...” (хавтаст хэргийн 26-27 дахь тал) гэх мэдүүлэг, ЭМДЕГ-Цахим системийн зардлын түүх “Ч.О 772,840 төгрөг, Г.Г 6,580,886 төгрөг” (хавтаст хэргийн 206 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.С-ас нийт 7,353,726 төгрөгийг гаргуулж Өмнөговь аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэв.                  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.             

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаар тогтоох саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул батлуулах саналтай байна гэх дүгнэлтийг, шүүгдэгч нь хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.                                                

Шүүгдэгч Г.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.       

Шүүх шүүгдэгч Г.С-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.   

Шүүгдэгч Г.С-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбогдуулан түүнийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.    

Бусад асуудлаар.    

Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Б.Б, хохирогч Г.Г, Ч.О нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Ш овгийн Г-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.        

3. Шүүгдэгч Г.С-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбогдуулан түүнийг Орхон аймгийн Баян-Өндөр нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.         

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.       

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Г.С-ас 7,353,726 (долоон сая гурван зуун тавин гурван мянга долоон зуун хорин зургаа) төгрөгийг гаргуулан Өмнөговь аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.

7. Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Б.Б, хохирогч Г.Г, Ч.О нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.       

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.          

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

      

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ