| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0164/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/230 |
| Огноо | 2025-12-18 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/230
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Шүүгдэгч Д.Б,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэн хариуцуулсан УАЗ-Фургон 374105-05 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ө.Ц-т 5,200,000 төгрөгөөр, УАЗ-Фургон 374105-05 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Даа хүрээ зах дээр Б.М-ад 10,000,000 төгрөгөөр борлуулан завшиж, нийт 50,580,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Б-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед 2 машин албанаас актлагдаж байсан. Над дээр байж байгаад засварт өгч зассан. Тэгээд засварынхаа мөнгийг байгууллагаас авч чадахгүй засварын төлбөрөө өгч чадахгүй байсан. Засварынхаа мөнгийг төлөх гээд зарсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Намайг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын тамгын газрын ажлыг хүлээж авахад тус сумын тамгын газрын өмчид бүртгэлтэй УАЗ-фургон 374105-05 загварын ... ... улсын дугаартай 2 тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Би уг машинуудыг яасан талаар тамгын газрын ажилчдаас асуухад тухайн үед жолоочоор ажиллаж байсан Д.Б гэж хүн ... улсын дугаартай машиныг 2024 оны 08 дугаар сарын үед Даланзадгад сум оруулж засварт өгнө гээд явсан, ... улсын дугаартай машиныг 2024 оны малын тоонд унаад явсан одоог болтол машин жолооч 2 нь хаана байгаа нь тодорхойгүй байна. Засаг даргын тамын газар бүртгэлтэй УАЗ-фургон 374105-05 маркийн ..., ... улсын дугаартай 2 тээврийн хэрэгслээ олж авмаар байна... УАЗ Фургон 374105-05 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн хүлээж авсан, уг машинтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй байна. УАЗ Фургон 374105-05 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг олоогүй байгаа, уг машины үнэлгээний мөнгө болох 23,030,000 төгрөг нэхэмжилж байна өөр гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 28-29, 32-33 дахь тал)
Иргэний нэхэмжлэгч Ө.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Даланзадгад сумын төвд байна гээд Б гэж хүн утсаар яриад намайг Солонго дэлгүүрийн үүдэнд хүрээд ир гэхээр нь яваад очсон чинь Б надад албанаас актад гарсан Фургон машин байна хямдхан авах уу гээд Фургон машины зураг үзүүлсэн. Тэгээд би авбал авъя гэсэн чинь орой нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 14-ний орой манай гэр болох Дундсайхан хорооллын 1 тоотод Б гэж хүн өөрөө унаад цагаан саарал өнгийн Фургон машин унаад хашаанд орж ирээд машин тавьсан. Би гараад машиныг үзэхэд эмнэлгийн албанд явж байсан бололтой 2 хажуу талаа эмнэлгийн логотой 2 талын хажуу талдаа орсоор бичсэн улаан фургон машин байхаар нь би Б гэж хүнээс энэ албаны машин байна бичиг баримт нь хаана байна гэж асуухад энэ машиныг албанаас хасалт хийлгээд бичиг баримтыг нь устгасан машин байгаа юм гэж хэлээд явсан. Тэгээд байж байгаад 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б утсаар яриад мөнгө хэрэгтэй байна машины урьдчилгаа мөнгө хий гээд байхаар нь би Хаан банкны ... дугаарын Д Б нэртэй данс руу 1,000,000 төгрөг Хаан банкны ... данснаас шилжүүлсэн. Мөн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хаан банкны ... дугаарын Д Б нэртэй данс руу 1,000,000 төгрөг өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас ... утгатай шилжүүлсэн. Мөн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны ... дугаарын Д Б нэртэй данс руу 200,000 төгрөг өөрийн Хаан банкны ... данснаас гүйлгээний утга дээр ... гэж шилжүүлсэн. мөн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хаан банкны ... дугаарын Д Б нэртэй данс руу 2,000,000 төгрөг өөрийн Хаан банкны ... данснаас гүйлгээний утга дээр ... гэж шилжүүлсэн Мөн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хаан банкны ... дугаарын Д Б нэртэй данс руу 1,000,000 төгрөг purgonii гэсэн утгатай шилжүүлээд нийт надаас 5,200,000 төгрөг дансаар шилжүүлж авсан би уг машинд сэв гаргах 4 дугуй шинээр тавих зэрэг үйлчилгээ хийгээд Х зарсан байгаа.” (хавтаст хэргийн 37-39 дэх тал)
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Да хүрээ зах дээр хуучин автомашин авч задалж зардаг. 2024 оны 12 дугаар сарын 07-ны өглөө би ажил дээрээ байж байхад зах дээр засвар хийдэг залуу залгаад нэг Фургон зарах гээд явж байна та авах юм уу гэж хэлсэн. Тэгээд тухайн машиныг үзсэн чинь асаад явж байгаа бичиг баримтгүй гэх машин байсан. Тухайн машиныг үзэж хараад хэдээр зарах вэ гэсэн чинь 10 сая гэж хэлсэн. Тэгээд тохироод худалдаж авсан. Тухайн залуу банкны мөнгө тулчихаад яаралтай мөнгө хэрэг болоод байна гээд гуйгаад байсан. Тухайн машиныг задлаад сэлбэгт зарчихсан. Рамыг нь төмрийн худалдаанд өгчихсөн.” (хавтаст хэргийн 59-60 дахь тал)
Гэрч У.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Д.Б надтай ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б\13 дугаар тушаалаар Засаг даргын тамгын газар жолоочоор томилж 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б133 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Өмнөговь аймгийн Баяндалай сумын Эрүүл мэндийн төвд ашиглагдаж байгаад эвдрээд зогссон машиныг Сумын ЗДТГ-т балансаас баланст 2024 оны 05 сарын сүүлээр шилжүүлж аваад Засаг даргын тамгын газрын жолооч Д.Б гэж хүн хариуцуулж өгөөд засаж унаж байгаад 2024 оны 10 сарын үед байх Д.Б жолооч УАЗ-Фургон 374105-05 загварын ... улсын дугаартай машиныг Даланзадгад орж засуулна гэж хэлж авч яваад алга болсон, би уг машиныг сурахад засварт байгаа л гэж хэлээд байдаг байсан.” (хавтаст хэргийн 66-67 дахь тал)
“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ӨмЦ25-100 дугаартай дүгнэлтэд: “UAZ374105-05 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 2024 оны 12 дугаар сарын байдлаар нийт 27,550,000 төгрөг.” (хавтаст хэргийн 72-82 дахь тал)
“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ӨмЦ25-106 дугаартай дүгнэлтэд: “UAZ374105-05 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 2024 оны 12 дугаар сарын байдлаар нийт 23,030,000 төгрөг.” (хавтаст хэргийн 85-89 дэх тал)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал)
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-20 дахь тал)
Б.М-ын Хаан банкны ... тоот Депозит дансны хуулга (хавтаст хэргийн 100 дахь тал)
Б.Ц-ын Хаан банкны ... тоот Депозит дансны хуулга (хавтаст хэргийн 101 дэх тал)
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/33 дугаартай тушаал (хавтаст хэргийн 108 дахь тал)
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаартай тушаал (хавтаст хэргийн 109 дэх тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Д.Б-эс 23,030,000 төгрөг гаргуулж хохирогчид олгох саналтай байна. Хохирогчид 27,550,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан өгч, иргэний нэхэмжлэгч Ө.Ц-т 5,200,000 төгрөгийг төлж барагдуулсан гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нь тухайн үед өөрийн буруутай үйлдлээс болж энэ гэмт хэргийг үйлдсэн. Хохирол төлбөрийг төлж барагдуулна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.Б нь 2024 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэн хариуцуулсан УАЗ-Фургон 374105-05 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ө.Ц-т 5,200,000 төгрөгөөр, УАЗ-Фургон 374105-05 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Даа хүрээ зах дээр Б.М-ад 10,000,000 төгрөгөөр борлуулан завшиж, их хэмжээний буюу 50,580,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29, 32-33 дахь тал), иргэний нэхэмжлэгч Ө.Ц-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дэх тал), гэрч Б.М-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал), гэрч У.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал), “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ӨмЦ25-100 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 72-82 дахь тал), “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ӨмЦ25-106 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 85-89 дэх тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-20 дахь тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл хууль зүйн ойлголтоор “Завших” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасдаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг,
“итгэмжлэн хариуцсан этгээд” гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг буюу өөрөөр хэлбэл өмчлөгчийн эд хөрөнгийг хууль ёсоор хариуцан хамгаалж буй этгээдийг ойлгоно.
Шүүгдэгч Д.Б нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газарт жолоочоор буюу хөдөлмөрийн гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б-гийн “...Би уг машинуудыг яасан талаар тамгын газрын ажилчдаас асуухад тухайн үед жолоочоор ажиллаж байсан Д.Б гэж хүн ... улсын дугаартай машиныг 2024 оны 08 дугаар сарын үед Даланзадгад сум оруулж засварт өгнө гээд явсан, ... улсын дугаартай машиныг 2024 оны малын тоонд унаж явсан одоог болтол машин жолооч 2 нь хаана байгаа нь тодорхойгүй байна...” (хавтаст хэргийн 28-29, 32-33 дахь тал) гэх мэдүүлэг,
гэрч У.Б-гийн “Д.Б надтай ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б\13 дугаар тушаалаар Засаг даргын тамгын газар жолоочоор томилж 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байгаа.” (хавтаст хэргийн 66-67 дахь тал) гэх мэдүүлэг, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаартай тушаал (хавтаст хэргийн 109 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б-ийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь Хөрөнгө завших гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэхдээ Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газарт 50,000,000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нийт хэмжээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан их хэмжээний хохиролд хамаарч байх тул хөрөнгө завших гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаас үзвэл Д.Б нь 2024 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэн хариуцуулсан УАЗ-Фургон 374105-05 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ө.Ц-т 5,200,000 төгрөгөөр, УАЗ-Фургон 374105-05 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Даа хүрээ зах дээр Б.М-ад 10,000,000 төгрөгөөр борлуулан завшиж, нийт 50,580,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Д.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг завшиж хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул шүүх шүүгдэгчийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б-гийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “...УАЗ Фургон 374105-05 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн хүлээж авсан, уг машинтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй байна. УАЗ Фургон 374105-05 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг олоогүй байгаа, уг машины үнэлгээний мөнгө болох 23,030,000 төгрөг нэхэмжилж байна өөр гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 28-29, 32-33 дахь тал) гэж мэдүүлж байх ба UAZ374105-05 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 2024 оны 12 дугаар сарын байдлаар нийт 23,030,000 төгрөг болохыг “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ӨмЦ25-106 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 85-89 дэх тал)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б-эс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 23,030,000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймаг Баяндалай сумын Засаг даргын Тамгын газарт олгох нь зүйтэй байна.
Харин иргэний нэхэмжлэгч Ө.Ц-ын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “Өлзийпүрэв овогтой Ц миний бие Д.Б-д 2024 оны 10 дугаар сарын 01-нд 5,200,000 төгрөг зээлдүүлсэн ба өнөөдөр 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлөн төлбөр тооцоо дууссан үнэн болно” (хавтаст хэргийн 167 дахь тал) гэх төлбөр тооцоо барагдуулсан гэх иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын нотариатаар батлуулсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч Ө.Ц-т төлөх төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлж барагдуулна. Торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэний дараа иргэний нэхэмжлэгч Ө.Ц-т 5,200,000 төгрөг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймаг Баяндалай сумын Засаг даргын Тамгын газарт УАЗ Фургон 374105-05 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан өгсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай Х эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн Х энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилжээ.
Иймд шүүх шүүгдэгч Д.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хоёр төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Б-д 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д шүүхээс оногдуулсан 12,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймаг Баяндалай сумын Тамгын газарт УАЗ Фургон 374105-05 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч Ө.Ц-т 5,200,000 (таван сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Б-д 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д шүүхээс оногдуулсан 12,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-эс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 23,030,000 (хорин гурван сая гучин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймаг Баяндалай сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.
6. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймаг Баяндалай сумын Засаг даргын Тамгын газарт УАЗ Фургон 374105-05 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч Ө.Ц-т 5,200,000 (таван сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ