Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 154/ШШ2023/00003

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 154/ШШ2023/00003

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын харьяат, 1967 оны 12 дугаар сарын 11-нд төрсөн, 55 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган сумын Алаг-толгой багт оршин суух,/РД:ПБ67121118/, Голынхан овогт Тогтохын Нацагнямын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Нацагням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Нацагням шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1976 онд сургуульд орж 4 дүгээр анги төгсөөд Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд эцэг эхийн хамт 1982 оноос эхлэн 1988 оны 10 дугаар сар хүртэл мал малласан. Миний эцэг насаараа нэгдлийн үхэр малласан. Би нэгдлийн үхэр маллахаас өөр ажил хийж байгаагүй. Би 1988 онд цэргийн албанд татагдаж 1990 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Нацагням нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Т.Нацагнямын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Т.Нацагням нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1153 тоот: Ховд аймгийн Булган сумын Алаг-толгой буюу 4 дүгээр бригадын 1983-1992 оны 70 дугаар данс тус архивын сан хөмрөгт байхгүй тул Тогтох овогтой Нацагнямд лавлагаа олгох боломжгүй болно гэх лавлагаа,

- Хүсэлт гаргагч Т.Нацагнямд Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт ...Жаргалын зам нэгдлийн даргын 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 13 тоот тушаалаар Алагтолгой бригадад үхэрчнээр авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн бөгөөд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,

- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08/3361 дугаартай: Тогтохын Нацагням нь /РД:ПБ67121118/ Ховд аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дүгээр тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, 0130 дугаар ангид алба хаагаад мөн УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн б/307 дугаар тушаалаар 10 дугаар сарын 25-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ гэх лавлагаа,

Б.Алтангэрэлийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Алаг-толгой бригадын даргаар ажиллаж байсан. Т.Нацагнямыг танина. Т.Нацагням нь 1982 оноос эхлэн эцэг эхийн хамт Булган сумын Жаргалын зам нэгдлийн Алаг-толгой бригадад сувай үхэр маллаж байсан. Т.Нацагням нь 1982 оноос 1988 он хүртэл мал маллаж байгаад 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж яваад 1990 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд Алаг-толгой багт нэгдэл тарах хүртэл мал малласан. Жаргалын зам нэгдэл 1993 онд тарсан. Манай бригад нь 170 гаруй малчинтай байсан. Малчид мал маллахаас өөр ажил хийдэггүй байсан. Т.Нацагням нь шагнал урамшуулал авч байгаагүй, төлөвлөгөө нормоо сайн биелүүлдэг байсан. Т.Нацагням нь 1982 оноос 1988 он хүртэл мал маллаж байсан нь үнэн. Би тухайн үед багийн даргаар ажиллаж байсан тул сайн мэднэ... гэх мэдүүлэг,

Д.Баатархүүгийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Алаг-толгой багт 1984 оноос 1994 он хүртэл мал маллаж байсан. Т.Нацагням нь 1982 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Алагтолгой бригадад эцэг эхийн хамт сувай үхэр маллаж байсан. Бид нар айл хөрш, нэг бригадад хамт ажиллаж байсан тул сайн мэднэ. Т.Нацагням нь 1982 оноос 1988 он хүртэл мал маллаж байгаад 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж яваад 1990 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд Алагтолгой багт нэгдэл тарах хүртэл мал малласан. Т.Нацагням нь 80 толгой гаруй үхэр мал малладаг байсан. Нэгдлийн даргаар М.Баавдай, бригадын даргаар Б.Алтангэрэл нар ажиллаж байсан. Малчид 120 төгрөгийн цалинтай байсан. Т.Нацагням нь тасралтгүй мал маллаж байсан гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин Т.Нацагнямын Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд эцэг эхийн хамт 1982 оноос эхлэн 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь дээрх хугацаанд хүсэлт гаргагч нь 15 настай, хөдөлмөр эрхлэх насанд хүрээгүй байсан бөгөөд, дээрх хугацаанд ажиллаж байсан байдлын талаар гэрчүүдийн мэдүүлгээс өөр холбогдох нотлох баримт байхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч Т.Нацагнямын хүсэлтээр Б.Алтангэрэл, Д.Баатархүү нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Голынхан овогт Тогтохын Нацагнямыг 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдал тогтоох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ