Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 123

 

 

 

 

 

        

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр   

Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Эрдэнэмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан  

Шүүгдэгч Э.Өнөрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн 201710000063 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд 1978 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эмэгтэй, 39 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар 5 дугаар 58 айлын 27 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтэн ажилтай, урьд ял шийтгэлгүй, Дарьганга овогт Эрдэнэцогтын Өнөрцэцэг /ЕГ78080905/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/   

 

Шүүгдэгч Э.Өнөрцэцэг нь Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтэн, сан хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Сайншанд сумын төвд буюу цэцэрлэгт хүрээлэнд “Нийтийн бие засах газар” барих тендерийн үнэлгээний хороонд гишүүнээр орж ажиллах үедээ “Бумба гүр” ХХК-ийг хууль бусаар шалгаруулж, тус компаний Хас банкны дансаар 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 34.790.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 14.910.000 төгрөг, нийт 49.700.000 төгрөг гаргуулан авч өөрөө 20.190.170 төгрөгийн үнэ бүхий “Нийтийн бие засах газар”-ыг БНХАУ-аас нийлүүлж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт 49 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                       

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

           

Шүүгдэгч Э.Өнөрцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Эхний ээлжинд Алтансувд бид хоёр БНХАУ-ын Эрээн хот руу хамт явсан. Тухайн үед миний бие өвдөөд мөнгөө шилжүүлчих гэхээр нь 40000 юань орхисон, тухайн үед баримтаа гэхэд өгнө гэж хэлэхээр нь аваагүй, дараа нийтийн бие засах газар нь ороод ирсэн учраас үлдэгдэл санхүүжилтээ өг гэхээр нь 20.000.000 төгрөгийг Замын-Үүд сумын ченж Бажуул гэх хүний дансаар шилжүүлээд. Бажуул нь өвөр монгол хүний данс руу шилжүүлээд Алтансувд нийтийн бие засах газрыг анх хүлээн авсан. Тухайн үед юанийн ханш 304 төгрөгөөр авч шилжүүлсэн гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Эрдэнэмөнх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Одоо 49.700.000 төгрөг нэхэмжлэж байгаа. 2016 оны 06 дугаар сард 34.790.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сард үлдэгдэл нь 14.910.000 төгрөг орсон байдаг. Бумба гүүр ХХК-наас өгсөн 3.500.000 төгрөгийг ерөнхий газрын дансанд хийсэн учраас 49.700.000 төгрөгөөс хасагдаж тооцогдоно гэсэн үг.  Нийтийн бие засах газрыг хүлээж авах боломжгүй гэсэн. Удирдлагын түвшинд яригдсан. Нэгэнт ажлын хэсэг гарч хүлээн авах боломжгүй гэж үзсэн болохоор хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Өнөрцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2010 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2013 оны 1 дүгээр сард Хөдөлмөр, Халамж гэж тусдаа 2 байгууллага болсон энэ үед Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогчоор ажилласан. ...2016 оны 5 дугаар сард Аймгийн хөдөлмөрийн хэлтсээс Сайншанд сумын төв цэцэрлэгт хүрээлэнд “Нийтийн бие засах газар” нийлүүлэх тендерийг зарласан. ... “Нийтийн бие засах газар” барих тендерт 50.0 сая төгрөг тавигдсан байсан.  ...“Бумба-Гүр” тендерт оролцох санал ирүүлж тендерийн материал аваад тендерийн зарласан хугацаанд тендерийн материалыг ирүүлсэн. Үнэлгээний хороо хуралдаж 1 компани тендерт оролцох санал ирүүлсэн тул тус компанийг шалгаруулсан. Шалгарсан компани болох “Бумба-Гүр” ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Дорноговь аймгийн Сайншанд сумын цэцэрлэгт хүрээлэнд нийтийн бие засах газар нийлүүлэх” гэрээг байгуулаад нийт санхүүжилтийн 70 хувь болох 34.790.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөө тус компаний “Хас" банкны харилцах данс руу шилжүүлсэн. Тус компаний нягтлан бодогч Долгормаатай уулзаад “Нийтийн бие засах газар” нийлүүлэх ажлыг би өөрөө хувиараа хийх гэж байгаа юм аа. Танай компаний дансанд 34.790.000 төгрөг орсон байгаа чи гаргаад өгчих гэж хэлээд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр буюу “Бумба-Гүр” ХХК-ний дансанд мөнгө орсон өдрөө буцааж надад гаргаж өгсөн. Ингээд нийт санхүүжилтийн 30 хувь болох 14.910.000 төгрөг мөн “Бумба-Гүр” ХХК-ний харилцах дансанд шилжиж орсон. 2 дахь санхүүжилт болох 14.910.000 төгрөгийг мөн Долгормаад хэлж гаргуулж авсан. “Нийтийн бие засах газар” нийлүүлэх тендер нь нийт 49.700.000 төгрөгний төсөвтэй байсан, Тус мөнгийг “Бумба-Гүр” ХХК-ний Хас банкны харилцах дансаар гаргуулж аваад би өөрөө хийж гүйцэтгэсэн. ...Надад одоо нарийн тооцоо байхгүй. ...“Бумба-Гүр” ХХК-д 3.500.000 төгрөг компаний дансаар мөнгө оруулж гаргасан тул татвартаа өгөөрэй гэж хэлж өгсөн. Сүүлийн санхүүжилт болох 14.909.000 төгрөгийг авсны дараагаар бэлнээр би нягтлан Долгормаад өгсөн. Миний нийлүүлсэн нийтийн бие засах газар одоо ажиллахгүй байгаа. ...тухайн үедээ ашиг олъё гэж бодсон юмаа гэсэн мэдүүлэг /1-р хх 156-162, 165-169/,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд Э.Өнөрцэцэг өөрөө орж ажилласан юм байна лээ. ...Тус мөнгөнөөс нэг ч төгрөг өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй байна. ...Э.Өнөрцэцэг нь албан тушаалаа ашиглаж Худалдан авах ажиллагааны тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухай хууль зөрчсөн учраас нийтийн бие засах газарт зориулж төсөвлөсөн 49.700.000 төгрөгийг бүхэлд нь нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /1-р хх 78-79, 2-р хх 16/,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Эрдэнэмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Уг бие засах байр нь одоог хүртэл ашиглалтанд ороогүй, ашиглах боломжгүй байгаа, Уг нь цэвэр бохир усны системд  бие засах газрыг холбох ёстой байсан боловч  тэр холболтыг хийгээгүй. ...бие засах газар ашиглах боломжгүй байгаа тул нийт төсөвт өртөг болох 49,700,000  төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /2-р хх 93/,

 

Гэрч Б.Долгормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”Бумба-Гүр” ХХК нь анх 2010 онд нэг гишүүнтэйгээр барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулагдаад 2015 онд үйл ажиллагааны чиглэлээ гадаад худалдаа, тавилгын худалдаа болгон өргөжүүлсэн байсан. Идэвхтэй үйл ажиллагаа явуулаад байдаггүй л дээ. ...2016 оны 05 дугаар сард Сайншанд сумын цэцэрлэгт хүрээлэнд “Нийтийн бие засах газар нийлүүлэх” тендерт оролцон шалгарсан. ...2016 оны 6 дугаар сард Өнөрцэцэг над руу утасаар яриад “манай дээр нэг төсөл хэрэгжих гэж байна, тиймээс материалаа аваад ир манайхаас зарлаж байгаа тендерт оролц” гэхээр Сайнжаргал эгчид хэлэхэд оролцож болно гэж зөвшөөрсөн юм. “Бумба-Гүр” ХХК-иас шаардлагатай баримтуудыг гаргаж өгсөн. Тэгтэл Өнөрцэцэг над руу яриад “манай дээр асуудалгүй, танай компани тендерт шалгарчихлаа би урдаас бараа, материалыг нь шийдээд өгнө, ямар ч асуудалгүй” гэж хэлээд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Бумба-Гүр” ХХК-ний Хас банкны 5001581288 тоот дансанд 34.790.000 төгрөг Хөдөлмөрийн хэлтсээс гүйлгээ хийгдсэн байсан ба тэр өдөр Өнөрцэцэг над руу яриад “танайхаар энэ ажлыг хийлгэхгүй ээ. Гэхдээ танайд ямар ч асуудал байхгүй наад мөнгөө гаргаад өг” гэхээр нь би Сайнжаргал эгчид хэлсэн чинь “манайхаар хийлгэхгүй гэж байгаа юм уу? одоо тэгвэл яая гэхэв дээ гаргаад л өгөхгүй” гэхээр нь мөнгө орж ирсэн өдөрт нь 34.790.000 төгрөг гаргаж өгсөн. Дараа нь мөн үлдэгдэл санхүүжилт болох 14.910.000 төгрөг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөн дээрх Хас банкны дансанд орсныг Өнөрцэцэг над руу яриад тэр өдөртөө 14.909.000 төгрөг гаргуулж авсан. Нийтийн бие засах газар БНХАУ-аас авчирч нийлүүлнэ гэж ярьж байсан хэзээ ямар нийтийн бие засах газар авчирч нийлүүлсэн талаар мэдэхгүй байна. ...“Бумба-Гүр” ХХК нь уг нийтийн бие засах газар нийлүүлэх ажлыг хийгээгүй, Өнөрцэцэг манай дансаар 49.700.000 төгрөг 70 хувь 30 хувь гэж 2 хувааж оруулаад мөнгөө буцаагаад гаргаж авсан. Харин эхний мөнгө шилжиж орж ирээд мөнгөө авах үед аж ахуй нэгжийн орлогын 10 хувийн татвараа авах талаар хэлэхэд 3 сая төгрөг л өгнө гэж байснаа 3.500.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө аваагүй. ...Миний хувьд болон Сайнжаргалын хувьд уг тендерийн ажилд оролцоогүй. Өнөрцэцэгийг тендерийн материал аваад түүний дагуу материалаа  бүрдүүл гэхээр нь бүрдүүлээд л өгсөн юм. ...манай компаний нэрийг ашиглаж тендерт өөрөө ялуулаад мөнгийг нь манай компаний дансаар гаргуулж аваад өөрөө хувиараа хийчихсэн юм байна лээ” гэсэн мэдүүлэг /1-р хх 80-81/,

 

Гэрч У.Сайнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай компани 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр худалдаа, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг шинээр нэмэгдүүлсэн. Манай компани байнгын үйл ажиллагаа бол явуулдаггүй татварын хэлтэст икс тайлан гаргаж өгөөд явдаг. Компани дээрээ “Хас” банкинд нэг харилцах данс эзэмшдэг өөр банкинд компаний данс байхгүй. Манай компаний дансанд нийтдээ 15 сая орчим төгрөг орж гарсан байдаг юм. Дансны хуулгыг харахад манай компани ямар нэгэн үйл ажиллагаа бараг эрхлэдэггүй гэдэг нь харагдаж байгаа. ...Манай компани нь Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс /хуучин нэрээр/ зарлагдсан “Нийтийн бие засах газар нийлүүлэх” тендерт оролцсон. ...Би компаний тамга, тэмдэг бичиг баримтуудаа Долгормаад үлдээсэн байсан юм. ...Намайг Улаанбаатар хотод байхад Долгормаа над руу утсаар яриад “Аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс нийтийн бие засах газар нийлүүлэх тендер зарлаж байгаа юм байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор уг тендерт оролцоод үзэх үү” гэж надаас асуухад нь “чи тэгвэл очиж уулзаад тендерийн бичиг баримтыг нь аваад судлаад үзээд боломжтой бол оролцохгүй юу даа би бол очиж амжихгүй чи судлаад ямар тендер юм, ямар материал бүрдүүлэх талаар надад эргээд хэлээрэй” гэж хэлсэн. Түүний дараа Долгормаа дахин над руу яриад тус тендерийн талаар арай илүү мэдээлэл утсаар өгсөн тэгэхээр нь “ чи тэгвэл тендерийн материал бүрдүүлээд өгчих” гэж хэлсэн. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа Долгормаа над руу яриад манай компани нөгөө тендерт чинь шалгарчихсан гэнээ тэгээд гэрээ байгуулах шаардлагатай гэж байна та ирж чадах уу? гэхэд нь би маш хурдан Дорноговь ороод Хөдөлмөрийн хэлтсийн дарга Алгирмаа гэж хүнтэй 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрээ хийгээд шууд буцаад явсан. Тэгтэл Долгормаа утсаар араас яриад “70 хувийг санхүүжилт болох 34.790.000 төгрөг Хөдөлмөрийн хэлтсээс гүйлгээ хийгдсэн байна түүнийгээ Өнөрцэцэг гэдэг нягтлан нь буцааж авъя” гэнээ гэхээр “яагаад буцааж авах гэж байгаа юм бэ? манай компани шалгарсан гээ биз дээ гэхэд харин тиймээ Өнөрцэцэг нь хэлэхдээ “танай компани ямар ч үйл ажиллагааны туршлага байхгүй юм байна бид нар өөрсдөө уг бие засах газрыг нийлүүлэх гэж байгаа бид нар өөрсдөө судалгаа хийсэн” гээд баахан сунжирсан ойлгомжгүй юм яриад байна гэхээр “за за тэгвэл мөнгийг гаргаад өгөхгүй юу даа” гэж хэлсэн. Тэгээд Долгормаа эргэж над руу яриад Өнөрцэцэгт бэлнээр нь 34.790.000 төгрөгийг нь компаний данснаас гүйлгээ хийж бэлнээр гаргаад өглөө буцаагаад танай компаний ашиг гээд 3.500.000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь “наад 3.500.000 төгрөгөө байлгаж байгаарай, буцаагаад мөнгөө авна гээд нэхэх вий дээ” гэж хэлсэн бараг 10 гаран хоног байлгаж байгаад бид үйл ажиллагаандаа зарцуулсан. Түүний дараагаар 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үлдэгдэл санхүүжилт болох 14.910.000 төгрөг орлоо түүнийг нь бас буцаагаад Өнөрцэцэгт бэлнээр гаргаж өглөө гэж хэлсэн. Нийтдээ манай компаний Хас банкны харилцах дансаар 47.900.000 төгрөг бэлнээр Өнөрцэцэгт гаргаж өгсөн байдаг юм. ...2 удаа мөнгийг нь Өнөрцэцэгт гаргаж өгсөн түүнээс хойш тэр хүн тэр чигтээ чимээгүй болсон. ...цэцэрлэгт хүрээлэнгийн баруун гар талд жижигхэн бие засах газар гэсэн юм тавьсан байна лээ. ...бие засах газар гэж хэлэхэд хэцүүхэн л юм харагдаж байсан, тэр нь огт ажилладаггүй юм байна лээ” гэсэн мэдүүлэг /1-р хх 82-84/,

 

Гэрч Б.Алтансувдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын эхээр байсан шиг санаж байна. ...Өнөрөө эгч надад “эгч нь нийтийн бие засах газар оруулж ирэх хэрэгтэй байна. Эрээнд байдаг газартай хүнээр дамжуулж холбогдоод судлуулсан чинь үйлдвэрлэдэг газар нь Бээжинд байдаг гэнэ. Тэгээд бас их үнэтэй тусч байна. Чи эгчдээ хэл устай юм энэ талаар судлаад өгөөч” гэж хэлсэн юм. ...Захиалага өгөх гэхэд цаад талаас үнийн дүнгийн 30 хувийг эхлээд шилжүүлэх ёстой дараа нь бараагаа авахдаа үлдэгдэл мөнгөө өгч болно” гэхээр мөн тэр тухай Өнөрөө эгчид хэлсэн чинь за тэгвэл 2 лаа хамт Эрээн хот явъя гээд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Эрээн хот руу гараад 2016 оны 06 дугаар сарын 11 -ний өдөр бие засах газар үйлдвэрлэдэг компани руу холбогдох дансны дугаарыг аваад эхлээд 40.000 юань шилжүүлсэн. ...Эхлээд 40.000 юань шилжүүлсэн баримт уг нь байсан юм одоо олдохгүй алга болчихоод олдохгүй байгаа юм аа. Сүүлд 65.000 юань өгөхдөө мөнгөний баримт аваагүй. Тухайн үед бие засах газрыг харчихаад аваагүй. Ачааны том машин дээр нийтийн бие засах газар нь угсарсан чигээрээ буулгаад байршуулахад бэлэн харагдаж байсан. Бие засах газар ачиж ирсэн тээврийн хэрэгслийн марк улсын дугаарыг санахгүй байна. ...105.000 юань шилжүүлсэн баримт байхгүй байна. Тухайн үед баримтаа алга болгочихсон байна аа” гэсэн  мэдүүлэг /1-р хх 85-87/,

 

Гэрч Д.Цэндмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай газар уг нийтийн бие засах газрыг үндсэн хөрөнгийн бүртгэлдээ аваагүй байгаа ...нийтийн бие засах газар нь одоогоор хэний ч өмчлөлд байхгүй яг одоогоор эзэнгүй л байна. ...нийтийн бие засах газар барьж байгуулан зохих журмын дагуу хэвийн ажиллуулсан бол ядаж 3 хүн ажлын байртай болох байсан юм байна гэж би хувьдаа ойлгож байна” гэсэн мэдүүлэг /1-р хх 88-89/,

 

Гэрч П.Ууганцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Нийтийн бие засах газар нийлүүлэх тендерийн талаар огт мэдэхгүй байна. ...нийтийн бие засах газар нийлүүлэх үнэлгээний хороонд оруулна чиний нэр байгаа шүү гэж тушаал гарахаас өмнө бичиг хэргийн ажилтан надад хэлж байсан. ...Тэгээд намайг хэлтсийн даргын тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороонд албан ёсоор орсон үгүйг хэлээгүй, намайг тушаалаар үнэлгээний хороонд миний нэрийг оруулсан гэдгийг ч мэдээгүй энэ талаар надад хэн ч хэлээгүй. Үнэлгээний хорооны ямар ч хуралд суугаагүй намайг хуралд суу гэж ч дуудаагүй тэгэхээр надад энэ талаар мэдэх юм алга. 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/15 дугаартай үнэлгээний хороо байгуулах тушаалыг би одоо л таниас өөрийнхөө нэр байгааг харж байна. ...Сүүлд цэцэрлэгт хүрээлэнгийн хашаан дотор нэг жижиг ТҮЦ шиг юм авчираад тавьчихсан байсан тэр нь нэг ч удаа ажиллаагүй” гэсэн мэдүүлэг /1-р хх 94-95/,

 

Гэрч М.Одонгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хуралдахад “Бумба-Гүр” ХХК нь тендерийн материал ирүүлсэн байсан. Материалыг нээж үзээд үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулж өөр компани материал ирүүлээгүй байсан. Ингээд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрөө дахин 3 дахь удаагийн хурлын хийж техникийн тодорхойлолт хангаж байсан өөр компани үнийн санал ирүүлээгүй байсан тул “Бумба-Гүр” ХХК-ийг 100 хувийн саналаар шалгаруулсан юм. ...Нягтлан Өнөрцэцэг хэлэхдээ “Бумба-Гүр” ХХК нэг л компани үнийн санал ирүүлсэн байна. Үүнийг шалгаруулах ёстой гэж хэлсэн. Материал хүлээж авахад Өнөрцэцэг өөрөө байсан, тендерийн хийх ёстой бүхий л ажлыг Өнөрцэцэг эгч өөрөө л хийсэн миний хувьд нарийн бичиг хэдий ч зөвхөн хурлын тэмдэглэл л хөтөлсөн. ...Миний хувьд оролцсон зүйл гэвэл 3 удаагийн хуралд оролцсон мөн хурлын тэмдэглэл хөтөлсөн өөр зүйлд оролцоогүй” гэсэн мэдүүлэг /1-р хх 96-98/,

 

Гэрч Г.Алгирмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Сайншанд сумаас цэцэрлэгт хүрээлэн дотор тохижилтын ажлын талаар аймгийн удирдлагаас төв сааданд боловсон нийтийн бие засах барих нийлүүлэх асуудлын манай хэлтэст хариуцуулсан юм. Түүний хүрээнд манай хэлтэст Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хуваарилаж ирсэн 100 сая төгрөгний санхүүжилтээр хэлтсийн хурал дээр энэ асуудлын талаар яриад байгууллага дээрээ харьцуулалтын аргаар нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарлахаар болсон. Тэгээд тендерийн үнэлгээний хороо байгуулах тушаал гаргасан, Тендерийн үнэлгээний хороонд даргаар ахлах мэргэжилтэн Ц.Болор-Оюун, нарийн бичгийн даргаар хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод ажил хариуцсан мэргэжилтэн М.Одонгэрэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтэн, сангийн нягтлан хийж байсан Э.Өнөрцэцэг, төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн П.Ууганцэцэг нар орж ажилласан байгаа. ...Манай байгууллагын ажилтан Э.Өнөрцэцэг уг тендерийн ажлыг хувиараа өөрөө хийсэн гэдгийг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх 99-100/,

 

Шинжээч Б.Уянгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оноос хойш өнөөдрийг хүртэл Ашид билгүүн ХХК-д хөрөнгийн үнэлгээчнээр ажиллаж байна. ...2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон тогтоолын дагуу “Ашид билгүүн” ХХК-ний захирал Ч.Жамъян /үнэлгээчин/, Монгол Улсын зөвлөх инженер, мэргэжсэн төсөвчин П.Баяраа, үнэлгээчдийн туслах М.Дагважаргал болон миний бие нар оролцсон бүрэлдэхүүнтэйгээр тус үнэлэгдэх обьект байгаа газарт очиж биет үзлэг, хэмжилт хийж танилцсан. ...зах зээлийн хандлагаарх нийт үнэлгээний дүн нь 21,586,111 төгрөг болсон өртөгийн хандлагийн аргаар болон зах зээлийн жишиг хандлагийн аргаар тооцоолсон 2 үнийн дүнг ач холбогдлынх нь түвшингөөр жинлэж үзэхэд тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2016 оны 6 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ төгрөг гэж тодорхойлогдсон. ...Өртөгийн аргаар үнэлэсэн үнэ нь 18,794,230 төгрөг жишиг хандлагын аргаар үнэлэсэн үнэлгээ нь 21,586,111 төгрөг энэ 2 үнийг харьцуулсан дундаж нь 20,190,170 төгрөг болж байгаа, тухайн Нийтийн бие засах газар нь 2016 оны 6 дугаар сарын байдлаар ийм үнэтэй байсан байна” гэсэн мэдүүлэг /1-р хх 107-108/,

 

Ашид билгүүн ХХК-ний 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ‎‎‎‎‎‎эд зүйлийн үнэлгээ болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 110-138/,

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2016 оны төсвийн хуваарь болон тус сангийн төрийн сангийн гүйлгээний дансны хуулга, төлбөрийн хүсэлт  /1-р хх 237-243/,

Дорноговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13, 18 дугаартай тушаалууд, ажлын байрны тодорхойлолт /1-р хх 192-194, 196-202/,

 

Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 315 дугаарт албан бичиг /2-р хх 94/,

 

2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Нийтийн бие засах газрыг хүлээн авах тухай удирдамж, хүлээлцэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх 95-102/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 187/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Өнөрцэцэг нь Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтэн, сан хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Сайншанд сумын төвд буюу цэцэрлэгт хүрээлэнд “Нийтийн бие засах газар” барих тендерийн үнэлгээний хороонд гишүүнээр орж ажиллах үедээ “Бумба гүр” ХХК-ийг хууль бусаар шалгаруулж, тус компаний “Хас банк”-ны дансаар 49.700.000 төгрөг гаргуулан Хөдөлмөр эрхлэлтйн дэмжих санд 49700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Э.Өнөрцэцэгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2013 оны 1 дүгээр сард Хөдөлмөр, Халамж гэж тусдаа 2 байгууллага болсон энэ үед Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогчоор ажилласан. ... тендерт шалгарсан компани болох “Бумба-Гүр” ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Дорноговь аймгийн Сайншанд сумын цэцэрлэгт хүрээлэнд нийтийн бие засах газар нийлүүлэх” гэрээг байгуулаад нийт санхүүжилтийн 70 хувь болох 34.790.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөө тус компаний “Хас" банкны харилцах данс руу шилжүүлсэн. Тус компаний нягтлан бодогч Долгормаатай уулзаад “Нийтийн бие засах газар” нийлүүлэх ажлыг би өөрөө хувиараа хийх гэж байгаа юм аа. Танай компаний дансанд 34.790.000 төгрөг орсон байгаа чи гаргаад өгчих гэж хэлээд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр буюу “Бумба-Гүр” ХХК-ний дансанд мөнгө орсон өдрөө буцааж надад гаргаж өгсөн. Ингээд нийт санхүүжилтийн 30 хувь болох 14.910.000 төгрөг мөн “Бумба-Гүр” ХХК-ний харилцах дансанд шилжиж орсон. 2 дахь санхүүжилт болох 14.910.000 төгрөгийг мөн Долгормаад хэлж гаргуулж авсан. “Нийтийн бие засах газар” нийлүүлэх тендер нь нийт 49.700.000 төгрөгний төсөвтэй байсан, Тус мөнгийг “Бумба-Гүр” ХХК-ний Хас банкны харилцах дансаар гаргуулж аваад би өөрөө хийж гүйцэтгэсэн ... гэсэн мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд Э.Өнөрцэцэг өөрөө орж ажилласан юм байна лээ. ...  нийтийн бие засах газарт зориулж төсөвлөсөн 49.700.000 төгрөгийг бүхэлд нь нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Эрдэнэмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Уг бие засах байр нь цэвэр бохир усны системд  бие засах газрыг холбох ёстой байсан боловч  тэр холболтыг хийгээгүй. ...бие засах газар ашиглах боломжгүй байгаа тул нийт төсөвт өртөг болох 49,700,000  төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг, гэрч Б.Долгормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Бумба-Гүр” ХХК-ний Хас банкны 5001581288 тоот дансанд 34.790.000 төгрөг Хөдөлмөрийн хэлтсээс гүйлгээ хийгдсэн байсан ба тэр өдөр Өнөрцэцэг над руу яриад “танайхаар энэ ажлыг хийлгэхгүй ээ. Гэхдээ танайд ямар ч асуудал байхгүй наад мөнгөө гаргаад өг” гэхээр нь би Сайнжаргал эгчид хэлсэн чинь “манайхаар хийлгэхгүй гэж байгаа юм уу, одоо тэгвэл яая гэхэв дээ гаргаад л өгөхгүй юу” гэхээр нь мөнгө орж ирсэн өдөрт нь 34.790.000 төгрөг гаргаж өгсөн. Дараа нь мөн үлдэгдэл санхүүжилт болох 14.910.000 төгрөг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөн дээрх Хас банкны дансанд орсныг Өнөрцэцэг над руу яриад тэр өдөртөө 14.909.000 төгрөг гаргуулж авсан. Өнөрцэцэг манай дансаар 49.700.000 төгрөг 70 хувь 30 хувь гэж 2 хувааж оруулаад мөнгөө буцаагаад гаргаж авсан ... гэсэн мэдүүлэг, гэрч У.Сайнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Өнөрцэцэг нь хэлэхдээ “танай компани ямар ч үйл ажиллагааны туршлага байхгүй юм байна бид нар өөрсдөө уг бие засах газрыг нийлүүлэх гэж байгаа бид нар өөрсдөө судалгаа хийсэн” гээд баахан сунжирсан ойлгомжгүй юм яриад байна гэхээр “за за тэгвэл мөнгийг гаргаад өгөхгүй юу даа” гэж хэлсэн. Тэгээд Долгормаа эргэж над руу яриад Өнөрцэцэгт бэлнээр нь 34.790.000 төгрөгийг нь компаний данснаас гүйлгээ хийж бэлнээр гаргаад өглөө буцаагаад танай компаний ашиг гээд 3.500.000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Түүний дараагаар 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үлдэгдэл санхүүжилт болох 14.910.000 төгрөг орлоо түүнийг нь бас буцаагаад Өнөрцэцэгт бэлнээр гаргаж өглөө гэж хэлсэн. Нийтдээ манай компаний Хас банкны харилцах дансаар 47.900.000 төгрөг бэлнээр Өнөрцэцэгт гаргаж өгсөн байдаг юм ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Алтансувдын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Хоёулаа хамт Эрээн хот явъя гээд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Эрээн хот руу гараад 2016 оны 06 дугаар сарын 11 -ний өдөр бие засах газар үйлдвэрлэдэг компани руу холбогдох дансны дугаарыг аваад эхлээд 40.000 юань шилжүүлсэн. Сүүлд 65.000 юань өгөхдөө мөнгөний баримт аваагүй ... гэсэн  мэдүүлэг, гэрч Д.Цэндмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Манай газар уг нийтийн бие засах газрыг үндсэн хөрөнгийн бүртгэлдээ аваагүй байгаа ...нийтийн бие засах газар нь одоогоор хэний ч өмчлөлд байхгүй яг одоогоор эзэнгүй л байна ... гэсэн мэдүүлэг, гэрч П.Ууганцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Үнэлгээний хорооны ямар ч хуралд суугаагүй намайг хуралд суу гэж ч дуудаагүй тэгэхээр надад энэ талаар мэдэх юм алга. ...Сүүлд цэцэрлэгт хүрээлэнгийн хашаан дотор нэг жижиг ТҮЦ шиг юм авчираад тавьчихсан байсан тэр нь нэг ч удаа ажиллаагүй гэсэн мэдүүлэг, гэрч М.Одонгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хуралдахад “Бумба-Гүр” ХХК нь тендерийн материал ирүүлсэн байсан. ... 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрөө дахин 3 дахь удаагийн хурлын хийж техникийн тодорхойлолт хангаж байсан өөр компани үнийн санал ирүүлээгүй байсан тул “Бумба-Гүр” ХХК-ийг 100 хувийн саналаар шалгаруулсан юм. ... тендерийн хийх ёстой бүхий л ажлыг Өнөрцэцэг эгч өөрөө л хийсэн миний хувьд нарийн бичиг хэдий ч зөвхөн хурлын тэмдэглэл л хөтөлсөн ... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Алгирмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... манай хэлтэст Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хуваарилаж ирсэн 100 сая төгрөгний санхүүжилтээр ... харьцуулалтын аргаар нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарлахаар болсон. Тендерийн үнэлгээний хороонд даргаар ахлах мэргэжилтэн Ц.Болор-Оюун, нарийн бичгийн даргаар хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод ажил хариуцсан мэргэжилтэн М.Одонгэрэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтэн, сангийн нягтлан хийж байсан Э.Өнөрцэцэг, төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн П.Ууганцэцэг нар орж ажилласан байгаа ... гэсэн мэдүүлэг, шинжээч Б.Уянгын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Өртөгийн аргаар үнэлэсэн үнэ нь 18.794.230 төгрөг, жишиг хандлагын аргаар үнэлэсэн үнэлгээ нь 21.586.111 төгрөг, энэ 2 үнийг харьцуулсан дундаж нь 20.190.170 төгрөг болж байгаа, тухайн Нийтийн бие засах газар нь 2016 оны 6 дугаар сарын байдлаар ийм үнэтэй байсан байна гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ‎‎‎‎‎‎эд зүйлийн үнэлгээ болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2016 оны төсвийн хуваарь болон тус сангийн төрийн сангийн гүйлгээний дансны хуулга, төлбөрийн хүсэлт, Дорноговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13, 18 дугаартай тушаалууд, ажлын байрны тодорхойлолт , Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 315 дугаарт албан бичиг, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Нийтийн бие засах газрыг хүлээн авах тухай удирдамж, хүлээлцэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.     

   

2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлага нь 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт оногдуулах хариуцлагаас хөнгөрсөн болон хүндэрсэн зүйлгүй боловч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар зохицуулагдсан байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Иймд шүүгдэгч Э.Өнөрцэцэгт холбогдуулан аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс 2016 оны 05 сарын 26-ны өдөр зарлагдсан “Нийтийн бие засах газар” барих тендерт нийтийн бие засах байгууламжийг 2017 оны 07 сарын 21-нд хүлээн өгөхөөр хүлээлцсэн боловч улсын орлого болгоогүй нь шүүгдэгчийн үйл ажиллагаатай холбоотой эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь тендерийн дагуу авчирсан гэх нийтийн бие засах байрыг хүлээн авах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа учирсан хохирол  20.190.170 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулахаар шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогч байгууллагад учруулсан хохирлын зөрүү 29.509.830 төгрөгийг нийтийн бие засах байрны үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол гэж үзэн шүүгдэгч Э.Өнөрцэцэгээс нэхэмжилснийг хангах нь зүйтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Бумба-Тур ХХК-нд өгсөн гэх 3.500.000 төгрөгийг буцаан авч хохирогч байгууллагад өгсөн, шүүх хуралдааны шатанд шүүгдэгчийн зүгээс 1.000.000 төгрөгийг хохирогчийн төлөөлөгчид өгсөн зэрэг үйл баримтыг үндэслэн шүүгдэгчийн төлөх төлбөрөөс хасаж үлдэх 25.009.830 төгрөгийг шийтгэх тогтоолоор гаргуулж шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч нь хохирогч байгууллагад учруулсан хохирлыг тодорхой хугацаанд нөхөн төлөхөө мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд удаа дараа илэрхийлсэн, түүний  төлбөр төлөх боломжтой хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж, хохирол төлбөрийг төлөх үүргийг хүлээлгэхээр шүүхээс шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь;

1.2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Өнөрцэцэгт холбогдуулан аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Дарьганга овогт Эрдэнэцогтын Өнөрцэцэгийг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өнөрцэцэгийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өнөрцэцэгт гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг болгох  албадлагын арга хэмжээ авсугай.

 

           5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өнөрцэцэгт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасах ялыг үүрэг болгох албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

           6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өнөрцэцэгээс 25.009.830 төгрөгийг гаргуулж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд олгосугай.

 

           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснар шүүгдэгч Э.Өнөрцэцэгт бусдад учруулсан хохирлыг 1 жилийн хугацаанд нөхөн төлөхөөр тогтоосугай.            

        

           8. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь өөрт учирсан хохирол 20.190.170 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шүүгдэгч Э.Өнөрцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Өнөрцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД