| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2023/00425/И |
| Дугаар | 132/ШШ2023/00433 |
| Огноо | 2023-10-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 132/ШШ2023/00433
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, 5 дугаар багт оршин суух, А овогт Х-гийн М******* нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Өмчлөгчөөр тогтоолгох тухай 132/2023/00425/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Х.М*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Х.М******* нь Булган сум, 5 дугаар баг, Агуулахын товог ***-*** тоот байрыг 2006 онд тус хорооны иргэн М******* овогтой М*******гээс бэлэн мөнгөөр худалдан авч өнөөг хүртэл амьдарч байна. Энэ байрнууд анх 1966 онд барилгачдын байр зориулалтаар ашиглалтад орж зах зээлийн үеэр иргэд хоорондоо бэлэн мөнгөөр худалдаж, худалдан авснаар өдий хүрсэн. Аймгийн архиваас шүүж үзэхэд хувьчилсан тухай тогтоол шийдвэр олдоогүй учраас архивт үлдээгүй болохыг тогтоосон тодорхойлолт авсан болно. М.М******* ч мөн уг байраа өмчлөгчөөр тогтоолгоогүй байсан ба 2015 онд өвчний учир нас барсан. Түүний охин М.А******* 2006 онд байрыг бэлэн мөнгөөр худалдан авахад байсан учир үнэн болохыг баталж өгсөн. Түүний өргөдөл бичиг баримтыг материалд хавсаргасан болно. Иймд Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах Агуулахын товог ***-*** тоот байранд оршин суугаа Х.М******* намайг жинхэнэ өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 166 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаартай тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/,
-Б.А*******ийн тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/,
-Булган аймгийн Газрын харилцаа барилга хот байгууламж газарт гаргасан өргөдлийн хуулбар /хэргийн 7-р хуудас /,
-Х.Мөнтогтохын газар эзэмших эрхийн 0000000000005 дугаартай гэрчилгээний хуулбар /хэргийн 8-р хуудас/,
- Булган аймаг Булган сумын тавдугаар багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаартай тодорхойлолт /хэргийн 10-р хуудас/,
-Булган аймаг Булган сумын тавдугаар багийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дугаартай тодорхойлолт /хэргийн 11-р хуудас/,
-Байшингийн гэрэл зургууд /хэргийн 12-13-р хуудас/,
-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 14-р хуудас/,
-Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын хуулбар /хэргийн 16-р хуудас/,
-2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “ЭБЦТС” ТӨХК болон Х.М******* нарын хооронд байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хуулбар /хэргийн 17-19-р хуудас/,
-“ЭБЦТС” ТӨХК-д цахилгааны төлбөр төлсөн талаарх хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хэргийн 20-24-р хуудас/,
-2013 байцаагчийн 3 дугаар улирлын тайлангийн хуулбарууд /хэргийн 25-28-р хуудас/
-2016 оны борлуулалтын 3 дугаар улирлын тайлангийн хуулбарууд /хэргийн 29-34-р хуудас/
-2015 оны борлуулалтын тайлан төв 4 дүгээр улирлын тайлангийн хуулбарууд /хэргийн 35-р хуудас/
-2012 оны тайлан 4 дүгээр улирлын тайлангийн хуулбарууд /36-37-р хуудас/
3.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр М.А*******ээс гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х.М*******ын нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Нэхэмжлэгч нь Булган аймгийн Булган сум, 5 дугаар баг, Агуулахын товог ***-*** тоот байрыг өмчөөр тогтоолгох гэсэн боловч өмч хувьчлалын шийдвэр архив байхгүй тул шүүхээр тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Нэхэмжлэгч Х.М******* нь Булган аймгийн Булган сум, 5 дугаар баг, Агуулахын товог ***-*** тоот байрыг хууль ёсны өмчлөгч мөн болох нь :
Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 166 дугаартай “Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, агуулахын товог-* дүгээр гудамж, **** хаягтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө иргэн Х.М*******-ын нэр дээр өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй байна. Уг хувийн сууц нь Барилга угсралтын конторын ажилчдад зориулж баригдсан гэх ба ажилчдад шилжихдээ албан ёсны хувьчилсан шийдвэргүй, анхны өмчлөгчөөс хэд хэд дамжсан байдаг тул улсын бүртгэлд бүртгэх боломжгүй байна” гэх тодорхойлолт,
-Булган аймгийн Архивын тасгийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаартай “Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн Агуулахын товогийн 109-ийн 1г тоот /хуучнаар Барилгын 36-5-4 тоот/-ыг хувьчилсан тухай тогтоол архивт байхгүй болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт,
-Б.А*******ийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Газрын харилцаа барилга хот байгууламж газарт гаргасан өргөдлийн хуулбар,
-Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн Агуулахын товогийн ***-*** хаягт байрлах, нэгж талбарын ************ дугаартай 47 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Х.М*******од олгосон 0000000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ,
-Булган аймаг Булган сумын тавдугаар багийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дугаартай “5 дугаар баг Барилгын 36 айл 5 дугаар байр 1 тоот хаяг нь ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 40-р тогтоолоор Жаргалант 5-р баг Агуулахын товог 1 109г тоот болж өөрчлөгдсөн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт,
-2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “ЭБЦТС” ТӨХК болон Х.М******* нарын хооронд байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хуулбар,
-“ЭБЦТС” ТӨХК-д цахилгааны төлбөр төлсөн талаарх хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан,
-2013 байцаагчийн 3 дугаар улирлын тайлангийн хуулбарууд,
-2016 оны борлуулалтын 3 дугаар улирлын тайлангийн хуулбарууд,
-2015 оны борлуулалтын тайлан төв 4 дүгээр улирлын тайлангийн хуулбарууд,
-2012 оны тайлан 4 дүгээр улирлын тайлангийн хуулбарууд
-Байшингийн гэрэл зургууд,
Гэрч Б.А*******: “Тухайн орон сууц нь ямар нэгэн бичиг баримт байхгүй. Дээр үед барилгын ажилчдын байр гэж байсан. Манай ээж М.М******* нь 2000 оны хавьцаа мөн хүнээс худалдаж авч байсан. Ээж М.М*******г худалдаж авахад бичиг баримт байгаагүй гэж байсан. Т.М******* нь манай ээж М.М*******гээс 2006 онд 600,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэр үеэс хойш одоог хүртэл байранд Д.М*******ыг гэр бүлийн хамт амьдарч байгаа. Барилгын ажилчдын байр гэж тухайн үедээ байсан. Бичиг баримтын талаар би сайн мэдэхгүй. Одоо ч гсэн барилгын ажилчдын байр албан ёсны бичиг баримт байхгүй” гэх мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
5.Булган аймгийн Булган сум, 5 дугаар баг, Агуулахын товог ***-*** тоот орон сууцны зориулалттай байшингийн эзэмшил, өмчлөлийн талаар эсрэг болон хоорондоо зөрүүтэй ашиг сонирхол бүхий этгээд байгаа нь тогтоогдоогүй, хүсэлт гаргагчийн эдийн баялагтай холбоотой эрх үүсэхэд хамааралтай үйл явдал тул хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн болно.
6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан Алаг адуу овогт Хувагийн М******* -ыг Булган аймгийн Булган сум, 5 дугаар баг, Агуулахын товог ****-**** тоот орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ