Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2023/03274

 

 

 

 

 

2023 10 13

181/ШШ2023/03274

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.Э ,

 

Хариуцагч: Ж.Г  нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 69,353,131 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Т.Э ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж, түүний өмгөөлөгч С.Ү, хариуцагч Ж.Г , түүнийг өмгөөлөгч Б.Б нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буянхишиг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Т.Э т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 69,353,131 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065941 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48в байр, 22 тоот хаягт байршилтай 44,1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлагаа ихэсгэж, Ж.Г ийг хамтран хариуцагчаар татсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ...зээлдэгч Т.Э нь Б ХХК-тай 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 17219 дүгээр зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн.

Б ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 58,296,920 төгрөгийг хариуцагч Т.Э ээс гаргуулахаар 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргаж байсан ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2021/08974 дүгээр захирамжаар ...талууд хоорондоо урьдчилан зөвшилцөн хэлэлцэх буюу эсвэл шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандан маргаанаа шийдвэрлэх нөхцөл байдал бий болсон... гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Улмаар нэхэмжлэгчийн зүгээс тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хүсэлт гаргасан боловч уригдсан тал болох Т.Э , түүний өмгөөлөгч нар товлосон уулзалтуудад ирээгүй тул Эвлэрүүлэн зуучлалын түхай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.5-д заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Иймд дахин нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний дагуу 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг нэхэмжилж байна.

Үүнд: зээлийн үндсэн төлбөр 35,954,550 төгрөг, үндсэн хүү 24,164,726 төгрег, нэмэгдүүлсэн хүү 9,233,855 төгрөг, нийт 69,353,131 төгрөг болно. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээний үүрэгт 69,353,131 төгрөг гаргуулж өгнө үү.

1.2. ...зээлдэгч Т.Э нь ийнхүү зээл авахдаа эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065941 дугаарт Ж.Г ийн өмчлөлд бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48в байр, 22 тоот хаягт байршилтай 44,1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэхгүй байх тул дээрх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. ... гэжээ.

 

2. Хариуцагч Т.Э ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/-өөс мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 25,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхгүй гэж, хариуцагч Ж.Г барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

 

2.1. Хариуцагч Т.Э ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/-өөс: ...хүүгийн тооцоолол нь Иргэний хууль болон Монголбанкны зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг зөрчсөн. Зээлийн үлдэгдэл 45,850,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг төлсөн. 16,000,000 орчим төгрөг нь хүүгийн үлдэгдэл гэж бодож байна. Нэхэмжлэгч талтай 25,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэхээр ярилцсан боловч шийдэлд хүрээгүй. ... гэжээ.

 

2.2. Хариуцагч Ж.Г өөс: ...Т.Э нь 2017 онд миний төрсөн ах болох Ж.С аас Дархан-Уул аймагт байрлах хаусыг худалдаж авахаар тохиролцон урьдчилгаа төлбөрийг Ж.С т шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа Т.Э нь үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх боломжгүй болсон тул хаусыг худалдаж авахаа болилоо, урьдчилгаанд төлсөн мөнгөө буцааж авъя гэсэн. Энэ үед Ж.С нь урьдчилгаанд авсан мөнгийг захиран зарцуулсан байсан тул мөнгийг буцааж өгөх хүртэл хугацаанд миний нэр дээрх орон сууцыг барьцаалсан.

2018 оны 1 дүгээр сард Т.Э Ах чинь надад өгөх ёстой мөнгөө төлөхгүй байгаа учир байрнаас чинь хөөж гаргана. Байрыг чинь хураана гэж утсаар байнга дарамтлах болсон. Мөн намайг байхгүй хооронд 2-3 эрэгтэй хүнтэй хамт гэрт ирж орон сууцыг гадна болон дотор талаас нь гэрэл зураг дараад явсан байсан. Тухайн үед би Солонгос Улс руу удаан хугацаагаар явах ажилтай байсан тул байхгүй хооронд байраа алдчих байх гэж айгаад гарын үсэг зур гэсэн баримт дээр нь гарын үсгээ зураад өгсөн.

Ж.С нь Т.Э т өгөх мөнгөө бүрэн төлж барагдуулсан бөгөөд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар Т.Э бид хоёрын хооронд үүссэн барьцаагаар хангагдах эрх дуусгавар болох ёстой.

Гэтэл Т.Э миний өмчлөлийн орон сууцыг ББСБ-ын барьцаанд тавьсан байсан бөгөөд миний гарын үсэг зурсан баримт нь 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 186 дугаар итгэмжлэл байсныг сүүлд мэдсэн. Тухайн үедээ би гадагшаа явсан хойгуур байраа алдчих вий гэж айгаад, учир холбогдлыг нь сайн ойлгоогүй миний байрыг барьцаалж байгаагаа бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлж байна гэж ойлгож гарын үсэг зурсан.

Нэхэмжлэгч Б ХХК болон Т.Э нарын хооронд 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 17219 дүгээр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний байгуулагдсан байна. Энэхүү гэрээг байгуулахдаа Т.Э т олгосон гэх итгэмжлэлийг үндэслэсэн байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 62 дугаар зүйлийн 62.1, 62.3, 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгүүдээс харахад талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд намайг төлөөлөн Т.Э гарын үсэг зурахдаа миний хүсэл зоригийг илэрхийлж, надаас олгосон бүрэн эрхийн хүрээнд, миний нэрийн өмнөөс гэрээ байгуулах ёстой.

Гэтэл надад өөрөө амьдарч байсан, өөрийн хууль ёсны өмчлөлийн орон сууцаа хэн нэгэн танихгүй хүний зээлийн барьцаанд тавих хүсэл зориг байгаагүй. Би Т.Э т тухайлан Б ХХК-иас зээл авахдаа миний өмчлөлийн байрыг барьцаанд тавих бүрэн эрхийг олгоогүй. Банк бус санхүүгийн байгууллага Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулахдаа надаас өөрийн өмчлөлийн орон сууцаа зээлийн барьцаанд тавих хүсэл зоригийн илэрхийлэл байгаа эсэхийг тодруулж асуугаагүй.

Т.Э т олгосон гэх итгэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 6 сарын хугацаатай олгосон байна.

Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д зааснаар бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан тохиолдолд төлөөлөл дуусгавар болно. Эндээс харахад итгэмжлэлийн хугацаа 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр дууссан байна.

Т.Э миний өмчлөлийн байрыг ББСБ-аас зээл авахдаа барьцаанд тавьсантай холбоотой өмчлөх эрхийн маргааныг өмнө нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэгэнт шийдвэрлэсэн. Уг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б ХХК нь бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдээр оролцож байсан.

Б ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр оролцохоо больсон атлаа бидний эрх ашгийг хөндөж тухайн маргааныг шийдвэрлэсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаанд Б ХХК нь хүсэлт гарган бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох боломж нь нээлттэй байсан. Гэтэл нь Б ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гараагүй.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00110 дугаар захирамжаар Т.Э нь Ж.Г ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Тарвилан хотхон, 48в байр, 22 тоотод байрлах 44,1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Б -ын барьцаанаас чөлөөлөх, Б -ын үлдэгдэл зээлийн барьцаанд Т.Э өөрийн барьцаа хөрөнгийг тавьж ... зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн.

Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл, миний өмчлөлийн дээрх орон сууцыг Б ХХК-ийн барьцаанаас чөлөөлөх шийдвэр нэгэнт гарсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд

3.1. Нэхэмжлэгчээс: Д.Б, Г.Б, Г.С, З.И нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжилсэн зээл, түүний тооцоолол, зээлийн дансны хуулга, Т.Э тэй байгуулсан 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 17219 дүгээр Зээлийн гэрээ /Хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хамт/, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, барьцаалбарын хуулбарууд, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065941 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2021/08974 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлийн хуулбар, Барс капитал ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ж.Г өөс Т.Э т хэлцэлд төлөөлөх эрх олгосон 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар /хх 3-16, 28, 45-49, 89-94, 117, 119/-ыг,

 

3.2. Хариуцагч Т.Э ээс: С.Ү, А.Ж нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, С.Үлэмжийг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт /хх 20, 104, 118/-ийг,

 

3.3. Хариуцагч Ж.Г өөс: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00110 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, Т.Э т хэлцэлд төлөөлөх эрх олгосон 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар, Б.Баярчимэгийг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт, Б ХХК-иас О.Энх-Энэрэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүхэд төлөөлөх эрх олгосон 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар, Б.Э-ны нэхэмжлэлтэй, Т.Э , Ж.Г нарт холбогдох иргэний хэрэгт шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтын хуулбар, Б ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн хүсэлтийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2020/00627 дугаар Хамтран хариуцагч татах тухай захирамжийн хуулбар /хх 62-65, 77, 83-87/-ыг тус тус гаргаж өгсөн.

 

3.4. Хариуцагч /гуравдагч этгээд/ Ж.Г ийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШЗ2023/07208 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00110 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар болон Ж.С нь Т.Э т уг захирамжид заасан төлбөрийг төлсөн талаарх баримт /Үүнд: Т.Э ээс С.Үлэмжид шийвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлөн оролцох эрх олгосон итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хүсэлт зэргийн хуулбар/-уудыг,

- тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2023/16534 дүгээр захирамжийн дагуу Барс капитал ББСБ ХХК-иас: Хаан банк дахь 5021527695 дугаар дансны 2020 оны 4 дүгээр сарын 03, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрүүдийн хуулга /хх 70-73, 114-116/-ыг тус тус бүрдүүлсэн.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад   

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Т.Э т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 69,353,131 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан хариуцагч Ж.Г ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065941 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48в байр, 22 тоот хаягт байршилтай 44,1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.Э ийн зүгээс мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 25,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхгүй гэж, хариуцагч Ж.Г нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзан маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим буюу зээлийн гэрээний үүрэгт 69,353,131 төгрөг гаргуулах тухай хэсгийг хангаж, үлдэх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

  1. Б /цаашид Зээлдүүлэгч гэх/ нь Т.Э /цаашид Зээлдэгч гэх/-тэй 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 17219 дүгээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь боловсролын зориулалтаар 50,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.0 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохирч шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь /Хавсралт 1/-ийн дагуу хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүрын 11-ний өдөр буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 8-10/

 

2. Зээлийн гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан байх тул шүүх энэхүү гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ буцаан төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

3. Зээлдүүлэгч нь 50,000,000 төгрөгийг 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр бэлэн бусаар зээлдэгчийн Худалдаа, хөгжлийн банк дахь 407209167 дугаартай дансанд шилжүүлэн өгсөн, зээлдэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 8,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөгийг хүү, үндсэн зээлд төлсөн /үүнд Ж.С аас Т.Э т төлсөн төлбөр багтсан гэх/ үйл баримт дансны хуулга болон зээл, хүүний тооцоолол зэрэг баримтаар тогтоогджээ. /хх 5-7, 114-117/

 

Зээлдэгч нь ийнхүү хуваарь зөрчин төлөлт хийснээс хойшхи хугацаанд дахин төлөлт хийгээгүй буюу зээл, түүний хүүг буцаан төлөх үүргээ огт биелүүлээгүй байна.

Дээрх үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй болно.

 

4. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэж, 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн/-ийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хариуцагч Т.Э зээл, түүний хүүг тохирсон хугацаанд, тогтоосон хэмжээгээр буцаан төлөх үүргээ зөрчсөн буюу зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч Б ХХК нь зээлийг хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 35,954,550 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 24,164,726 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,233,855 төгрөгийн хамт хариуцагч Т.Э ээс шаардсан нь тооцооллын хувьд зөрүүгүй байна.

 

Иймээс хариуцагч Т.Э ээс зээлийн гэрээний үүрэгт 69,353,131 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

5. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд:

Б ХХК /цаашид Барьцаалагч гэх/ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Т.Э /цаашид Барьцаалуулагч гэх/-тэй 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 17219 дүгээр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, Ж.Г ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065941 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48в байр, 22 тоот хаягт байршилтай 44,1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, №17219 дүгээр барьцаалбар үйлдсэн байна. х 45-48, 90-93/

Ингэхдээ өмчлөгч Ж.Г /төлөөлүүлэгч/-өөс 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавих, барьцааны гэрээ байгуулах, барьцаалбар үйлдэхэд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг 6 сарын хугацаагаар Т.Э /төлөөлөгч/-т олгосон итгэмжлэлд үндэслэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалжээ. /хх 65, 94/

Энэ гэрээнд Т.Э нь Ж.Г ийг төлөөлж оролцоогүй, харин барьцаалуулагчийн хувиар өөрийгөө төлөөлөн оролцсон байна.

Ж.Г нь барьцааны гэрээг төлөөлөн байгуулах эрхийг дээрх итгэмжлэлээр Т.Э т олгосон байх тул итгэмжлэлийн үндсэн дээр хийж байгаа хэлцлээс үүсэх эрх, үүрэг Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү төлөөлүүлэгчид бий болох хууль зүйн үр дагавартай.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ. гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй. гэж тус тус зааснаас үзвэл Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээнд заавал тусгах барьцааны гэрээний талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар гэх шаардлагад Т.Э бус харин Ж.Г ийг тодорхойлсон байхыг ойлгох бөгөөд энэ шаардлагыг хангасан тохиолдолд Б ХХК-д барьцааны эрх үүсэх хууль зүйн үндэслэл болно.

 

Барьцааны зүйл бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсгийн зохицуулалт нь барьцаалуулагчийн хувьд үүрэг гүйцэтгэгч бус гуравдагч этгээд байж болох Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн зохицуулалтад хамаарах ойлголт тул бусдын өмчлөлийн хөрөнгийг барьцаалан гэрээ байгуулж байгаа тохиолдолд барьцааны гэрээнд өмчлөгчийг барьцаалуулагчийн хувиар заавал оролцуулсан байхыг хуулиар шаардсан гэж үзэхээс аргагүй.

 

Энэ үүднээсээ нэхэмжлэгч Б ХХК-д хариуцагч Ж.Г ийн өмчлөлийн хөрөнгөд барьцааны эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй буюу тэдгээрийн хооронд барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Ж.Г ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065941 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48в байр, 22 тоот хаягт байршилтай 44,1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

6. Хариуцагч Ж.Г нь ...тус шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00110 дугаар захирамжаар өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг Б ХХК-ийн барьцаанаас чөлөөлсөн... хэмээн маргадаг.

 

Уг захирамжаар Б.Энхчулууны нэхэмжлэлтэй, Т.Э , Ж.Г , Ж.С нарт холбогдох 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн итгэмжлэл, 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгийн өмчлөх эрх сэргээлгэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Ж.С нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариуцагч Т.Э т 30,000,000 төгрөгийг төлж барагдуулах, хариуцагч Т.Э нь Ж.Г ийн өмчлөлийн орон сууцыг Б ХХК-ийн барьцаанаас чөлөөлж, өөрийн хөрөнгийг барьцаалан хамтран зээлдэгч болохоор харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх 62-64/

 

Дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б ХХК-ийн оролцсон байдлыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй боловч зохигч талуудын эвлэрлийн нөхцөлөөс үзвэл Б ХХК аливаа үүрэг хүлээгээгүй байгааг дурдах нь зүйтэй. /хх 72, 83-87/

  7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 645,116 /504,716+70,200+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70,200 /илүү төлсөн/ төгрөгийг, хариуцагч Т.Э ээс улсын тэмдэгтийн хураамжид 504,716 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Э ээс 69,353,131 /жаран есөн сая гурван зуун тавин гурван мянга нэг зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ж.Г ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065941 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48в байр, 22 тоот хаягт байршилтай 44,1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 645,116 /зургаан зуун дөчин таван мянга нэг зуун арван зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг, хариуцагч Т.Э ээс улсын тэмдэгтийн хураамжид 504,716 /таван зуун дөрвөн мянга долоон зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН