Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Б.Соёлмаа,

Шүүгдэгч Б.Бархасрагчаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Хотгойд овогт Балдоржийн Бархасрагчаад холбогдох 1710000000050 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, Цаг уур, орчны шинжилгээний газрын Байгаль орчны хэмжилзүйн төв лабораторид ахлах инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө гудамжны 84 дүгээр байрны 171 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хотгойд овогт Балдоржийн Бархасрагчаа нь:

- 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр согтуугаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 84 дүгээр байрны 171 тоотод өөрийн эхнэр О.Мөнхдуламтай “архи уулаа гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг цохиж зодон, эрүүл мэндэд нь зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, хүзүү, зүүн хөх, баруун бугалга, баруун гуя, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч О.Мөнхдуламын мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2017 оны 8 сарын 17-ны өдөр орой мана нөхөр Бархасрагчаа орцны үүдэн дээр согтуу сууж байхаар нь би дагуулан гэрт орж ирсэн. Тэгээд би аяга таваг хураагаад хоол унд хийх гэж байхад нөхөр согтуу над руу “аяга таваг түжигнүүлээд дургүй байгаа бол болихгүй юу гэж хэрүүл маргаан хийж хэл амаар доромжилж байгаад толгой руу өөрийнхөө толгойгоор мөргөөд, мөн цээжээрээ мөргөж, миний зүүн талын хацар руу 4-5 удаа алгадсан. Тэгээд миний хөл болоно нуруу хэсэг өгзөг рүү хөлөөрөө өшиглөсөн. Би цагдаа дуудсан бөгөөд намайг цагдаа дуудахад нөхөр Бархасрагчаа зугтаагаад гараад явсан. Би нөхөр Бархасрагчаатай 2004 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд би гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг юм. Би тухайн хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахгүй, би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагаар нь арга хэмжээ авхуулмаар байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад гэмтэл шарх гэх зүйл байхгүй. Харин манай нөхрийг баривчилгаанд явуулж өгнө үү.

Нөхөр архи уухаараа заримдаа агсам тавьж хэрүүл өддөг. Гэхдээ зодоод байдаггүй. Нөхөр архи уугаад ороод ирэхээр нь би гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгож явсан. Тийм биш юм байна, архи уугаад ороод ирэхээр нь хаана архи уусан талаар асуухад хэлдэг. Нөхөр хоол ундаа хийсэнгүй, эрт ирсэнгүй гээд ахуйн зүйлээс болж бид хоёр маргалддаг. 2015 оны хавар маргалдаад миний толгойг аягатай гараараа цохиж гэмтэл учруулж байсан. Энэ үед цагдаагийн байгууллагад хандаагүй. Надад одоо санал хүсэлт байхгүй, хорооны нийгмийн ажилтнаар эрсдлийн үнэлгээ толгоолгох шаардлагагүй. Б.Бархасрагчаад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Бид нар эвлэрсэн..” гэжээ. / хх 5-6, 33-34 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9243 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Мөнхдуламын биед зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, хүзүү, зүүн хөх, баруун бугалга, баруун гуя, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. / хх 28 /,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бархасрагчаа мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэгээ үнэн зөв өгсөн. Тухайн өдөр гэртээ нилээн согтуу орсон байна лээ. Тэгээд эхнэр  “архи уулаа” гэснээс болж маргасан байсан.  Үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Эхнэрээ түлхэсэнээ мэдэж байгаа. Зарим нэг үйлдлийг нь санахгүй байгаа юм. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч гомдол саналгүй гэсэн.  Улсын яллагчийн сонсгосон торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна. Хууль зүйн үр  дагаварыг ойлгож байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дараа дахин ийм асуудал гаргахгүй гэв.

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-16/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-17/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-18/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-19/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-23/, магистрын дипломын хуулбар /хх-24/, ажлын газрын тодорхойлолт /хх-27/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Бархасрагчаа нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр согтуугаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 84 дүгээр байрны 171 тоотод өөрийн эхнэр О.Мөнхдуламтай “архи уулаа гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг цохиж зодон, эрүүл мэндэд нь зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, хүзүү, зүүн хөх, баруун бугалга, баруун гуя, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9243 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бархасрагчаа нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Бархасрагчаад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бархасрагчаагийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Б.Бархасрагчаагийн үйлдлийн улмаас хохирогч О.Мөнхдулам нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                            ТОГТООХ нь:

1. Хотгойд овогт Балдоржийн Бархасрагчаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бархасрагчааг 450 / дөрвөн зуун тавь / нэгж  буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бархасрагчаа нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Бархасрагчаад оногдуулсан 450.000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бархасрагчаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.ОЛЗОД