Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Т.Жаргалсайхан,

Шүүгдэгч Б.Баатарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөлөгнүүд овогт Батжаргалын Баатарсүрэнд холбогдох эрүүгийн 171000001004 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Увс аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өвөр Монгол улсын Хөх хотын Шин Шида олон улсын дээд сургуулийн 2 дугаар курсийн оюутан, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 9-369 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:ОЛ98072121/ Гөлөгнүүд овогт Батжаргалын Баатарсүрэн нь:

- 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёл велнесс” төвийн саунаар үйлчлүүлж байсан иргэн Н.Мөнхбаярын 740.000, Ц.Чимэдцэрэнгийн 780.000, нийт 1.520.000 төгрөгийг хувцас солих шүүгээнээс хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.Мөнхбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:     “...Би 2017 оны 07 сарын 16-ны өдөр 16 цагийн орчим Соёл төв дээр очиж үйлчлүүлсэн юм. 79 дугаартай шүүгээнд хувцас, эд зүйлээ хийж тавиад түгжчихээд саунд орж байж байгаад нилээн орой 19 цаг өнгөрч, тамхины өрөөнд ороод тамхи татаад байж байтал надтай нэг хороололд амьдардаг Чимэдцэрэн гэдэг ах ирээд шүүгээнд байсан түрийвчнээс мөнгө алга болчихлоо гэхээр нь доош буугаад шүүгээнээс хувцсаа аваад халаасанд байсан мөнгийг шалгаж үзэхэд дутчихсан байсан. Би анх тэр газар руу орохдоо нэг боодол 20-тын дэвсгэрт буюу 2.000.000 төгрөгтэй орсон, 740.000 төгрөг алдагдсан байсан, учирсан хохирлыг бүрэн авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. / хх 15-17 /,

Хохирогч Ц.Чимэдцэрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 07 сарын 16-ны өдөр 19 цаг өнгөрч байхад Соёл төв дээр амрахаар очсон. 17 дугаартай шүүгээнд өөрийн эд зүйлсээ үлдээгээд саунд орж сууж байгаад 30-аад минутын дараа шүүгээн дээрээ ирээд тамхи, түрийвчээ авах гэтэл түрийвч анх байсан байрнаасаа хадөлсөн байхаар нь гайхаад онгойлготол боодолтой 2.000.000 төгрөг байснаас 39 ширхэг буюу 780.000 төгрөг дутчихсан байхаар нь менежерт нь мэдэгдэж, цагдаад  дуудлага өгсөн. Хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдог санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. / хх 20-23 /

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баатарсүрэн мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр манай саунд 4 үйлчилгээний ажилтан байх ёстой байснаас гурав нь ирсэн байсан. Тухайн өдөр их ачаалалтай байсан учраас нөгөө нь захиалга авч байсан. Би сандал хурааж, бохир хогийг хурааж авсан. Намайг цэвэрлэж байх явцад 70-9 номертой шүүгээ онгорхой байсан, үзэхэд боодолтой 20.000 төгрөгийн дэвсгэртүүд байсан. Тэгээд би тодорхой хэмжээний мөнгийг сугалж авсан. Дахиад 17 номерын шүүгээ онгорхой байсан болохоор нь тодорхой хэмжээг аваад хувцас солих өрөө рүү орчихоод ирэхэд хохирогч нар мөнгөө алдсанаа мэдээд цагдаа дуудсан байсан. Тэгээд цагдаа нар ирж хэргийг шалгаад олсон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй. Би 2016 онд шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлж оролцсон, 2016 онд Япон улсад сурах эрхийн бичиг авсан боловч явж чадаагүй, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хөх хотын Бизнесийн дээд сургуульд сурахаар явсан. Миний бие Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд, Хан-Уул дүүргийн Засаг дарга, сурагчийн холбооны дарга нараас шагнал авч байсан гэв. 

Прокуророос шүүгдэгч Б.Баатарсүрэн нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёл велнесс” төвийн саунаар үйлчлүүлж байсан иргэн Н.Мөнхбаярын 740.000 төгрөг, Ц.Чимэдцэрэнгийн 780.000 төгрөг, нийт 1.520.000 төгрөгийг хувцас солих шүүгээнээс хулгайлсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон бөгөөд уг гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд, мөн шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Н.Мөнхбаярт 740.000 төгрөг, Ц.Чимэдцэрэнд 780.000 төгрөг, нийт 1.520.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн зэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус хамаарч байна.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Баатарсүрэнгийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэснийг хэрэглэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

Харин 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хүчингүй болсонд тооцох тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцогдсон, мөн 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж заасан байх тул 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй юм.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1.2, 37.8, 37.11.2, 38.2.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                              ТОГТООХ нь:

1. Гөлөгнүүд овогт Батжаргалын Баатарсүрэн  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Батжаргалын Баатарсүрэнг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Баатарсүрэн  нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй  болохыг тус тус дурьдсугай.

 4. Б.Баатарсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Баатарсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЛЗОД