Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/702

 

 

 

 

 

2021                7             27                                         2021/ДШМ/702

                                                                       

 

     Т.А, О.Н нарт

          холбогдох эрүүгийн хэргийн тухай  

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Майбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/263 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Аын гаргасан давж заалдах гомдлоор Т.А, О.Н нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн Тын А, 1996 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дулааны цахилгаан станцын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

2. Б овгийн Оын Н, 1997 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хүнсний технологич инженер мэргэжилтэй, ...  ахлах тогооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ...  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /... /;

Шүүгдэгч Т.А нь 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө 04 цагийн үед ... тоотын гадна байсан хохирогч О.Нын эзэмшлийн “Субару Импреза” загварын ...  УНЦ улсын дугаартай автомашиныг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэгт,

шүүгдэгч О.Н нь 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 09 цаг 50 минутын үед ... тоотод “машин унаж, юм мөргүүллээ” гэх шалтгаанаар хохирогч Т.Аын нүүр хэсэгт цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Т.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овгийн Тын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, шүүгдэгч Б овгийн Оын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Наас хохирогч ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод оршин суух Т овгийн Тын А /РД:.../-т 319,300 төгрөг, шүүгдэгч Т.Ааас хохирогч ...  тоотод оршин суух Б овгийн Оын Н /... /-т 3,131,750 төгрөгийг тус тус гаргуулан олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.А давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс надад холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Уг хэрэг нь 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 5 сар хүртэл үргэлжилсэн. Тус хугацаанд “Цагаан тэнгис” барилгын компанид мужааны ажилд орсон. Иймд дээрх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгох ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Ц.Майбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон тэдгээрийн хувийн байдлыг харгалзан үзээд шүүгдэгч Т.Ат 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд тулгуурласан, нотлох баримтад үндэслэсэн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар хэргийг өршөөн, хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.А нь 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө 04 цагийн үед ... тоотын гадна байсан хохирогч О.Нын эзэмшлийн “Субару Импреза” загварын ...  УНЦ улсын дугаартай автомашиныг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг,

шүүгдэгч О.Н нь 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 09 цаг 50 минутын үед ... тоотод “машин унаж, юм мөргүүллээ” гэх шалтгаанаар хохирогч Т.Аын нүүр хэсэгт цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Г.Нямаагийн “...Н намайг сэрээгээд “машин байхгүй байна” гэж хэлсэн. Тэгсэн гадаа хашааны хаалга нь хүчтэй дуугарсан. Гайхаад гараад хартал А Нын машиныг унаад хашааны хаалга мөргөсөн. Тэгээд Н очоод Аыг машинаас буу гэхэд А хойшоо ухарч байгаад дахин хашааны хаалга мөргөсөн. Тэгээд А машинаас бууж ирэхэд Н “чи яаж байгаа юм бэ” гэхэд А “би юу хийгээд байгаагаа мэдэхгүй байна” гэж хэлэхэд Н уурлаад гараараа хамар руу нь 2 удаа цохиж, хөл рүү нь хөлөөрөө өшиглөсөн. ...” гэх /хх 7-8/,

гэрч Т.Баатарын “...2020 оны 12 дугаар сарын 09-ний үүрийн 04 цагийн үед А манай гэрт ирсэн. Ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ганцаараа, согтуу “Subaru Impreza” загварын тээврийн хэрэгслийг унаад ирсэн байсан. Тэгээд би босоод Аыг дагаад Хайлааст дахь гэрт нь очсон. Гэрээс гараад машинд нь суух гэж байхад тухайн машиных нь урд талын буфер дунд хэсгээрээ хагарсан байсан. ...” гэх /хх 78/,

шүүгдэгч О.Нын яллагдагчаар өгсөн “...Тухайн үед Т.А согтуу тээврийн хэрэгсэл унаж яваад осол гаргаад машиныг маань эвдэж сүйтгээд аймар болгосон байхаар нь маш их уур хүрч гараа атгаж байгаад түүний нүүр болон шанаа хэсэг рүү 2-3 удаа цохисон. Хамраас нь цус гарч байсан. Би бусдын биед хөнгөн хохирол учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх /хх 99-100/,

шүүгдэгч Т.Аын яллагдагчаар өгсөн “...Н өөрийн эзэмшлийн “Subaru Imreza” загварын ... УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг намайг хөдөлгө гэж бол хэлээгүй. Өглөө асахгүй байх жаахан нормалдчихаарай гэж хэлээд түлхүүр хаана байгаа газрыг зааж өгсөн. Тэрнээс бол асаагаад унаад хөдөлгөөд явж болно гэж хэлээгүй. ...Би тухайн тээврийн хэрэгслийн дотор эд анги болон гадна талыг үнэлүүлсэн үнэлгээ, үнэлгээний зардал, оношилгоо хийлгэсэн зардал, ачигч дуудаж ачуулсан зардал зэрэгтэй танилцлаа. Нийт 3.131.750 төгрөгийн хохирол гарсан байна. Уг хохирлоос мөнгө төлөөгүй байгаа. Хамраа эмчлүүлээд машиныг нь засаж өгье гэж бодсон. ...” гэх /хх 109-111/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай “...1. Т.Аын биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун зовхины дотор буланд цус хуралт, нэг шүдний эмтрэл, хамрын үзүүрт, хамрын доор, баруун хацрын дотор хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 26-27/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4794 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 34-46/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Аыг Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг, О.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Т.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Т.А “...”Цагаан тэнгис” барилгын компанид мужааны ажилд орсон учир анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын агуулгад нийцжээ.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Иймээс шүүгдэгч Т.Аын гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлүүлэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч Т.А, О.Н нар нь гэм буруугаа зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх бөгөөд тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шүүхээс оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарагдаж байх тул шүүгдэгч Т.Ат оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, О.Нт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлэв.

Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн хүнийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/263 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.АЛДАР

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.МЯГМАРЖАВ