Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 154/ШШ2023/00002

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 154/ШШ2023/00002

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын харьяат, 1967 оны 08 дугаар сарын 20-нд төрсөн, 55 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, ээж, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Баян-судал багт оршин суух, /РД:*******/ ******* овогт *******ы *******ы ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч К.А...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч К.******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1967 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. Би 16 нас хүрч илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд эцэг эхийн хамт 1982 оноос эхлэн мал маллаж байгаад 1986 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаж яваад 1988 оны 08 дугаар сард халагдаж ирээд тус нэгдэлдээ 1990 оныг дуустал мал малласан. Тухайн үед нэгдлийн дарга Баавдай, бригадын дарга Анитай, Идэш гэж хүмүүс байсан. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч К.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

Хүсэлт гаргагч К.******* нь 1982 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1110 тоот: Ховд аймгийн Булган сумын 2 дугаар бригадын 1982-1990 оны 70 дугаар данс тус архивын сан хөмрөгт байхгүй Какей овогтой *******д лавлагаа олгох боломжгүй болно гэх лавлагаа,

- Хүсэлт гаргагч К.*******д Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт ... 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,

- Хүсэлт гаргагч К.*******д 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдөр олгосон Дипломд ...сүүлийн 5 жил тасралтгүй ямаа маллаж, ямаа маллагааны арга барилд уйгагүй суралцаж цаашдаа өсөх ирээдүйтэй малчин болохоо харуулж байгааг тэмдэглэн диплом, дурсгалын зүйлээр шагнав гэж тэмдэглэгдсэн,

К.Муратын шүүхэд гэрчээр өгсөн: К.******* 04 дүгээр ангиасаа мал дээр гарсан бөгөөд бага боловсролтой. 1982 оноос эхлэн аавын хамт Жаргалын зам нэгдлийн 2-р бригадад мал маллаж эхэлсэн бөгөөд 1990 оныг дуустал мал малласан. Жаргалын зам нэгдлийн бага хувьчлал 1991 онд болсон бөгөөд 1993 онд их хувьчлал болж нэгдлийн мал хөрөнгийг цэнхэр, ягаан тасалбараар ард иргэдэд тарааж малчид хувьдаа гарсан. К.******* нь нэгдлийн 500 толгой ямаа хариулдаг байсан 70-120 төгрөгийн цалин авдаг байсан. Нэгдлийн даргаар Баавдай дарга ажиллаж байсан. К.******* нь ар гэрийн гачигдлын улмаас цэргийн албанд татагдалгүйгээр чөлөөлөгдсөн. Миний бие нь К.*******тай хамт Жаргалын зам нэгдлийн 2-р бригадад мал малладаг байсан болохоор ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. К.******* 1982 оноос 1992 оныг дуустал Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн болно... гэх мэдүүлэг,

Т.Ханзаадайн шүүхэд гэрчээр өгсөн: ...К.******* Булган сумын 10 жилийн сургуульд суралцаж 04 дүгээр анги төгсөж, мал дээр гарсан. 1982 оноос эхлэн аавын хамт Жаргалын зам нэгдлийн 2-р бригадад мал маллаж эхэлсэн бөгөөд 1990 оныг дуустал мал малласан. Жаргалын зам нэгдэл 1991 онд хувьчлагдаж Түмний зам компани болсон. Тухайн үед даргаар Баавдай дарга, орлогч даргаар Жанбай, боловсон хүчнээр Догмидмаа нягтлан бодогчоор Гантөмөр нар тус тус ажиллаж байсан. К.******* нь нэгдлийн 500 толгой ямаа хариулдаг байсан. 83-170 төгрөгийн цалин авдаг байсан. Төлөө бүрэн авч чадвал жилийн эцсээр 600 төгрөгийн цалин авдаг байсан. К.******* нь өнчин учир цэргийн албанд татагдалгүйгээр чөлөөлөгдсөн. Миний бие нь К.*******тай нэг бригад, айл саахалт байдаг болохоор ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. К.******* 1982 оноос 1992 оныг дуустал Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн болно. Одоог хүртэл мал маллаж амьдарч байна гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч К.*******ы хүсэлтээр К.Мурат, Т.Ханзаадай нарыг шүүхэд гэрчээр дуудан, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийг тайлбарлан өгч, хууль сануулж мэдүүлэг авсан байна. Гэрч К. Мурат, Т.Ханзаадай нарын мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд хүсэлт гаргагч К.*******ы шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ы *******ыг 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ