Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/426

 

 

 

 

 

 

  2025        12         12                                        2025/ШЦТ/426

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав, 

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа (цахимаар),

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бын От холбогдох эрүүгийн 2310000000336 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Бын О,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ************ дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ***************** худалдааны төв дотор хамт ажилладаг хохирогч М.Сгийн **************** загварын гар утсыг “ярьчихаад буцаагаад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар залилан авч бусдад худалдаалж хохирогч М.С-д 3,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2024 оны 01 дүгээр сарын 09-12-ны өдөр Хөвсгөл аймгийн ************* сумын ****дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “**************” гэх газарт байрлах хохирогч С.Б-ы гэрээс мөнгөн хазаар, сайга М-3 загварын буу, дуран зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 4,600,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5, 88-р хуудас),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 90-93-р хуудас),

Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1241 дугаартай: “...шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судлаж тогтоолд хавсаргасан мэдээллийн дагуу хөрөнгийн үнэлгээний тухай хууль, ҮОУСтандарт, зах зээлийн нийтэд арилжаалдах жишиг үнийг судлан зах зээлийн үнэ цэнийг 3,400,000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 21-24-р хуудас),

******** ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ТХҮ-924-8780 дугаартай: “эд зүйлийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 01 дүгээр сарын байдлаар 4,600,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 112-114-р хуудас),

Хохирогч М.Сгийн 3,400,000 төгрөгийн хохирлыг хүлээн авсан гэх өргөдөл, Хас банкны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн төлбөрийн баримт,

Шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...*********** суманд ахындаа мал харах гэж очсон. Ах сумын төв явах хойгуур нь гэр сахиж үлдсэн. Тэгээд гэрээс нь буу, хазаарыг нь аваад гарчихсан юм. Эрдэнэтэд баригдсан. Улаанбаатар хотод утасны хэрэгтэй. Утсаар нь ярьж байгаад аваад явчихсан юм...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  мэдүүлэг,

Хохирогч М.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр **** дүүргийн *** дугаар хороо *********** төвд 12 цагийн үед би ажлаа хийж байхад хамт ажилладаг залуу Отгонбааатар гэх залуу над дээр ирэд утсаараа ганц яриулчих, яриад аваад ирье гэж надад хэлэхэд утсаа өгөөд явуулсан. Удалгүй би утсаа авах гээд очтол тэр залуу ажпын байран дээрээ байхгүй, манай ажлын шалган нэвтрүүлэх байрны хүнд гэрт хүн ирсэн түлхүүр хүргэж өгөөд ирье гэж хэлээд явсан гэж надад хэлсэн. Би тухайн залууг ирэх юм байх гэж бодоод хүлээгээд ирэхгүй болохоор нь...эгчтэй нь утсаар ярихад эгч нь гэртээ 2-3 хоног ирээгүй гэж хэлсэн. ...би тухайн утсыг 4 сая төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 13, 15-р хуудас),

Хохирогч С.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ Б.О гэдэг хүнийг гэр сахиулж үлдээгээд оторт байгаа мал руугаа өвс тэжээл хүргэж өгөхөөр явсан. Тэгээд 2024 оны 01 сарын 12-ны өдөр гэртээ харих гэжбайсан. Орхон аймгийн цагдаагийн газраас ярьж байна гээд танай гэрээс мөнгөн хазаар буу алдагдсан асуудал байгаа юу гэж асууж байсан. Би мэдээгүй гэртээ хүн үлдээсэн гэж хэлсэн тэр хүн чинь танай гэрээс мөнгөн хазаар, буу авсан байна гэж мэдэгдсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. Манай гэр ********** сумаас 60 орчим км зайд ************ багийн нутаг "******" гэдэг газар байдаг цас ихтэй очиход маш хэцүү машин очихгүй машинаа дөхүүлж тавиад 2 цаг явган алхаж очдог юм. Тэгээд гэртээ очиж эд зүйлээ бүртгэсэн. Гэрт авдар дотор байсан товруутай мөнгөн хазаар нэг ширхэг, сайга М-3 маркийн дурантай галт зэвсэг, АКМ- буутай мөнгөн хазаар нэг байсан тухайн магазин сумтай байсан эсэхийг сайн санахгүй байна. Манай гэрт байсан О гэдэг хүн манай гэрээс яг хэдэнд явсан талаар би мэдэхгүй байна. Утсаар ярихаар гэртээ байна гээд яриад байсан. О ***** сумын иргэн орон гэр байдаггүй би таньдаг болохоор үе үе гэртээ авч ирж ажилдаа туслуулдаг байсан. Өмнө манайд ирж ажил хийж байсан тухайн үед нь цалин урамшууллыг нь өгдөг байсан. 2023 оны 12 дугаар сарын 26- ны үед манайд ирсэн байсан. Ер нь ажил хийхдээ сайн худлаа яриад байдаг хүн байгаа юм. Би О гэдэг хүнд итгэсэн болохоор гэрээ сахиулж үлдээж байхад эд зүйлийг минь хулгайлж аваад явсан... би эд зүйлээ бүрэн хүлээж авсан. Одоо надад нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 99, 103-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Б.О нь хохирогч М.Сгийн эд хөрөнгөд 3,400,000 төгрөгийн хохирол, хохирогч С.Бы эд хөрөнгөд 4,600,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Хохирогч М.Сгийн 3,400,000 төгрөгийн хохирлыг хүлээн авсан гэх өргөдөл, Хас банкны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн төлбөрийн баримтыг шүүхэд ирүүлсэн, хохирогч С.Бы “эд зүйлээ бүрэн хүлээж авсан. Одоо надад нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 103-р хуудас) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.О нь хүлээн зөвшөөрсөн 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оын цагдан хоригдсон 43 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар буюу 344 цагаар тооцож 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2310000000336 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч залилах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Бын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 (хоёр зуун тавь)  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оын цагдан хоригдсон 43 (дөчин гурав) хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар буюу 344 (гурван зуун дөчин дөрөв) цагаар тооцож 500 (таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

6. Эрүүгийн 2310000000336 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.                                        

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УУГАНБАЯР