| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0228/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/227 |
| Огноо | 2025-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/227
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,
улсын яллагч О.Мөнхтуяа,
шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б*******ад холбогдох эрүүгийн 2515000200215 дугаартай, 304/2025/0228/Э индекстэй хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт Б*******ын Б*******, Булган аймгийн ******* суманд 2000 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, 25 настай, ам бүл 2, ээжийн хамт, Булган аймгийн ******* сумын 5 дугаар баг 3 дугаар хороо 3б-14 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистрийн дугаар: *******,
урьд нь Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулж байсан.
Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч ******* овогт Б*******ын Б******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн орчимд Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “Хойд хороо” гэх газарт үйл ажиллагаа явуулах “Ц*******” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын зам дээр “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр эргүүл, шалгалтын албан үүргээ гүйцэтгэж байсан Булган аймгийн Цагдаагийн газрын Бүрэгхангай сум дахь сум дундын цагдаагийн тасгийн ******* сумын цагдаа, цагдаагийн ахлагч Ц.С*******ыг “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй” гэсэн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, хүч хэрэглэсэн,
Мөн хохирогч Ц.С*******ын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, хүч хэрэглэн түүнтэй ноцолдож байх явцдаа хохирогчийн хамар хэсэгт толгойгоороо 1 удаа мөргөж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дотор булан, дээд, доод зовхи цус хуралт, хамрын таславч мурийлт, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б******* нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “Хойд хороо”-ны авто зам дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан Булган аймгийн Цагдаагийн газрын Бүрэгхангай сум дахь сум дундын цагдаагийн тасгийн ******* сумын цагдаа, цагдаагийн ахлагч Ц.С*******ын тавьсан “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй” гэсэн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэн түүний нүүрэн тус газар толгойгоороо 1 удаа мөргөж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дотор булан, дээд, доод зовхи цус хуралт, хамрын таславч мурийлт, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Дээрх хэргийн нөхцөл байдал нь гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дахь тал/, хохирогч Ц.С*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14,17,19 дэх тал/, иргэний нэхэмжлэгч Б.Ч*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 137-138 дахь тал/, гэрч Г.С*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/, гэрч Н.Отгонбаатарын мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27,30 дахь тал/, гэрч Р.Пгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, шинжээч эмч Э.Дын мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/, Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1017 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 67-69 дахь тал/, мөрдөгчийн Б.Б*******ын согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 100 дахь тал/, согтуурал шалгасан Alcotest-6820 загварын, 002213 дугаартай гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 103 дахь тал/, Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10/37 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 130-131 дэх тал/, Булган аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/47 дугаартай тушаал /хавтаст хэргийн 142 дахь тал/, хохирогч Ц.С*******ын албан тушаалын тодорхойлолт /хавтаст хэргийн 143-147 дахь тал/, хохирогч Ц.С*******ын Цагдаагийн тангараг өргөсөн хуудас /хавтаст хэргийн 148 дахь тал/, яллагдагч Б.Б*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 123-124 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.2. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.Б******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд тэрээр бүрэн дунд боловсролтой, өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ илэрхийлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Б*******ын цагдаагийн алба хаагч Ц.С*******ын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэн, түүний нүүрэн тус газар толгойгоороо 1 удаа мөргөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байхын зэрэгцээ хууль бус болох нь илэрхий атал тэрээр хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд хийсэн аутентик тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсон бөгөөд Ц.С******* нь Булган аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2022 оны Б/47 дугаар тушаалаар ******* сумын цагдаагаар томилогдсон байх тул “хууль сахиулагч” ойлголтод хамаарна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б*******ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Цагдаагийн газрын Бүрэгхангай сум дахь сум дундын цагдаагийн тасгийн ******* сумын цагдаа, цагдаагийн ахлагч Ц.С*******ын “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй” гэсэн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэн түүний нүүрэн тус газар толгойгоороо 1 удаа мөргөж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дотор булан, дээд, доод зовхи цус хуралт, хамрын таславч мурийлт, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус бүр хангаж байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
1.4. Хохирол, хор уршиг
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” болохоо илэрхийлсэн.
Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Ц.С*******ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд 161,547 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Б******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд 2025 оны 10 дугаар 31-ний өдөр төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Б*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтэн нийт 3,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр торгох оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул уг ялын саналыг батлуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.
2.2.Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.Б******* нь “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгосон бөгөөд шүүгдэгч Б.Б*******ын хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 3,200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Б*******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн үр дагавартайг шүүгдэгчид сануулав.
2.3.Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Б*******ын Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Б*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 3,200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4.Шүүгдэгч Б.Б*******ад оногдуулсан 3,200,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б*******ад сануулсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ